Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 722

 

   2019        09          23                                   2019/ШЦТ/722

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч А.Б, /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Есөн Од овгийн А.Б эд холбогдох эрүүгийн 1911000000945 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Есөн Од овгийн А.Б ,  1978 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сагсай Өргөө” ХХК-д бараа материал хариуцсан нярав ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 14 дүгээр гудамж 468 тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-512 тоотод өөрийн салсан эхнэр Д.Пүрэвсүрэнтэй “хүүхдүүдээ авч явна” гэх шалтгаанаар маргалдаж, түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун шууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь миний салсан нөхөр болох Батсүх над руу залгаад “би хүүхдүүдээ аваад явах гэж байна” гэхээр нь “тийм юм байхгүй” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 12  дугаар хороо Булгийн 10-512 тоотод гэртээ очих үед Батсүх машиндаа хүү Сайнзориг, Найрамдал нарыг суулгасан байсан учир хэл ам хийлгүй, шууд хүүхдүүдээ гэрт нь орчуулчихсан чинь “Чи яагаад миний хоёр хүүхдийг надаас аваад байгаа юм бэ? Надад хүүхдүүдээ аваад явах эрх байгаа, би уулзах ёстой” гэж хэлэхээр нь “Би  хүүхдүүдээ чамтай уулзуулахгүй, чи авч яваад ирэхдээ, хүүхдүүдээс сонин сонин юм асуудаг. Ээж чинь эрэгтэй хүнтэй хамт явж байна уу? Эрэгтэй хүнтэй мессеж бичиж байна уу?” гээд байдаг биздээ гэж хэлсэн чинь Батсүх “Би тэгж хэлээгүй гээд миний баруун талын шанаа хэсэгт маш хүчтэй гараараа алгадсан би газарт унаад, босоод ирэх үед дахиад алгадсан  миний толгой тухайн үед манараад зогсож байх үед дахиад цохиод байх шиг байсан. Би хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Гэрч  Б.Алтангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Батсүх очоод хоёр хүүхдээ авч явна гэсэн чинь хүү Сайнзориг ээж рүүгээ утсаар яриад аав ирээд бид хоёрыг авч явах гээд байна гэхэд нь ээж нь гэртээ ирээд хоёр хүүхэд чамтай хамт явахгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ гэхэд манай охин Пүрэвсүрэнг зодсон байна. Манай охин сая шүүх эмнэлэгт үзүүлээд ирлээ, одоо өөрөө ярьж чадахгүй шокоосоо гарч чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 11-12/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9994 дугаартай дүгнэлтэд: “...Д.Пүрэвсүрэнгийн биед тархи доргилт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, баруун шууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 32/,

Шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Пүрэвсүрэнгээс салаад 5-6 жил болж байна хоёр хүү минь ээжтэйгээ хамт амьдардаг болохоор би хааяа уулзмаар санагддаг. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цагийн үед би өөрийн төрсөн хүү болох Сайнзориг /10 настай/, Найрамдал /6настай/ хоёр хүү дээрээ очиж уулзаад тухайн үед би салсан эхнэр Пүрэвсүрэнгийн утас руу залгаад хүүхдүүдээ аваад явлаа гэж хэлсэн чинь түд удалгүй Пүрэвсүрэн хүрч ирээд хоёр хүүг миний машинаас буулгаад гэр лүүгээ оруулчихаар нь би “хоёр хүүгээ үнсье, баяртай гэж хэлмээр байна” гэсэн чинь “Зайл чамтай хэзээ ч хоёр хүүгээ уулзуулахгүй” гэж хэлээд миний цамцны энгэр хэсгээс бариад зуураад байхаар нь миний уур хүрээд биеэ  хянаж чадахгүй 2 удаа алагдсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 49/, шүүгдэгч А.Бийн ажлын газрын тодорхойлолт /хх 52/, шүүгдэгч А.Бийн Голомт банкны орлого зарлагын хуулга /хх 53-57/, хохирогч Д.Пүрэвсүрэнд хохирол барагдуулсан баримт /хх 62-63, 67/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны  өдрийн 244 дугаар  тогтоол /хх 71/, шүүгдэгч А.Бийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 69/, хохирогч Д.Пүрэвсүрэнгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 68/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 13/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-512 тоотод өөрийн салсан эхнэр Д.Пүрэвсүрэнтэй маргалдаж, түүний толгойн тус газар 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, баруун шууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч  Д.Пүрэвсүрэнгийн “...миний баруун талын шанаа хэсэгт маш хүчтэй гараараа алгадсан би газар унаад, босоод ирэх үед дахиад намайг алгадсан  миний толгой тухайн үед манараад зогсож байх үед дахиад намайг цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх 10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9994 дугаартай дүгнэлт /хх 32/, шүүгдэгч А.Бийн “...миний цамцны энгэр хэсгээс бариад зуураад байхаар нь миний уур хүрээд биеэ  хянаж чадахгүй 2 удаа алагдан түүний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 40-41/, гэрч  Б.Алтангэрэлийн “...манай охин Пүрэвсүрэнг зодсон байна. Манай охин сая шүүх эмнэлэгт үзүүлээд ирлээ, одоо өөрөө ярьж чадахгүй шокоосоо гарч чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 11-12/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Пүрэвсүрэн нь “...эмчилгээний зардлын мөнгөө гаргуулж авсан тул одоо гомдол, санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, шүүгдэгч А.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч А.Бэд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Есөн Од овгийн А.Б ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН