| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/00320/И |
| Дугаар | 210/МА2025/01801 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01801
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэртэй,
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,165,758.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Зээлдэгч *******тэй 2016 оны 12 дуаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 10,600,000 төгрөгийг жилийн 19,20 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатайгаар зээлж зээлийн үлдэгдлийг 14,744,923.89 төгрөг болгон өөрчилсөн.
1.2. Зээлдэгч ******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 1,238 хоногийн хугацаа өнгөрч 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 13,862,630.53 төгрөг, үндсэн хүүд 3,231,022.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 72,105.01 төгрөг, нийт 17,165,758.37 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3. Тэрээр 2019 оны 11 сарын 25-ны өдөр нас барсан.
1.4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь хэсэгт заасны дагуу *******ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ”, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт “Өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж зааснаар *******иас 17,165,758.37 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тэй 2010 оноос нас барах хүртэл нь хамтран амьдарч байсан бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй, дундаас хүүхэдгүй, дундын өмч хөрөнгөгүй байсан.
2.2. Энэ хугацаанд ******* “*******” ХК-иас цалингийн зээл авсан. Миний хувьд уг зээлэнд хамтран зээлдэгчээр ороогүй, хамтын амьдралын хугацаанд шинээр үүсгэсэн хөрөнгө байхгүй, албан ёсны эхнэр нь биш, мөн ямар нэгэн өв шилжүүлэн аваагүй тул зээлийг хариуцах ёсгүй гэж үзэж байна.
2.3. Хашаа байшингийн хувьд миний бие урьдчилгаа өгч банкны лизингээр авсан байсан, зарахдаа ч банкны лизингээр зарсан бөгөөд миний хуваарьт хөрөнгө юм.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Вангийн хүрээ овогт *******ын /Регистрийн дугаар *******/-с 6,931,315.26 /зургаан сая есөн зуун гучин нэгэн мянга гурван зуун арван таван төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,234,443.11 /арван сая хоёр зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин гурван төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 125,851 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* нь *******тэй 2010 оноос хойш хамтын амьдралтай байсан ба хамтын амьдралын явцад бий болгосон “Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , , хаягт байршилтай 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй, 491.94 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар" буюу үл хөдлөх хөрөнгө, тус үл хөдлөх хөрөнгө доторх гэр орны эд хогшил, “Субару форрестер” маркийн тээврийн хэрэгсэл, утасны дугаар зэргийг өвлөн авсан нь гэрчийн шүүхэд гаргасан үнэн зөв мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг няцаагаагүй хариуцагчийн хариу тайлбар, мөн шүүхэд гаргасан хариуцагчийн зээлийн зарцуулалтын тайлбар зэргээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 520.4, 515 дугаар зүйлийн 515.2, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй гэж үзэж байна.
4.2. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.” гэж заасны дагуу дээрх дурьдсан хөрөнгүүдийг хариуцагч ******* нь биет байдлаар өвлөн авсан тул хууль ёсны өвлөгч гэж нэхэмжлэгч үзэж байна.
4.3. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад удаа дараа хариуцагч *******ийн худалдан борлуулсан , дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , , хаягт байршилтай хашаа байшинг худалдан борлуулсантай холбоотой баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “*******, ******* нар 2010 оноос хойш хамт амьдарч шүүгчийн шийдвэрийн байх хугацаанд *******наас авсан зээлийн мөнгийг гэр бүлийн хэрэгцээгнд зарцуулсан болох нь тогтоогдож байх тул тухайн зээлийн мөнгийг *******, ******* нар хамтран зарцуулсан буюу банкнаас авсан зээлийн мөнгө болох 10,600,000 төгрөг, 7,000,000 төгрөг нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар тэдний дундын өмч гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д “Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй" гэж заасны дагуу хариуцагч *******ийг *******наас зээлдэгч *******гийн авсан зээлийн 50 хувийг өмчлөгч гэж үзнэ. Мөн хариуцагч ******* нь хашаа, байшингийн төлбөрийг өөрийн орлого болон *******гийн цалингийн мөнгөөр худалдан авч байсан, *******ны зээлийн төлбөрийг хамт төлдөг байсан гэх тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа хариуцагч болон талийгаач нарын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгийг зөвхөн “*******” ХК-иас *******гийн авсан цалингийн зээл гэж үзсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон үйлдэл юм.
4.5. Өөрөөр хэлбэл хариуцагч болон талийгаач нарын хамтын амьдралын явцад бий болгосон хөрөнгийг бүрэн үнэлэлгүй, мөн хариуцагч *******ийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.4, 520.6-д заасны дагуу талийгаачийн бий болгосон өв хөрөнгийг өвлөн авсан нь хариуцагчийн хариу тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад өвлөгч гэж үзэлгүй, 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу үүрэг хүлээхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан заалтыг үндэслэн хариуцагч *******ийг *******гийн хууль ёсны өвлөгч гэж маргадаг. Хэрэгт хариуцагч *******ийг *******гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоосон баримт болон тэднийг хамтран амьдарч байсан, гэр бүл болох талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагч *******ийг өвлөгч гэж тодорхойлсон хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа өвлөгчөөр тогтоолгох тухай тусгаагүй бөгөөд *******ийг хууль ёсны өвлөгч болохыг тогтоогоогүй. “*******” ХК болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд зээлийн гэрээний үүргийг ******* хариуцах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Зээлийн гэрээг байгуулахдаа “” ХК-д даатгуулсан ба даатгалын журмаар төлбөр тооцоо төлөгдсөн талаарх баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй. Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 тус тус үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,169,758.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар талууд маргаагүй.
3.1. “*******” ХК болон ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 10,600,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлсэн.
3.2. “*******” ХК-д 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр *******гээс “өмнөх зээлийн үлдэгдэл дээр 7,000,000 төгрөгийг нэмж хашаа, байшингаа засварлах” гэх хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ1605120547 А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /цалингийн зээл/ байгуулсан.
3.3. Зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох 10,600,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, 7,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус *******гийн эзэмшлийн “” ХК-ийн 1705038185 тоот дансанд шилжүүлсэн.
3.4. Зээлдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан нь 837 дугаартай нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.
4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4.1. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан *******тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг өвлөгчөөс гаргуулна гэж тайлбарласан.
4.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар “*******” ХК болон ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв.
5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцахаар зохицуулсан бөгөөд нотариатчдын танхимын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 440 дугаар албан бичгээр “*******гийн өвлөгдөх хөрөнгөд нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй” гэжээ.
5.1. Хариуцагч ******* нь зээлдэгч *******гийн авсан зээлээс хамт зарцуулсан талаар тайлбар гаргаж, үгүйсгээгүй боловч Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэх тул зээлийн мөнгөн хөрөнгийг хамт зарцуулсан байдлыг түүнийг өв хүлээн авсан гэж үзэхгүй.
Түүнчлэн хариуцагч ******* нь Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, , , хаягт байршилтай 64 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай дугаарт бүртгэлтэй, 491.94 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар буюу үл хөдлөх хөрөнгө, тус үл хөдлөх хөрөнгө доторх гэрийн эд хогшил, “Субару форрестер” маркийн тээврийн хэрэгсэл, утасны дугаар зэргийг өвлөн авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч “*******” ХК-д өв хүлээн аваагүй хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэл тогтоогдоогүй.
6. Харин хариуцагч ******* нь “*******гийн авсан зээлийн мөнгөн хөрөнгө нь хамтын амьдралын хугацаанд зарцуулагдсан, айлын байшинд амьдарч байхдаа тавилгыг 3,000,000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан, дараагийн нэмж авсан 7,000,000 төгрөгөөр хашаа, байшингаа засварлах, Солонгос улс руу явах зардалд зарцуулсан” гээд 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.
6.1. Анхан шатны шүүх хариуцагч *******иас 6,931,315.26 төгрөгийг гаргуулж, “*******” ХК-д олгож шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн уг шийдлийг хэвээр үлдээв.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхий шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,701 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР