| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/07144/И |
| Дугаар | 210/МА2025/01734 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01734
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04005 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХХК-тай 3Г2017/61 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан.
1.2.Зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, *******, *******, ******* хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, *******, *******, хаягт байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, , , гудамж, , хаягт байрлах 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.
1.3.Зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийн хаягаар очиход “манайх орон сууцаа барьцаад тавиагүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ эх хувиараа байгаа” гэх тайлбарыг хэлсэн тул барьцааны зүйл хуурамч байгаа эсэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж, зээлийн барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2514 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “*******” ХХК-аас авсан 100,000,000 төгрөгийг ******* миний бие авч, хэрэглээгүй учир зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.2.Уг 100,000,000 төгрөгийг миний нэр дээр зээл үүсгэн, мөн миний дансыг ашиглан ******* нь бэлнээр гаргуулж авсан болно. ******* нь миний хамт ажилдаг байсан хүний танил бөгөөд надаа эгч нь өөрөө зээлтэй болохоор болохгүй байна, би өөрийн байраа барьцаалах учир ямар ч асуудал үүсгэхгүй найдвартай хэмээн өдөр, шөнөгүй гуйж гэр орноор ирж гүйж байсан. Би тухайн ******* гэдэг хүн өөрийн байраа барьцаалж байгаа учраас найдвартай байх гэж бодоод зээлийн гэрээнд гарын үсэг зурж, 100,000,000 төгрөгийг өөрийн дансаар авч, түүнд өгсөн. Дараа нь харин барьцааны үл хөдлөхийн гэрчилгээ нь хуурамч байсан. ******* нь энэ мэтчилэн маш олон хүнийг хохироосон тул ял аваад явсан. Би *******д залилуулсан учир энэ хүний авсан мөнгийг төлж чадахгүй тул үнэн зөвөө олохыг хүсэж тайлбар гаргаж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.3-т г залилан хийсэн гэдгийг зөв дурдаж бичсэн атлаа залилуулсан хохирогч ******* надаар гийн залилан авсан мөнгийг төлүүлэх буруу шийдвэр гарган миний зөрчигдсөн эрхийг дахин давхар зөрчсөн.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2514 дугаар прокурорын тогтоолын 1 дэх тал доороосоо 2 дахь догол мөрөнд “2. Гэрч *******, гэрч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь “*******” ХХК болон ******* намайг залилж 100,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээж, бусад эрүүгийн хэргүүдтэй нэгтгэж өгөхийг хүсэж байсан. Иймд жинхэнэ хариуцагч нь ******* биш болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн прокурорын 2514 дугаар тогтоолд дурдсан жинхэнэ залилагч нь буюу иргэний хэргийн жинхэнэ хариуцагч нь ******* болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 445 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1076 дугаар шийтгэх тогтоол зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүх орхигдуулсан. Гэвч банк бус олон намайг залилсан хэрэг нь шийтгэлгүй өнгөрсөн.
4.2.Мөн нэхэмжлэгч байгууллагаас зээл төлөх талаар нэг удаа дуудаж байгаагүй, би *******г өөрөө зээлээ төлж байгаа гэсэн ойлголттой байсан. Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг хэзээ, хэний данс руу хийсэн болох, уг мөнгөнөөс хэзээ хэн ямар данснаас хэдэн төгрөг төлсөн эсэх талаар ямар нэг баримт ирүүлээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.
4.3.Нэхэмжлэгч анх гэм хорын хохирол шаардаж байсан ч шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж өг гэж нэг талд үйлчилж, гэрээний үүргийн гүйцэтгэлд гэж гараар бичиж өгсөн.
4.4.Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.
4.5.Нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж хурлыг хойшлуулсан атлаа яагаад өмгөөлөгчөө авч ирээгүй талаар асууж тодруулалгүй буюу шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ оролцогч нарын эрхийг зөрчсөн үйл баримт байхгүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан эрхээ хэрэгжүүлж хүсэлт гаргасан. Шүүх тухайн хүсэлтийг хүлээн авч Сүхбаатар дүүргийн прокурорын газрын архиваас холбогдох баримтуудыг гаргуулах ажиллагаа хийсэн. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо өмгөөлөгч авах хүсэлтийг хангасан шүүгчийн гаргасан захирамж биелэгдээгүй гэх агуулгаар гомдолд дурдсан. Өмгөөлөгч авах нь тухайн этгээдийн эрхийн асуудал. Тухайн этгээдийг өмгөөлөгч авах хүртэл шүүх хуралдаан хойшилно гэсэн хууль зүйн боломж байхгүй. Анхан шатны шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, түүний гаргасан хүсэлтийг хангасан байхад дараагийн товлогдсон хурлуудад хариуцагч өмгөөлөгчгүй оролцсон.
5.2.Шүүх хуралдааны явцад маргаан бүхий мөнгийг ******* авсан гэж тайлбарладаг. “*******” ХХК нь зээлийн гэрээг *******тай байгуулаагүй бөгөөд хариуцагч *******тай байгуулсан. Хариуцагч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “миний дансанд мөнгө орсон” гэх агуулгаар тайлбарладаг. Тухайн зээлж авсан мөнгийг цааш хэнд дамжуулж, хэрхэн захиран зарцуулах нь тухайн этгээдийн эрхийн асуудал. Мөн тухайн хэрэгт данс ашиглуулсан болон талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх эсэхэд хариуцагч маргаагүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ “...******* нь “*******” ХХК болон ******* намайг залилж 100,000,000 төгрөг авсан нь тогтоогдсон учир би төлөхгүй” гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1.“*******” ХХК болон ******* нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ******* зээл, хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх5-7/
3.2.“*******” ХХК нь гэрээний дагуу 100,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлсэн. /хх201/
4.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн “*******” ХХК болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
4.1.Учир нь, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно. Түүнчлэн, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.2.Талууд дээрх үйл баримтад маргаангүй. Харин гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгэх үндэслэлийн талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь “...100,000,000 төгрөгийг миний бие авч, хэрэглээгүй ...100,000,000 төгрөгийг миний нэр дээр зээл үүсгэн, мөн миний дансыг ашиглан ******* нь бэлнээр гаргуулж авсан ...түүнд залилуулсан учир төлөх үүрэг хүлээхгүй ...” гэж тайлбарлан, маргасан байна.
4.3.Нэхэмжлэгч тал гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч ******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд үндсэн зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн. Уг үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.4.Харин хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэн өгсөн нь үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.5.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч *******аас 100,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн тул “...гийн залилан авсан мөнгийг надаар төлүүлж, миний зөрчигдсөн эрхийг давхар зөрчсөн, анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.“*******” ХХК болон *******, , нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Барьцааны гэрээ” байгуулж, Хан-Уул дүүрэг, *******, ******* ******* хаягт байрлах 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, *******, хаягт байрлах 44 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, , , гудамж, хаягт байрлах 56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /хх61-69/
5.1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 2514 дүгээр прокурорын тогтоолоор ******* нь *******аар дамжуулан 3 орон сууцыг барьцаалж, “*******” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2017/61 дугаартай зээлийн гэрээ байгуулуулж, 100,000,000 төгрөгийн зээл авхуулж, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 жил 4 сар өнгөрсөн буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. /хх9-12/
5.2.Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.
6.Хариуцагчийн “...гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангасан талаа өмгөөлөгч аваагүй буюу захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь:
6.1.Зохигч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байх тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.
6.2.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/13517 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
6.3.Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/14851 дугаар захирамжаар хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч талын тодруулсан шаардлагыг хариуцагчид гардуулж, хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
6.4.Мөн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/18168 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
6.5.Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/20774 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/18168 дугаартай захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
6.6.Хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр даргалагч шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг зохигчоос тодруулахад хариуцагч “байхгүй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
6.7.Иймд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулснаас хойш 1 сар гаруй хугацаа өнгөрсөн байх тул “өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/04005 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.АЗБАЯР