Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 744

 

    2019       10          01                                  2019/ШЦТ/744

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

иргэдийн төлөөлөгч Ч.Зориг,

шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

         Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.Г эд холбогдох эрүүгийн 1911017020704 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Г , 1968 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 85-1255г тоотод оршин суух хаягтай,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял,

Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын баривчлах ял,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 66/в шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Г  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 85-1255г тоотод байх гэртээ Б.Энхтайвантай маргалдаж улмаар, зодож хэвлийн битүү гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энхтайван ах манайд амьдардаг болоод хэсэг хугацаа өнгөрсөн. Бид хоёр тухайн өдөр 100 айлын төрийн банкнаас 100.000 төгрөг авч “Хүчит шонхор” захаас хоол хүнсээ цуглуулж, мөн 2 шил архи худалдаж авч гэрлүүгээ явсан. Бид 2 мах чанаж идээд, архи ууж согтсон. Гэтэл Отгонбаяр ах миний гар утсыг авчхаад өгөхгүй байсан болохоор маргалдаж барилцаж авч газар унасан. Надаас зууралдаад салахгүй байхаар нь би заазуурын араар толгой руу нь 2 удаа цохисон. Бид 2 барилцаж байхдаа дээр доороо орж хэд хэд унасан. Тэгээд бид 2 эвлэрч цус, нүүр, гараа угаагаад унтсан. Отгонтуяа өглөө намайг сэрээгээд Энхтайван ах нас барчихсан байна гэж хэлсэн. Би сандарч босоод хартал Тайван ах нас барчихсан байсан. Тэгээд би нэгэнт нас барсан юм чинь эмнэлэг дуудах хэрэггүй цагдаа дууд гэж хэлээд цагдаа дуудсан. Миний хувьд хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, группэд байдаг. Хүнийг алсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа...” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-17/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-22/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн цогцосны таниулах зургийг харлаа. Энэ хүн бол миний үеэл дүү болох Бавуу овогтой Энхтайван мөн байна. Талийгаач Б.Энхтайван бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд өөрөөр хэлбэл үеэл ах дүү хоёр юм. Талийгаачийн ээж нь Загд овогтой Амгаа гэж хүн байсан ба одоогоос 15-16 жилийн өмнө нас барсан. Тухайн үед Б.Энхтайван шоронд ял эдэлж байсан. Талийгаачид ах дүү байдаггүй юм. Талийгаач Б.Энхтайванд надаас өөр төрөл садан ах дүү байхгүй тул би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна ... Талийгаач Энхтайван нь эхнэр, нэг охинтой байсан юм. Эхнэрийг нь Энхтуяа охиныг нь Сувд-Эрдэнэ гэдэг байсан. Эхнэр нь нэлээд олон жилийн өмнө нас барсан бөгөөд охин нь гадаадад байдаг гэсэн. Үүнээс өөр зүйл мэдэхгүй. Талийгаачийн охинтой нь холбоо сураг тасраад удаж байна. Хоорондоо огт ярьдаггүй юм. 2011 онд шиг санагдаж байна шоронгоос суллагдаж гарч ирээд нэг жил орчим гадуур явж байгаад халамж, тэтгэмж тогтоолгох зорилгоор манай хаяг дээр бүртгүүлж хаягжуулж байсан юм. Түүнээс биш манайд амьдарч байгаагүй. Би олон ч удаа араас нь хөөцөлдөж гэр орондоо авчирсан боловч тэнээд л алга болчихдог байсан. Хамгийн сүүлд одоогоос жил гарангийн өмнө гудамжинд талийгаачтай тааралдахад би өнөө орой танай гэрт яваад очно гэж хэлээд ирээгүй алга болсон. Түүнээс хойш уулзаагүй ... Талийгаач архи уухаараа нэлээд үглээ яншаа болчихдог ба би ийм ч атаман байсан, тийм ч атаман байсан, тийм ч шоронгийн атамануудыг танина гэж их ярьдаг байсан. Харин архи уугаагүй үедээ их цэвэрч нямбай ажилсаг хүн байгаа юм. Одоо надаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 31-33/,

Гэрч П.Отгонтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байдаг Ганзүрхийн гэрт очсон тэр үед 15 цаг 30 минут болж байсан. Бид гурав адууны махаа чанаж идсэн. Орой 18 цагийн үед Ганзүрх 0.75 граммын “Сархад” гэдэг архи авсан. Уг архийг Ганзүрх, Тайван ах хоёр хувааж уусан. Харин би архи уугаагүй. Ганзүрх, Тайван ах хоёр дахиад 0.75 граммын “Сархад” архи авсан. Тэр хоёрыг 2 дахь шил архиа ууж байх үед нь би гэр лүүгээ явлаа гэж хэлэхэд Ганзүрх надад агсан тавиад ална, гичий гээд хэл амаараа доромжлоод байсан. Ганзүрх архи уучихаараа надад агсан тавиад байдаг. Ганзүрх урьд нь надад агсан тавиад зодож байсан. Тайван ах чи яагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд чи манай эхнэрийг шаах гээд байгаа юм уу? гээд Тайван ах руу дайраад байсан. Гэхдээ Тайван ахыг цохисон зүйл байхгүй. Агсан тавиад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би гэр лүүгээ явсан. Намайг Ганзүрхийн гэрээс гарах үед 20 цаг 10 минут болж байсан. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 11 цагийн үед ганцаараа Ганзүрхийн гэрт очсон чинь хашааны хаалга нь цоожтой байсан тул гараа хийж хаалгыг онгойлгоод гэрт ороход Ганзүрх гэрийнхээ хойд талын орон дээр унтаж байсан. Тайван ах гэрийн баруун талд газар дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тайван ахын толгой цус болсон байхаар нь би Тайван ахаа гэж дуудаад цээж хэсэгт нь дараад үзэхэд нас барсан байсан. Ганзүрхийг дуудаад Тайван ах нас барсан байна гэж хэлэхэд Ганзүрх юу гэнээ гээд босоод ирсэн. Чи хүнд хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Би чи юу яриад байгаа юм бэ? цагдаад дуудлага өгнө гэж хэлсэн. Ганзүрх надад би заазуураар цохисон гэсэн. Би шууд гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн. Ганзүрх надад цагдаа нарт хамаагүй юм хэлж болохгүй гэж хэлсэн. Би болсон зүйлийн талаар хэлнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 35-37/,

Гэрч Ц.Төмөрсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.Г  нь миний төрсөн дүү бөгөөд одоо 51 настай ... Д.Г  нь гэмт хэрэг үйлдээд нэлээд олон удаа шоронд орж байсан. Хамгийн сүүлд 2017 оны эхээр шоронгоос суллагдаад Отгонтуяа гэдэг эмэгтэйтэй Улаанбаатар хотод хамтран амьдарч байсан. Би Ганзүрхтэй хамгийн сүүлд өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард уулзсан. Тухайн үед Ганзүрх нь Энхтайван гэх хүнтэй хамт Хэнтий аймагт манайд ирээд 6-7 хоноод явсан юм. Тэгэхэд Ганзүрх дүү нь архи дарс уухгүй, одоо сайхан амьдарна гэж ярьж байсан би явахад нь ямаа гаргаж өгөөд явуулсан. Түүнээс хойш Ганзүрхтэй уулзаагүй харин утсаар яриад холбоотой байсан... 2018 оны 11 дүгээр сард манай дүү Ганзүрх Хэнтий аймагт ирэхдээ Энхтайван гэдэг 60 гаран насны хүнийг дагуулж ирсэн юм. Надад хэлэхдээ энэ Энхтайван гэдэг хүн хүн амины хэргээр ял эдэлж байгаад шоронгоос гарсан юм. Одоо орох орон гэр байхгүй, дулаан өвөлжмөөр байгаа юм. Та хажуудаа аваад мал маллах ажилдаа туслуулаад өвлийг өнгөрөөгөөд өгөөч гэж гуйсан. Тэгээд Энхтайваныг 2019 оны 11 дүгээр сард манайд үлдээгээд явсан юм. Ингээд Энхтайван манайд гэрийн ажилд туслаад хааяа хонинд яваад амьдарч байгаад 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хот руу халамжаа хөөцөлдөнө гээд явсан. Тэгээд түүнээс хойш ирээгүй. Утсаар ч холбоо бариагүй. Би Энхтайваныг манайд ажиллах хугацаанд нь хувцас хунар авч өгөөд хооллож ундлаад хааяа хэрэгцээнийх нь мөнгийг өгдөг байсан. Сая 5 дугаар сард хот руу явахад нь 100.000 төгрөг өгсөн. Манайд амьдарч байх хугацаандаа Энхтайван нь хааяа нэг сумын төвлүү усанд орох гээд явахдаа архи уучихдаг байсан. Архи уухаараа жаахан авир муутай шорон орон яриад байдаг байсан. Өөрөө ярихдаа хүн амины хэргээр 2000 онд 20 жилийн ялтай шоронд ороод 2014 онд суллагдсан гэж ярьдаг байсан... манай эхнэр нас барчихсан, хоёр охинтой боловч одоо том болсон, шоронд ороод охидуудаасаа сураг тасарсан гэж ярьдаг байсан. Би ах дүү байхгүй ганц бие хүн л гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1386 дугаар дүгнэлтэд: “...Талийгаач Б.Энхтайваны цогцост хэвлийн хөндийд цус хуралдалт, дэлүүний бүрхүүл хальсны урагдал дэлүүний үүдэвч хэсгийн няцрал, задрал зүүн бөөрний бүрхүүл хальсны урагдал, зүүн бөөрний эдийн няцрал зүүн талын олон хавирганы давхар хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал зүүн уушгины цус хуралт дух хуйханд шарх хоёр хацар зүүн шанаа, зүүн нүдний гадна, зүүн чихний дэлбээ, хоёр мөр, хоёр эгэмний орчим, хүзүү цээж зүүн бугалга зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн шанаа баруун хацар баруун чихний дэлбээ, баруун шуу хэвлийн зүүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь ир бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дэлүүний бүрхүүл хальсны урагдал, дэлүүний үүдэвч хэсгийн няцрал, задрал, зүүн бөөрний бүрхүүл хальсны урагдал, зүүн бөөрний эдийн няцрал, хэвлийн хөндийд эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын олон хавирганы хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна. Тогтоогдсон гэмтлүүд нь талийгаачийн амьд үед үүссэн гэмтлүүд учирсан үед идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Талийгаач дээрх хэвлийн битүү гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Цогцсыг зөөвөрлөсөн гэх шинж тэмдэг үгүй талийгаач В/111/ бүлгийн цустай. Нас барах үедээ хүнд хэлбэрийн байжээ...” гэх дүгнэлт /хх 47-51/,

Шинжээч эмч Г.Номинцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаачид учирсан бүх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Талийгаачид учирсан цээж хэвлийн гэмтлүүд нь учрах үедээ болон учирсны дараа тухайн хүнд өвдөлт зовуурь шаналгаа маш ихээр үүсгэнэ...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3673 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин хүрэм, хар хөх цагаан алаг өнгийн цамц, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Хар өнгийн савхин хүрэм, хар хөх цагаан алаг өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр В/111/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх 82-83/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7622 дугаар дүгнэлтэнд: “...Ганзүрхийн биед гэмтэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх 55/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 878 дугаар дүгнэлтэд: “...Д.Г  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Г  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Г  нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх 57-59/,

Шүүгдэгч Д.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өөрийн хамтран амьдрагч Отгонтуяагийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 85-1255г тоотод жижиг дөрвөн ханатай гэрт амьдардаг юм. Одоогоос 20 орчим хоногийн өмнө манай төрсөн ах Төмөрсүхийнд мал малладаг Энхтайван гэдэг ах манай гэрт ирээд манайд байрлаад амьдарч байсан юм. Өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өглөө ... Энхтайван ах бид хоёр манай гэрээс 09 цагийн үед хамт гараад Зуун айлд байдаг “Төрийн банк”-ны салбараас түүний хадгаламжийн мөнгө болох 100.000 төгрөгийг нь аваад “Хүчит шонхор” зах дээр очиж хүнсний зүйл аваад, дэлгүүр орж хоёр шил 0.75 литрийн “Сэржим’ гэх нэртэй архи аваад 17 цагийн орчимд манай гэрт ирсэн. Тэгээд Отгонтуяа, Энхтайван ах бид гурав хоол хийж идээд Энхтайван ах бид хоёр авчирсан архиа хувааж уусан. Манай хамтран амьдрагч Отгонтуяа архи уудаггүй болохоор мөн 2 шил Сэнгүр пиво авчирсан байсныг нь уусан. Тэгээд архиа ууж дуусгаад би Энхтайван ахаас 5800 төгрөг авч гараад дэлгүүрт очиж дахин нэг шил 0.75 литрийн Сэржим архи авчраад хувааж уусан. Энэ архийг хувааж уугаад дуусахад Энхтайван ах бид хоёр нэлээд их согтсон бөгөөд гадаа харанхуй болчихсон байсан. Яг хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна. Тэгээд Энхтайван миний гар утсыг авч нуучхаад өгөхгүй байсан ба үүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдаад барьцалдаж автал Энхтайван ах намайг газар түлхээд унагаасан. Энэ үед Отгонтуяа гараад явчихсан байсан. Тэгээд би босоод уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан эвэр иштэй заазуурыг аваад Энхтайван ахын толгой руу нь хоёр удаа заазуурдсан. Тэр үед Энхтайван ахын толгойноос нь нэлээд их цус гарсан. Энхтайван ах бид хоёр ч гэсэн дахин зодолдож цохилцоогүй эвлэрээд би дээрээс нь ус асгаж өгөөд Энхтайван ах толгойгоо угаагаад бид хоёр унтсан. Өглөө намайг унтаж байхад гэнэт Отгонтуяа намайг сэрээгээд Энхтайван ах нас барчихсан байна шдээ гэж хэлсэн. Ингээд би сандраад босоод үзэхэд Энхтайван ах орон дотроо нас барсан байхаар нь би Отгонтуяад цагдаа дууд гэж хэлээд манай хамтран амьдрагч Отгонтуяа өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Дуудлага өгснөөс хойш удалгүй 10-15 орчим болоод алаг машинтай хоёр цагдаа ирээд намайг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм ... Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх 112-114/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 124/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 116/, шүүгдэгч Д.Г эд холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 125-145/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 06/432, 3331, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3673, 3674, 3675, 3676 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3341, 3340, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3332,  /хх 62, 68, 70, 75, 77, 84, 90, 82/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 147/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г  нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 85-1255г тоотод байх гэртээ Б.Энхтайвантай маргалдаж улмаар, зодож хэвлийн битүү гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-17/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-22/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбилэгийн “...Талийгаач архи уухаараа нэлээд үглээ яншаа болчихдог ба би ийм ч атаман байсан, тийм ч атаман байсан, тийм ч шоронгийн атамануудыг танина гэж их ярьдаг байсан. Харин архи уугаагүй үедээ их цэвэрч нямбай ажилсаг хүн байгаа юм. Одоо надаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 31-33/, гэрч П.Отгонтуяагийн “...Тайван ах гэрийн баруун талд газар дээш харсан байдалтай хэвтэж байсан. Тайван ахын толгой цус болсон байхаар нь би Тайван ахаа гэж дуудаад цээж хэсэгт нь дараад үзэхэд нас барсан байсан. Ганзүрхийг дуудаад Тайван ах нас барсан байна гэж хэлхээд Ганзүрх юу гэнээ гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг/хх 35-37/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1386, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3673, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7622  дугаар дүгнэлтүүд /хх 47-51, 82-83, 55/, шинжээч эмч Г.Номинцэцэгийн “...Талийгаачид учирсан бүх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Талийгаачид учирсан цээж хэвлийн гэмтлүүд нь учрах үедээ болон учирсны дараа тухайн хүнд өвдөлт зовуурь шаналгаа маш ихээр үүсгэнэ...” гэх мэдүүлэг /хх 52-53/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 878 дугаар дүгнэлт /хх 57-59/, шүүгдэгч Д.Г ийн “...Тэгээд би босоод уур хүрээд гал тогооны шүүгээн дээр байсан эвэр иштэй заазуурыг аваад Энхтайван ахын толгой руу нь хоёр удаа заазуурдсан. Тэр үед Энхтайван ахын толгойноос нь нэлээд их цус гарсан. Энхтайван ах бид хоёр ч гэсэн дахин зодолдож цохилцоогүй эвлэрээд би дээрээс нь ус асгаж өгөөд Энхтайван ах толгойгоо угаагаад бид хоёр унтсан. Өглөө намайг унтаж байхад гэнэт Отгонтуяа намайг сэрээгээд Энхтайван ах нас барчихсан байна шдээ гэж хэлсэн ... Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх 112-114/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Г ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Д.Г эд ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбилэг нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Д.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 27 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Г  нь нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Г эд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 105 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн 27 см урттай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                С.БАТГЭРЭЛ