| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/03912/И |
| Дугаар | 210/МА2025/02068 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02068
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07649 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
20,328,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* 2014 оны 12 дугаар сарын 17-18-ны өдөр нийт 25,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэмж 3,500,000 төгрөг зээлдүүлсэн.
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөг тус тус буцаан төлсөн.
Иймд зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг эрэн сурвалжлуулсан болон шүүхэд нэхэмжлэл гаргасан тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь надад мөнгө зээлж байсан нь үнэн бөгөөд тухайн үед миний бие өөрийн эзэмшлийн ******* болон ******* дугаарыг түүний эзэмшилд шилжүүлсэн.
Одоо ******* болон ******* дугаарыг буцаан миний нэр дээр шилжүүлж өгвөл нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* 20,070,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өмгөөлөгч ******* хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан ба 09 дүгээр сарын 28-ны өдөр миний өмгөөлөгч бусдад зодуулж, цагдаагийн байгууллагад гомдол гаргах, шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан.
Өмгөөлөгч уг шалтгаанаа нотлохоор дадлагажигч *******, ******* нарыг хүсэлт хүргүүлэхээр явуулахад 10 цаг 06 минутад шүүхийн байранд очсон боловч шүүх хуралдаан эхэлсэн гээд оруулаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх рүү орох гэж байна аа түр хүлээлгэж байгаарай гэж хэлсэн боловч ялимгүй хүлээхгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлж, миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн.
4.2. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр *******-ийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаа болон ********-ийн ******* дугаарын эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт өгсөн боловч шүүхээс нотлох баримтыг хариуцагч өөрөө цуглуулах боломжтой гэж хариу мэдэгдсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон ******* руу хүсэлт явуулсны үндсэн дээр нотлох баримтыг цуглуулсан. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* өвөө нь нас барсны улмаас 2025 оны 09 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөө аваад, хөдөө орон нутагт явсан байсан тул дээрх нотлох баримт, хүндэтгэн үзэх шалтгаануудаа баримтаар нотлоод шүүхэд өгөх боломж гараагүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлага баримтаар тогтоогдсон. Зээлийн төлбөрт компанийн хувьцаа болон гар утасны дугаар авсан зүйлгүй. Энэ талаарх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамжид гаргасан зардал 328,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь компани болон гар утасны дугаар шилжүүлж зээлийг төлсөн гэж маргасан.
3. Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нэхэмжлэгчээс 28,500,000 төгрөгийн зээл авч, үүнээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3,500,000 төгрөг буюу 8,500,000 төгрөг төлжээ.
3.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 183/ШШ2024/02922 дугаар шийдвэрээр ******* хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
3.3. Хариуцагчийн зүгээс *******-ийн хувьцаа болон гар утасны ******* дугаарыг шилжүүлэх замаар зээлийг төлж барагдуулсан гэх агуулгатай тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Энэ талаар цуглуулсан баримтаа хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгөх гэж байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгаан гарсны улмаас шүүхэд хүргүүлж чадаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
Учир нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан цагаас эхлэн хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын хүрээнд гомдолд дурдаж буй баримтыг шүүхэд гаргаж өгөх 4 сар 22 хоногийн хугацаа байсан. Түүнчлэн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж хойшилсноос хойших 20 хоногийн хугацаанд ч холбогдох баримтыг бүрдүүлж өгөх боломжтой байжээ.
Иймээс зөвхөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нотлох баримтаа гаргаж өгөх ёстой байсан гэж дүгнэхгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үндэслэлтэй дүгнээд 28,500,000 төгрөгийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцэж байна.
4.1. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гэрээний хохиролд тооцон хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлажээ.
Нэхэмжлэлээс 257,950 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч үүнд эрх дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, энэ нэхэмжлэлийг гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан авахад бие даасан шаардлага гаргах ёсгүй бөгөөд уг асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарна.
5. Хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй.
Өмнө дурдсанчлан 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан цагаас эхлэн хариуцагч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан.
2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримт шүүхэд ирээгүй байсан учир хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/07649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.БАДРАХ