| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 144/2016/00146/И |
| Дугаар | 161 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант оршин суух Удайд овогт Хүүдэгийн Нэргүй /РД:КЕ56020518/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1970 оны 10 дугаар сарын 01-ээс 1974 оны 06 сарын 05 хүртэлх хугацаанд Галбын хөгжил нэгдлийн Жавхлант багт малчинаар ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул архивын лавлагааг хавсаргав. Гэрчлэгч Р.Сайнхүү утас 88968033, Д.Шархүү утас 89600844.
1977 оны 07 сарын 01-ээс 1991 оныг дуустал Өмнөговь аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачин хийж байсан хугацааг, мөн 1980 оноос 1991 оны хооронд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Гэрчлэгч О.Гүрбазар хаяг Өмнөговь аймаг Даланзадгад сум 7-р баг Оюутын 9-19 тоот, утас 89295910 95195910, О.Гүрсэд хаяг Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг, 11-р орон сууц 1-2 тоот, утас 88820523 ” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2009 оны 06 сарын 12-ны өдрийн 368 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 545 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 515 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 7 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын тушаал 1973 оны 04 сарын 26-ны өдрийн №6 дугаартай тушаал /хх-ийн 08 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №41 дугаартай барилгын ажилчдыг томилох тухай тушаал /хх-ийн 10 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №78 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тушаал /хх-ийн 11-12 дугаар хуудас/, БНМАУ Хөдөө аж ахуйн биржийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилчид ажилд авах тухай тушаал /хх-ийн 13 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн “Говь” ББХК-ийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №06 дугаартай ажилчид ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Нэргүй нь 1970 оноос 1974 оны 06 дугаар сарын 05-г хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлд малчин,
1977 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 25 хүртэл Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Д.Шархүү, Л.Сайнхүү, О.Гүрсэд, О.Гүрбазар нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 1970 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №06 дугаартай “Малчин томилох тухай” тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 545 дугаартай архивын лавлагаа, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 41 дугаартай “Барилгын ажилчдыг томилох тухай” тушаалын хуулбар, 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаартай Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, БНМАУ Хөдөө аж ахуйн Биржийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай ажилчид авах тушаалын хуулбар, 1996 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай “ажилчид ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Х.Нэргүйн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Удайд овогт Хүүдэгийн Нэргүй
1970 оны 04 дүгээр сараас 1974 оны 06 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдэлийн Жавхлант бригадад малчнаар,
1977 оны 07 дугаар сараас 1991 оны 12 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО