| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0011/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 135
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002280166 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 04 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-ын Б, регистрийн дугаар БЮ.................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт гэр хорооллын гудамжинд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед **** БӨТ улсын дугаартай “Вонго Пронтер" маркийн тээврийн хэрэгслийг М.Б хурд хэтрүүлэн жолоодож яваад унадаг дугуйтай явж байсан хүүхдүүд 13 настай С.А, 12 настай Ж.Е нарыг мөргөж авто осол гаргасны улмаас С.Аын эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт дэвсгэрт гэр хорооллын гудамжинд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед **** БӨТ улсын дугаартай “Вонго Пронтер" маркийн тээврийн хэрэгслийг М.Б хурд хэтрүүлэн жолоодож яваад унадаг дугуйтай явж байсан хүүхдүүд 13 настай С.А, 12 настай Ж.Е нарыг мөргөж авто осол гаргасны улмаас С.Аын эрүүл мэндэд хүнд хохирол, Ж.Еы эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан ба С.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
1. Шүүгдэгч М.Бы өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би яараад явж байгаад ийм осол гаргасан. Учир нь “Хазына" ХХК-ний агуулахад тэр өдөр дэлбэрэлт үүсэж миний хүргэн ах Ө.Е нь эмнэлэгт хүргэгдсэн ба түүний биеийн байдал муу, ар гэрийн хүмүүст мэдэгдэж түүний эхнэрийг гэрт нь хүргэж буцаж эмнэлэг рүү явж байсан юм. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн. Цаашид С.Аын эмчилгээнд гарах зардлыг төлж өгөх болно. Иймд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөрдөн байцаалтад:
1. Насанд хүрээгүй хохирогч С.Аын өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед хөрш айлын хүүхэд Ж.Е бид хоёр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах Сүм орж сургалтад хамаарагдсан. Тэнд 30 минутаас 1 цагийн хороонд хичээл хийгээд Ж.Е бид хоёр унадаг дугуйтай тэндээс гарч гэр лүү явж байх замд гэр хорооллын зам буюу гудамжны шороон зам дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Ингэхдээ тухайн үед ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
2. Насанд хүрээгүй хохирогч Ж.Еы өгсөн: "...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед хөрш айлын хүүхэд болох С.А бид хоёр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах ”Сүм” орж 1 цаг гаруй хичээлтэй байгаад тараад С.А бид хоёр унадаг дугуйтай гэр рүүгээ явж байх замдаа гудамжинд тээврийн хэрэгсэлд мөргүүлж эмнэлэгт хүргүүлсэн. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан, гудамж байсан болохоор айлын хашааны цаана ирж байсан тээврийн хэрэгслийг анзаарч хараагүй. Нэг мэдэхэд унаж явж байсан унадаг дугуйтайгаа машинд мөрлүүлээд газар унасан. Тээврийн хэрэгслийн аль хэсгээр мөргүүлснээ анзаараагүй.” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
3. Гэрч Ө.Бгийн өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед Ө.Е нь “Х” ХХК-ний агуулахын байранд ажил хийж байгаад эмнэлэгт хүргэгдсэн гэж сонссон ба нөхөр намайг төрсөн дүү нь болох М.Е-ы **** БӨТ улсын дугаартай “Вонго Пронтер” тээврийн хэрэгслээр ирж авч эмнэлэгт хүргэж тэндээс бэр гэгч С гэрт очих шаардлагатай гэснээр М.Б түүнийг Өлгий сумын 4 дүгээр багт байдаг гэрт хүргэж өгөөд буцаж эмнэлэг рүү ирж байхад замаас унадаг дугуйтай хүүхдүүд манай машинд ирж мөргөгдөж унасан. Тэр үед нөхөр машины тоормосыг дарж зогссон. Тэнд машиныг үлдээж, машинд мөргүүлж гэмтсэн 2 хүүхдийг эмнэлэгт араас ирсэн машинд суулгаж хүргэж эмчид үзүүлж арга хэмжээ авсан.“ гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
4. Гэрч М.Еы өгсөн: “...***БӨТ улсын дугаартай “Вонго Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийг миний төрсөн ах М.Б 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед эхнэрийн ах Ө.Е түлэгдэж эмнэлэгт очсон машин шаардлагатай байна гэж хэлээд надаас түр авч унаж явсан. Манай ахын гэр манай гэрийн гудамжны дээд талд байдаг юм. Тэр миний машиныг унаж яваад унадаг дугуйтай хүүхэд мөргөж зам тээврийн осол гаргасан болохоор миний машиныг тэр өдөр журмын хашаанд журамлаж байсан. Одоо уг машиныг гаргаж авч, өөрөө жолоодож байгаа болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Надад учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
5. Гэрч С.Егийн өгсөн: “....Аливаа тээврийн хэрэгслийн 3-4 дүгээр араа хөнгөн араа бөгөөд тээрийн хэрэгсэл тодорхой хурд авсан нөхцөлд залгах боломжтой араа юм. 3-4 дүгээр араагаар явж байгаад 20 милээс доош хурдтай явах юм бол моторын эргэлт, хурдны хайрцгийн эргэлт таарахгүй тээврийн хэрэгсэл хүч алдаж унтарч зогсоно. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн моторын хурд, хурдны хайрцгийн хурд таарахгүй 3-4 дүгээр араагаар 20-милийн хурдаас бага хурдаар явах боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
6. Насанд хүрээгүй хохирогч С.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай ”...Иргэн С.Аын биед дух ясны зүүн талд бага зэрэг зөрүү бүхий хугарал, хугарлын түвшинд хийн бөмбөлгүүд, эпидурал цус хуралт, баруун талын атгаалын дээд булуу болон эгэм ясны далд хугарал, духны зүүн дээд хэсэг, баруун талын чихний дэлбэнгийн доод хэсэгт /чихний гэдэс/ босоо урагдаж сэтэрсэн шархнууд зэрэг гэмтэл тогтоогдлоо. С.Аын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөхөд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг эмчилгээ оношилгоо, эдгэрлийн явцаас хамаарна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /гэх шинжээчийн дүгнэлт хх-ийн 50-51 дүгээх хуудас/,
7. Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай “...Вонго Пронтер маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.5-д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км цагийн хурднаас хэтрүүлэхгүй явна гэснийг зөрчиж 20 км цагийн хурднаас илүү хурдтай явж зөрчил гаргасан. Осол гарах болсон шалтгаан нь жолооч М.Б нь хороолол дотор 20 км цагийн хурднаас илүү хурдтай явсан нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болно. Жолооч М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.5-д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км цагийн хурднаас хэтрүүлэхгүй явна гэсэн заалтыг зөрчиж 20 км цагийн хурднаас илүү хурдтай явж зөрчил гаргасан болох нь жолооч М.Бы өөрийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас,
8. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт. /хх-ийн 9-16 дугаар хуудас/,
9. 3ам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,
10. Тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургийн үзүүлэлт. /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
11. Автотээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай нэмэлт дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/,
12. Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн шинжээч Е.Жанатханы 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч М.Бы өгсөн: “...Миний бие өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие төрсөн дүү М.Е-ы “Вонго Пронтер” маркийн ****БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодож явахдаа 3 дугаар араанаас 4 дүгээр араанд шилжүүлэх гэж хурдтай явж байхад миний урдаас 2 дугуйтай хоср хүүхэд гарч ирсэн. Би машинаа тэр даруй зогсоох гэж тоормос дарсан боловч машин гулсаж явж байгаад дугуйтай хүүхдүүдийг мөргөсөн. Эхний хүүхэд миний машины зүүн талаас орж ирж баруун талын хэсгийг буюу урд талын улсын дугаарын баруун хэсгээр мөргөж тэнд байсан үнсэн блок руу унаж тэнд байсан 00-ыг мөргөж унасан. Нөгөө хүүхэд мөн зүүн талаас эхний дугуйтай хүүхдийн араас гарч ирж жолооч талын куперийг мөргөж дугуйны урд дугуй нь салж унаад өөрөө хойшоо шидэгдэж унасан. Тухайн үед ойролцоогоор 40 милийн хурдтай явсан байх. Би тухайн үед яараад явж байсан ба яарах болсон шалтгаан нь “Хазына" ХХК-ний агуулахад дэлбэрэлт үүсэж миний хүргэн ах Ө.Е нь эмнэлэгт хүргэгдсэн ба түүний биеийн байдал муу байсан, ар гэрийн хүмүүст мэдэгдэж түүний эхнэрийг гэрт нь хүргэж буцаж эмнэлэг рүү явж байсан юм. Тэгээд би зам тээврийн осол гаргасан болно. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж өгч уучлалт гуйсан. Надад холбогдох хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Надад хэргийн талаар хэлэх санал хүсэлт, шалгуулах зүйл байхгүй. Надад холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би зам тээврийн осол гаргах үед зогсоох арга хэмжээ авч тоормос дарсан ба машин шороон замд гулсаж 9 метр явж байгаад зогссон. Хэргийн газарт ирсэн хүмүүс хэмжилт хийх үед 9 метр тоормосны мөр үүссэн байна гэж хэмжиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч М.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бөөс шүүгдэгч М.Бы үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Е.М.Бы 249 дугаартай: “... Иргэн С.Аын биед дух ясны зүүн талд бага зэрэг зөрүү бүхий хугарал, хугарлын түвшинд хийн бөмбөлгүүд, эпидурал цус хуралт, баруун талын атгаалын дээд булуу болон эгэм ясны далд хугарал, духны зүүн дээд хэсэг, баруун талын чихний дэлбэнгийн доод хэсэгт /чихний гэдэс/ босоо урагдаж сэтэрсэн шархнууд зэрэг гэмтэл тогтоогдлоо. С.Аын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөхөд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг эмчилгээ оношилгоо, эдгэрлийн явцаас хамаарна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /хх-ийн 50-51 дугаар хуудас/,
Иймд шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд насанд хүргээгүй хохирогч С.А, Ж.Е нарт учирсан хохирлыг шүүгдэгч М.Б нь бүрэн төлж барагдуулсан байна. Энэ нь насанд хүрээгүй хохирогч Ж.Еы хууль ёсны төлөөлөгч С.Гүлмайрагийн “...Миний хүү Ж.Еы биед хөнгөн гэмтэл учирсан гэж эмчийн дүгнэлт гарсан. Миний хүүгийн гэмтэл одоо бүрэн эдгэрсэн байгаа. Миний хүү осолд орж эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед гарсан шинжилгээ, эмчилгээний бүх зардал, төлбөр хураамжийг холбогдогч талын хүмүүс өөрсдөө гаргасан болохоор бид нарт хохирол учраагүй. Бид нарт ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч С.Аын хууль ёсны төлөөлөгч Ш.Сы “...С.А зам тээврийн осолд орж эмчилгээ, шинжилгээ хийлгэх үед гарсан бүх зардлыг М.Б өөрөөсөө шууд төлсөн. Бид нарт учирсан хохирол байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын талаар маргаан байхгүй. М.Б С.Аын цаашид эмчилгээ оношилгоонд туслаж гарсан зардлыг төлж өгнө гэсэн.” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр тогтоогдлоо. Иймд шүүгдэгч М.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан тул насанд хүрээгүй хохирогч С.А нь цаашид гэмт хэргийн хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн тохиолдолд хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 87 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеубердийн гаргасан “Шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Бы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч С.Ат цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч М.Бы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Харин шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч М.Быг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан 22 хуудас баримтыг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн **** БӨТ улсын дугаартай “Вонго Пронтер” маркийн 0217423 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч М.Ед хүлээлгэн өгч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Бы 922048 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ