Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 738

 

  2019          09          27                                  2019/ШЦТ/738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Г.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Өлзийт овгийн Г.О ад  холбогдох эрүүгийн 1911023640988  дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өлзийт овгийн Г.О , 1978 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 65-912а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.О   нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке бааранд ууж байсан пивоныхоо шилийг шидэж хохирогч Г.Гантөмөрийн толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/,

Хохирогч Г.Гантөмөр  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би эхнэртэйгээ утсаар жаахан маргалдаад 01 цаг 30 минут орчим ганцаараа “Дуулга” караокед орж 1 шил пиво авч уусан. Уг бааранд орохоосоо өмнө өөр газарт 6 шил пиво уусан байсан. Уусан пивондоо согтоод нэг хэсэг ухаангүй болсон. Гэнэт толгой руу нэг зүйлээр хүчтэй цохих шиг болоод би сэрсэн. Учрыг нь ойлгохгүй байж байтал толгойноос цус гараад эхэлсэн. Уг караокены хамгаалагч залуу нь “чамайг шилээр цохиж толгойг чинь хагалсан эмэгтэйг барьчихлаа гадаа байгаа” гэхээр нь би гадаа гартал нэг согтуу эмэгтэй зам хөндлөн гараад зугтах гээд байхаар нь цагдаа хэлээд уг эмэгтэйг барьсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

Гэрч  Ч.Саранцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 04-ний 22 цагийн орчим гэрээсээ гараад Байгалтай утсаар ярьж байгаад 5-н буудал орчим уулзаад найз Оюунсувдын гэрээс түүнийг аваад гурвуулаа хамтдаа 17-р сургууль орчим байх Дуулга нийтийн караокед орж үйлчлүүлсэн. Бааранд ороод бид гурав нэг хүний 5-6 шил пиво уусан санагдаж байна. Би уусан пивондоо согтоод юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан орсон чинь хэрүүл маргаан болчихсон Оюунсувдтай хамт цагдаагийн хэлтэс рүү явж байсан...” гэх мэдүүлэг. /хх 21-22/,

Гэрч  З.Мягмар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манайх нийтийн караоке болон баартай бөгөөд би хажуугийн хаалганд байх баарандаа орчхоод буцаад нийтийн караоке руу орж иртэл хамгийн зүүн урд булангийн ширээнд ганцаараа суугаад үйлчлүүлж байгаад хэсэг хугацаанд унтаж байсан нэг залуу босоод зогсчихсон толгой нь хагарсан байдалтай байсан. Харин хамгийн баруун хойд буланд суугаад үйлчлүүлж байсан 3 эмэгтэйн нэг болох хар өнгийн хувцастай эмэгтэй нь согтуу орилоод гарч байсан. Би хурдхан хяналтын камер шүүж үзсэн чинь гарч явсан хар өнгийн хувцастай эмэгтэй шил шидээд уг залуугийн толгойг онож байгаа бичлэг байсан. Би араас нь гарч очтол уг эмэгтэй 2 давхрын шатан дээр зогсож байхаар нь залуугийн хамт цагдаа руу хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг / хх 23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны  өдрийн 10694 дүгээр дүгнэлтэд: “...Г.Гантөмөрийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 26/,

Шүүгдэгч Г.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн орчим 2 найз болох Саранцэцэг, Байгаль нарын хамт Дуулга баарны нийтийн караокед гурвуулаа хамт орсон. Уг бааранд 2 найзын хамт хүн тус бүр 0.5 литрийн пиво 3 ширхгийг уугаад байж байтал бид гурвын ширээнд нэг танихгүй залуу ирж суусан. Ширээнд ирж суусан залуутай би юм ярьж байгаад маргалдаж эхэлсэн бөгөөд энэ үед манай найз уг залууг надаас холдуулах гээд ширээнээс босгоод авч явж байхад нь миний уур хүрээд уг залуу руу ууж байсан пивоныхоо шилийг шидсэн чинь баарны урд захад ганцаараа сууж байсан өөр нэг залуугийн толгойг онож гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны  өдрийн 249 дүгээр  тогтоол /хх 51/, шүүгдэгч Г.О ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 49/, хохирогч Г.Гантөмөрийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/, шүүгдэгч Г.О ын хувийн байдлыг тодорхойлох баримууд /хх 37-41/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О  нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” караоке бааранд ууж байсан пивоныхоо шилийг Г.Гантөмөр лүү шидэж, түүний тархинд доргилт, зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч  Г.Гантөмөрийн “....Гэнэт толгой руу нэг зүйлээр хүчтэй цохих шиг болоод би сэрсэн. Учрыг нь ойлгохгүй байж байтал толгойноос цус гараад эхэлсэн...” /хх 15/, гэрч Ч.Саранцэцэгийн  “...Нэг ухаан орсон чинь хэрүүл маргаан болчихсон Оюунсувдтай хамт цагдаагийн хэлтэс рүү явж байсан...” /хх 21-22/, гэрч  З.Мягмарын “...Би хурдхан хяналтын камер шүүж үзсэн чинь гарч явсан хар өнгийн хувцастай эмэгтэй шил шидээд уг залуугийн толгойг онож байгаа бичлэг байсан. Би араас нь гарч очтол уг эмэгтэй 2 давхрын шатан дээр зогсож байхаар нь залуугийн хамт цагдаа руу хүргэж өгсөн...” гэх мэдүүлгүүд/ хх 23-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10694 дүгээр дүгнэлт/хх 26/, шүүгдэгч Г.О ын “...ууж байсан пивоныхоо шилийг шидсэн чинь уг шил баарны урд захад ганцаараа сууж байсан өөр нэг залуугийн толгойг онож гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх 34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Г.Гантөмөр нь “...надад гомдол, санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000  төгрөгөөр торгох ял шийтгэв. Ингэхдээ торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу уг саналыг шүүгдэгчид танилцуулсан баримт зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт овгийн Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ад 450 /дөрөв зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН