Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 724

 

   2019        09           24                                  2019/ШЦТ/724

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхгэрэл, 

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

хохирогч Ц.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн С.Б д холбогдох эрүүгийн 1911017360819 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн С.Б , 1976 оны 03 дугаар сарын 28-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 6-р хороо,нүхт 29 дүгээр гудамжны 568а тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .     

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Б  2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 6 дугаар гудамжны 48 тоотод иргэн Ц.Отгонцэцэгийг “гэрээс хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан, орны ирмэг хэсэг рүү түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу...” гэв.

Хохирогч Ц.Отгонцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...С.Б  нь миний төрсөн эгчтэй хамтран амьдардаг бөгөөд дандаа архи ууж, агсам тавьж манай эгчийг зоддог. Хэрэг болдог өдөр намайг 2 удаа түлхэж унагаасан. Ямар ч ажил хийдэггүй, орлогогүй. Энэ хүнийг эгчээсээ хол байлгах хүсэлтэй байна. Миний эгч хэлгүй хүүхэдтэй, хүүхдийг нь бас дандаа ад үздэг, дарамталдаг. Миний Аарцагны яс, баруун гарын бугалга гэмтсэн их удаан эдгэсэн би гомдолтой байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Отгонцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Бороог агсам тавьж байхаар нь эндээс яв гэж хэлж татаж гэрээс гаргасан. Тэгтэл Бороо хаалга чанга тогшиж хашгирч хажуу айлын хүмүүсийн уурыг хүргээд байхаар нь яах гэж байгаан гэтэл “би юмаа авна” гэхээр нь оруулсан. Гэрт орж ирээд юу хайгаад байгаа нь мэдэхгүй юм хайгаад байсан тэгнхээр нь гэрээс гар, яв гэж хэлээд цамцнаас нь зуурч татсан. Тэгтэл миний зүүн гараас татаж түлхсэн. Би унахдаа орны ирмэг дээр унаж аарцагны ясаа цохисон. Би босож ирээд Бороог гэрээс гаргах гээд дахиад цамцнаас нь зулгаахад намайг түлхэж унагаасан. Тэр үед би гарын бугуй хэсгээр унаж гараа гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх 17-23/

Гэрч Ц.Наранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай дүү Отгонцэцэг Бороог загнаад амьдарч чадахгүй бол одоо юмаа аваад яв зайл гэсэн чинь Бороо уурлаад манай дүүг түлхэж, цохичихоод гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №7257 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.Отгонцэцэгийн биед баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, баруун бугуйнд зулгаралт, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашин ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 28-29/

Шүүгдэгч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо Баруун тасганы 6 дугаар гудамж 48 тоотод манай гэрт 17 цагийн үед эхнэр Наранцэцэгийн дүү болох Отгонцэцэг, сайн найз болох Хулан нар ирсэн. Бид нар 2 литрийн том савтай пиво хоёр ширхэгийг уусан. Удалгүй сууж байтал Отгонцэцэг надруу хандаж миний эгчээс сал, миний эгчийн гэрээс яв гэх мэтээр хэлж надруу агсарсан. Мөн Отгонцэцэг миний үснээс зулгаах гэж оролдсон. Би тэгхээр нь хувцсаа аваад явлаа гэж хэлсэн. Тэгтэл Отгонцэцэг миний цамцнаас зуураад татаад явуулахгүй байхаар нь би баруун гараараа түлхэхэд Отгонцэцэг зурагтны тавиур луу унасан. Тэгээд 20 цагийн үед гэрээс гарч явсан. Би гараад найз Чулуунхүүгийн гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх 37-40/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 13-14/, шүүгдэгч С.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 48-50/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б  нь “...2019 оны 06 дугаар сарын 06-ны  өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 6 дугаар гудамжны 48 тоотод иргэн Ц.Отгонцэцэгийг “ гэрээс хөөлөө ” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар, орны ирмэг хэсэг рүү түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч хохирогч Ц.Отгонцэцэгийн “...Би босож ирээд Бороог гэрээс гаргах гээд дахиад цамцнаас нь зулгаахад намайг түлхэж унагаасан. Тэр үед би гарын бугуй хэсгээр унаж гараа гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх 17-23/, гэрч Ц.Наранцэцэгийн “...Бороо уурлаад манай дүүг түлхэж, цохичихоод гараад зугтсан...” гэх мэдүүлэг /хх 12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №7257 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28-29/, шүүгдэгч С.Б гийн “...Отгонцэцэг миний үснээс зулгаах гэж оролдсон. Би тэгхээр нь хувцсаа аваад явлаа гэж хэлсэн. Тэгтэл Отгонцэцэг миний цамцнаас зуураад татаад явуулахгүй байхаар нь би баруун гараараа түлхэхэд Отгонцэцэг зурагтны тавиур луу унасан...” гэх мэдүүлэг /хх 37-40/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийхгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Ц.Отгонцэцэг нь шүүгдэгч С.Б д гомдол гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн С.Б гоос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Отгонцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо  нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Б гоос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН