Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 399

 

     С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Р.Батнасан,

ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Чүлтэмжамцын гаргасан давж заалдах гомдлоор, С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох эрүүгийн 201625021198 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Хайтал овогт Сэргэлэнбилэгийн Ганпүрэв, 1990 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчингийн 5 дугаар гудамж, 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ДЮ 90041275/,

Боржигон овогт Чулуунбатын Чүлтэмжамц, 1990 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Хаан” банкны Чингэлтэй салбарын харъяа Бөмбөгөр тооцооны төвд теллер ажилтай байсан, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 10-352 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 243а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 476 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: ИЦ 90072173/,

С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нар нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийн орчимд иргэн Ч.Саранзолбоог хашаа руу шээж болохгүй гэж зүй ёсны шаардлага тавихад эсэргүүцэн бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газар: С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, С.Ганпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Ч.Чүлтэмжамцад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж, С.Ганпүрэвийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ч.Чүлтэмжамцыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.Ганпүрэвт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ч.Чүлтэмжамцад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Ганпүрэвт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Чүлтэмжамцад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар С.Ганпүрэвийн цагдан хоригдсон 109 хоног, Ч.Чүлтэмжамцын цагдан хоригдсон 61 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий нэг ширхэг Сидиг хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Чүлтэмжамц, С.Ганпүрэв нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах, С.Ганпүрэвт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ч.Чүлтэмжамцад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ. 

Ялтан Ч.Чүлтэмжамц гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би учруулсан гэм хорыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн арилгасан. Би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэлтэс, 10-352 тоотод ээж, ах, дүү нарын хамт ам бүл 4-үүлээ оршин суудаг. Ээж Г.Амгаланбаяр нь 56 настай, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тархин дахь цус харвалтын улмаас эмнэлгийн асаргаа сувилгаанд байх болсон. Дүү Л.Бямбажав нь АШУИС-ийн 3 дугаар курсын оюутан, ах Ч.Тэгшбаяр нь 30 настай, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсаны улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, асаргаа, сувилгаанд байдаг. Би Хаан банкны “Бөмбөгөр” салбарт теллерийн ажил эрхэлдэг байсан бөгөөд өрхийн амжиргаагаа залгуулдаг байсан. Би өөрийн гэмт танхай үйлдэлдээ гүнээ ухамсарлаж маш их харамсан гэмшиж байна. Иймд ар гэр, хувийн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Ялтан Ч.Чүлтэмжамцын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Ч.Чүлтэмжамц, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Анх анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар танхайрах явцдаа бүлэглэж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэж, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт оролцогч нарыг үйлдэл тус бүрийг тогтоож, тодорхойлох шаардлагатай гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтаар шүүгдэгч нарын үйлдэл тус тусдаа байсан болох нь гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулаагүй. Хүнд гэмтэл учруулсан этгээд нь С.Ганпүрэв, танхайрсан үйлдэл гаргасан этгээд нь Ч.Чүлтэмжамц гэдгийг баримтаар нотлон тогтоож, анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гагцхүү ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Учир нь Ч.Чүлтэмжамц урьд нь хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэж, хянан харгалзсан. Тэнсэж хянан харгалзах хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй. Мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Ч.Чүлтэмжамцыг ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болсон. Анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бүрэн арилгасан болох нь хэрэг авагдсан баримтаас харагддаг. Мөн шүүгдэгч хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал болон түүний ар гэрт тал цус харвасан эх, мөн явж, сууж чадахгүй тэргэнцэр дээр суудаг 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай төрсөн ах нарын асаргааг шийдвэрлэх зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү ...” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх Ч.Чүлтэмжамцийн үйлдсэн танхайн гэмт хэргийн улмаас гэмт хэргийн хэр хэмжээ нэмэгдэн, хохирогчийн биед хүнд гэмтэл учрах нөхцөл байдлыг үүсгэсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах боломжгүй гэж дүгнэсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Ганпүрэв нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, Ч.Чүлтэмжамц нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Саранзолбоогийн “... Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны орой 18 цагийн үед өөрийн ажил болох Нийслэлийн 58 дугаар сургуулиас гараад гэр лүүгээ харихаар явж байтал сургуулийн зүүн талын гудамжинд хашаа руу 30 орчим насны намхан нуруутай, цагаан өнгийн цамцтай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай залуу шээж байхаар нь “чи битгий наанаа шээгээд бай, чиний шээдэг газар биш” гэж хэлсэн чинь нөгөө залуу “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгээд би тэр залуутай маргалдаад зогсож байтал манай сургуулийг төгсөгч Мэгжиджанрайсаг гэх залуу хүрч ирээд намайг барьж аваад, нөгөө залуутай маргалдахыг зогсоосон. Тэгээд байж байтал цаанаас 30 орчим насны махлаг, 175 гаран см-ийн өндөртэй, цайвар хувцастай залуу хүрч ирсэн ба нөгөө намхан залуу “миний хаана шээх чамд ямар хамаатай юм” гэж хэлээд нөгөө махлаг залуугийн хамт миний баруун, зүүн хөл рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би та нар яагаад байгаа юм бэ гэж хэлээд нөгөө 2 залуу дээр очиход намхан залуу нь миний толгойноос үстээд, төмөр хашааг толгойгоор мөргүүлсэн. Би арай гэж нөгөө залуугаас салаад зогсож байтал нөгөө өндөр махлаг залуу нь хүрч ирээд намайг дахин үстэж газар доош нь дараад 2-3 удаа миний толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд би нөгөө залуутай ноцолдож байгаад босч ирээд гарыг нь тавиулаад эргээд харахад намхан залуу нь Мэгжиджанрайсагийг үсдчихсэн доош нь тонгойлгочихсон байхаар нь “хүүе чи болиоч” гэж хэлсэн чинь араас өндөр, махлаг залуу нь толгой руу цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдчихсан. Цааш юу болсон талаар мэдэхгүй байна...” /1хх-22-23/,

гэрч  Б.Сарангэрэлийн “... Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр гадуур ажил хөөцөлдөөд явж байгаад найз залуу болох Чүлтэмжамцын утас руу хаана байгаа талаар мессеж бичихэд “Хайлаастад найзынхаа гэрт байна. Хүрээд ир” гэж над руу мессеж бичсэн. Тэгээд би Хайлаастын 17-ын автобусны буудал дээр 17 цагийн үед очоод байж байтал Чүлтэмжамц нь Ганаа гэх найзтайгаа хамт машинтай ирж намайг тосож аваад Хайлаастаас дээшээ нэг найзтайгаа очиж уулзана гэж явсан ба уг найз нь гэртээ байхгүй байсан. Тэгээд Ганпүрэв, Чүлтэмжамц нар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Нийслэлийн 58 дугаар сургуулийн хажууд байрлах Дугуй засварын газарт очиход найз нь ажил дээрээ байгаагүй. Тухайн үед Чүлтэмжамц машинаас буугаад 58 дугаар сургуулийн зүүн талын гудамжаар алхаад бие засахаар явсан ба би машины арын суудал дээр сууж байхад Чүлтэмжамцыг бие засаж байтал саарал пиджак өмссөн 40 гаран насны нэг ах очоод хоорондоо юм яриад Чүлтэмжамцыг загнаад байх шиг байсан ба араас нь нэг удаа өшиглөх шиг болсон. Тэгээд машинаас Ганпүрэв буугаад очиход цаанаас цагаан өнгийн “Toyota Prius” загварын автомашин хүрч ирээд машинаас 20 гаран насны залуу бууж ирээд Чүлтэмжамц, нөгөө саарал пиджактай ах, Ганпүрэв нар юм яриад зогсож байсан юм. Тухайн үед машинаас буугаад маргалдаж байсан хүмүүс дээр очиход Ганпүрэв нөгөө өндөр залуутай барьцалдчихсан, Чүлтэмжамц саарал өнгийн пиджактай ахтай барьцалдчихсан зогсож байхаар нь би салгах гэтэл нөгөө өндөр 20 гаран насны залуу нь “чи хэн юм” гэхээр нь “би хамт явж байгаа юм. Энэ 2 залуу буруугүй, танай энэ ах чинь өөрөө манай найзыг эхэлж өшиглөсөн шүү” гэж хэлээд Чүлтэмжамц, Ганпүрэв хоёрыг машинд суу гэж хэлсэн. Тэгээд тэр 2 гүйгээд машинд суусан ба би араас нь очоод суусан. Тэгээд машиныхаа хаалгыг дотор талаас нь түгжчихээд сууж байтал араас нь баахан залуучууд гүйж ирээд машин явуулахгүй тойроод зогсчихсон ба нөгөө өндөр залуу жолоочийн талын хаалгыг онгойлгоод Ганпүрэвийн хөл хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар машинаа хөдөлгөөд явсан...” /1хх-25-27/,

гэрч Г.Мэгжиджанрайсагийн “... Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нийслэлийн 58 дугаар сургууль дээр ангийнхантайгаа уулзчихаад 18 цаг өнгөрч байхад сургуулиас гараад өөрийн эзэмшлийн 49-70 УБА улсын дугаартай, “Toyota Prius” загварын автомашинтай харихаар явж байтал манай сургуулийн дуу хөгжмийн багш Саранзолбоо миний явж байсан гудамжаар алхаж байсан ба сургуулийн эсрэг талын хашаа руу 25 гаран насны намхан залуу шээж байхаар нь багш наад хашаа руу чинь шээдэггүй юм гэж хэлээд нөгөө залууг түлхсэн чинь нөгөө залуу Саранзолбоо багшид хандан “чи яах юм, чамд ямар хамаатай юм” гэж хэлээд маргалдаж эхлэхээр нь би машинаасаа бууж очоод салгах гээд байж байтал хашааны үзүүрт зогсож байсан машинаас 30 орчим насны өндөр биетэй залуу бууж ирээд Саранзолбоо багш руу нөгөө намхан залуутай нийлээд зодох гээд дайраад байсан ба би салгахаар дундуур нь ороод нөгөө өндөр залууд хандаж найзыгаа аваад яв гэж хэлсэн чинь намхан залуу нь Саранзолбоо багшийг нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тухайн үед би Саранзолбоо багшийн араас нь тэвэрчихсэн салгах гээд зогсож байтал намхан залуу миний толгой руу бас гараараа цохисон. Тэгээд намхан, цагаан цамцтай залуу нь дахин над руу дайраад миний үснээс зулгааж доош нь дараад байж байсан ба Саранзолбоо багшийг нөгөө өндөр залуу нь хөлөөрөө цээж хэсэг рүү нь өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба би нөгөө намхан залуугаас мултраад Саранзолбоо багш руу харахад нөгөө өндөр залуу нь Саранзолбоо багшийн нүүр хэсэгт гараараа цохиход багш арагшаа дагз хэсгээр газарт савж унаад ухаан алдчихсан. Тухайн үед нөгөө өндөр залуу гартаа блокны хэлтэрхий барьчихсан байсан. тэгээд би сандраад намайг үстсэн намхан залууг зуураад “чамайг явуулахгүй, цагдаа дуудаж өгнө” гэсэн чинь өндөр залуу нь ирээд намхан биетэй залууг аваад машиндаа суух гэхээр нь би араас нь зуураад та нарыг явуулахгүй гэж хэлсэн чинь машин дотроос 30 орчим насны эмэгтэй бууж ирээд наад цохиулсан хүн чинь өөрөө буруутай, энэ 2 хүнийг явуул” гэж хэлээд надаас салгаж аваад машинд суулгаад машиныхаа хаалгыг түгжчихээр нь би жолооч талын хаалгыг татсан чинь хаалга нь онгойсон ба жолооны ард Саранзолбоо багшийг цохиж унагаасан гэх залуу сууж байхаар нь чамайг явуулахгүй гэж хэлээд зогсож байтал араас сургуулийн хүүхдүүд гүйлдээд ирчихсэн байсан. Тэгээд Саранзолбоо багшийг зодсон гэх залуучууд машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Удалгүй цагдаа болон түргэн тусламж ирсэн...” /1хх-28-30/,

сэжигтэн С.Ганпүрэвийн “... Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн өглөө 07 цагийн үед Чүлтэмжамцын хамт Бааткагийн ажиллуулдаг дугуй засварын газар очоод Баатка Чүлтэмжамц нар 2.5 литрийн пиво 2 савыг уусан. Тухайн үед Чүлтэмжамц бие засчихаад ирье гэж хэлээд 58 дугаар сургуулийн зүүн урд талд байх гудамж руу явсан. Тэгээд байж байтал Чүлтэмжамцийн найз охин Сараа нь надад Чүлтэмжамц нэг залуутай барьцалдаад авлаа гэхээр нь би машинаасаа буугаад очиход Чүлтэмжамц 40 орчим насны хүнтэй заамдалцчихсан зогсож байсан ба хажууд нь 20 орчим насны залуу салгахаар зогсож байсан. Чүлтэмжамцийг нөгөө 40 орчим насны залуу нүүр хэсэг рүү нь цохихоор нь би Чүлтэмжамцийг татаж салгаад “та одоо болилдоо” гэж хэлсэн чинь нөгөө 40 орчим насны залуу миний зүүн шанаа хэсэг рүү цохихоор нь би нөгөө залуугийн гуя хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөд хажууд зогсож байсан 20 орчим насны залуу голоор орж ирээд та нар боль гэж хэлээд салгасан. Тэгээд байж байтал 40 орчим насны залуу дахин над руу дайраад байхаар нь би нөгөө залуугийн эрүү хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохиход нөгөө 40 орчим насны залуу арагшаа, газар бөгсөөрөө унах шиг болсон ба дахин босч ирээд миний үснээс хоёр гараараа зулгаахаар нь би нөгөө залууг гараараа хүзүү хэсгээр нь боогоод та миний үснээс тавь, тэгвэл би таныг боохоо болилоо гэж хэлсэн чинь нөгөө ах хэсэг хугацааны дараа миний үснээс зулгаахаа болихоор нь би гараараа хүзүүнээс нь боохоо болиод нөгөө ахаас салаад байж байтал Чүлтэмжамц нөгөө 20 орчим насны залуутай барьцалдчихсан зогсож байхаар нь би салгаад эргээд харахад нөгөө ах дээшээгээ хараад хэвтэж байсан. тэгээд би Чүлтэмжамцыг машинд суулгаад явах гэтэл нөгөө 20 орчим насны залуу ирээд машины хаалгыг онгойлгоод “чи хаачих гэж байгаа юм. Одоо цагдаа дуудлаа, чи согтуу машин барьж байна гэхээр нь уг залууд би архи уугаагүй гэж хэлээд нүүр лүү нь үлээсэн. Тэгээд цагдаага дууд гэж хэлээд зогсож байтал баахан залуучууд хүрээд ирсэн ба нөгөө залуу миний нүүр лүү 2 удаа гараараа цохихоор нь би машиныхаа хаалгыг хаагаад яваад өгсөн...” /1хх-60-62/,

сэжигтэн Ч.Чүлтэмжамцын “... Би 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр найз Ганпүрэв, Бат-Эрдэнэ, найз охин Сарангэрэл нарын хамт Дэнжийн 1000 орчим Ганпүрэвийн машин дотор Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво 2 савыг найз охин Сарангэрэл, Батгэрэл нарын хамт хувааж уусан. Тухайн үед Бат-Эрдэнэ аавынхаа ажил дээр очино гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах 58 дугаар сургуулийн хажууд байрлах дугуй засвар луу очсон. Тэгээд би 58 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах гудамж руу ороод бие засаж байтал хар бараан өнгийн суудлын машинаас 40 орчим насны, саарал пиджактай, согтуу ах бууж ирээд “гудамжинд шээлээ” гэж уурлаад над руу дайраад байсан ба нөгөө ах миний дух хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би та яаж байна аа гэж хэлээд нөгөө ахтай барьцалдаж аваад зогсож байтал найз Ганпүрэв машинаас бууж ирээд ахаа та яаж байна гэж хэлээд бид 2-ыг салгасан чинь нөгөө ах Ганпүрэвийн нүүр хэсэг рүү цохисон ба Ганпүрэв уурлаад нөгөө ахтай барьцалдаж авсан. Тухайн үед хажууд 20 орчим насны нэг залуу байж байсан . би тэр залуутай барьцалдаж авсан бөгөөд бид 2 нэг нэгийгээ цохиж зодсон асуудал байхгүй. Тэгээд би 20 орчим насны залуугийн үснээс зулгаагаад доош нь дараад “чи ахыгаа аваад явчихаач” гэж гуйсан чинь за гэхээр нь би үснээс нь зулгаахаа болиод нөгөө залуугаас салаад Ганпүрэвийн хамт машин руу алхаад явж байтал нөгөө 20 орчим насны залуу миний нуруу хэсэг рүү гараараа цохисон ба тухайн үед баахан залуучууд ирээд дайрах гээд байхаар нь бид 2 зугтаагаад машин руу суугаад машиныхаа хаалгыг түгжээд явах гэтэл машиныг маань нөгөө залуучууд тойроод зогсчихсон явуулахгүй байсан ба 20 орчим насны залуу Ганпүрэвийг жолооны ард сууж байхад машины хаалгыг онгойлгоод 2 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд Ганпүрэв нөгөө залууг түлхээд машины хаалгаа түгжээд хөдлөөд бид нар явсан  ...” /1хх-64-66/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ч.Саранзолбоогийн биед 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үзлэг хийж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6322 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.Саранзолбоогийн биед учирсан баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин духны хуйхны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Ч.Саранзолбоогийн биед учирсан баруун чамархай, зулай ясны далд хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт, духны хуйхны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ч.Саранзолбоогийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 233 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх-53-54/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 0750 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх-56-57/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, түр хураан авсан тэмдэглэл /1хх-13-14, 17-18/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1хх-20/, хохирогч Ч.Саранзолбоогийн өвчний түүх /1хх-78-90/, хохирлын баримтууд /1хх-91-97/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, ялтан С.Ганпүрэвт оногдуулсан ял шийтгэл тохирсон, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлаж үзэхэд Ч.Чүлтэмжамц нь сургуулийн орчим хашаа руу бие засаад зогсож байхад нь Ч.Саранзолбоо нь “энд шээж болохгүй” гэсэн шаардлага тавьсан. Үүнийг эсэргүүцэж Ч.Чүлтэмжамц нь түүний цээж рүү нь түлхэж, үсдэж, төмөр хашаа мөргүүлж догшин авирлаж танхайрсан, С.Ганпүрэв нь машиндаа сууж байгаад Ч.Саранзолбоо, Ч.Чүлтэмжамц нарыг зодолдохыг хараад очиж хохирогчийг 2-3 удаа толгой хэсэг рүү нь өшиглөсөн, үсдэж, толгой руу нь цохиж, ухаан алдуулж унагасан зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүх эмнэлгийн шинжээчийн 6322, 233 тоот дүгнэлтүүдээр ялтан С.Ганпүрэвийн үйлдлээс хохирогч Ч.Саранзолбоогийн биед “баруун чамархай, зулай ясны далд хугарал, зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан”, ялтан Ч.Чүлтэмжамцын үйлдлээс хохирогчийн биед “духны хуйхны зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан” болох нь нотлогдон тогтоогджээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Ганпүрэв, Ч.Чүлтэмжамц нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас ялтан Ч.Чүлтэмжамцын танхайрах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэхэд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд түүний гомдлын дагуу хорих ялыг тэнсэж, хянан харгалзах үндэслэлгүй байна.

Харин ялтан С.Ганпүрэв нь хүнд, Ч.Чүлтэмжамц нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх тэдэнд адил тэнцүү ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ. Иймд Ч.Чүлтэмжамцын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

            Ялтан Ч.Чүлтэмжамцын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 2 дахь хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...”  гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй ... ” гэж, мөн шийтгэх тогтоолын 4 дэх заалтын 2 дахь хэсгийн “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чүлтэмжамцад оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Ялтан Ч.Чүлтэмжамцын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

                       ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН