| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00130/И |
| Дугаар | 155 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Өлзийт сум, 5 дугаар багт оршин суух, Гомбууд овогт Гүндсамбын Энхбаатар /РД:ЗИ84113010/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 3 дугаар баг Жаргалант оршин суух хаягтай, Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг Цагаан хад гэх газарт түр оршин суух Нэве овогт Аюушийн Нэргүй /РД:ФБ61031079/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхбаатар, хариуцагч А.Нэргүй, гэрч Г.Болормаа, Б.Мөнбиш, Г.Заяхүү, С.Сумъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Гүндсамба овогтой Энхбаатар би Аюуш овогтой Нэргүйд 2016 оны 06 сарын 13-ны өдөр 24 ямаа, 9 хонины мах зарж борлуулсан. Махны нийт 4,745,000 төгрөг болсон. Нэргүй гэх нь махаа жинлэж хүлээн аваад надад 1,000,000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд үлдэгдэл мөнгийг эргэж ирээд өгнө гээд хил рүү мах аваад явсан. Би хэд хэдэн удаа Нэргүйн 88993103 дугаар луу залгасны дараа 13 цагийн үед ярихад 30 минутын дараа ирээд мөнгөө ав гэсэн. Тэгээд би дэлгүүр дээр нь очсон. Нэргүй гэх нь дэлгүүртээ байхгүй байсан. Охин нь байсан. Охин нь аав болох Нэргүй гэгчийг хүний машинд суугаад компани явсан гэсэн. Тэгээд би 3 цаг орчим хүлээсний дараа охин нь гараад явсан чинь аав гэртээ унтаж байна гэж орж ирээд аав дансыг нь аваад үлд гэж байна гээд охин нь 1,045,000 төгрөг надад тоолж өгөөд үлдэгдэл болох 2,700,000 төгрөгийг маргааш дансанд чинь хийнэ гээд миний 5450390363 тоот хаан банкны дансыг авч үлдсэн. Тухайн үед би олон удаа залгасан боловч утсаа аваагүй. Охин нь аав байхгүй гэж худлаа ярьсан байсан.
Тэгээд буцаад нутаг руугаа явж байхад 20 цагийн үед Нэргүй гэх хүн над руу яриад 1 хонины мах ногоорсон байна гэж хэлсэн. Тэгээд цагаан хад гэх газар миний төрсөн эгч Болормаа очиж үзэхэд 1 жижиглэсэн хонины мах үзүүлсэн гэсэн. Нэргүй гэгч нь надаас 2016 оны 06 сарын 13-ны өглөө 07 цагийн үед мах жинлэж аван. Тэгээд одоо болтол мах чинь муудсан гээд үлдэгдэл мөнгө болох 2,700,000 төгрөг өгөхгүй гээд байгаа. Ийм учир намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.Нэргүй би Энхбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч А.Нэргүй би 2016 оны 06 сарын 13-ны өдөр Г.Энхбаатараас ямаа 24, хонь 9 гулууз мах худалдан авч 2,045,000 бэлэн өгч 2,700,000 маргааш нь дансаар шилжүүлэхээр болсон. Хамгийн гол нь би Г.Энхбаатартай махаа сайн сэврээж чанарын шаардлага хангасан байхыг утсаар ярьж тохирсон байсан. Гэвч Г.Энхбаатар нь махаа сайн сэврээхгүй амь халуунтай битүү ачиж ирсэн байна. Энэ нь тэр дороо биш 4 цаг орчмын дараа илэрч бүх гулууз ногоорч, мах худалдаж авсан ард иргэд махаа дотроосоо муудсан байна гээд мөнгөө буцааж авсан. Би Энхбаатарт утсаар мэдэгдсэн. Эгч болох Болормаа нь 19 цагийн үед ирж миний сэтгэл санааны хүнд байдал, өлгөөтэй олон гулууз ногоорсон мах, хүмүүсийн ногоорч муудсан тортой мах, тэдний бухимдал, мөнгөө буцааж авч байгааг, дэлгүүрийн үнэр танар гээд ямар хэцүү зүйл болж байгааг нүдээрээ хараад ганц үг хэлэлгүй гараад явсан. Миний хувьд үнэхээр хэцүү байсан. Би дэлгүүрээ хааж ариутгал цэвэрлэгээ хийсэн. Г.Энхбаатар нь чанарын шаардлага хангаагүй мах авчирч өгч сэтгэл санаа, санхүүгийн их хохирол учруулсан. Би Г.Энхбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин зовж олсон 2,045,000 төгрөгийг буцааж авахыг хүсч байна. Би Цагаан хадны махны дэлгүүрийг нэг өдөр ч хааж байгаагүй. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол тасралтгүй нээлттэй байлгадаг байсан. Г.Энхбаатараас болж дэлгүүрээ хааж, ард иргэдийг бухимдалд хүргэсэн. Гомдолтой байгаа учир шударга шүүх үнэн зөвийг нь олно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед Нэргүйд махаа хиллэж өгсөн. Бүх махыг муудаагүй эсэхийг үзэж авсан. Надад 1.000.000 төгрөг өгчхөөд хил явна гэж хэлсэн. 10 цагийн үед ярихад хил дээр байна гэсэн. 12 цаг өнгөрөөгөөд ярихад 30 минутын дараа ирээд мөнгөө ав гэсэн. Би 13 цагийн үед дэлгүүр дээр нь очиход машин нь байсан боловч өөрөө байгаагүй. Охин нь өөр машинаар хүний компани руу явсан гэж хэлсэн. Утас руу нь залгахаар утсаа аваагүй. Би дэлгүүр махны дэлгүүрт нь 16 цаг хүртэл хүлээсэн. Охинд нь учир байдлаа хэлэхэд аав гэртэй унтаж байна гэсэн Надад 1.450.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг маргааш данс руу чинь хийнэ гэж хэлсэн. Орой 19 цагийн үед Нэргүй над руу залгаад мах ногоорсон байна. Ирж үз гэж хэлсэн. Би Цагаан хаданд байдаг эгчийгээ явуулж үзүүлсэн. Жижгэлсэн хонины мах бас ямааны мах үзүүлсэн байсан. Надаас мах худалдаж аваад 12 цаг өнгөрсний дараа ярьсан. 4 цаг гэж худлаа хэлж байна. Би 16 цаг өнгөртөл дэлгүүрт нь байсан охин нь мах зараад жижиглэж байсан. Мах муудсан эсэхийг залгаж авсан. Тухайн үед Нэргүйд мах зарахаас өмнө нь өөр хүнд 13 гулууз мах зарсан. Өөрсдийн буруугаас болж махыг муутгачхаад надад буруу өгч байгаад гомдолтой байна” гэв.
Хариуцагч А.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр утсаар ярьж махаа сайн сэврээгээрээ гэж хэлсэн. Пургон дотор дээр дээрээс нь овоолоод ирсэн байсан. Халуунаар нь дарсан мах нь муудсан нь мэдэгддэггүй. Махыг зүүхэд бүгд муудсан. Энхбаатарын эгч Болормаа харсан. Ганц хонь гэж худлаа хэлж байна. Мах авсан цайны газар буцааж өгсөн. Би өдөрт нэг цаг унтдаг. Тэр унтах үе таарсан. Би 14 цагийн үед босоход Энхбаатар явчихсан байсан. Би эгч рүү нь мах муудчихсан байна гэж хэлсэн. Эгч нь оройны 20 цаг болж байхад ирж мах муудсан эсэхийг үзсэн. Би бүх мах муудсан гэж хэлэхэд нэг ч үг хэлэхгүй гараад явсан. Гэрч болох Ганболд тухайн махыг авахаар шөнөжингөө шулаад хоноход өглөө нь бүгд ногоорсон. Сумьяагийн хөргөгчид хийсэн боловч бүгд муудсан учир өглөө бүгдийг нь хаясан. Мах худалдаж авсан хүмүүс бүгд буцаасан. Тээвэрлэлт буруу хийсэн. Сайн сэврээсэн мах 2-3 хоногтоо мууддаггүй. Би урьдчилан мөнгө өгсөн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна” гэв.
Гэрч З.Ганзориг шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би өглөө 07 цагийн үед Нэргүй ахын махны дэлгүүр дээр очиход пургонтой хүмүүс мах өгч байсан. Өдөр болоход өглөөний худалдаж авсан мах муудсан байсан. Гадна тал нь ногоорсон байсан боловч зүсээд үзэхэд зүгээр байсан. Би махыг шулж хөлдөөгчинд хийсэн боловч бүгд муудсан” гэв.
Гэрч С.Сумъяа шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би Цагаанхаданд цайны газар ажиллуулдаг. Нэргүйн махны дэлгүүрээс мах зээлээр авч хоол хийх гэсэн боловч муудсан байсан. Мах аваад 20-30 минутын дараа дэлгүүрт нь буцааж өгөхөд Нэргүйн охин нь байсан. Мах зарсан гэх Г.Энхбаатар байгаагүй. Махыг буруу тээвэрлэснээс болж муудсан байх. Хонины мах амархан мууддаг” гэв.
Гэрч Б.Мөнбиш шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:”Бид нар 12-ны 09 цагийн үед махаа бэлдэж эхэлсэн. Орой 17 цагийн үед Цагаан хад руу явсан. Махаа сэврээж хоноод өглөө 07 цагийн үед Нэргүй гэх хүнд махаа зарсан. Нэргүй бэлэн 1.000.000 төгрөг өгөөд хил рүү явсан. 30 минутын дараа ирээд үлдсэн мөнгөө аваарай гэж хэлсэн боловч ирээгүй. Бид нар 16 цаг хүртэл махны дэлгүүрт хүлээсэн боловч ирээгүй. Охин нь 1 сая 45 мянган төгрөг өгөөд үлдсэн мөнгийг маргааш данс руу чинь хийе гээд дансны дугаар авсан. Орой 20 цагийн үед мах муудсан байна ирж үз гэж ярьсан” гэв.
Гэрч Болормаа шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Цагаан хаданд махны дэлгүүр ажиллуулдаг Нэргүй гэх хүнд мах зарахаар болсон. Тухайн үед би Цагаан хаданд байсан бөгөөд дүү Энхбаатар мах авчирсан. Өглөөний 07 цаг болж байхад мах зарсан. Орой 20 цаг болж байхад мах муудсан гэж байна очоод үз гэж Энхбаатар ярьсан . Би хил хаасны дараа 22 цагийн үед махны дэлгүүрт очсон. Хонины жижиглэсэн мах болон ямааны харласан махыг муудсан гэж үзүүлсэн. Өлгүүрт өлгөөтэй махыг муудсан гэж хэлээгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаатар нь хариуцагч А.Нэргүйд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч А.Нэргүй нь Г.Энхбаатарын нэхэмжилсэн мах худалдах худалдан авах гэрээний төлбөр 2,700,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, сөрөг нэхэмжлэл гарган 2,045,000 төгрөгийг Г.Энхбаатараас нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд худалдагч тал болох Г.Энхбаатар нь худалдан авагч тал болох А.Нэргүйн эд хөрөнгө доголдолтой буюу мах муудсан тухай мэдэгдсэн тохиолдолд эд хөрөнгийн доголдлыг арилгах, эд хөрөнгийн доголдолгүй өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдана” гэж заасан бөгөөд худалдан авагч А.Нэргүй нь тухайн эд хөрөнгө буюу махыг худалдан авахдаа сайтар шалгаж, эд хөрөнгийн доголдолтой эсэхийг шалгаж авах үүргээ биелүүлээгүй байх тул шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасан бөгөөд Г.Энхбаатар, А.Нэргүй нар нь энэхүү хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан А.Нэргүйн сөрөг нэхэмжлэлд хавсаргасан баримт болох Ж.Цэвэлмаа, С.Сумъяа, Р.Жаргал, н.Цэцэг, Г.Хишигдалай, Л.Оюунчимэг нарын тайлбарууд /хх-16-21 дүгээр хуудас/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэхгүй орхиж бусад баримтын хувьд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иймд Г.Энхбаатарын нэхэмжлэлтэй А.Нэргүйд холбогдох 2.700.000 төгрөг гаргуулах тухай, А.Нэргүйн сөрөг нэхэмжлэлтэй Г.Энхбаатарт холбогдох 2,045.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөг, хариуцагч А.Нэргүйн сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г.Энхбаатарын нэхэмжлэлтэй А.Нэргүйд холбогдох 2,700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. А.Нэргүйн нэхэмжлэлтэй Г.Энхбаатарт холбогдох 2,045,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.Энхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,150 төгрөг, хариуцагч А.Нэргүйн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахад урьдчилан төлсөн 47,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО