Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 762

 

   2019        10          04                                   2019/ШЦТ/762

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Т.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Борлууд овгийн Т.А т холбогдох эрүүгийн 1911019870964 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борлууд овгийн Т.А , 2001 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Барилгын политехник коллежийн оюутан, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол жалханц хутагт дамдинбазар гудамж 68-2-0 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар,  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.А  нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн автобусны буудлын орчимд Ц.Баасандоржтой маргалдаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр би хамаатны дүү болох Лхагвадоржийн хамтаар ах Батмөнхийн хуримын үйл ажиллагаанд орж дуусгаад оройн 22 цагийн үед найзтайгаа уулзах гээд 32-ын автобусны буудлын арын гудамжинд явж байсан чинь үл таних залуу “Яасан муухай хараад байна уу” гэж хэлсэн чинь “муухай хараагүй” гэж хэлээд зугтаасан. Ганболд гэх залуу шууд намайг элэгдсэн бөгөөд тухайн үед би эвхрэлдээд доош болох үед миний толгойг барьж аваад 2 удаа өвдөглөсөн. Хатанзориг миний толгойны дагз хэсэгт 2-3 удаа  цохисон, элэг хэсэгт 1 удаа гараараа цохиод намайг татаад дахиад газарт унагаасан ба би газарт 2 хөлөө урагш жийгээд унах үед Анхбаяр гэх залуу миний нүүрний зүүн хэсэгт 1 удаа өшиглөсөн. Энэ үед Хатанбаатар гэх залуу “Улаанаа боль, яагаад нэг хүн рүү олуулаа дайрч байгаа юм бэ” гэж хэлээд намайг цагдаад хэлээд үзээрэй гээд тэд нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Насанд хүрээгүй гэрч О.Лхагвадорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн ах Баасандоржийн хамтаар хамаатны ах Батмөнхийн хурим дээр очоод хуримын үйл ажиллагааг дуусахаар нь Баасандоржийн найзын гэрт очих гээд 22 цагийн үед 32-ын тойргийн автобусны буудлын арын гудамжинд явж байсан чинь үл таних таваас зургаан  хүн хажуугаар өнгөрөх үедээ “Муухай хараад байна уу” гэж хэлэхээр нь би “Би муухай хараагүй шүү дээ” гэж хэлээд өнгөрсөн чинь нэг үл мэдэх залуу араас ирээд миний арын цамцнаас бариад авахаар нь би гарыг нь тавиулаад зугтаачихсан. ...Баасандорж ах доголсон, зүүн талын нүд нь хөхөрсөн, баруун талын шанаа хэсэгт нь хөхөрсөн байдалтай “Чи хаашаа явчихваа, би нөгөө хэдэн хүмүүст зодуулчихлаа” гэж хэлэхээр нь бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 23-25/,

Насанд хүрээгүй гэрч  Т.Хатанзориг  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 22 цагийн үед найз болох Анхбаяр, Ганболд бид гурав автобус зогссон учир гэртээ харих гээд алхаад явж байсан чинь Ганболдтой нэг үл таних залуу тааралдаад хэрэлдэж муудалцаж байгаад удалгүй тэр үл таних залуугийн араас дөрвөөс таван залуу хүрж ирээд Ганболдтой хэрэлдэж муудалцаад байхаар нь би холдож байгаад төрсөн ах Хатанбаатарыг дуудсан, удалгүй тэр залуучууд яваад өгсөн манай ах Хатанбаатар ч ирсэн. Ахдаа болсон явдлыг хэлээд байж байсан чинь автобусны буудлын арын гудамжнаас хоёр залуу тамхи асаачихсан гараад ирсэн. Ганболд, Анхбаяр хоёр урдаас нь тосож очсон, би яг араас нь очсон чинь хоёр залуу байсан. Ганболд тэр залууд хандаад “Одоо учраа ольё” гэсэн чинь нөгөө хоёр залуу “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд тэр дөрөв хоорондоо зодолдоод эхэлсэн Анхбаяр нэг залуутай Ганболд нэг залуутай барьцалдаж авсан чинь Ганболдтой барьцалдаж авсан залуу нь зам гараад зугтаачихсан чинь Ганболд араас нь гүйсэн. Анхбаяр нэг жижиг залуутай зодолдоод байхаар нь болиулах гээд Анхбаяр дээр очсон чинь нөгөө залуу миний цээжин бие, мөр хоёрын хооронд гараараа 1 удаа цохисон. Миний уур хүрээд нөгөө залууг түлхсэн чинь газар явган нүүрээ хамгаалаад суухаар нь би баруун талын цээж хавирга хэсэгт нь 1 удаа цохисон. Анхбаяр толгойн тус газарт 1 удаа өшиглөсөн чинь Хатанбаатар ах цаанаас гүйж ирээд бид нарыг загнаад” олуулаа байж нэг хүн рүү битгий дайраад бай” гэж хэлээд бид нарыг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх 31-32/,

Насанд хүрээгүй гэрч Д.Түмэнжаргал  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баасандоржийг Анхбаяр нь 1 удаа толгойны дагз хэсэгт нь гараараа цохисон, газарт явган сууж байх үед 1 удаа хөлөөрөө толгойны баруун талын чамархай нүд хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Ганболд Баасандоржийг 1 удаа гараараа элэгдээд, доош тонгойх үед нь нүүрэн тус газарт нь өвдөглөсөн, би 1 удаа хавирга хэсэгт нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 32/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ганболд  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз Анхбаярын гэрийг нь барьж өгөх гээд Чингэлтэй дүүрэг Дэнжийн 1000-ын 39-н сургуулийн автобусны буудал дээр байдаг. Монгол гэрийг нь Хатанзориг, Анхбаяр бид гурав барьж дууссан. ...Баасандорж гэх залуу доошоо тонгойхоор нь би толгойноос нь гараараа барьж байгаад 1 удаа нүүрэн тус газар нь өвдөглөх гэсэн чинь нүүрнээс нь зөрөөд өвдөглөж чадаагүй болохоор цээж хэсэгт нь 1 удаа гараараа цохиод дахин нуруу хэсэгт нь дарж байгаад нүүрэн тус газарт нь өвдөглөсөн чинь Хатанзориг хүрж ирээд салгах гэж байгаад Баасандорж гэх залууг газар унагаачихсан чинь Анхбаяр тэр залууг газарт хажуу тийш хараад хэвтэж байх үед нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед Хатанбаатар хүрж ирээд бид нарыг салгаад загнасан...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Гэрч П.Хаданбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед миний утас руу манай төрсөн дүү Хатанзориг залгаад “ахаа баахан согтуу хүмүүс намайг зодоод, дээрэлхээд байна хурдан 32-ын тойрог дээр хүрээд ир” гэхээр нь би Хайластын хуучин эцсийн автобусны буудал дээрээс найз Хүрэлчулуунтай хамт такси бариад 32-ын автобусны буудал дээр очсон чинь манай хуурай дүү нар болох Анхаа, Ганболд манай төрсөн дүү Хатанзориг, өөр хоёр танихгүй жоохон охин хамт байсан. Юу болсон талаар асуусан чинь Ганболд надад “агаа манай дээд талын ангийн хүмүүс намайг хөөгөөд дээрэлхээд байсан” гэж хэлэхээр нь би “битгий хүмүүстэй муудалцах гээд бай, хэл амаараа учраа ол” гэсэн чинь Анхболд “үгүй ээ агаа тэр хүмүүс одоо ирж байгаа, намайг зодуулах хүмүүсээ авчирч ирж байгаа энд намайг хүлээгээд байж бай гэсэн” гэж хэлээд тухайн байсан газраас дээш Анхаа, Ганболд хоёр дээшээ явчхаад түд удалгүй бууж ирж байхыг харчхаад нэг улаан түцний ард байдаг боржууран дээр сууж байсан чинь баахан хүмүүс орилоод байхаар нь өндийгөөд харсан чинь манай хуурай дүү нар хоёр хүүхэдтэй зодолдоод байсан. ...Би Анхбаяр, Хатанзориг хоёр дээр очсон чинь нэг намхан залуутай зодолдоод байхаар нь би “та нар хоёр, гурвуулаа байж хоёр хүүхдийг пойлдоод байх юм боль” гэж хэлээд салгасан...”гэх мэдүүлэг /хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8978 дугаартай дүгнэлтэд: “...Ц.Баасандоржийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 44/,

Шүүгдэгч Т.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед манайх нэг хашаа аваад, түүндээ Монгол гэр барих болоод би өөрийн найз Хатанзориг, Ганболд нарыг дуудаад бид гурав гэр бариад 19 цагийн үед дууссан. Бид гурав Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр 2 цаг гаруй компьютер тоглоод гэр гэртээ харих гээд 32-ын тойргийн автобусны буудал дээр явж байсан чинь Ганболд нэг хүмүүстэй таараад юм ярьж байснаа жоохон муудалцаад байх шиг байсан. ...Ганболд, Баасандоржийн гэдэс хэсэгт нь 1 удаа цохих үед эвхрэлдээд доош болоход нь 1 удаа нүүрэн тус газарт нь өвдөглөсөн ба тухайн үед Хатанзориг Баасандорж гэх залуутай хэрэлдээд нэг удаа Баасандоржийг элэгдсэн. Баасандорж газарт унах үед нь би нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөсөн. Хатанбаатар ах ирээд “Анхаа боль, битгий жоохон хүүхдүүд зодоод бай, олуулаа байж яагаад нэг хүн рүү дайрч байгаа юм бэ” гэж хэлээд бид нарыг салгасан...” гэх мэдүүлэг /хх 54-55/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 64/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 09 дүгээр сарын 30-ны  өдрийн 257 дугаар  тогтоол/хх 87/, шүүгдэгч Т.А ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 83/, хохирогч Ц.Баасандоржийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх 82/, шүүгдэгч Т.А ын сургуулийн тодорхойлолт, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх 81/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.А  нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 32-ын тойргийн автобусны буудлын орчимд Ц.Баасандоржтой маргалдаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Баасандоржийн “...Анхбаяр гэх залуу миний нүүрний зүүн хэсэгт 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны  өдрийн 8978 дугаартай дүгнэлт /хх 44/, гэрч О.Лхагвадоржийн “...Баасандорж ах доголсон, зүүн талын нүд нь хөхөрсөн, баруун талын шанаа хэсэгт нь хөхөрсөн байдалтай “Чи хаашаа явчихваа, би нөгөө хэдэн хүмүүст зодуулчихлаа” гэж хэлэхээр нь бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан...” /хх 23-25/, гэрч Т.Хатанзоригийн “...Миний уур хүрээд нөгөө залууг түлхсэн чинь газар явган нүүрээ хамгаалаад суухаар нь би баруун талын цээж хавирга хэсэгт нь 1 удаа цохисон. Анхбаяр толгойн тус газарт 1 удаа өшиглөсөн...” /хх 31-32/, гэрч Д.Түмэнжаргалын “...Баасандоржийг Анхбаяр нь 1 удаа толгойны дагз хэсэгт нь гараараа цохисон, газарт явган сууж байх үед 1 удаа хөлөөрөө толгойны баруун талын чамархай нүд хэсэгт нь 1 удаа өшиглөсөн...” /хх-н 32/, гэрч Б.Ганболдын “...Анхбаяр тэр залууг газарт хажуу тийш хараад хэвтэж байх үед нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед Хатанбаатар хүрж ирээд бид нарыг салгаад загнасан...” /хх 35-36/, гэрч П.Хаданбаатарын “...Би Анхбаяр, Хатанзориг хоёр дээр очсон чинь нэг намхан залуутай зодолдоод байхаар нь би “та нар хоёр, гурвуулаа байж хоёр хүүхдийг пойлдоод байх юм боль” гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлгүүд /хх 39-40/, мөн шүүгдэгч Т.А ын “...Баасандорж газарт унах үед нь би нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөсөн...” гэх үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/хх 54-55/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ц.Баасандорж нь “...хохирлын ямар нэгэн маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв. Ингэхдээ дээрх хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал, түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борлууд овгийн Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН