Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01800

 

“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/06728 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

 

106,424,574.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

            1.1.Зээлдэгч *******, ******* /нас барсан/ нартай 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, *******, *******, *******, ******* нарын дундын өмчлөлийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газар, Ш.Цагааны өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

            1.2.2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсэн зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, ******* ******* нарын өмчлөлийн хувийн сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, тоног төхөөрөмж, мөн уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр орон сууцыг нэмж барьцаалуулахаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

            1.3.2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 7,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар тус тус зээлсэн.

            1.4.Дээрх гэрээнүүд, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, амины орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан.

            1.5.Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс дээрх зээлийн 3 гэрээг цуцалж, *******гээс 98,716,614 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүрэг, , од байрлах 105 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянзүрх дүүргийн , 1лол, гудамж 6/од байрлах /одоо Баянзүрх дүүрэг, , 1лол /13343/, Г.Лувсанэвээний гудамж, , хаягтай болж шинэчлэгдсэн/ 180 м.кв талбай бүхий амины орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

            1.6.Зээлдэгч ******* нь дээрх шүүхийн шийдвэр гарсанаас хойш зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч зээлийн төлбөрийг өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна.

          Иймд шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс хойшхи хугацааны 106,424,574.66 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

    2.1.Уг маргааныг урьд шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч *******д холбогдох, 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2648, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/4336, 2013 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/3975 тоот зээлийн гэрээний хүү, нотариатын зардал, нийт 106,424,574.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө Баянзүрх дүүргийн , од байрлах 105 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянзүрх дүүргийн , 1лол, гудамж 6/од байрлах /одоо Баянзүрх дүүрэг, , 1лол /13343/, ий гудамж, хаягтай болж шинэчлэгдсэн/ 180 мкв талбай бүхий амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 760,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн төлсөн 273 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-аас гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс дээрх зээлийн 3 гэрээг цуцалж, *******гээс 98,716,614 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүрэг, , од байрлах 105 м.кв талбай бүхий хувийн сууц, Баянзүрх дүүрэг, , 1лол, гудамж 6/од байрлах /одоо Баянзүрх дүүрэг, , 1лол /13343/, ий гудамж, , хаягтай болж шинэчлэгдсэн/ 180 м.кв талбай бүхий амины орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

            4.2.Зээлдэгч ******* нь дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа боловч зээлийн төлбөрийг өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна.

            4.3.Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдийн 3.3.6-д "...зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж, 10.3-д "Зээлийн гэрээний хугацаа дуусах нь үүргээ биелүүлээгүй зээлдэгч төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөр болон бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөхгүй" гэж тус тус талууд гэрээгээр тохиролцсон.

            Мөн Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ.

            4.4.Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж, “гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохиролцсон хувиар тооцож төлөхийг хэлнэ” гэж тус тус тайлбарласан.

            Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор хуулийн заалтыг тайлбарласан нь тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэснээс хойшхи хугацаанд зээлийн гэрээнд заасан хүүг үргэлжлүүлэн тооцоолж зээлдэгчээс шаардах агуулга байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

            4.5.Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасан бөгөөд Банк эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцааг Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар зохицуулж байгаа бөгөөд тусгай харилцааr зохицуулсан хууль буюу Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан уг хуулийн зохицуулалтаар шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор хуульчилсан байхад шүүх “...шүүх шийдвэрлэснээс хойшхи хугацаанд зэлийн гэрээнд заасан хүүг үргэлжлүүлэн тооцоолж зээлдэгчээс шаардах агуулга байхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

            Талуудын хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2648 тоот зээлийн гэрээнд заасан зээлийн хүү жилийн 7 хувь, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/4336 тоот зээлийн гэрээнд заасан зээлийн хүү жилийн 22,8 хувь, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/3975 тоот зээлийн гэрээнд заасан зээлийн хүү жилийн 24 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн 20 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэрээ юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

          5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан 2011 оны ЗГ/2648 тоот зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү 26,403,414.78 төгрөг, 2013 оны ЗГ/4336 тоот гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү 74,410,820.15 төгрөг, 2013 оны ЗГ/3975 тоот зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү 5,546,339.51 төгрөг, нотариатын зардал 64,000 төгрөг, нийт 106,424,574.66 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шүүх талуудын хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээний маргааныг шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар зохигч маргаагүй.

3.1.“*******” ХК болон *******, ******* нарын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2648 тоот, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/3975 тоот, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/4336 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан. /хх-16-17, 29-31, 45-47/

3.2.Дээрх 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн БГ/4336 тоот барьцааны гэрээ болон мөн өдрийн БПҮ/4336- барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн , од байрлах 105 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон Баянзүрх дүүргийн , 1лол, гудамж 6/од байрлах, 180 м.кв талбай бүхий амины орон сууцыг тус тус барьцаалсан. /хх-34, 54-55/

3.3.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ЗГ/2648 тоот, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/4336 тоот, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/3975 тоот зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгч *******гээс дээрх 3 зээлийн гэрээний үүрэгт 98,716,614 төгрөг гаргуулж хариуцагч “*******” ХК-ийн Налайх салбарт олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн , од байрлах 105 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар болон Баянзүрх дүүргийн , 1лол, гудамж 6/од байрлах, 180 м.кв талбай бүхий амины орон сууцнаас тус тус үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн. /хх-58-65/

 

            3.4.Шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүйгээс “*******” ХК-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16261592 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. /хх-140/

 

            4.Анхан шатны шүүх дээр дурдсан 3 зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү 106,360,574 төгрөг, нотариатын зардалд 64,000,000 төгрөг нийт 106,424,574.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

4.1.Учир нь, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү 106,424,574.66 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээл төлөгдөж дуусах хүртэл зээлийн хүүг шаардах эрхтэй” гэж тайлбарласан.  

 

4.2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зээлийн гзээлийн гэрээний үүрэгтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулсан. Түүнчлэн зохигч гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1995 оны) 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус зааснаас дүнэвэл хуулийн дээрх зохицуулалтууд нь зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд үйлчлэхээр байна.

 

4.3.Талуудын хооронд үүссэн зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

4.4.Түүнчлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

           

4.5.Иймд хариуцагч *******гээс хэтэрсэн хугацааны хүү 106,360,574 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

 

5.Хариуцагч хэтэрсэн хугацааны хүү 106,424,574.66 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид нотариатын үйлчилгээний зардал 64,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн.

           

            6.Нэхэмжлэгч давж заалдах журмаар “...шүүх Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх агуулгаар гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

 

            6.1.Учир нь, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 онд батлагдсан тул уг хуулийг буцаан хэрэглэх талаар тус хуульд зохицуулаагүй тул хуулийн холбогдох заалтыг энэхүү маргаанд буцаан хэрэглэхгүй.

 

6.2.Иймээс Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/06728 дугаар шийдвэр хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 690,073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                           Б.АЗБАЯР