Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 159

 

                                                                           Ц.Т-д холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн,  шүүгдэгч Ц.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалтай Ц.Т-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Ц-ын Т.

Ц.Т нь 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газарт байрлах “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос өвс хадагч хадуур, тармуур зэрэг биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг зөөж тээвэрлэх зорилгоор машин, механизм ашиглан нууцаар хулгайлан авч 2,880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Ц.Т-ийг машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж 68 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Одгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалыг хүлээн авч танилцахад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Магадлалын “тодорхойлох нь” хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болно. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрч, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг.

Ц.Т нь зарж борлуулах, ашиг хонжоо олох ямар нэгэн зорилгогүйгээр 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газар өмнө ажиллаж байсан “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос тус компанийн өвс хадагч хадуур, тармуур зэргийг өөрийн өмчлөлийн бага оврын пад трактораар чирч авч явсан. Ингэж авч явахыг нь тухайн үед тус компанийн малчнаар ажиллаж байсан Б.Г, түүний эхнэр Г.Я нар мэдсэн гэх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П, гэрч Ц.Н, Ц.Т, Г.Я, Б.Г, Я.Н нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Ц.Т-ийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн объектив талын гол шинж болох нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг авсан болон уг эд хөрөнгийг захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахайн сэдэлт тогтоогдохгүй байна гэж дүгнэж Ц.Т-ийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, түүний 86 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ гэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.П-ийн “...Г гэх хүнээс асууж суртал намайг эзэнгүй байх хугацаанд миний өмнө манаач хийдэг байсан, Т гэх хүн аваад явсан байсан гэж фермийн үхэрчин Г надад хэлсэн. Би тухайн айлд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр очиж үзэхэд манай ажлын "Э" ХХК-ийн хашаанаас хулгайд алдагдсан гэх хадуур Т гэх хүний гэрийн зүүн талд нь саарал өнгийн хивсэнцрээр дээрээс хучсан байдалтай нуун далдалж тавьсан байсан... Т-өөс тармуураа асуусан чинь тармуур надад байхгүй гээд өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16, 17 дахь талууд/,

Гэрч Ц.Н-ийн “...2022 оны 04 сард ирэхэд миний өмнөх манаач Т гэх манаач гэрээ нүүлгэнэ. Ажлаасаа гарсан гэх яриатай байсан. Тэгээд тухайн жилийнхээ намар 7 сарын үед нүүгээд миний хариуцаж байсан хашаанаас гэрээ нүүлгээд явсан... Намайг байх хугацаанд надаас хадуур, тармуур авах гэсэн юм гэж нэг ч удаа орж ирээгүй надад юу ч хэлээгүй. Манай "Э” ХХК-ийн хашаанаас аваад явсан байсан. Фермийн малчин Г гэх хүн ажлаасаа гараад нүүх болоод компаниас хүмүүс ирж эд аж ахуйг хүлээлцэн тооллого явуулахад алга болсныг мэдэж хайж эхлээд манай компанийн хүмүүс цагдаагийн байгууллагад хандсан. Тэгсэн урд өмнө компанийн харуул хийдэг Т гэх хүнийг авсан байсныг олж тогтоосон... ” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,

Гэрч Г.Я-ийн “...Ц.Т нь намайг “Э” ХХК-ийн Байгаль суурин гэх газар 2022 онд нөхөр Г-ийн хамт ажиллаж байхад өвс хадагч хадуур, тармуур зэрэг эд зүйлсийг Г бид хоёрыг Батсүмбэр сум орж сүү зарахаар явах үед ирээд хашаан дотроос бага оврын пад трактораар чирээд авч явсан байсан. Г бид хоёр тухайн үед нь Т өөрийнхөө хадуур, тармуурыг авч явсан байна гэж бодсон. Г бид хоёрт тухайн компаниас хадуур тармуурыг хүлээлгэж өгөөгүй. Г бид хоёр тухайн үед хамт байгаагүй болохоор надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн  49 дэх тал/,

Гэрч Б.Г-ийн “...намайг ажиллаж байхад тус компанийн хашаан дотор өвс хадагч хадуур, тармуур зэрэг эд зүйлс байсан. 2022 оны 08 дугаар сард Т “Э” ХХК-ийн хашаанаас гэрээ нүүлгэхдээ өөрийнхөө бага оврын пад трактороор чирээд авч явсан байсан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй би эхнэр Я-ийн хамт Батсүмбэр сум орж сүү зарахаар явсан байсан. Би тус компанийн ажилтан П гэх хүнд 2023 оны 03 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөөд явах гэсэн чинь П надаас хадуур тармуур хаана байна гэж асуухаар нь би Т аваад явсан гэж хэлсэн. Би тухайн үедээ Т өөрийнхөө эд зүйлийг авч явж байна гэж бодсон... гэсэн мэдүүлэг /хэргийн 50 дахь тал/

Гэрч Я.Н-ийн “...Би Т-ийг сайн танина. Т бид хоёр найзууд. Тиймээ би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Т-өөс өвс хадагч хадуур, тармуур гуйж авч хадлангийн ажилд хэрэглэсэн. Би Т-д тухайн хадуур, тармуурыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Би Т-ийн хадуур, тармуур гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54 дэх тал/,

Яллагдагч Ц.Т-ийн “Э” ХХК-ийн хашаанд 2016 оноос эхлэн 2022 оны 08 дугаар сар хүртэл манаачаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа тухайн компанийн үхэр харна, ногоочин, манаач гээд бүхий л ажлыг хийж байсан. Ажиллах хугацаандаа 8-9 сарын цалин авч чадаагүй. 2022 оны 08 сард тухайн “Э” ХХК-ний өөр үхэрчин авч би тухайн компанийн ажлыг өгөөд Байгаль сууринд ойрхон байх хашаа руу нүүсэн. 2022 оны 08 дугаар сарын 20-ны үеэр хадланд гарах цаг болоод ажиллаж байсан “Э” ХХК-ийн хашаан дотроос хадуур, тармуурыг нь авч явсан. Тэгээд 10 дугаар сар гаргаад буцаагаад өгөх гэтэл хүнд тармуурыг нь өгсөн байсан учраас аваачиж өгч чадаагүй, 2023 оны 04 дүгээр сард тухайн компанийн ажилчид ирээд хулгай хийж авлаа гээд хадуурыг нь аваад явсан... Би тухайн хадуур, тармуурыг ямар нэгэн хүнд хэлээгүй аваад хадланд гарсан...” гэсэн мэдүүлгүүдийг шүүх бүрэн бодитой үнэлж дүгнээгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л баримтыг дутуу үнэлж дүгнэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэснийг тус тус зөрчсөн.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагч Ц.Т, гэрч Г.Я, Б.Г, Ц.Н нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.П-ийн “тооллогоор очиход хадуур, тармуур байгаагүй. Т ах аваад явсан гэж хэлж байсан. Манай компаниас гомдол, саналгүй гэсэн байгаа” гэсэн, шүүгдэгч Ц.Т-ийн “би энэ компанид 9 жил ажилласан. Би дарга нарт хэлж байгаад хадуур, тармуур авсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэсэн мэдүүлгүүдийг дан ганц үнэлж Ц.Т-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан бусдын эд хөрөнгө байна. Бусдын эд хөрөнгө гэж гэмт этгээд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийг хэлнэ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Тодруулбал, хэрэгт авагдсан бүхий л баримтыг үнэлж дүгнэхэд Ц.Т нь “Э” ХХК-ийн хашаан дотроос авсан 2,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий хадуур, тармуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн найз Я.Н-д ашиглуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлан авч захиран зарцуулсан болох нь бүрэн бодитой тогтоогдсон болно.

Магадлалын “тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн 2334000000176 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл, шүүх Ц.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж шийдвэрлэсэн атлаа хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь өөр бусад хүн, хуулийн этгээд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцааж байгаа гэж ойлгогдохоор байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.“ гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Төв аймгийн прокурорын газрын 23 дугаартай эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Ц.Т нь 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Э” ХХК-ийн хашаан дотор байсан 2,880,000 төгрөгийн үнэ бүхий хадуур, тармуурыг машин, механизм ашиглан нууцаар авсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон эд зүйлийг хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдсон байна. Ц.Т нь тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрийн эзэмшлийн трактороор чирч явсан. Улмаар хадуур, тармуурыг бусдад өгч ашиглуулсан үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хохирлын хэмжээнээс хамаарахгүйгээр хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж үзээд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...тухайн эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилготой байсан. Ц.Н болон дарга нарт хэлсэн” гэдэг боловч хохирогч Б.П, гэрч Ц.Н нарын мэдүүлэг зэргээр няцаагдсан. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэх үндэслэлгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 231 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Мөнхдаваа томилогдсон. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч М.Мөнхдаваа хуралдааныг даргалсан талаар тусгагдсан байдаг. Гэтэл 68 дугаартай магадлал гарахдаа шүүгч З.Түвшинтөгс даргалсан байдлаар баталгаажсан нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарч байна. Энэ нь оролцогчийн давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Ц.Т хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Намар ажлаа хүлээлгэж өгсөн. Би жил бүр албан газрын хадланг хаддаг байсан. Би дарга нарт хадлан хадчихаад өгье гэдгээ хэлж байсан. Намар өгөх гэж байтал цас ороод дээрээс нь хүн гуйхаар нь өгсөн. Өвс хадчихаад буцааж өгөх байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 2022 онд тооллогоор очиход хадуур, тармуур дутуу байсан. Араас нь очиж хадуураа авсан. Тухайн үед Төв аймгийн Баянчандмань сумын цагдаа над руу “тань руу үнэлгээний газраас ярина шүү” гэж хэлсэн. Улмаар нэг хүүхэн над руу залгаад мөнгө шилжүүлээрэй гэхэд нь компаниас шилжүүлсэн. Гэтэл танилцаагүй байж байтал анхан шатны шүүх хурал болсон. Манай компани 2013 онд хадуур, тармуур трактор гурвыг нийлүүлээд 2,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо ашиглалтын хугацаа дууссан зүйлийг өндөр дүнгээр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед үл ойлголцол үүссэн байна гээд “гомдолгүй” гэсэн бичгээ Ц.Т-д өгсөн. Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна гэв.

                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан байдаг билээ.

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэж заасны дагуу Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 231 дүгээр захирамжаар (хэргийн 162 дахь тал) Ц.Т-д холбогдох хэргийг шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, М.Мөнхдаваа, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх, мөн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваагаар даргалуулахаар тогтоосон байна.

Уг захирамжаар томилогдсон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг өөрчилсөн шийдвэрийг Ерөнхий шүүгч гаргасан баримт хэрэгт байхгүй бөгөөд Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд (хэргийн 168-171 дахь тал) тусгажээ.

Гэтэл мөн өдрөөр огноолсон 68 дугаар магадлалын (хэргийн 172-177 дахь тал) удиртгал болон тогтоох хэсэгт шүүх хуралдааныг шүүгч З.Түвшинтөгс даргалсан хэмээн тусгагдан, уг магадлалд шүүгчид гарын үсэг зурж албажуулсан байна.

Шүүх хуралдаан даргалагч гэдэгт хэргийн шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэж байгаа тохиолдолд түүнийг даргалахаар томилогдсон шүүгчийг ойлгодог ба тэрээр адил эрх бүхий шүүгчдийн нэрийн өмнөөс хуралдааныг даргалах үүргийг хүлээдэг бөгөөд түүний эрх хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд тодорхойлон заажээ.

Уг зүйлд зааснаар шүүх хуралдаан даргалагч нь тухайн хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах, дэг сахиулах, шүүхийн хэлэлцүүлгийн яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг гүйцэтгэдэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч юм.

Ц.Т-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хэлэлцсэн шүүх хуралдааныг хэн гэдэг шүүгч даргалсан нь тодорхойгүй, тэмдэглэл болон магадлалд уг шүүгчийн нэр зөрүүтэй бичигдсэн зэргээс дүгнэхэд уг хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх явдлыг давж заалдах шатны шүүхээр хангуулахаар магадлалыг хүчингүй болгохоор хяналтын шатны шүүхээс тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ