Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01725

 

 

                                                                           

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05403 дугаар шийдвэртэй

 

*******ийн нэхэмжлэлтэй

“*******” ХХК-д холбогдох

 

Дутуу олгосон цалин болон амралтын мөнгө гаргуулж, ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1. “*******” ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс заслын эмч албан тушаалд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жил 9 сар ажилласан.

            1.2. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний дагуу 2,500,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд тус гэрээнд зааснаар гүйцэтгэсэн мэс засал бүрээс тодорхой хувийг гүйцэтгэлийн үнэлгээ болгон нэмж авдаг байсан. Нэхэмжлэгч миний бие тус компанид ажиллахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг даалгавраа мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хор хохирол учруулсан эсвэл сахилгын шийтгэл хүлээсэн зэрэг алдаа гаргаж байгаагүй.

            1.3. Миний бие хувийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өгсөн. Гэвч миний бичгээр гаргасан хөдөлмөрийн харилцаа цуцлах өргөдөл авснаас хойш, манай компанийн удирдлагын зүгээс компанид ажиллуулахгүй хэмээн ажил олгогчийн зүгээс ажлын байрнаас явахыг шаардсан бөгөөд миний бие хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалаа авч, хуулийн дагуу ажил хүлээлцэх хугацаа хүртэл ажиллах хүсэлтэй байсан боловч компанийн зүгээс тушаал гаргаж өгөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжийг хуулийн хугацаанд багтааж авах боломжгүй болж хохирсон.

            1.4. Иймд 2024 оны 9, 10, 11 сарын 15-ны өдрийг хүртэлх олгогдоогүй цалинд 6,250,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,012,910 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмжид 6,034,780 төгрөг, нийт 15,297,690 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            2.1. ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс “*******” ХХК-д Мэс заслын тасгийн эрхлэгч, ерөнхий мэс заслын эмч албан тушаалд ажиллаж эхэлсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Гэвч ажлын байранд ирж ажлаа хүлээлгэж өгөөгүй, тооцоогоо хийгээгүй тул ажлаас чөлөөлсөн тушаалаа аваагүй. Ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан гэж компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа боловч одоогоор баримтуудыг гаргаж өгөх боломжгүй, эдгээр хүмүүс нь гадаадад байгаа. Мөн нягтлан ажлаа орхиод явсан тул шүүхээс шаардсан баримтуудыг гаргаж өгөх боломжгүй болоод байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмжийн 6,034,780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, цалинд 6,250,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,012,910 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн 2024 оны 10 сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг “*******” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 111,506 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч тодруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчсөн.

            4.2. Нэхэмжлэгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хүсэлтийг шийдвэрлээгүй.

            4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.8 дах хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл “*******” ХХК-д 19 сар ажилласны дараа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Хөдөлмөрийн харилцааг цуцалсан, дуусгавар болгосон тушаалыг хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл гардуулаагүй. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч хуралд ирээгүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу 90 хоногийн дотор Хан-Уул дүүргийн харьяа хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Маргаан таслах комиссоос 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас халсан тушаал байхгүй учраас гомдол хэлэлцэх боломжгүй гэх хариу өгсөн.

            5.2. Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчээс өөрөөс нь тодруулсан. Хариуцагч тал анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагатай байсан. Анхан шатны шүүх ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохиролд ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч ******* 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийн хамт гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8 дахь хэсэгт зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах, уг байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасны дагуу “Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол маргалдагч талын хүсэлтээр уг хугацааг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан ба шүүх нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт дүгнэлт хийгээгүй байна.

3.2. Түүнчлэн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч “*******” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмжийг хуульд заасан хувь хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан.

Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ажилгүйдлийн тэтгэмж 6,034,780 төгрөг, 2024 оны 9, 10 дугаар сарын цалин 5,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,250,000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 3,012,910 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг үүгээр тодорхойлж, энэ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг зөрчсөн.

            Өмгөөлөгч зохигчийн эрхийг эдлэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.            

            3.3. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх боловч шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсан, эсхүл ажилласан хугацааны цалин гаргуулахаар шаардсан аль нь болохыг тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах, маргаантай үйл баримтыг бүрэн тогтоох, үүнд чиглүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

4. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/05403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,706 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                           Б.АЗБАЯР