| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2016/00151/И |
| Дугаар | 157 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, Налих багт оршин суух Боржигон овогт Цэрэнпэлийн Мөнхжаргал /РД:КБ59120208/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэл ангид ажиллаж эхэлсэн. Улмаар 1994 оны 11 сарын 14-ний өдөр худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж өөр ажилд томилогдсон. Тэтгэвэр тогтоолгохоор Баян-Овоо сумын нийгмийн даатгалын мэргэжилтэндээ хандан өөрийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрүүдээ өгсөн боловч 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан хугацааны баримт аймгийн архивт байхгүй байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон ажлаас гарсан тушаал бичигдсэн. Баян-Овоо сумын архиваас хагас бичиг баримтаа авсан. Иймээс Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэл анги нэртэй байсан. 1992 оны 11 сард татан буугдаж Дэлгэрэх хоршоо нэртэй болсон. Нэр нь солигдсон боловч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Иймд 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, Ц.Мөнхжаргалд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баян-Овоо сумын “Дэлгэрэх” ББХХоршооны 1993 оны журнал ордер №2, 1993 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагийн баланс, “Дэлгэрэх” ББХХоршооны 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгийн тасалбар, шаардах хуудас, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөлгөөний протокол, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдын 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөлгөөний протокол, Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олны 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлын №1 протокол, ББХХоршооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай тушаал, 18-р тушаалын 1-р хавсралт, ББХХоршооны 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн урдчилгаа тавьж олгох хүснэгт, 1993 оны ээлжийн амралтын тооцоо, ББХХоршооноос худалдагч Ц.Мөнхжаргалд 1993 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн бараа, материалын хуудас, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1988 оны ажил үйлчилгээний тайланг сумын төвийн нийт хөдөлмөрчдөөр хэлцүүлсэн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн протокол, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажиллагчийн карт зэргийн хуулбарууд, гэрч Г.Цэцэгдэлгэр, Х.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ц.Мөнхжаргал нь 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги /тус анги нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэрээ сольж, “Дэлгэрэх” бүрэн бус хариуцлагатай хоршоо болсон/-д 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь:
Нэхэмжлэгчийн тайлбар, Ц.Мөнхжаргалд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Говийн хөгжил” нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баян-Овоо сумын “Дэлгэрэх” ББХХоршооны 1993 оны журнал ордер №2, 1993 оны 07 дугаар сарын 31, 10 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагийн баланс, “Дэлгэрэх” ББХХоршооны 1993 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлгийн тасалбар, шаардах хуудас, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдын 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөлгөөний протокол, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажилчдын 1989 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөлгөөний протокол, Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олны 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлын №1 протокол, ББХХоршооны даргын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай тушаал, 18-р тушаалын 1-р хавсралт, ББХХоршооны 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн цалингийн урдчилгаа тавьж олгох хүснэгт, 1993 оны ээлжийн амралтын тооцоо, ББХХоршооноос худалдагч Ц.Мөнхжаргалд 1993 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн бараа, материалын хуудас, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн 1988 оны ажил үйлчилгээний тайланг сумын төвийн нийт хөдөлмөрчдөөр хэлцүүлсэн хурлын 1989 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн протокол, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангийн ажиллагчийн карт зэргийн хуулбарууд, гэрч Г.Цэцэгдэлгэрийн өгсөн ”... Намайг 1987 оны 08 дугаар анх Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд орсон. 1988 оны 02 дугаар сард жирэмсний амралт аваад 1988 оны 07 дугаар эргээд ажилдаа ороход Ц.Мөнхжаргал нь тус ангид худалдагчаар ажилд орчихсон байсан. Түүнээс хойш хамтын тооцоотой худалдагчаар хамт ажилласан. Бид хоёр хамтдаа 1994 он хүртэл хүнсний худалдагч, барааны худалдагчаар ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги нь 1992 онд “Дэлгэрэх” Бүрэн бус хариуцлагатай хоршоо гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн. Ажилчид нь хэвээрээ байдаг байсан”, гэрч Х.Алтанцэцэгийн өгсөн “...Намайг 1988 оны 07 дугаар анх Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажилд ороход Ц.Мөнхжаргал нь худалдагчаар ажиллаж байсан. 1992 оны 11 дүгээр сард Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж, “Дэлгэрэх” нэртэй Бүрэн бус хариуцлагатай хоршоо болоход би ажлаасаа гарсан. Тэр хүртэл хамт худалдаа бэлтгэлийн ангид хамт ажилласан. Ц.Мөнхжаргал нь уг хоршоонд худалдагчаар үлдсэн.” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Цэдэн Мөнхжаргалыг Ц.Мөнхжаргал нь 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги /тус анги нь 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэрээ сольж, “Дэлгэрэх” бүрэн бус хариуцлагатай хоршоо болсон/-д 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА