Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч К.Серикгүлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад холбогдох,

аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн өмнөх боловсрол, хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхийзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Серикгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан, хариуцагч аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, гуравдагч этгээд Б.Ризагүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлтдээ:

Миний бие аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тушаалаар тус газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоонд томилогдож 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан болно. Ажиллах хугацаандаа тухайн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргийг шаардлагын хэмжээнд чанд биелүүлэн ажиллаж, жил бүр ажлын үр дүнг өндөр үнэлгээтэй дүгнүүлж ирсэн билээ.

Гэтэл миний бие ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, өөр ажилд шилжин ажиллах талаар амаар болон бичгээр хүсэлт гаргаагүй, бусад хэлбэрээр харилцан тохиролцоогүй байхад ажил олгогч 2016 оны 60 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас намайг үндэслэлгүй чөлөөлсөн ба үүний улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Х.Зауре нь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон үеэс эхлэн улс төрийн үзэл бодлоор хандаж ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг өдөр бүр шаардаж, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт үзүүлэх зэрэг зохимжгүй үйлдэл гаргаж байсны эцэст 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлж, өөр ажилд буруу шилжүүлсэн юм.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, 22.1-д ...албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно... гэж, 22.2-д ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгэрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно... гэж тус тус зохицуулсан байх бөгөөд хуулийн дээрх заалтуудыг үндэслэн намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Надтай тохиролцоогүйгээр өөр ажил буюу төрийн үйлчилгээний албан тушаалд шилжүүлсэн нь илт хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалуулахаар гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан боловч тухайн байгууллагаас ...таны гаргасан гомдолтой холбоотой маргааныг тус салбар зөвлөлөөс хянан шалгах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөж байна... гэсэн хариу өгсөн учир уг маргааныг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан.

Иймд шүүхээс аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгөхийг хүсье. Мөн гуравдагч этгээдээр оролцож байгаа Б.Ризагүл нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй, төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй учир Бахыт овогтой Ризагүлийг томилсон аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний би өөрөө боловсролын салбарт 20-иод жил ажилласан, сургуулийн өмнөх боловсролын багш, Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Боловсрол, соёлын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр 2014 оны оны 12 дугаар сарын 26-д томилогдсон ба энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, 2 жил ажиллахдаа улсын хэмжээнд манай аймгийн сургуулийн өмнөх боловсрол 5 дугаар байранд орж амжилт гаргасан юм

2016 оны 9 дүгээр сараас эхлээд газрын дарга ... чамайг өөр ажилд шилжүүлнэ, би багаа бүрдүүлнэ, цаашид хамтран ажиллаж чадахгүй ... гэх мэтээр хэд хэдэн удаа надад шаардлага тавьж байсан юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй, дарга маань сүүлдээ ... цаанаас нь дарга нараас дарамт, шахалт ирж байна, ч ямар байсан өөрийнхөө хүссэн ажлыг хийгээрэй, чамайг ажиллуулж чадахгүй ... гэж хэлж байсан. Гэхдээ би ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй, би яагаад энэ ажлаас гарах ёстой юм бэ гэж хэлж байсан. Ингээд бид хоёрын дунд ажлын байрны дарамт үүсгэж байсан ба дараа нь би даргын дарамтын улмаас машин мөргөсөн, тэр өдрийн өглөө би даргад ирж өчигдрийн таны дарамтаас болж, машин мөргөлөө, мөн даралт ихэссэн гэх мэтчилэн даргатай илэн далангүй ярьж байсан билээ. Гэхдээ дарга маань цаанаасаа шаардлага тавихгүй бол чамтай хамтарч ажиллана, чи ажлаа хийж байгаарай гэж хэлсэн юм. Нэг өдөр 2016 оны 12 дугаар сарын үед дарга намайг өрөөнд дуудаж ... За К.Серикгүл чамайг ажлаас гаргахгүй бол болохгүй юм байна, цаанаас надад шахалт үзүүлж байна ... гээд 60 дугаар тушаалыг гардуулж өгсөн юм. Тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 22.1.1-д заасныг тушаалдаа баримталсан байна, энэ нь ямар учиртай бэ гэж асуухад, төрийн албан хаагч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өөр ажилд шилжүүлэх талаар зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн заалт гэж надад үзүүлж тайлбарлаж байсан. Гэхдээ би өөр ажилд шилжиж ажиллах талаар зөвшөөрөөгүй байхад та яагаад өөрөө санаачилж, өөр ажилд шилжүүлж байгаа бэ гэж тодруулахад, даргын зүгээс ... би өөрийн гэсэн хуулийн зөвлөхтэй, хуулийн зөвлөгөө авч байж энэ тушаалыг гаргасан, 13 цэцэрлэгт очиж ажиллах эсэх нь чиний асуудал, би ямар ч байсан тушаал гаргаж чамайг ажлаас чөлөөлсөн ... гэсэн тайлбар өгсөн юм.

Б.Ризагүлийг маргаан бүхий албан тушаалд томилсон асуудлыг би сайн мэдэхгүй, гэхдээ Б.Ризагүл бол тухайн албан тушаалыг өмнө нь гүйцэтгэж байгаад 2014 оны 3 дугаар сард төрийн албаны шалгалтад орж, хэд хэдэн удаа унаж байсан, ийм хүнийг яагаад уг албан тушаалд томилох ёстой бэ гэж үзээд түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Мөн цалин хөлсний асуудал байгаа. Миний бие 13 дугаар цэцэрлэгт хүсэлтээр ажиллаж байгаа биш, нэгэнт тухайн цэцэрлэгт томилсон учраас өөрөө их хэмжээний цалингийн зээлтэй, өвчтэй хүүхэдтэй байсан зэрэг ар гэрийн гачигдлын улмаас ажил хийхгүй байхын аргагүй болсон учраас тус цэцэрлэгийн эрхлэгчтэй тохиролцож, арга зүйчээр томилогдсон болно. Энэ орон тоо албан ёсны орон тоо биш байсан ба шинэ он гарснаар арга зүйч-ийн орон тоог нэмж өгнө гэж дарга өөрөө хэлж байсан боловч нэмж өгөөгүй юм гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

К.Серикгүл нь аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

2016 оны 09 дүгээр сард миний бие аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба ажлаа хүлээж авсаны дараа сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.Серикгүлтэй холбоотой ард иргэдээс өргөдөл, гомдол ирэх болсон. Захиргааны байгууллага нь ард иргэдээс гаргасан гомдлыг хянан шалгах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэхүү үүргийнхээ дагуу гомдлын мөрөөр ажилтан К.Серикгүлээс зарим зүйлийг тодруулах явцад тэрээр сайн дураар өөр ажилд шилжин ажиллах боломжтой талаар санал гаргасан тул түүний саналыг харгалзаж 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай тушаалаар ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн чөлөөлж өөр байгууллагад шилжүүлсэн. Түүнээс биш нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан улс төрийн үзэл бодлоор хандаж албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг өдөр бүр шаардаж дарамт үзүүлсэн удаагүй бөгөөд хэрэв дарамт шахалт үзүүлсэн гэвэл түүнийгээ нотлох баримтаар шүүхийн өмнө нотлох ёстой.

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...надтай тохиролцоогүйгээр өөр ажил буюу төрийн үйлчилгээни албан тушаал шилжүүлсэн... гэх боловч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын захиргааны зөвлөлийн хурлаар сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.Серикгүлийг оролцуулан түүнтэй холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг авч хэлэлцэх явцад тэрээр сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөж, өөр ажилд шилжин ажиллахыг зөвшөөрсөн. Энэ нь захиргааны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан. К.Серикгүлийн ...би өмнө нь ч хэлсэн, шүүхэд гомлол гаргахгүй, багш хийхгүй, болбол Бугат сумын цэцэрлэгт шилжүүлж өгвөл сайн байна, ядаж шинэ цэцэрлэгүүдийн нэгэнт ч болов арга зүйчээр очих хүсэлтэй байна, би тохироод шилжиж байгаа учраас шүүхэд хандахгүй... гэж тайлбарласан тайлбараар тогтоогдоно. Тухайн үед К.Серикгүл нь өөрөө өөр ажилд шилжихийг зөвшөөрч Бугат сумын цэцэрлэгт арга зүйчээр ажиллах санал гаргасан ч уг цэцэрлэгт орон тоо байгаагүй тул гарч байсан сул орон тоо болох Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулахыг санал болгосны дагуу тухайн орон тоонд томилсон.

Цэцэрлэгийн арга зүйчийн цалин нь өмнөх албан тушаалын цалингаас илүү, цалин хөлснөөс хохироогүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно... мөн хуулийн 22.2-т ...төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно... гэж заасан учраас төрийн жинхэнэ албан хаагч К.Серикгүлтэй харилцан тохиролцсон мөн түүний саналыг харгалзан төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан болно.

Иймээс төрийн жинхэнэ албан хаагч К.Серикгүлтэй харилцан тохиролцож түүний саналаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсны төлөө захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй ба Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчиж ажилтныг буруу шилжүүлээгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К.Серикгүл нь тухайн үеийн нэрээр аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 74 дүгээр тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тус газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байна. Миний бие 2016 оны 9 дүгээр сараас эхлэн тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилогдон ажилласан байгаа. Би ажил авсны дараа тус газрын ажилтнуудын ажлын чиг үүргийг сар гаруй хугацаанд судалж ажилласан байдаг. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн байсан К.Серикгүлтэй холбоотой иргэдээс гомдол, санал нэлээд ирж байсан юм. Эхний шатанд иргэдээс ирсэн гомдол, санал яахав, ер нь ажлаа хийх нь зүйтэй гэсэн утгаар хандаад ажиллаж ирсэн хэдий ч зарим хүмүүс бичгээр санал ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл, намайг ажилд оруулж өгнө гэж мөнгө авч байсан, уг мөнгийг авч өгнө үү гэсэн агуулгатай ханддаг байсан.

Мөн зарим хүүхдийн цэцэрлэгүүдийн эд зүйл буюу гэр цэцэрлэгийн гэрийг хувийн компаниуд болон хувьд хүмүүст өөрөө дураараа шийдвэр гарган, байгууллагын эд хөрөнгийг ашиглуулж байсан тухай мэдээллүүд удаа дараа ирж байсан. Харин дээд шатны байгууллага, албан тушаалтнуудаас К.Серикгүлийг ажлаас чөлөөл гэсэн ямар ч санал ирж, дарамт шахалт үзүүлж байгаагүй, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлууд түүний ажиллаж байсан үеийн ноцтой зөрчлүүд удаа дараа ирж байсан. Урьд нь түүнд энэ асуудлыг удаа дараа сануулж хэлж байсан ба тухайн үед би чамайг ажлаас өөрчилнө, хална гэсэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Чи ийм зөрчилтэй юм байна гэдгийг сануулсан болохоос биш ажлын байрны дарамт, шахалт үзүүлж байгаагүй юм. Дараагаар хүмүүс ирээд бичгээр гомдол гаргасан, түүний өөрт нь сануулж байсан юм. Үүний дараа надад өргөдөл гаргаж байсан этгээд мөнгөө буцааж өгсөн тухай хэлсэн ба чи нэгэнт мөнгөө буцааж авсан бол гаргасан гомдлын ард талд буцааж авсан талаар тэмдэглээрэй гэж тэмдэглүүлээд авч байсан болно.

Иргэдээс нэлээд олон өргөдөл, гомдлууд ирж байсан учраас ажил, албан тушаалаас өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юм байна гэж үзсэн. Үүнийг нотлох баримтуудын эх хувийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Зарим хүмүүст хүүхдийн зориулалтаар ашигладаг гэр цэцэрлэгүүдийн шалыг өөрөө дур мэдэн шийдвэр гаргаж ашиглуулдаг асуудал ч байсан байна. Энэхүү гаргасан зөрчлүүдийн талаар өөрт нь удаа дараа сануулж байсан. Сүүлдээ мөнгө төгрөгийн асуудал гарсан учраас чамайг өөр ажилд шилжүүлэн ажиллуулъя, ийм ашиг сонирхлын зөрчлүүд байгаа учраас чамтай хамтран ажиллах боломжгүй юм байна гэдгээ хэлсэн болно. Мөн нөхрийн компаниар дамжуулан цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан ба голцуу мах, махан бүтээгдэхүүнээс гадна хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг талаар иргэдээс удаа, дараа гомдол, саналууд амаар ирдэг байсан юм. Миний бие ганцхан цэцэрлэгийн материалыг нотлох баримт болгож өгсөн байгаа. Үүнийг жишээ болгож өгсөн болохоос биш цаашид шалгавал нэлээн олон цэцэрлэгүүдээс ийм нотлох баримтууд гаргах боломжууд байсан юм.

Тэгээд би ч гэсэн эмэгтэй хүн чамайг амьдралаас хохироож, ажилгүй болгож яах юм бэ гэхээр нь К.Серикгүл надад ...би хүлээн зөвшөөрч өөр ажилд шилжье... гэж тохиролцож байсан ба өөр ажилд мэргэжлийн дагуу шилжүүлэн ажиллуулсан болохоос түүнд чамайг ажлаас хална гэж ерөөсөө хэлээгүй. К.Серикгүл өөрөө миний гэр орон Бугатад байдаг, Бугат сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчээр ажиллуулах талаар санал тавьсан ба Бугат сумын цэцэрлэгийг судалж үзэхэд арга зүйчийн орон тоо байхгүй байсан тул ажиллуулах боломжгүй гэдгийг өөрт нь сануулж хэлсэн байгаа. К.Серикүлтэй холбоотой удаа дараа гомдол, саналууд ирж байсан учраас нэгжийн дарга нарыг дуудаж, К.Серикүлийг оролцуулан хурал хийсэн. Тэгээд ерөөсөө байс хийгээд бие өвдөж байна гэж чөлөө авдаг, байс хийгээд ийш тийш явна гэж явдаг, тэр үед би нэг ч удаа цалин хөлсийг хасаагүй, нэг ч удаа дарамт, шахалт үзүүлээгүй, өвдөж байгаа бол эмнэлэгт үзүүлээрэй гээд эмэгтэй хүний хувьд маш зөөлөн сэтгэлээр хандаж байсан болно. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дотоод журам зэрэг байгууллагын бүх бичиг баримтыг судалж үзсэн, 7 хүний бүрэлдэхүүнтэй нэгжийн даргын зөвлөл гэж байдаг юм байна.

Зөвлөлийн зарим гишүүд нь байхгүй байсан ба сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн өөрөө зөвлөлийн гишүүнд ордог. Хоёр нэгжийн дарга, би өөрөө оролцож байгаа учраас 50-иас дээш хувийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж, нэгжийн дарга нарыг байлцуулаад би К.Серикгүлтэй холбоотой ирж буй өргөдөл, гомдлын талаар урьд өмнө нэг ч хүнд хэлээгүй, эмэгтэй хүний нэр хүндийн асуудлыг харгалзаж үзсэн байгаа. Тэгээд нэгжийн дарга нарт К.Серикгүлтэй холбоотой асуудлыг танилцуулж, ийм бичгээр гомдол ирсэн гэж, гомдлыг хүртэл үзүүлж, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар өөр ажилд шилжүүлье гэсэн саналыг хэлж байсан. Өөрөө надтай ганцаарчлан уулзаж байх үед тохиролцож, өөр ажил хийх, аймгийн төвийн нэг цэцэрлэгт арга зүйчээр ажиллуулах талаар хэлж байсан болно. Шинэ цэцэрлэгүүдийг судалж үзээд 13 дугаар цэцэрлэгт цалингийн боломж байсан учраас тус цэцэрлэгийн эрхлэгчтэй тохиролцож, мөн энэ хүний тухайн албан тушаалд томилсны дараа он гарснаар цалингийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг аймгийн Засаг даргад танилцуулж, тохиролцож ярилцсан юм. Нэг өдөр ч гэсэн К.Серикгүлийг ажилгүй болгож, цалин хөлсөөр хохирсон асуудал байхгүй. Одоо ч гэсэн бид 13 дугаар цэцэрлэгт нэг бүлэг нэмж, арга зүйчийн орон тоог бүрэн болгох боломж байгаа. К.Серикгүлийг ажилгүй болгох талаар ямар нэгэн бодол санал байхгүй байгаа.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн ... гэдэг заалтыг судалж үзсэн. Тухайн ажлын байрны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн албан ажлын зайлшгүй шаардлагаар гэдгийг үндэслэл болгож болох юм гэсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь заалтуудыг үндэслээд К.Серикгүлийг тухайн өдөр нь 13 дугаар цэцэрлэгт шилжүүлэн ажиллуулсан юм. Дээрх тайлбарласан гомдол, саналуудыг үндэслэн К.Серикгүлийг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн газрын эдийн засгийн алба зэрэг байгууллагад шалгуулах боломж надад байсан юм. Гэхдээ би эмэгтэй хүний хувьд заавал хүний мууг үзээд, тэр хүнийг ажлаас халах хүртэл асуудал үүсгэж яах вэ, харилцан тохиролцъё гэдэг утгаар шилжүүлсэн байгаа. Тухайн үед өөр ажилд шилжин ажиллая гэж нэхэмжлэгч өөрөө тохиролцсон, дараа нь бичгээр хүсэлтээ гаргаж өгнө гэж, 0.5 цалинжуулсан ч гэсэн би арга зүйч хийгээд явж байвал болно гэдгийг өөрөө хэлж байсан юм. Үүнд би эмэгтэй хүний хувьд итгэж, маргааш нь бичгээр хүсэлтээ өгөөрэй гэж хэлсэн боловч өгөөгүй дуугүй яваад өгсөн байгаа.

Төрийн албан хаагч бол маш хариуцлагатай байх ёстой, явахдаа ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, ажилласан хугацаанд хийж байсан СӨБ-ын чиглэлийн компьютерт хадгалагдаж байсан бүх материалуудыг устгасан байсан, ийм хариуцлагагүй байдал үүсгэсэн ба энэ бүхэнд би хүлээцтэй хандсан болно. К.Серикгүлтэй харилцан тохиролцож, түүнийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлсний төлөө захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчиж ажилтныг буруу шилжүүлээгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

К.Серикгүлийн өөрийн хүсэлтийг үндэслэн өөр албан тушаалд шилжүүлснээр түүний орон тоо суларч өмнө нь сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан намайг тухайн албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрч, өөр албан тушаалд шилжсэн тул К.Серикгүлийн орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар сул орон тоо гэж үзэх бөгөөд сул орон тоог хэрхэн, яаж нөхөх талаар тодорхой заасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө... гэж заасан тул өмнө нь уг албан тушаалд ажиллаж байсан ажлын туршлагыг харгалзан намайг уг албан тушаалд үүрэг гүйцэтгэгчээр томилсон болно.

Ажил олгогчийн зүгээс сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний сул орон тооны талаар одоо хүртэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалга өгөөгүй шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл нь төрийн албаны шалгалт зохион байгуулах бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм.

Иймд үндэслэлгүй маргаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсон ба өмнө нь хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан юм. 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл аймгийн Боловсролын газарт сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн ажлын байрны тодорхойлолтод бакалавр түүнээс дээш зэрэгтэй, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй байх гэж заасан ба миний бие мэргэжлийн дагуу уг албан тушаалд томилогдсон болно. Тэгээд ажлаас чөлөөлөгдөж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт багшаар томилогдсон байгаа. Ажлаас чөлөөлөгдөөд 2, 3 сар ажилгүй байсан ба тухайн үед ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй болно. Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн томилогдоогүй учраас төрийн албаны шалгалт өгөөгүй, одоогоор түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гараад, 2017 оны 3 дугаар сарын 27, мөн оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тус тус ихэсгэсэн ба энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг ажил олгогч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн К.Серикгүлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай 60 дугаар тушаалаар шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэсэн байна. Уг тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтад Тус байгууллагын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн ажилтай К.Серикгүлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлгий сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгт арга зүйчээр шилжүүлэн ажиллуулсугай гэж заасан, энэхүү тушаал нь хуульд нийцээгүй, хууль зүйн хувьд учир дутагдалтай, үндэслэл муутай болсон гэж үзэж байгаа. Хариуцагч нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахдаа харилцан тохиролцсон баримт байгаа эсэхийг өмгөөлөгчийн зүгээс асууж тодруулахад, өргөдөл буюу хүсэлт байхгүй, хурлын тэмдэглэл байгаа гэсэн агуулгатай тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэгч К.Серикгүлийг өөр ажилд шилжүүлэхдээ харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцсон бичгийн зөвшөөрлийг зайлшгүй авсан байхыг шаарддаг бөгөөд эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх эрхийг хязгаарласан гэж ойлгож болно. Түүнчлэн нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх зайлшгүй ямар шаардлага гарсан болохыг шүүхийн өмнө хангалттай нотолж чадаагүй ба ямар нэгэн баримтгүй тайлбарыг шүүх хүлээн авч хариуцагчийг зөвтгөх боломжгүй, албан ажлын зайлшгүй шаардлага гэдгийг эрсдэлээс буюу аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй байна. Иймд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан заалтад нийцээгүй, хариуцагч албан ажлын зайлшгүй шаардлагагүй нэхэмжлэгчтэй тохиролцоогүй байхад, түүнийг өөр ажилд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэж байна.

Иймд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд томилох нь үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээдийг томилсон тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сул орон тоо гарсан гэдгийг мөн хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас төрийн тухайн албан тушаал суларсан байхыг хэлнэ. Гэтэл хэрэгт авагдсан тушаалаас үзэхэд ажил олгогч буюу хариуцагч гуравдагч этгээдийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримталж, тухайн сул орон тоонд ажиллуулсан нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн асуудал байна.

Мөн хэргийн 80 дугаар хуудаст байгаа хариуцагчийн өөрийн шүүхэд ирүүлсэн албан бичгээс үзэхэд, гуравдагч этгээдийг томилсон тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгатай зүйл байгаа юм. Тийм учраас тухайн маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Албан ажлын зайлшгүй шаардлагатай нэг асуудлыг өмгөөлөгчийн зүгээс асууж тодруулсан. Үүнтэй холбогдуулан гэрч С.Жанаргүлийн мэдүүлгийг харьцуулан үзэхэд, ... арга зүйчийн албан тушаалын зайлшгүй шаардлага гарсан асуудал өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. С.Жанаргүл гэрчийн хувьд би тухайн үед арга зүйч авч ажиллуулах бодолгүй байсан, тийм шаардлага байхгүй байсан юм. Гэтэл хариуцагч намайг байнга өрөөнд дуудаж ирүүлээд, К.Серикгүлийг арга зүйчийн орон тоонд авч ажиллуулах шаардлагатай байна, танай байгууллагын төсвийг судалж үзэхэд боломжтой байсан байна, дараа жил төсвийн тодотголыг нэмүүлээд арга зүйчийн асуудлыг шийдвэрлэж өгье гэдэг асуудлыг ярьсан байгаа. Тухайн үед надад хууль бус шаардлага тавьсан ч гэсэн удирдлагын шийдвэрийг хүндэтгэж ажилд авсан, нэг талаар ажлаас чөлөөлөх байх гэж бодож айсан... гэж байгаа. Эндээс үзэхэд албан ажлын зайлшгүй шаардлага гаргасан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа юм.

Шинжлэх ухаан, боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227, 199 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар Хүүхдийн цэцэрлэгийн захиргааны ажилтны үлгэрчилсэн норматив гэж батлагдсан байдаг. Үүний 2 дугаар заалтад арга зүйчийн талаар ердийн ажиллагаат 9 хүртэл бүлэгтэй эрхлэгч хариуцах бөгөөд, 9 ба түүнээс дээш бүлэгтэй бие даасан цэцэрлэг нэг байна зохицуулжээ. Үүнийг хариуцагч сая хүчингүй болсон гэж хэлж байсан. Энэ нь хүчингүй болоогүй, одоо хүртэл хүчинтэй байгаа.. Ямар ч байсан хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт албан ёсоор батлагдсан арга зүйчийн орон тоо байхгүй гэдэг нь нэг талаас тушаалаар, нөгөө талаас С.Жанаргүлийн шүүхэд хууль сануулж өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа юм.

Ийм учраас нэхэмжлэгчийг хууль бусаар өөр ажилд шилжүүлсэн гэж үзэж байгаа. Хуулийн зохицуулалтаас харахад 2 урьдчилсан нөхцөл байдаг. Нэгдүгээрт, ажилтантай тохиролцсон байхыг шаарддаг. Хоёрдугаарт, албан ажлын зайлшгүй шаардлага гарсан гэдэг асуудал байгаа. Тохиролцсон гэдгийг заавал бичгээр зөвшөөрөл аваад эсхүл нэхэмжлэгч эхлээд өргөдөл гаргаж, тухайн өргөдлийг тухайн хурлаар авч хэлэлцээд шилжүүлсэн байх ёстой. Гэтэл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дэргэдэх нэгжийн хурлаас гаргасан тэмдэглэлээс харахад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн К.Серикгүлийн зарим хууль бус үйл ажиллагааны талаар гэж заасан байх ба үүнд К.Серикгүлийн гаргасан өргөдлийг авч хэлэлцээд, өөр байгууллагад шилжүүлэх асуудлыг хэлэлцээгүй байдаг.

Үүнээс үзвэл саяны тушаал хууль бус гарсан гэдгийг нотолж байгаа юм. Хавтаст хэргийн 63, 64, 65 дугаар хуудаст авагдсан гурван иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй бичиг баримт байдаг. Нэгдүгээрт, н.Ажар гэж байгаа хэзээ, хэнд чиглэгдсэн, хэний санаачилгаар бичигдсэн нь тодорхой бус учраас үүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэж байна, иргэн н.Тогталын бичсэн өргөдлөөс хархад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичигдсэн байдаг. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг эхлээд ажлаас чөлөөлж дараа нь уг өргөдөл орж ирсэн юм шиг байна. Энэхүү өргөдөл нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.Мөн иргэн Х.Алмагүлтэй холбоотой асуудал байгаа. Энэ талаар хариуцагч талаас нэхэмжлэгч авсан мөнгийг эргээд төлсөн гэж ярьж байгаа боловч миний үйлчлүүлэгч үүнийг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ үүнийг зөрчил гэж үзвэл 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ба уг зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын хугацаа аль хэдийн өнгөрсөн байдаг. Гэхдээ энэ нь өнөөдрийн маргаанд хамаарахгүй асуудал юм. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд маргаан бүхий захиргааны акт өөрөө хууль бус болох нь нотлогдож байгаа юм. Нэхэмжлэлийн 3, 4 дүгээр шаардлагууд цалин хөлстэй холбоотой асуудал байгаа. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалын хавсралт, Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дугаар зүйлийн а хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн үеийн нөхөн олговрыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын дунд цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч бол 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлсэн гэж үзэж байгаа.

Үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодож үзэхэд, хавтаст хэргийн 33 дугаар хуудаст авагдсан нотариатаар баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрээс үзвэл 2016 оны 8 дугаар сарын цалин 677,869, 9 дүгээр сарын цалин 781,496, 10 дугаар сарын цалин 741,163 төгрөг байна. Дээрх журмын дагуу дундаж цалин хөлсийг бодож үзэхэд 723,509 төгрөг гарч байна. Үүнээс нэг өдрийн цалин 34,453 төгрөг, нийт ажилгүй байсан хугацаа 6 сар 17 хоног болж байгаа ба энэ бүгдийн нийлбэр 4,926,754 төгрөг болж байна. Энэхүү цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж үзэх ёстой гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн ажил олгогчийн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг дурдаж, хүүхдийн цэцэрлэгийн арга зүйчээр томилсон байдаг. Гэвч тухайн тушаалыг бодит нөхцөл байдалд тулгуурлан нягталж үзэхэд, шилжүүлсэн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Харин ч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халсан гэж ойлгогдохоор байна. Гэвч уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь тухайн тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. К.Серикгүлийг хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт шилжүүлсэн гэх боловч үнэн бодит байдалд хариуцагч өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж, өөр цэцэрлэгт ажилтай болгосон асуудал байгаа.

Үүнийг шилжүүлэн ажиллуулсан гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгчийн одоо эрхэлж байгаа албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаал биш, үнэхээр шилжүүлэн ажиллуулсан бол урьд ажиллаж байсан албан тушаалтай ижилхэн албан тушаалд ажиллуулах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл болон 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн баталгаа байгаа. Гэвч нэхэмжлэгч К.Серикгүл нь хуулийн дээрх үндэслэлээс гадуур ажлаас халагдсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Хэрвээ нэхэмжлэгч К.Серикгүл нь гэмт хэрэгт холбогдсон, ажилтны ёс зүйн зөрчил гаргасан гэж хариуцагч үзэж байгаа бол өөр зүйл, заалтаар арга хэмжээ авах эрх нь нээлттэй байсан юм. Гэтэл ажил олгогчийн гаргасан тушаал хуульд нийцээгүй байна. Мөн Үш булаг ХХК-д мах нийлүүлсэн талаар хариуцагч талаас тайлбарлаж байгаа ба зарим хүмүүсийн тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ юм ярьж байгаа учраас цаана нь нэг зүйл байгаа гэж шүүхээс ойлгож болохгүй.

Нэгэнт К.Серикгүл нь төрийн жинхэнэ албан хаагч учраас тухайн ажил тодорхой чиг үүрэгтэй байдаг ба тэр хэмжээгээр зарим хүмүүс хардаж сэрддэг асуудал байдаг. К.Серикгүлд холбоотой асуудлууд зүгээр яригдаж байгаа болохоос биш албан ёсны нотлох баримтуудаар нотлогдоогүй, гүтгэлгийн шинжтэй зүйл гэдгийг хэлмээр байна. К.Серикгүлийн хүн чанарын хувьд хэлэхгүй байхын аргагүй, энэ хүн бол зөвхөн өөрийн ажлын чиг үүрэг биш аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилчдын нийгмийн асуудлын талаар бодлого хэрэгжүүлж, хууль сурталчлах зэрэг тэдний нийгмийн асуудалд тус хүргэж ажиллаж байсан байна. Тухайлбал, зарим багш нар өөрийн баталгаа, цалингийн нэмэгдэл зэргийг мэдэгдэхгүй байсан ба тухайн ажилтнуудыг дэмжиж авах ёстой цалин хөлсний нэмэгдэл, бусад урамшуулалд хамруулах талд дээр ихээхэн анхаарч ажилласан байгаа. Зарим үед хувиасаа мөнгө төгрөг гаргуулж бусдыг дэмждэг байсан болохоор зарим хүмүүс үүнийг буруугаар ойлгодог асуудал байдаг юм байна. Ажар, Тогтал нарын бичиж өгсөн тодорхойлолтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг тодорхойлолтуудыг тухайн хүмүүс бичиж өгсөн үү, тэр хүмүүс нөхцөл байдлыг гэрчлэх гэж байгаа бол гэрчийн мэдүүлэг өгсөн байх ёстой. Гэрчээр мэдүүлэг өгсөн ч гэсэн тухайн мэдүүлгээр бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, гэрчийн мэдүүлэг нь өөрөө хөндлөнгийн бусад баримтуудаар тогтоогдсон байхыг хуулиар шаарддаг.

Тийм учраас эдгээр хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг оролцуулж хуралдаан хийсэн гэж хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлийг гол үндэс болгон тайлбарлаж байгаа боловч хурлын тэмдэглэлийг хөтлөх, бэхжүүлж авах, баталгаажуулсан байх шаардлагатай. Тухайн хуралд оролцсон хүмүүс хурлын тэмдэглэлд гарын үсэг зурснаар уг тэмдэглэл нь нотлох баримтын шаардлагыг хангаж чадна. Түүнээс биш дарга, нарийн бичгийн гарын үсэгтэй хурлын тэмдэглэл нь бусад хүмүүс ямар зүйл ярьсныг гэрчилж чадахгүй. Тухайн хуралдааныг даргалсан албан тушаалтан энэ хэргийн хариуцагч учраас уг хурлын тэмдэглэлийг ямар нэгэн байдлаар завсар хийж өөрчлөх боломжтой юм. Үүнээс гадна нэг зүйлийг нэмж хэлэхэд, нэхэмжлэгч К.Серикгүл нь төрийн өмч хөрөнгийг завшсан, авилга авсан, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэрэг зүйлийг хариуцагч талаас ярьж байгаа ба эдгээр зүйлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна, нотлогдохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг сонслоо нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып өмгөөлөгчийн хэлсэн тайлбарт холбогдуулан хэд хэдэн зүйлийг залруулж тайлбарлая гэж бодож байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгч К.Серикгүлийг үүрэгт ажлаас халаагүй, хууль бусаар шилжүүлсэн үү, үгүй үү гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа болохоос биш халсан асуудлыг хэлэлцээгүй байгаа. Хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан зарим иргэдийн өргөдөл, гомдлыг бид К.Серикгүлийн муу муухай зүйлийг нотлох гэж гаргаж өгөөгүй, тийм утга, агуулгатай өргөдөл, гомдол ирсэн учраас үүнийг хэлэлцэх шаардлага гарсан учраас уг гомдлыг гаргаж өгсөн байгаа гэдгийг шүүгчид анхааруулан хэлье. Гуравдугаарт, тэмдэглэлийн талаар тайлбарлаж байгаа. Тэмдэглэлийн талаар хуулиар тогтоосон зүйл байхгүй, аливаа хурлын тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, дарга баталгаажуулах журамтай. Өнөөдрийн шүүх хуралдааны тэмдэглэл мөн адил ийм журмаар хөтлөгдөж байгаа. Түүнээс биш хуралдаанд оролцсон хүн болгон гарын үсэг зурна гэвэл тэр нь өрөөсгөл ойлголт болно. Нэхэмжлэгч К.Серикгүл нь хариуцагч байгууллагад холбогдуулан гурван шаардлагыг гаргасан ба уг шаардлагууд бүхэлдээ хэрэгсэхгүй болох ёстой гэж манай талаас үзэж байгаа.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж өгсөн ба үүнийг дэмжиж байна. К.Серикгүлтэй холбоотой ард иргэдээс гомдол ирсэн учраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр энэ асуудлыг хэлэлцсэн байгаа. Хэлэлцэх явцад К.Серикгүл нь өөрөө би өөр байгууллагад шилжин ажиллах боломжтой гэж санал гаргасан байдаг. Түүний саналыг үндэслэн К.Серикгүлийг тухайн өдөр Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт буюу төрийн байгууллагын хооронд шилжүүлсэн билээ. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн хоёр байгууллага хоорондоо тохиролцсон тохиолдолд ажилтныг өөр албан тушаалд шилжүүлж болно гэж заасан байгаа. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд зөвхөн ажилтан болон ажил олгогчийн хоорондын тохиролцоо биш, гурав дахь тохиролцоо буюу хоёр байгууллагын тохиролцоо мөн хөндөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтныг өөр ажилд шилжүүлэх нь гурван талын тохиролцоо байгаа гэж үзэхээр байна. Түүнээс биш би энэ хүнийг авахгүй хүчээр ажиллуулж болохгүй юм.

Энэхүү тохиролцооны хамгийн гол цөм нь ажилтан болон байгууллагын удирдлагын тохиролцоо байгаа. Өөрөөр хэлбэл газрын дарга Х.Зауре болон ажилтан К.Серикгүл хоёр тохиролцохгүй бол Х.Зауре, С.Жанаргүл нарын хооронд тохиролцоо хийгдэхгүй. Мөн цэцэрлэгийн эрхлэгч С.Жанаргүл, арга зүйч К.Серикгүл нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэх боломжгүй, хөдөлмөрийн гэрээ хийгдэхгүй. Иймээс К.Серикгүлийн хийж байгаа үйлдэл болон маргааны зүйл хоорондоо уялдахгүй байна. К.Серикгүл нь тохиролцоогүй бол тухайн өдөр яагаад хүүхдийн 13 дугаар цэцэрлэгт арга зүйчээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ хийж ажилласан бэ гэдэг асуудал байгаа. К.Серикгүл өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол би хууль бусаар ажлаас халагдсан гэж өөр ажил авахгүйгээр маргах байсан ба тухайн өдөр өөр ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулаад өнөөдөр хүртэл ажиллаж байгаа нь К.Серикгүл байгууллагын даргатай тохиролцсон гэдгийг нотолж байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн ажлын шаардлагыг үндэслэн тайлбар гаргаж байгаа. Тэр нь зөв гэхдээ шилжүүлэн явуулж байгаа байгууллагын ажлын шаардлагыг харгалзан үзэх ёстой. 2010 онд нийгмийг цочроосон цэцэрлэгийн багш нарт холбоотой хэд хэдэн бичлэг интернетээр цацагдаж, шуугиан тарьсан учраас 2017 онд тус байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилт тавьж, зорилтыг тухайн цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэх шаардлага гарсан байдаг.

Дээрээс нь тус цэцэрлэгийн эрхлэгч С.Жанаргүл нь ... манайд төсөв байгаа учраас арга зүйч ажиллуулах шаардлагатай, гэхдээ бүтэц батлахдаа манай байгууллагад арга зүйчийн орон тоог баталж өгөөгүй ... гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн юм. Энэ нь тухайн байгууллагад арга зүйч ажиллуулах шаардлагатай бөгөөд, хариуцагч байгууллага, ажилтан болон тус цэцэрлэгийн удирдлага нар харилцан тохиролцсон гэж үзэж болохыг харуулж байна. Ийм учраас аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 60 дугаартай захиргааны акт нь хууль зөрчөөгүй учраас үүнийг буруутгах үндэслэл байхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч К.Серикгүл нь тухайн хуралд би оролцоогүй, шилжүүлэн ажиллах талаар санал гаргаагүй гэх боловч 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Жанаргүл гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... дарга бид хоёр К.Серикгүлийг шилжүүлэх асуудлыг хэлэлцэх явцад К.Серикгүл өөрөө байлцсан ... гэж хэлсэн байгаа. Тийм учраас К.Серикгүлийн надад тохиролцоогүйгээр өөр ажилд шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн гэрч Р.Серикбол, А.Еркегүл нарын гэрчийн мэдүүлэг болон тухайн өдрийн хурлын тэмдэглэлээр бүрэн нотлогдож байгаа ба тухайн үед хийгдсэн хуралдааны үйл явцыг тэмдэглэлээр бэхжүүлэхээс өөр арга хэрэгслээр бэхжүүлэх ямар ч боломжгүй байсан юм.

Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага хууль ёсны бус байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой хариуцагч байгууллагаас цалингийн хүснэгтийг гаргаж өгсөн ба энэ нь нийгмийн даатгалын дэвтэртэй зөрүүтэй байгаа юм шиг байна. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гар дээр авсан цалин хөлсийг тооцоолж гаргаж өгсөн болно. Үүнээс үзэхэд К.Серикгүл нь дунджаар 607,000 төгрөгийн цалин авч байгаа юм. Хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж 597,000 төгрөгийн цалин авч байгаа. Мөн гурван сард нэг удаа 300,000 төгрөгийн урамшуулал авч байгаа учраас цалин хөлсний зөрүү гарахгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байгаа.

Энэ хүн нэг ч өдөр ажилгүй байсан удаа байхгүй, ажилтай байсан, тогтмол цалин хөлс авч байсан юм. Ажил хийж, цалин хөлс авч байгаад дахиад цалин хөлс авна гэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. С.Нургайып өмгөөлөгчийн хувьд К.Серикгүлийг ижил түвшингийн албан тушаалд шилжүүлэх ажиллуулах ёстой мэтээр тайлбарлаж байгаа. Өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах гэсэн хуулийн заалттай болохоос ижил түвшингийн албан тушаалд томилно гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас шилжүүлэгч байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Серикгүл нь анх тус шүүхэд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60, 61 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгон, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, шүүх хуралдааны явцад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60, 61 дүгээр тушаалуудыг хүчингүй болгох, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гэж нэхэмжилсэн 4,926,509 төгрөгөөс цалингийн зөрүү 596.742 төгрөг, зөрүү цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийгхариуцагчаас гаргуулах шаардлагыг тус тус хангаж, ажилгүй байсан хугацааны цалингийн үлдсэн хэсэг болох 4,330,012 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

К.Серикгүл нь аймгийн Боловсролын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тушаалаар[1] сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд томилогдон ажиллаж байсан, эрх бүхий албан тушаалтан түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар тушаалаар[2] уг албан тушаалаас чөлөөлж, Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйчээр шилжүүлэн ажиллуулжээ.

Хариуцагчаас гаргасан маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ... Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно ... гэж заасан, хуулийн энэхүү заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн өөр байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд шилжүүлэн ажиллуулах (1), ийнхүү шилжүүлэн ажиллуулахаас өмнө шилжүүлэн авч байгаа төрийн байгууллагад тухайн албан тушаалын ажлын шаардлага зайлшгүй гарсан байх (2), мөн төрийн жинхэнэ албан хаагч нь уг албан тушаалд шилжин ажиллахыг зөвшөөрч тохиролцсон байх (3) зэрэг урьдчилсан нөхцлийг тус тус шаардсан гэж ойлгохоор байна.

Гэтэл нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлж, төрийн үйлчилгээний албан тушаалд буюу Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйчээр шилжүүлэн ажиллуулсан хариуцагчийн үйлдэл нь хуулийн дээрх заалтад тавигдсан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн өөр байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

Хариуцагч нь ... ёс зүйн зөрчил гаргасан талаар иргэдээс удаа дараа гомдол ирсэн, К.Серикгүл нь ёс зүйг баримтлаагүй тул манай байгууллагад учрах эрсдэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын зайлшгүй шаардлага гарсан гэж үзээд түүнийг өөр ажилд шилжүүлсэн... гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үндэслэлээр нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлсэн нь хууль бус,хэрэв нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд сахилгын зөрчил гаргасныг хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоосонтохиолдолд хуулийн холбогдох заалт болох 26 дугаар зүйлийг баримтлан зохицуулах учиртай.

Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоонд арга зүйчийн орон тоо батлагдаагүй, цалингийн санд олгох цалин тусгагдаагүй, байгууллагаас арга зүйч зайлшгүй байх шаардлагатай гэсэн хүсэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт гаргаагүй зэрэг нь гэрч С.Жанаргүлийн мэдүүлгээр[3] тогтоогдож байгаа ба үүгээр Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт арга зүйчийн ажил зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол, тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд түүнийг арга зүйчийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулсныг урьдчилан тохирч зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар зөвшөөрч бичгээр илэрхийлсэн нотлох баримт байхгүй тул хариуцагчийн ... урьдчилан тохиролцсон... гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч К.Серикгүлийн эрх зүйн байдлыг дордуулж, төрийн жинхэнэ албанаас бүрмөсөн чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2- т заасан ... Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй..., хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан ... энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албанааас халагдахгүй байх... нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй гэснийг тус тус зөрчсөнөөс хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн албад баримтлах ...хууль дээдлэх... үндсэн зарчим алдагдсан гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60, түүний оронд Б.Ризаг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 61 дүгээр тушаал[4] нь тус тус хууль бус тул хүчингүй болгон, нэхэмжлэгчийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн ба түүнийг 13 дугаар цэцэрлэгт шилжүүлэн ажиллуулснаар төрөөс цалин авч байсан тул ажилгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, харин буруу шилжүүлэн ажиллуулснаар бага цалинтай ажил хийж байсан гэж үзэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар зөрүү цалинг гаргуулж, түүнд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ННД№А 0005209 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан үеийн сүүлийн 3 сар буюу 2016 оны 8,9,10 дугаар сард авч байсан /бүтнээр авч байсан/ цалингийн дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 а-д зааснаар тооцоход 723,509 төгрөг, харин цэцэрлэгт ажиллаж байсан үеийн сарын дундаж цалин 624.052 төгрөг тул цалингийн зөрүүг 6 сараар бодож нийт 596.742 /таван зуун ерөн зургаан мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106,3,4, 106.3,13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.2, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К.Серикгүлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 60, 61 дүгээр тушаалуудыг хүчингүй болгох, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг даалгах, цалингийн зөрүү 596.742 төгрөг, зөрүү цалинд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, илүү нэхэмжилсэн 4,330,012 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 20 дугаар хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хуудас

[3] Хэргийн 68-68 дүгээр хуудас

[4] Хэргийн 23 дугаар хуудас