| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00159/И |
| Дугаар | 160 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 160
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цаг уурын 1-9, “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан-Овоо, Цэций уул 11 гудамж 11 тоотод оршин суух Хурган овогт Хүүгийн Отгончулуун /РД:КБ79102802/, Өмнөговь аймаг Цогтцэций сум, 3-р баг, Цагаан Овоо, Цэций уул 11-11 тоотод оршин суух Дугар тайж овогт Цэцгээгийн Өсөхбаяр /РД:ИЮ70042435/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,444,997.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Ханбогд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Отгончулуун нь тус банкнаас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1460001794 дугаар зээлийн гэрээ байгуулан 27,000,000 төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай авч өөрийн өмчлөлийн 0066 ӨМӨ улсын дугаарай “Ланд круйзер-100” автомашин, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цэций-Уул 11-11 тоот байршилтай 61 м.кв талбайтай хувийн сууц, Өсөхбаярын Тэмүүжингийн өмчлөл Өмнөговь аймаг Цогтцэций сумын төв Цэций-Уул 11-11 тоот байршилтай 750 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газрын хамт тус тус барьцаанд тавьсан.
Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7, 3.2.10, 3.3.1 дахь заалтуудыг зөрчиж өнөөдрийн байдлаар Х.Отгончулуун үндсэн зээлийн үлдэгдэл 20,250,000 төгрөг, үндсэн хүү 7,733,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,525 төгрөг нийт 28,444,997 төгрөг болоод байна.
Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уулзаж, шаардах хуудсыг удаа дараа өгч шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй. Иймд зээлдэгч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 20,250,000 төгрөг, үндсэн хүү 7,733,472 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 461,525 төгрөг нийт 28,444,997 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж болон нотариатчийн зардалыг тус тус гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хүү овогтой Отгончулуун миний бие нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хас банкны тооцооны төвөөс 2014 оны 07 сарын 21-ний өдөр 1460001794 дугаартай зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөг зөөлж авсан нь үнэн болно. Үүнээс хойш Үндсэн гэрээнд заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан. Энэ хугацаанд үндсэн зээлээс 6,700,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,780,000 төгрөг нийт төлсөн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Уг зээлийг төлөх нь үнэн болно. Хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 28,444,997.00 төгрөгийг хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нараас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нар нь “Хас банк” ХХК-аас 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 27,000,000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 28,444,997 төгрөг гаргуулах тухай “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300,174 төгрөгөөс 150,087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 150,087 төгрөг, хариуцагч Х.Отгончулуун, Ц.Өсөхбаяр нараас 150,087 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО