| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2016/00158/И |
| Дугаар | 162 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 162
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Их Усны 1-3 тоотод байрлах Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлант, Цаг Уурын 1-4 тоотод оршин суух Чонос овогт Батжаргалын Шагайхүү, Ногоон овогт Октябрийн Ууганжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэл 29 639 079,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Батжаргал овогтой Шагайхүү нь Хас банкнаас 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 140002847 дугаар зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн зээлийг шинэ бизнес эрхлэх зориулалтаар 36 сарын хугацаатай авч, өөрийн өмчлөлийн 5-н ханатай гэр, гэрийн тавилга, өмчлөх газар, автомашин 82-02 ӨМА цагаан өнгөтэй Ланд круйзер-80 хамт тус тус барьцаалуулсан. Зээлдэгч банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3.2.1, 3.2.7, 3.2.10, 3.3.1 дэх заалтуудыг зөрчсөн. Өнөөдрийн байдлаар Б.Шагайхүүгийн нийт төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл 19 999 134,24 төгрөг, үндсэн хүү 9 367 643 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 272 302 төгрөг нийт 29 639 079,24 төгрөг болоод байна.
Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 2016.09.30-нд уулзаж мэдэгдэх хуудас өгсөн, 2015.10.02-нд уулзаж шаардах, 2016.03.10-нд мэдэгдэх хуудас, 2016.09.06-нд мэдэгдэх хуудас өгсөн. Удаа дараалан дээрх шаардлагуудыг тавьж байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, иймд зээлдэгч Б.Шагайхүүгийн барьцаалсан хөрөнгөөс 29639079,24 төгрөг төлүүлж банкийг хохиролгүй болгуулах, барьцааны хөрөнгийг хамгаалалтад авах, тэмдэгтийн хураамжийн төлбөрийг гаргуулах, нотариатчийн зардал 2500 төгрөг зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд “Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр 1 000 000 /нэг сая/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн төлөх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан үлдэгдэл 16 639 079,24 /Арван зургаан сая зургаан зуун гучин есөн мянаг далан есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг бүрэн барагдуулж дуусгасан байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч талд төлнө. ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хасбанк нь хариуцагч Б.Шагайхүү, О.Ууганжаргал нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл болох 29 639 079,24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр 1 000 000 төгрөгийг төлөх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан үлдэгдэл 16 639 079,24 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгах, мөн шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан ба зохигчийн эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306 145 төгрөгнөөс 153 072.5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 153 072.5 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас, мөн 153 072.5 төгрөгийг хариуцагч Б.Шагайхүү, О.Ууганжаргал нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банкны нэхэмжлэлтэй, Б.Шагайхүү, О.Ууганжаргал нарт холбогдох зээлийн гэрээний үлдэгдэх гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр 1 000 000 төгрөгийг төлөх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөртөө багтаан үлдэгдэл 16 639 079,24 төгрөгийг бүрэн барагдуулж дуусгах, мөн шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 306 145 төгрөгнөөс 153 072.5 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэгдэл 153 072.5 төгрөгийг тус орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас, мөн 153 072.5 төгрөгийг хариуцагч Б.Шагайхүү, О.Ууганжаргал нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА