Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 743

 

   2019         10          01                                   2019/ШЦТ/743

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Н.Баярсайхан /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Нарангийн Баярсайханд  холбогдох эрүүгийн 1911012040972 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Нарангийн Баярсайхан, 1984 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүргэний хамт Сонгинохайрхан дүүрэг 14 дүгээр хороо, Өнөр хороолол 13 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар ГЮ84022518/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Баярсайхан нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргуйтын 41-665 тоотод хамтран амьдрагч М.Пүрэвсүрэнг хардалтын улмаас алгадаж, дух руу нь өшиглөж, хоолойг нь боон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Баярсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Баярсайхан унтаж байхаар нь сэрээгээд ороо засах гэтэл Н.Баярсайхан босож ирээд чи хаагуур хэнтэй яваад ирж байгаа юм бэ гэж хардсан. Учир нь би чамайг 01 цаг болтол хүлээсэн, чи утсаа авахгүй байсан гэхэд үгийн зөрүү байхгүй намайг алгадаж авсан тэгээд би чи яагаад миний үгийг сонсохгүй зодож байгаа юм бэ гэхэд шууд хоолой боохоор нь би эсэргүүцсэн боловч дийлээгүй орны хажууд унах үед шууд хөлөөрөө миний дух руу өшиглөсөн. Би тусламж дуудаж чангаар орилох үед дуугүй бай гээд дахин хоолой бариад авсан. Ингээд байж байх үед үүдэнд таксины жолооч орж ирснээ явахгүй бол төлбөрөө төл гэхэд энэ юун хүн бэ? чиний явдаг хүн чинь юм уу гэж хардаад байсан.  Би уг залуугаас намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гээд уг залуугийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч А.Өлзийсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 05-96 УБЛ улсын дугаартай хувийн эзэмшлийн машинаараа халтуур хийгээд 04 цаг болж байх үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 5-н буудлын орчимд явж байх үл таних эмэгтэй гар өргөж суугаад 7-н буудал ороод хувцсаа аваад 21 дүгээр хороолол хүргүүлнэ гээд 7-н буудлын уулзварын баруун талд байрлах гэр хорооллын гудамж руу ороод нэг хашааны гадна намайг хүлээж байгаарай гэж хэлсэн. Хашаа руугаа ороод удаад бараг 30 гаран минут болсон учир би эмэгтэй хүнийг орхиод явж зүрхлээгүй, дээр нь таксины төлбөр болох 4000 мянган төгрөгөө авах гэж хашаан дотор байх байшин руу очоод хаалгыг нь тогшсон чинь нэг согтуу залуу гарч ирснээ юун хүн бэ гэхээр нь таксины жолооч байна. Мөнгөө авах хэрэгтэй байна гэж хэлэхэд нөгөө эмэгтэйн духны орчимд хавдсан, хүзүү хоолой улайсан байдалтай намайг зодчихлоо, цагдаа дуудаад  өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн 89897868 дугаараас 102 дугаар утсанд залгаж дуудлага өгсөн. Тухайн үед нөгөө залуу гарч зугтаах гэхээр нь би гаргахгүй гээд хаалга таглаад зогсож байтал нөгөө залуу цаашаа орсноо хутга аваад шууд над руу ирэхээр нь би гараад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 33-35/,

Гэрч Н.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутаас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 30 минут хүртэл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн цагдаа жолооч ахлах ахлагч Л.Чингисийн хамтаар Согоот 114 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны үүрээр 04 цаг 44 минутад Согоот 10-с “Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 41-665 тоотод нөхөртэй зодуулсан гэх дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-665 тоотод 04 цаг 50 минутын үед хаягаар нь явж очиход уг хашааны гадна 05-96 УБЛ улсын дугаартай машины жолооч гэх эрэгтэй ганцаараа байсан бөгөөд болсон асуудлыг тодруулахад энэ байшинд байгаа эмэгтэй такси барьж энд ирсэн. Намайг байж бай хувцсаа аваад 21 дүгээр хороолол хүргүүлнэ гэсэн боловч гарч ирэхгүй байхаар нь дотогш орж хаалгыг нь тогштол нөхөр нь гэх эрэгтэй энэ юун хүн бэ гэхээр нь таксины жолооч байна гэхэд эмэгтэй нь намайг зодчихлоо цагдаа дуудаад  өгөөч гэхээр нь өөрийнхөө 89897868 дугаарын гар утаснаас 102-т дуудлага өгөх үед нөхөр нь хутга бариад над руу чиглээд ирэхээр нь би зугтсан ардаас хөөж байгаад гудамжинд алга болчихсон...” гэх мэдүүлэг / хх 36-37/,

Гэрч Н.Өлзийхишиг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний хүү Н.Баярсайхан М.Пүрэвсүрэнтэй 2017 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй, дундаасаа үр хүүхэдгүй. 2018 онд М.Пүрэвсүрэнг зодсон асуудлаар Сүхбаатар дүүргийн шүүхээс торгуулийн ялаар шийтгэгдэж байсан. Ер нь бол Н.Баярсайхан нь М.Пүрэвсүрэнг хардалтаас болж л гар хүрсэн байх...” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Гэрч С.Оюунжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн төрсөн ах Н.Баярсайханы холбогдсон хэргийн талаар 2019 оны 04 дүгээр 15-ны өглөө мэдсэн. Манай ах Н.Баярсайхантай хамтран амьдрагч М.Пүрэвсүрэн архи дарс уугаад гэртээ үүрээр хүрч ирсэн. М.Пүрэвсүрэнг хардсанаас болж гар хүрсэн байх. Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд байна гэж ярьж байсан. Н.Баярсайханыг яг хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Н.Баярсайхан ах болохоор тодорхой оршин суух хаяггүй байгаа. Одоогоор яг эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Хүний гуйлтаар уран бүтээл хийгээд л явдаг...” гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4759 дугаартай дүгнэлтэд: “...М.Пүрэвсүрэнгийн биед дух, баруун, зүүн, нүдний зовхи, баруун, зүүн бугалга, зүүн мөрөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 49/,

Шүүгдэгч Н.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр хамтран амьдрагч М.Пүрэвсүрэнгийн төрсөн эгч Мядагмаагийн 7-н буудалд байрлах гурил, будаа зарж борлуулдаг газарт ажиллаж өнжсөн бөгөөд орой 20 цагийн орчимд ажлаа тараад найз Баясаатай 1 шил 0,75 граммын архи хувааж ууж юм ярьж сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байх үед одоо амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргуйт 41-665 тоотод гэртээ очтол эхнэр М.Пүрэвсүрэн гэртээ байгаагүй учир би унтаж амарсан. Шөнө 01 цагийн орчимд эхнэр М.Пүрэвсүрэн ирээд намайг сэрээсэн учир би түүнийг хардаад хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлээд уурлаад түүний баруун шанаа руу нь алгадаад зүүн нүд рүү нь цохиод түүнийг түлхсэн чинь ханан пийшин рүү духаараа цохиод орилоод байсан. Тэр үед гаднаас үл таних эрэгтэй орж ирсэн ба бид хоёрыг салгах гэж байх үедээ миний баруун нүдний орчимд цохихоор нь би бид хоёрын хоорондох асуудал чамд хамаагүй гэж уурлаад тэр хоёрыг хоорондоо холбоотой юм байна гэж хардаад хутга бариад айлгах гэхэд уг залуу гараад зугтчихсан...” гэх мэдүүлэг /хх 29/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 62/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ны  өдрийн 665 дугаар  тогтоол /хх 132/, шүүгдэгч Н.Баярсайханы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 124/, хохирогч М.Пүрэвсүрэнгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 125/, шүүгдэгч Н.Баярсайханд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 70-72/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх77/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3/11606 дугаар албан бичиг /хх 79/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Баярсайхан нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Яргайтын 41-665 тоотод хамтран амьдрагч М. Пүрэвсүрэнг хардалтын улмаас алгадаж, дух руу нь өшиглөж, хоолойг нь боон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч  М.Пүрэвсүрэнгийн “...үгийн зөрүүгүй намайг алгадаж орны хажууд унах үед шууд хөлөөрөө миний дух руу өшиглөсөн...” /хх 20-21/, шүүгдэгч Н.Баярсайханы “...түүний баруун шанаа руу нь алгадаад зүүн нүд рүү нь цохиод түүнийг түлхсэн чинь ханы пийшин рүү духаараа цохиод орилоод байсан...” /хх 29/, гэрч А.Өлзийсайханы “...нөгөө эмэгтэй нь духны орчимд хавдсан, хүзүү хоолой улайсан байдалтай намайг зодчихлоо, цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгээд би өөрийн 89897868 дугаараас 102 дугаар утсанд залгаж дуудлага өгсөн...” /хх 33-35/, гэрч Н.Ганзоригийн  “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 41-665 тоотод нөхөртэй зодуулсан гэх дуудлага ирсний дагуу Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41-665 тоотод 04 цаг 50 минутын үед хаягаар нь явж очиход уг хашааны гадна 05-96 УБЛ улсын дугаартай машины жолооч гэх эрэгтэй ганцаараа байсан бөгөөд болсон асуудлыг тодруулахад энэ байшинд байгаа эмэгтэй такси барьж энд ирсэн...”/ хх 36-37/, гэрч Н.Өлзийхишигийн “...Ер нь бол Н.Баярсайхан нь М.Пүрэвсүрэнг хардалтаас болж л гар хүрсэн байх...” /хх 40-41/, гэрч С.Оюунжаргалын “...Манай ах Н.Баярсайхантай хамтран амьдрагч М.Пүрэвсүрэн архи дарс уугаад гэртээ үүрээр хүрч ирсэн. М.Пүрэвсүрэнг хардсанаас болж гар хүрсэн байх...” гэх мэдүүлгүүд /хх 43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4759 дугаар дүгнэлт /хх 49/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч М.Пүрэвсүрэн нь “...надад гомдол, санал, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Н.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Баярсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч Н.Баярсайхан нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгүүлж оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун/ төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.050.000 төгрөгөөр тогтоов.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нарангийн Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Баярсайханд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баярсайхан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.Баярсайхан нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН