Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 733

 

   2019         09          26                                   2019/ШЦТ/733

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Ч.З  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Ч.З т холбогдох эрүүгийн 1911009230970 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ч.З , 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 28 дугаар гудамж 237 тоотод оршин суух хаягтай,

      Баянгол дүүргийн шүүхийн  2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.З  нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим хохирогч М.Аззаяатай маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх”  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Аззаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед нөхөр Уламбаяртай гэрээсээ гараад Бөмбөгөр худалдааны төвөөс халтуурт явах санаатай байж байтал Золоо гэх танил залуу манай нөхрийн хойноос ирээд маргалдаад байсан. ...Золоо гэх залуу ирээд гайгүй юм ярьж байснаа л хэрүүл хийгээд нэг бол харааж зүхээд байсан. Би Золоо гэх залуу дээр очоод яах гэж байгаа юм бэ энэ асгасан ундаа цонхоо арч гэтэл шууд миний аман тус газарт гараараа нэг удаа цохисон. ...тухайн үед амруугаа цохиулчхаад миний гэдэс хатуураад байсан. Одоо бол гайгүй байна...” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Г.Уламбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Золоо гэх залуу надтай хэрүүл хийгээд байсан тэгтэл манай эхнэр чи одоо цаашаа яваа чээ та чинь одоо ямар аймар юм бэ гэтэл манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан. ...Тэгтэл эхнэр уурлаад машинаас бууж очоод чи одоо яаж байгаа юм бэ машины шил арч гээд Золоо гэх залуугийн гар луу нь нудраад цохитол зөрүүлээд удахгүй төрөх гэж байгаа эхнэрийн минь амруу нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон...” /хх 17/,

Гэрч Б.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уламбаярын энхэр намайг газар уначихсан байхад өшиглөчихлөө гэж хэлсэн тэгээд Золоо босож ирээд эхнэрийг нь нэг удаа алгадчихсан тэгээд Уламбаяр эхнэрээ дагуулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3510 дугаартай дүгнэлтэд: “...М.Аззаяагийн биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 22/,

Шүүгдэгч Ч.З  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би машины гаднаас юу байна гэтэл өөдөөс юу байдаг юм гээд сонин харьцаад байхаар нь хоорондоо нэг нэгнийгээ хэл амаар доромжлоод маргалдсан чинь Уламбаяр машинаас бууж  ирээд надтай барьцалдсан, 2-лаа ноцолдоод газар уначихсан байхад түүний эхнэр гэх жирэмсэн эмэгтэй машинаасаа бууж ирээд нүүр лүү өшиглөөд босож иртэл өөдөөс нүүр ам маажаад дайраад байхаар нь гэнэт уур хүрээд эхнэрийнх нь зүүн шанаа хэсэгт цохиж гэмтэл учруулсан. ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 81/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 82/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 19-ний  өдрийн 245 дугаар  тогтоол /хх 110/, шүүгдэгч Ч.З ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 105/, хохирогч М.Аззаяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 104/, шүүгдэгч Ч.З т холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 69-80/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.З  нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим хохирогч М.Аззаяатай маргалдаж, түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх”  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Аззаяагийн “...энэ асгасан ундаа цонхоо арч гэтэл шууд миний аман тус газарт гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 14-16/, гэрч Г.Уламбаярын “...Золоо гэх залуугийн гар луу нь нудраад цохитол зөрүүлээд удахгүй төрөх гэж байгаа эхнэрийн минь амруу нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон...” /хх 17/, гэрч Б.Батмөнхийн “...Золоо босож ирээд эхнэрийг нь нэг удаа алгадчихсан тэгээд Уламбаяр эхнэрээ дагуулаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 20/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3510 дугаартай дүгнэлт /хх 22/, шүүгдэгч Ч.З ын “...жирэмсэн эмэгтэй машинаасаа бууж ирээд нүүр лүү өшиглөөд босож иртэл өөдөөс нүүр ам маажаад дайраад байхаар нь гэнэт уур хүрээд эхнэрийнх нь зүүн шанаа хэсэгт цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч М.Аззаяа нь “...Золоо бид 2 учраа олж эвлэрсэн надад гомдол, санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ч.З ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх, шүүгдэгч Ч.З т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан шүүгдэгчийн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгж буюу 450.000  төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ч.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З т 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.З  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН