Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1817

 

 МАГАДЛАЛ

 

2016.11.02                                               № -   1817                                      Улаанбаатар хот

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05551 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

4 103 115 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХХ-ын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ХХХ-ийн хүсэлтээр “ХХХ” ХХК-иас өөрийн нэр дээр 10 000 000 төгрөгийн зээл авч, 3 400 000 төгрөгийг тус өдрөө түүнд бэлнээр өгсөн юм. Ингээд ХХХХ нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө над руу утсаар ярьж, “үлдэх 6 600 000 төгрөгийг яаралтай авмаар байна, Голомт банк дахь 1105082350 тоот данс руу шилжүүл” гэсний дагуу миний бие тухайн данс руу шилжүүлсэн.

ХХХХ нь 2015 оны 06 дугаар cap хүртэл энэхүү зээлийн төлбөрийг төлж байгаад гэнэт зогсоосон нь намайг хүндрэлтэй байдалд оруулсан. Миний бие ХХХХтай ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, энэхүү данс нь түүний нөхөр ХХХХ-ын данс, одоо надад 4 103 111 төгрөгийг ХХХХаас авах боломж байгаа. Учир нь, ХХХХ Япон улс руу явчихсан, энэ талаар түүнтэй холбогдох гэж хичээсэн боловч тэрээр надтай холбогдохгүй байгаа ба хариуцагч ХХХХ ч Япон улс руу явахыг үгүйсгэхгүй.

Өнөөдрийн байдлаар энэхүү зээл нь муудсан учраас цаашид миний нэр дээр аливаа зээл олгоход сөрөг үр дагавар үүсээд байна. Энэхүү зээлийг ХХХХ анх надаар банкнаас авахуулахдаа нөхөр ХХХХ-ын хамт 8 хувийн зээл авах гэж байгаа тул урьдчилгаа 30 хувийг төлөхөд ашиглана гэж байсан юм. ХХХХ болон түүний хүүхэд нь одоо Япон улсад амьдардаг бөгөөд 6 600 000 төгрөгийг ХХХХ нь эхнэртээ өгсөн гэдэг боловч тэрээр дээр дурдсанаар 8 хувийн хүүтэй зээл авсан ч юм уу эсхүл өөр зүйлд зарцуулсан ч юм уу мэдэхгүй. Иймд, хариуцагч ХХХХаас 4 103 111 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХХХ гэж хүнийг танихгүй, манай эхнэртэй хамт ажиллаж байсан гэдгийг л мэднэ. Одоогоор би, эхнэр ХХХХтай холбогдоогүй, бидний хооронд гэр бүлийн асуудал өнгөрсөн жилээс хойш үүсээд шийдэгдээгүй байна. Миний дансанд 6 600 000 төгрөг хаанаас, хэнээс орж ирснийг би мэдээгүй, ХХХХг л хүнээс авах ёстой мөнгөө авч байна гэж ойлгоод түүнд өгсөн, надад энэ талаар ямар ч мэдэх зүйл алга. Нэхэмжлэгчийн яриад байгаа 10 000 000 төгрөгтэй холбоотой асуудал бол ХХХ болон ХХХХ нарын хоорондын тохиролцоо учраас надад ямар ч хамаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХХХХаас 4 103 111 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХаас 80 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах, хариуцагчаар ХХХХХ-ыг оролцуулах, нэхэмжлэгчийн зээлийн дансны хуулгыг авах зэрэг ажиллагааг хийлгэхээр хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь нотлох баримт цуглаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг олгоогүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч ХХХ нь банкнаас зээл авч ХХХХ-д зээлдүүлсэн гэдэг үйл баримттай холбоотой нотлох баримт байхгүй, банкны зээлийн үлдэгдэл, хүү, эргэн төлөлт хийгдсэн байдлыг нягтлах үүднээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ ХХХХаас 4 103 111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ХХХХ-ын Голомт банкны 1105082350 тоот данс руу 6 600 000 төгрөгийг түүний эхнэр ХХХ-ийн хүссэнээр шилжүүлсэн, ХХХХ Монгол Улсад байхгүй, холбоо тогтоох боломжгүй тул мөнгийг бодитой хүлээн авсан хариуцагч ХХХХаас гаргуулна гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч ХХХХ өөрийн Голомт банкны дансаар ХХХгаас 6 600 000 төгрөг 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжиж орсныг үгүйсгээгүй боловч эхнэр ХХХ-ийн буцаан авах ёстой мөнгө гэж ойлгон түүнд өгсөн тул би хариуцахгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ХХХгаас хариуцагч ХХХХ-т мөнгөн төлбөр төлөх үүрэг хуульд зааснаар болон гэрээгээр үүссэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийг 6 600 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 Иймд нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөсөө 4 103 111 төгрөгийг буцаан шаардсаныг шүүх хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагч ХХХХ-ын нотлох баримт гаргуулахаар шүүхэд гаргасан хүсэлтэд дурдсан ХХХ-ийн “Хас” банкнаас авсан зээлтэй холбоотой баримт нь нэхэмжлэгчийн түүний дансанд шилжүүлсэн мөнгийг буцаан шаардсан шаардлагад хамааралгүй, нэхэмжлэгч уг мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс шилжүүлснээс үл хамааран бусдад үндэслэлгүй шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй, хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

            Дээрх үндэслэлээр хариуцагч ХХХХаас 4 103 111 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

                                                            А.ОТГОНЦЭЦЭГ