Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар   001/ХТ2026/0054

 

Б.Б***-ын нэхэмжлэлтэй, Монгол

Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын

газрын даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: М.Батсуурь

Шүүгчид:                   Д.Батбаатар   

                                      П.Соёл-Эрдэнэ

                                      Ц.Цогт

Илтгэгч шүүгч:      Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2026/0074 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З***, Г.Д*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0141 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Б.Б*** нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар Б.Б*** нь сахилгын зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гаргасан.

2.2.Дээрх дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжаар тус газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референт Б.Б***д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1.“... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд нь бүгдээрээ тус тусдаа нэгжүүдэд хуваарилагддаг бөгөөд нэгжүүд нь шууд Тамгын газрын даргад харьяалагддаг. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний хэн нь ч миний дээд шатны албан тушаалтан биш. Ямар ч гомдол, мэдээлэл, баримт ирүүлээгүй байхад хариуцагч хууль зөрчиж ажлын хэсгийг байгуулж, намайг хууль зөрчсөн гэх худал мэдээллээ өгсөн нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36,32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.1 дэх заалтыг зөрчсөн.

3.2.Хариуцагч Д.Б*** болон ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.10 болон дээрх журмыг тус тус зөрчсөн нь нотлогдсон. Иймд тус хууль зөрчиж байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт нь хууль бус гэж үзэж байна.

3.3.Монгол Улсад шүүхийн шийдвэрийг хэлэлцүүлэх эрх хэнд ч байхгүй байхад хариуцагч нь тамгын газрын ажилтнуудтайгаа шүүхийн шийдвэр, түүнийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэлэлцүүлж, дүгнээд төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар халах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Иймд хууль бус дүгнэлтийг үндэслэж гарсан маргаан бүхий 2024 оны *** дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хууль, журмын дагуу байгуулсан бөгөөд холбогдох нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй. Ажлын хэсэг Б.Б***ыг ажиллах хугацаанд сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох үүрэгтэйгээс бус, ямар нэгэн шүүхийн шийдвэрийг хэлэлцээгүй, ийм эрх зүйн үндэслэл байхгүй. Ажлын хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан зохицуулалтыг ханган ажилласан бөгөөд улмаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.4.1-д заасан ажиллагааг явуулсан. Б.Б***д олговол зохих цалин, ээлжийн амралтын хөлсийг зохих хууль, журмын дагуу олгосон. Нэхэмжлэгчид ажлын хэсгийн дүгнэлтийг мэдэгдсэнээс хойш 1 жил 1 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн ...” гэсэн агуулга бүхий тайлбар өгсөн.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б***ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б***ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2023 оны биеэр эдэлж чадаагүй ээлжийн амралтын цалин хөлсөнд 1,290,310 төгрөг, 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

5.1.“... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны *** дугаар захирамжийн (шууд) үндэслэл нь тус газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт байна. Нэхэмжлэгч нь захиргааны актын үндэслэлд дурдсан асуудлын хүрээнд шүүхэд тасралтгүй маргасан байх тул захирамжийн үндэслэлд хамаарах ажлын хэсгийн дүгнэлтэд холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

5.2.Маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийн тухайд: ... нэхэмжлэгч Б.Б*** нь тус газрын Ёслол, гадаад харилцааны хэлтсийн референт /АА-6/ ангилал зэрэглэлд хамаарах албан тушаалд ажиллаж байсан, харин ажлын хэсгийн гишүүдийн хувьд нэхэмжлэгчээс дээд шатны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтнууд байна. ... Журмын зохицуулалтын агуулгыг гагцхүү тухайн албан тушаалтныг (шууд) харьяалах дээд шатны албан тушаалтан байхаар явцуу утгаар тайлбарлаж хэрэглэхээргүй байх тул хууль бусаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5.3.Ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан үндэслэлүүдийн тухайд:

Дүгнэлтийн 11.1. “... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулга хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин хэлж 14 хоногийн дотор биелүүлэх шаардлага тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй ...” гэх үндэслэлийн тухайд, ... Б.Б*** нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлгийн магадлагаатай байсан, улмаар 2024 оны 6 дугаар сар хүртэл ажиллаагүй (өвчтэй, ээлжийн амралттай зэрэг) бодит нөхцөл байдал байхад хариуцагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг (14 хоног дотор) биелүүлээгүй гэх үндэслэлийг шүүх хүлээн авах, нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг нь дээрх үндэслэлээр дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийг өвчтэй байсан, ажилдаа ирээгүй буюу ажиллах боломжгүй байсан бодит нөхцөлийг харгалзан үзээгүй байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин уг үүрэг даалгаврыг өгсөн гэх боловч түүнд холбогдох баримт, цохолт зэрэг материал авагдаагүй, уг асуудлаар маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтэд зөрчил гаргасан эсэх талаар дүгнэх боломжгүй гэж тухайлан дурдсан байх тул дүгнэлтийн 11.1-д дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

5.4.Дүгнэлтийн 11.2. “... Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С***д хандан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан гомдлын талаар ирж уулзахыг хүсэхэд ирээгүй ...” гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгч Б.Б*** нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрүүдэд өвчтэй, ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаатай байсан, маргаан бүхий энэ нөхцөлд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ажлын үндсэн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь бусад этгээдэд (Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч) гаргасан гомдлын хариуг өгөхөөр дуудуулахад ирээгүй гэх шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байх тул дүгнэлтийн 11.2-т дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

5.5.Дүгнэлтийн 11.3, 11.4.“... Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Б*** болон дэд дарга Г.Д*** нар Б.Б***ыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх, тодорхой зүйлийг тодруулахаар дуудахад ирж уулзаагүй ...” гэх үндэслэлийн тухайд, ... Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтныг дуудахад (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр) хүрэлцэн очоогүй нь төрийн албаны захирах, захирагдах ёсыг баримтлах зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ... хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан зохицуулалтын дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, дэд дарга нь тодорхой асуудлыг хэлэлцэхээр төрийн албан хаагчийг дуудах эрхтэй, тухайн хэлэлцэх асуудал нь хууль бус шийдвэр эсэхийг тодорхойлохын тулд төрийн албан хаагч хүрэлцэн очих үүрэгтэй ба хэрэв албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардвал татгалзах, уулзалтыг орхин гарах боломжтой юм. Нэхэмжлэгч Б.Б***ын удирдах албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй гэх дээрх асуудал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.13-т нийцээгүй.

5.6.Дүгнэлтийн 11.5. “... ажлын цагаар үндсэн ажлаа хийгээгүй, энэ талаар удирдах албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй ...” гэх үндэслэлийн тухайд, ... Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:30-09:50 цагийн хооронд Үндсэн хуулийн цэцийн их суудлын нээлттэй хуралдаанд суусан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй. Энэ асуудлын хүрээнд, аливаа төрийн албан хаагчийн албан тушаалын үндсэн чиг үүрэг нь хуулиар тогтоосон ажлын цагаар бүрэн хэмжээнд хэрэгжих зохицуулалттай бөгөөд ийнхүү тогтоосон ажлын цагаасаа өмнө (09 цаг 30 минут гэхэд) ажилтны үндсэн үүрэгт ажил дууссан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, ... дээрх нөхцөлөөс дүгнэхэд ажлын цагаар ажилтан өөрийн ажлын байрандаа байх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэгтэй ба ажлын цагаар ажлын байрандаа очиж ажиллах талаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д нийцээгүй.

5.7.Дүгнэлтийн 11.6. “... тооцоо нийлэх уулзалтад ирээгүй ...” гэх үндэслэлийн тухайд, ... энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ажлын үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар буюу өмнө ажлаас халсан шийдвэрт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар дуудахад ирээгүй, тооцоо нийлээгүй гэх үндэслэлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчимд нийцэхгүй байх тул дүгнэлтийн 11.6-д дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Үүнээс дүгнэхэд захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр нь бүхэлдээ хууль ёсны байх буюу хуульд нийцсэн байх шаардлага тавигддаг бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Б***ыг хэд хэдэн үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэхдээ захиргааны байгууллага тухайн зөрчил тус бүрт хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй буруутай байх тул   маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1,  24.4-т заасан зарчим, зохицуулалтад нийцээгүй, хууль бус байх бөгөөд энэхүү дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.

5.8.Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4-т зааснаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргаас 2024 оны *** дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б***д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхээр зохицуулсан, ... энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Б.Б***ын гаргасан гэх сахилгын зөрчлүүд, түүний шинж байдал, үр дагавар нь түүнийг албан тушаалаас халах сахилгын шийтгэлтэй тохироогүй буюу захиргааны байгууллагын шийдвэр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

5.9.Ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хууль бус хэмээн дүгнэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн гарсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны *** дугаар захирамж хууль бус болох үр дагавартай...

5.10.Нэхэмжлэгчийн 2024 оны биеэр эдэлсэн 18 хоногийн амралтын цалин хөлсөнд 2,469,763 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: ... нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэснээрээ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид өмнө нь олгож байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулахаар зохицуулсан тул 2024 оны ээлжийн амралтын цалинг тусад нь тооцож олгох хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгохоор тусгаж буй ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцож дундаж цалин хөлсийг тодорхойлохоор зохицуулсан, цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэгт ээлжийн амралтын цалин орж тооцогдохоор байх тул нэгэнт ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэж буй энэ тохиолдолд ээлжийн амралтын цалинг дахин тооцож олгох боломжгүй.

5.11.Нэхэмжлэгчийн 2023 оны ээлжийн амралтын цалин 1,290,310 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: ... тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0707 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б***ыг урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч тооцоолон нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бөгөөд заавал биелэгдэх шинжтэй тул 2023 онд хамаарах ээлжийн амралтын цалинг олгох үндэслэлгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2026/0074 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.“... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.2.3, 123.2.4-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

7.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарсан, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлийн тухайд:

... Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг, харин маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагыг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан. Анхан шатны шүүх ажлын хэсгийн дүгнэлтийг захиргааны акт гэж үзэж, ажлын хэсгийг хариуцагчаар татан оролцуулж, хариу тайлбар гаргах зэрэг ажиллагаа 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш явагдсан байхад тухайн захиргааны актыг өөр захиргааны актын шууд үндэслэл учир шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгч маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэгч тухайн актын талаар тасралтгүй маргасан гэж хэт нэг талыг баримталж, хэргийн үйл баримтын талаар буруу дүгнэлт хийснээр цаашид захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу жишиг тогтоох дүгнэлт хийсэн. Хэрэв өөр захиргааны актын үндэслэл гэж үзвэл, ажлын хэсгийн дүгнэлтийг мөн акт гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчсөн. Захиргааны акт гэж үзэж байгаа тохиолдолд тухайн акт тус бүр дээр маргах, гомдол гаргах эрх нь хөөн хэлэлцэх хугацааг бие даасан байдлаар тоологдоно гэж ойлгож байна ...

7.3.Ажлын хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын урьдчилан гаргасан аливаа шийдвэрийг биелүүлэх бус, харин төрийн жинхэнэ албан хаагч сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааг хууль, журамд заасны дагуу явуулсан. Б.Б*** нь ажлын хэсгийн дүгнэлтийн талаар маргаж шаардлага гаргахгүй талаар 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад тайлбарласан. 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд аливаа тайлбар, баримт огт гаргаж байгаагүй атлаа даруй нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь ажил олгогчид илтэд сөрөг шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байхад түүнийг хүлээн авч дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн актыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Мөн ажлын хэсгийн дүгнэлтийг захиргааны акт гэж үзэх эсэх, үзсэн тохиолдолд тухайн актын хөөн хэлэлцэх хугацаа нь бусад актаас тусдаа тоологдох эсэх хууль хэрэглээг тогтоож өгнө үү.

7.4.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ажлын хэсгийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгааг дурдаагүй, хууль зүйн үндэслэл тодорхой бус байдаг. Ажлын хэсэг нь байгуулагдсан цагаасаа хойш буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 2.4-т заасан бүх л ажиллагааг гүйцэтгэсэн. ... Ажлын хэсгийн зорилго нь төрийн жинхэнэ албан хаагч болох Б.Б*** сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын амаар өгсөн мэдээлэл, Тамгын газрын дарга болон хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Д*** нарын гаргаж өгсөн 7 хавтаст баримтын хуулбар, мэдээлэлд тусгагдсан зарим асуудлыг тодруулахаар тухайн үйл явдал болсон үед байлцсан, байсан албан тушаалтнаас тайлбар авсан. Өөрөөр хэлбэл, талуудын тэгш оролцоо, мэдээллээр хангах, бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.5, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу ажиллагааг явуулж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх ажиллагааг хийсэн.

7.5.Ийнхүү ажиллагааг явуулсны үр дүнд Б.Б*** нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.7, 37.1.13, 37.1.15, 37.1.16, Ёслол, гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг болох “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэж, үр дүнг эргэж мэдээлэх, тэмдэглэл хөтлөх, үүрэг даалгаврын хэрэгжилт хугацаандаа хангагдсан байна” гэснийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7-д заасан үүрэг, 5.4.7, 5.4.8-д заасан хязгаарлалтыг биелүүлээгүй нь тогтоогдсон. Шүүх ажлын хэсгийн дүгнэлтийн 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5, 11.6-д дурдсан “Б.Б***ыг гэм буруутай” гэж үзсэн хэсгээс 11.1, 11.2, 11.6-д дурдсан зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэхдээ, төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг санаатайгаар ноцтой зөрчсөн, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусад албан хаагчид сөргөөр нөлөөлөх үйлдлүүдийг удаа дараа гаргаж, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийхгүй, ухамсарлахгүй байгаа нөхцөл байдал, хандлагыг үнэлээгүй.

7.6.Маргаан бүхий дүгнэлтийн 11.1-д заасан “... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулга хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин хэлж 14 хоногийн дотор биелүүлэх шаардлага тавьсан боловч уг шаардлагыг биелүүлээгүй” гэх үндэслэлийг хүлээн авах, нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй гэж шийдвэрлэхдээ, дүгнэлтийн тухайн хэсэгт хамааралтай хийгдсэн ажиллагаа, дүгнэлтийг бүрэн дүүрэн зөв үнэлээгүй. Учир нь, ажлын хэсгийн дүгнэлтийн 11.1-д заасан “ ... 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулга хийх үүрэг даалгаврыг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хийгээгүй, гүйцэтгээгүй” болох нь түүний шууд удирдлага болох Ёслол, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Б***ний тайлбар, үүрэг даалгавар өгөх бүрд хийсэн түүний тэмдэглэл, референт Б.Б***ын 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан зэргээр нотлогдсон гэж үзээд сахилгын зөрчилд тооцсон. Нэхэмжлэгч нь ажлын хэсэгт дээрх асуудлын талаар тайлбар, баримт гаргаагүйгээс гадна тэрээр шүүхэд маргаан үүсгэхдээ “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирээгүй, эмнэлгийн магадлагаатай байсан гэдэг” түүнээс 2024 оны 03 дугаар сарын 15, 06 дугаар сарын 04-ний өдөр тус тус тухайн үүрэг даалгаврын талаар шууд удирдлага болох Г.Б***, Тамгын газрын дарга Д.Б*** нар тодруулж байсан эсэх талаар маргаагүй ... Үүнээс гадна, ажлын хэсэг нь Б.Б***ыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг 14 хоногийн дотор буюу мөн сарын 20-ны өдрийн дотор эсхүл эмнэлгийн магадлагаатай байх цаг хугацаанд гүйцэтгээгүй гэж буруутгаагүй. Харин 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тухайн ажлыг гүйцэтгээгүй болох нь үүрэг даалгавар өгсөн шууд удирдах албан тушаалтны тайлбар, тухайн даалгаврыг лавлаж тодруулах үед байлцсан хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Д***ийн тайлбар, Б.Б***ын эхний хагас жилийн ажлын тайлан зэргээр тогтоогдсон гэж дүгнэснийг шүүх анхаарч үзээгүй ...

7.7.Ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үүргийг хэрэгжүүлэх явцдаа гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн буюу сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох ажиллагааг явуулсан. Б.Б*** нь удирдах албан тушаалтнуудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, дуудсан цагт хүрэлцэн очихгүй байх, ажлын байран дээр Тамгын газрын даргатай маргаан үүсгэх, үл тоомсорлох, бусад албан хаагч нартай харилцахгүй байгаа гол үндэслэлээ “шүүхийн шийдвэр биелүүлдэггүй, ёс зүйгүй, албан тушаалын дарамт үзүүлдэг, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж байгаа хүн” гэсэн томьёолол бий болгосон, Тамгын газрын даргатай хамааралтай байдлаар тайлбарладаг ...

7.8.Б.Б***ын гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь төрийн байгууллагын, төрийн албаны ажил, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэх, тэрээр төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангаргаа биелүүлж байгаа эсэх, төрийн албаны эрхэм зорилго, төрийн албаны зарчмыг ойлгож, ухамсарлаж байгаа эсэхэд ажлын хэсэг дүгнэлт хийсэн. Ажлын хэсэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талууд зайлшгүй уулзаж, тооцоо нийлэх талаар хийсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажил олгогчтой ирж уулзаж, талуудын хооронд цалин, хөлсний дүн зөрж байгаа талаар мэдэгдэж, харилцан тооцоо нийлэхийг Б.Б***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***д хэлсэн талаарх баримт цугларсан. Энэ талаар ирж уулзахыг хүсэхэд огт уулзахгүй, тулгарсан асуудлыг эвийн журмаар шийдвэрлэх, хандлага зөв байх гэсэн шаардлагад нийцэхгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж, энэ нь байгууллагын соёл, дэг журам, хамт олны уур амьсгалд илт сөргөөр нөлөөлж байгаа болох нь тогтоогдсон.

7.9.Шүүх ажлын хэсгийн дүгнэлтийн бусад үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн атлаа дүгнэлтийг бүхэлдээ хууль бус мэтээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тусгасан нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

7.10.Маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны *** дугаар захирамж хууль бус болох үр дагавартай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд: ... шүүх “... Б.Б***ын гаргасан гэх сахилгын зөрчлүүд, түүний шинж байдал, үр дагавар нь түүнийг албан тушаалаас халах сахилгын шийтгэлтэй тохироогүй ...” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.1, 1.4.2, 1.4.4, 1.4.5, 3.3.1-3.3.6, 3.4.1-3.4.3-т заасныг зөрчсөн. Дээрх дүгнэлтээр Б.Б*** нь нэг бус хэд, хэдэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон ба энэхүү зөрчлийн шинж чанар нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд болон бусад албан хаагч нарт сөрөг нөлөө үзүүлэх, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, үүргээ гүйцэтгэхээс илт татгалзаж, шууд болон шууд бус удирдлагатай маргаан үүсгэх, хэл амаар доромжлох, бусад албан хаагч нартай зүй бусаар харьцах, эдгээр үйлдлээ гэм буруугийн санаатай буюу хүсэж үйлдсэн болно.

7.11.Энэхүү төрийн жинхэнэ албан хаагч нь цаашид төрийн албанд тэр дундаа манай байгууллагад ажиллах боломжгүй гэдгээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрхийлсэн гэж үзэж байна. Түүнчлэн, түүний гаргасан сахилгын зөрчлүүдийг нэгтгэн дүгнэвэл, тэрээр эрх бүхий албан тушаалтан болох Тамгын газрын дарга Д.Б***, дэд дарга Г.Д***, шууд удирдлага Г.Б*** нарт захирагдахгүй, тэдгээрийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг маргаан үүсгэж, хэл амаар доромжлох байдлаар хүлээн авахгүй, үүрэг даалгавар өгөхөөр удаа дараа дуудах үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүй, аливаа гомдол, саналыг хамтдаа шийдвэрлэхгүй шууд санаатай үйлдлүүдийг гаргасан. Ажил олгогч болон хамт олны хувьд, түүний эрхийг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй холбоотой асуудлыг тооцоо нийлэх талаар ярилцах гэхэд ирдэггүй атлаа нягтлан бодогчийг болон бусад ажилтны талаар цагдаагийн байгууллагад худал гомдол гаргах зэргээр бусдын ойлгож үл болох үйлдлүүдийг удаа дараа, ноцтойгоор гаргаж байсан учир түүнд ажлаас халах шийтгэл ногдуулах үндэслэлтэй байсан ... Б.Б***ын хувьд, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд илтэд бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тайлбаруудыг гаргасаар байсан бөгөөд энэ үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэнд байх ёсгүй үйлдэл гэдгийг шүүх бүрэлдэхүүн түүнд сануулсан болно.

7.12.Хариуцагч талаас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцсэнээр дараах хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой байхаас гадна, энэхүү захиргааны хэргийн тохиолдолд хоёр шатны шүүх холбогдох хууль, журмыг тухайн албан хаагчийн үйлдэлтэй холбон дүгнэлт хийхдээ Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн байгааг тогтоох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авсан нь хэргийн шийдэлд нөлөөлсөн байдаг.

7.13.Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөснөөр Монгол Улсын Үндсэн хуулийг ямар учраас дээдлэн сахих ёстой, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан төрийн албаны зарчим болох захирах, захирагдах ёсыг хэрхэн баримтлах ёстойг, мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийг зөрчих нь ямар үр дагавартай болох, хориглосон болон хязгаарласан үйлдлийг гэм буруугийн санаатайгаар үйлдэж байгаа тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй эсэх, цаашид тухайн албан хаагчийг төрийн албанд ажиллуулах боломжгүй гэж ямар тохиолдлыг үзэж болох талаарх нэгдмэл ойлголтод хүрэх ач холбогдолтой.

7.14.Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу бүрэн, бодитой явагдсан ажиллагааг нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг бүрэн гүйцэтгэж хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй эсэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг манай энэ тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэсэн байгаад дүгнэлт хийлгүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч талын гаргасан гомдлын эсрэг тайлбарыг амаар болон бичгээр өгөв.

9.Хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

11.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хяналтын шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэгт холбогдуулан гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

12.Маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлт нь захиргааны акт болох талаар, мөн уг актад гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул “холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

13.Хэргийн үйл баримтын тухайд:

13.1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар захирамжаар тус газрын референт Б.Б*** нь сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулжээ.

13.2.Тус ажлын хэсгээс хяналт шалгалт явуулсны үндсэн дээр 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр (маргаан бүхий) дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд “... Б.Б*** нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, 37.1.15, 37.1.16-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39 дүгээр зүйл, Ёслол, гадаад харилцаа хариуцсан референтийн албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4, 5.3.7-д заасан үүрэг, 5.4.7, 5.4.8-д заасан хязгаарлалтыг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан, иймд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй ...” гэсэн байна.

13.3.Энэхүү маргаан бүхий дүгнэлтийн 11.1-д “... Хэлтсийн дарга Г.Б***ээр дамжуулан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн дүрмийг сүүлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хамт орчуулах үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгааг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэлж, 14 хоногийн дотор биелүүлэх шаардлагатай байгааг сануулсан боловч 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар биелүүлээгүй”, 11.2-т “Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.С***д хандан Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан гомдлын талаар ирж уулзахыг хүсэхэд ирээгүй”, 11.3-т “... Тамгын газрын дарга Д.Б***2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үүрэг даалгавар өгөх болон тодорхой зүйлийн талаар асууж тодруулахаар дуудуулсан боловч орж ирээгүй, ирж уулзахаас татгалзсан”, 11.4-т “... Дэд дарга Г.Д*** нь Б.Б***ыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуудуулахад татгалзсан, ирж уулзах үүрэг даалгаврыг биелүүлээгүй”, 11.5-д “... Тамгын газрын дарга нь Б.Б***д ажлын цагаар үндсэн ажлаа хийх шаардлага тавихад биелүүлээгүй” (Цэцийн хуралдаанд суусан), 11.6-д “... тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй ...”  зөрчил гаргасан талаар дүгнэжээ.

14.Анхан шатны шүүх дээрх ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд дурдсан зарим зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа уг маргаан бүхий дүгнэлт болон Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжийг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь  холбогдох хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн ижил төстэй хэргийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу.

15.Тодруулбал, анхан шатны шүүх ажлын хэсгийн дүгнэлтэд заасан зөрчил тус бүрт дүгнэлт хийхдээ 11.1, 11.2, 11.6-д заасан зөрчлүүдэд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тухайлбал, дүгнэлтийн 11.1-д заасан 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орчуулгын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд нэхэмжлэгч тухайн өдөр эмнэлгийн магадлагаатай, улмаар 2024 оны 06 дугаар сар хүртэл өвчтэй, ээлжийн амралттай байсан нь тогтоогдсон, мөн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уг үүрэг даалгаврыг дахин өгсөн гэх үйл баримт хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй. Дүгнэлтийн 11.2-т заасан гомдлын хариуг авах уулзалтад ирээгүй гэх үндэслэл нь нэхэмжлэгчийн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, түүний хариуг авах эрхтэй холбоотой бөгөөд төрийн албан хаагчийн албан тушаалын үндсэн чиг үүрэгт шууд хамаарахгүй тул сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй. Мөн дүгнэлтийн 11.6-д заасан өмнө ажлаас халсан шийдвэртэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл, тооцоо нийлэх уулзалтад оролцоогүй гэх асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмаар зохицуулагдах харилцаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн үндсэн чиг үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гэж дүгнэх үндэслэл болохгүй. Иймд эдгээр үндэслэлийг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

16.Түүнчлэн, шүүх маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлтийн 11.3, 11.4-т заасан зөрчлүүд тогтоогдож байгаа талаар дүгнэсэн. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг” хэлэх бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д зааснаар төрийн албанд “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчимтай, 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж тус тус заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 5.3-т “Ажилтан дараах үүрэг хүлээнэ:”, 5.3.4-т “захирах, захирагдах ёсыг баримталж, удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай чанартай гүйцэтгэж, ажлын явц, үр дүнг танилцуулах, мэдээлэх”, 5.4-т “Ажилтанд дараах зүйлийг хориглоно:” 5.4.8-д “Үндсэн хуулийн цэц, түүний Тамгын газрын удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр (захирамж, үүрэг, даалгавар, төлөвлөгөө гэх мэт)-ийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх” гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдах албан тушаалтныг дуудахад (хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр) хүрэлцэн очоогүй нь төрийн албаны “захирах, захирагдах ёсыг баримтлах” зарчимд нийцээгүй байна ... гэж;

17.Мөн дүгнэлтийн 11.5-д дурдсан зөрчлийн тухайд, “Тамгын газрын дарга Д.Б*** нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09:23 минутад Б.Б***д ажлын цагаар үндсэн ажлын байрандаа очиж ажиллах талаар шаардлага тавихад биелүүлээгүй байна ... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д зааснаар “төрийн албан хаагч Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүрэгтэй”, хөдөлмөрийн дотоод журмын 6.1.1, 6.1.2-т ажлын өдрийн үргэлжлэлийг найман цаг байхаар, ажлын өдөр 08:30 цагт эхэлж, 17:30 цагт дуусахаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч ажлын цагаар ажлын байрандаа очиж ажиллах талаар удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д нийцээгүй байна ...” гэж үндэслэл бүхий дүгнэсэн.

18.Ийнхүү шүүх ажлын хэсгийн дүгнэлтэд заасан зарим зөрчлүүд тогтоогдсон талаар дүгнэсэн атлаа маргаан бүхий актуудыг бүхэлд нь үгүйсгэж, хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн зорилго, зарчимд нийцэхгүй. Энэ утгаараа “... шүүх ажлын хэсгийн дүгнэлтийн бусад үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн атлаа дүгнэлтийг бүхэлдээ хууль бус мэтээр шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тусгасан нь шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй ...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7.10-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

19.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 001/ХТ2022/0066, 2025 оны 001/ХТ2025/0017, 2026 оны 001/ХТ2026/0009 зэрэг тогтоолд төрийн жинхэнэ албан хаагчид нь сахилгын зөрчил гаргасан боловч халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй, хүндэдсэн гэж үзсэн тохиолдолд шүүхээс өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй тул захиргааны байгууллагад бүрэн эрхийнхээ хүрээнд дахин шийдвэр гаргах боломжийг олгох үүднээс маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

20.Нэхэмжлэгчийн гаргасан зарим зөрчил тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч нарыг маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагааны “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, ... шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэснийг бүхэлд нь зөрчсөн гэж буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, тогтоогдоогүй зөрчлийн тухайд эдгээр хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж болох боловч тогтоогдсон зөрчлийн тухайд энэ үндэслэл үгүйсгэгдэнэ. Нэгэнт нэхэмжлэгч зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хариуцагч захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах бүрэн эрхтэй.

21.Харин маргаан бүхий дүгнэлтийг үндэслэн гарсан хариуцагч Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжаар нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан (тогтоогдсон) зөрчилд хүндэдсэн буюу тохироогүй гэж үзэхээр байна. Энэ утгаараа уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “... бодит нөхцөлд тохирсон байх ...” зарчимд нийцэхгүй.

22.Тогтоогдсон зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулах нь захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд үүнд шүүхийн зүгээс оролцох боломжгүй тул шүүхийн шинжлэн судлах боломжийн хүрээнээс хэтэрсэн гэж үзнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий ажлын хэсгийн дүгнэлт болон *** дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0889 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2026/0074 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б***ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б***ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, ...” гэснийг

“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, ...” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий ажлын хэсгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Б***д сахилгын шийтгэл ногдуулах тухай” *** дугаар захирамж тус тус хүчингүй болохыг дурдсугай.” гэж,

2 дахь заалтыг “3” гэж, магадлалын 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.БАТСУУРЬ

                                ШҮҮГЧИД                                                    Д.БАТБААТАР

                                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                           Ц.ЦОГТ

                                                                                                           Г.БАНЗРАГЧ