| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0069/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/73 |
| Огноо | 2019-09-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2019/ШЦТ/73
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч: Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Д-гийн Э-т холбогдох эрүүгийн 1927001020058 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Өвөрхангай аймгийн Өлзийт сум ___ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө овгийн Д-гийн Э- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн нутаг “___” хороололын ___ тоотод байрлах хохирогч Д.С-гийн зуны байшингийн цоожийг эвдэн орж борц, усны гутал, цув, насос зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлж хохирогч Д.С-д 251.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Д.Э- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн нутаг ___ хорооллын ___ тоотод байрлах хохирогч Д.С-гийн зуны байшингийн цоожийг эвдэн орж борц, усны гутал, насос, эмээлийн даруулга зэрэг эд зүйлийг хулгай хийж авсан” гэв.
Хохирогч Д.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Би өөрийн хүү Ө-ын хамт 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум явсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ ирсэн чинь манай байшингийн хаалга онгорхой байсан. Тэгээд очоод үзсэн чинь байшин дотор байсан өлгөөтэй борц байхгүй байсан. Иймд Өлзийт сум хариуцсан хэсгийн төлөөлөгч болон цагдаад өөрийн биеэр хэлсэн. Тэгээд цагдаа нарын хамт гэртээ очсон. Зун байшинд байсан эд зүйлээ бүртгэж үзсэн чинь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр шүдлэн үхрийн борц байхгүй болчихсон байсан. Мөн хуучин хоёр ширхэг усны гутал обо цувны хамт, мотоциклийн шинэ насос, эмээлийн төмөр хайлшан хуучин даруулга зэрэг эд зүйл байхгүй болчихсон. Энэ талаар цагдаа нарт хэлсэн. Дараа нь өөрийн хашаанд ул мөр үзээд байсан. Манай хашаан дотор байдаг өвлийн байшингийн ар хэсэгт зуны байшинд байсан усны хоёр ширхэг гутлын нэг байсан. Манай зуны байшин жижиг уг байшингийн дээд татсан байсан хэц дээр нийт 5 кг үхрийн борц байсан түүний үнэ 1 кг 30.000 төгрөгөөр үнэлж нийт 150.000 төгрөг, харин хуучин хүн хэрэглэж байсан усны гутал, обо цув зэргийг нийтэд нь 40.000 төгрөгөөр, мотоциклийн шинэ насосыг 12000 төгрөгөөр, эмээлийн хайлшан хуучин даруулгыг 15000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай зуны амбаараас миний төрсөн дүү Э- эд зүйл аваад зарж, архи ууж хэрэглэсэн талаар би мэдсэн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 11 цагийн үед би хашаандаа машинаа асаах гээд байж байтал хашааны гадаа мотоциклтой хүн ирэх шиг болсон. Тэгээд гаднаас Э- гартаа даавуун цагаан ууттай юм барьчихсан борц байгаа та авах уу гэхээр нь би юун борц вэ хаанаас авсан гэж асуухад манай борц байгаа юм надад мөнгөний хэрэг байна гэхээр нь би борц авахгүй гээд тухайн үедээ Э-т 5000 төгрөг авч өгөөд үдээс хойш авчирч өгөөрэй гээд явуулсан. Э- үдээс хойш 10.000 төгрөг болгоод аваад ирнэ гэж хэлээд явсан. Сүүлд нь хартал аргалын амбаар дээр нөгөө ууттай борц тавьчихаад яваад өгсөн байсан. Тэгээд би тухайн үедээ би Э-ийг эгчийнхээсээ хулгай хийгээд аваад ирлээ гэж сэжиглээд машиндаа ууттай борцыг хийчихсэн. Тэгээд орой хэсгийн төлөөлөгч утсаар яриад намайг хүрээд ир гэж хэлсэн. Жаахан архи уучихсан юм шиг байсан. Тийм ч согтуу биш байсан. Э- манай суманд архи уугаад яваад байдаг хүн байгаа юм. Э-ээс би борц худалдаж авсан зүйл байхгүй. Манай гэрт 2019 оны 04 дүгээр сарын эхээр борц бололтой зүйл авчирсан түүнийг би худалдаж аваагүй, авахгүй гэж хэлсэн чинь аргалын амбаар дээр орхиж явсан байсан. Тухайн үед мөнгө байна уу гэж асуухаар нь 5000 төгрөг өгсөн. Түүнийг би нэхэмжлэхгүй. Тэрнээс надад борц худалдаж авсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар хуудас/,
Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би айлуудаар явж тоолуурын заалтуудыг бичиж явж байгаад Н- гэж айлын гадаа Э-тэй таарсан чинь мотоциклтой дугуй хийлдэг насос авах уу гэхээр нь би авахгүй гээд яваад өгсөн. Тэгээд Д- гэж айлын тоолуурын заалтыг бичээд байж байсан чинь Э- цаанаас намайг дуудаад хүрч ирээд энэ насосыг 10000 төгрөгөөр авчих гэхээр нь авахгүй гэсэн. Тэгвэл 8000 төгрөгөөр авчих гэхээр нь надад байгаа нь 5000 төгрөг байна гэсэн чинь Э- үлдэгдлийг дараа авъя гэж хэлээд насосоо надад өгөөд 5000 төгрөгөө аваад явсан. Э- нь намайг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал ганцаараа явган ирээд надад нэг насос үзүүлсэн. Тэгээд 10.000 төгрөгөөр худалдаж ав гээд байсан. Тэгэхээр нь би авахгүй гээд явсан. Гэтэл миний араас ирээд 5000 төгрөгөөр авчих гээд байсан. Би өөрт байсан 5000 төгрөгийг Э-т өгөөд насосыг нь авсан. Тухайн үедээ хулгайн зүйл байсан гэдгийг мэдээгүй. Би одоо Э-ээс 5000 төгрөгөөр нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Манай гэрт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай холын хамаатан болох Э- ирээд та надад хоол хийгээд өгөөч манай эгч байхгүй байгаа. Би борц өгнө гэж хэлээд жоохон борц авчирч нэг удаа хоол хийлгүүлж идсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн нутаг “___” хороололын ___ тоотод байрлах хохирогч Д.С-гийн зуны байшингийн цоожийг эвдэн орж борц, усны гутал, цув, насос зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.С-гийн мэдүүлэг /хх 21-22/, гэрч Б.Б-, П.Б-, Д.С- нарын мэдүүлгүүд /25-27, 28-30, 32/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчид тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 1-3/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8 /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13/, шүүгдэгч Д.Э-ийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.5 кг цагаан өнгийн даавуун ууттай борцыг иргэн Б.Б-ээс, хар өнгийн хаймран шалаанктай дугуйны төмөр насосыг иргэн П.Б-өөс, нөгөөн өнгийн борооны обо цув 2 ширхэг, ногоон өнгийн обо цувны гутал 1 ширхэг, эмээлийн төмөр даруулга 6 ширхэг зэргийг шүүгдэгч Д.Э-ээс түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд мөрийн баримтыг хохирогчид хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх 14-19/, эд зүйлийн үнэлгээ /хх 35-39/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Э-ийн үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Э-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Э-ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.
Шүүх шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э- нь 22 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Хохирогч Д.С-д 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч Д.С-г шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН