| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 317/2025/00937/И |
| Дугаар | 223/МА2025/00032 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 223/МА2025/00032
2025 9 09 223/МА2025/00032
Н.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 317/ШШ2025/01018 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б овогт Н-ын Бийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... байрлах хаягтай, “Н” ХХК-д холбогдох
2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хонгорзул, Д.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тусгай ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэргийг хүлээн авч, бүхэлд нь хянаж үзэв.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг зөрчсөн зүйлгүй, хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон байгаа ч шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, техникийн шинжтэй алдаа гаргасан тул давж заалдах шатны шүүх шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлагаа “...2024 оны 3, 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэлгүйгээр 30 байхаас 22, 20 хувь болгож бууруулан үнэлсэн, дагаад цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг болох нэмэгдэл хөлс буурсан. Ямар үндэслэлээр бууруулсныг тодруулахад танилцуулаагүй. ... Тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр улирлын ур чадварын үнэлгээг бууруулсан нь үндсэн болон томилгоот ажил бус сонгуульт ажилтай холбогдуулан миний үнэлгээг бууруулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд 2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулж өгнө үү...Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогчтой хамт нэг дор гардан авч, 5 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлөн Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргах нэхэмжлэлээ Монгол шууданд өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Монгол шуудан шүүхэд хүлээлгэн өгч 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан тамга дарагдсан” гэсэн үндэслэлээр дэмжиж мэтгэлцсэн.
Хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Д.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа “...Ажилтны ур чадварыг үнэлж үндсэн цалин дээр гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарч нэмэгдэл өгдөг. Хассан зүйл байхгүй. 0-30 хүртэл хувиар үнэлнэ. 2024 оны 3, 4 дүгээр улиралд 22, 20 гэж үнэлж, цалин дээр урамшуулал өгсөн. Үүнийг 30 оноо өгөх ёстой гэсэн буруу ойлголттой явж байна. ... Манай ажил 2 чиг үүргийн хүрээнд жилийн төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөг Н.Б мэргэжилтэн боловсруулж гүйцэтгэх захирлаар баталгаажуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дотоод үзлэг шалгалт явуулах дахиад төлөвлөгөө гаргадаг. Бас бүх ажилчдын ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэдэг заалтын дагуу хуулийн шаардлага биелүүлэх үүднээс ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх төлөвлөгөө боловсруулдаг. Эдгээр төлөвлөгөөг боловсруулсан хүн нь Н.Б мэргэжилтэн. Энэ 3 төлөвлөгөөний хэрэгжилт 2024 онд дуусгаагүй, тайлан гаргаагүй, танилцуулаагүй. ...Нэгдүгээрт үнэлгээ нь нэмж өгч байгаа урамшууллын нэмэгдэл, хоёрдугаарт үнэлсэн үнэлгээг нэг ч хангалтгүй гэж үнэлээгүй, дандаа хангалттай гэдэг үнэлгээ байгаа. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь заалтаар гурван талт хорооны шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч нь хугацаандаа гомдлоо гаргах үүрэгтэй. 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гардаж авсан болох нь хэрэгт нотлогдоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хөдөлшгүй нотлох баримтаар нотлох шаардлагатай...” гэсэн үндэслэлээр татгалзсан.
3.Нэхэмжлэгч Н.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2024 оны 3, 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба зохигч энэ талаар маргаагүй байна.
4.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, хариуцагч “Н” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах мэргэжилтэн, үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон сайн дурын сонгуульт ажил хийж байгаа нэхэмжлэгч Н.Б-тэй 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээний харилцааг сунгаж байгуулахдаа улирал бүр хийсэн ажлын үр дүнг дүгнэж, нэмэгдэл цалинг “Ур чадварын үнэлгээнээс хамааран үндсэн цалингийн 30 хувь хүртэл” тооцон олгохоор тохиролцсон. /хх-ийн 5-11 дүгээр тал/
“Н” ХХК-ийн Аюулгүй байдлын хэлтсийн дарга Н.Б нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/68 дугаар тушаалаар баталсан “Үнэлгээний журам”-ыг үндэслэн нэхэмжлэгч Н.Б-ийн 2024 оны 3, 4 дүгээр улирлын ажлын үр дүнг дүгнэж, ур чадварын үнэлгээг 2024 оны 3 дугаар улиралд 22 хувь, 2024 оны 4 дүгээр улиралд 20 хувь гэж тус тус тогтоосон байна. /хх-78, 178-179 тал/,
Нэхэмжлэгч Н.Б дээрх үнэлгээг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Н” ХХК-ийн гүйцэтгэх захиралд хандан “...Хөдөлмөрийн гэрээнд заасан ур чадварын үнэлгээг дутуу тооцсон учир үнэлгээг танилцуулж, дахин хянаж үнэлгээг шударга гаргаж өгөх талаар...” агуулга бүхий өргөдөл гаргасан. /хх-17 тал/.
“Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал К 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АМ-НR/273 дугаар албан бичгээр “... Таны гаргасан өргөдлийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тантай таныг шууд харьяалах удирдлага Н.Б болон Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Л, Санхүү эрхэлсэн захирал бөгөөд Захиргаа удирдлага хариуцсан дарга Ё болон гүйцэтгэх захирал миний бие нарын хамт уулзаж гомдлыг хэлэлцсэн. Уулзалтаар та өөрийн улирлын үнэлгээний дүнтэй танилцаж, үнэлгээний онооны тайлбарыг Н.Б өгсөн ба та үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрч, харилцан ойлголцсон. Таныг цаашдаа өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд илүү санаачилгатай ажиллаж, нисэх буудлын үйл ажиллагаанд илүү их хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна...” гэсэн хариуг өгсөн. /хх-18 тал/,
Тус хариуг нэхэмжлэгч Н.Б хүлээн аваад 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин өргөдөл гаргасан байх ба ажил олгогчийн зүгээс 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн АМ-HR/362 дугаар албан бичгээр “...Комплаенсын хороо таны гаргасан гомдлын хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тантай уулзаж гомдлыг хэлэлцэн үнэлгээний систем, таны үнэлгээний талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байх тул таны гомдлыг ажил олгогчийн зүгээс хэлэлцэж шийдэгдсэн гэж үзэж байна. Түүнчлэн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр таны гомдлын дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж, ажилтныг үнэлсэн шууд удирдлага үнэлгээний талаарх тайлбарыг, хуулийн мэргэжилтэн Үнэлгээний журмын талаар тайлбаруудыг тус тус өгсөн хэдий ч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэр талуудыг харилцан тохиролцоогүй гэж дүгнэн, холбогдох хурлын тэмдэглэл, шийдвэрийг талуудад гардуулж өгсөн гэж ойлгож байна. Иймд таны гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Комплаенсын хороо хянан шийдвэрлэсэн, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн эрхийн маргааныг бие даасан байгууллага болох Хөдөлмөрийн маргаан таслах комисс хянан хэлэлцсэн талаар ажил олгогчид мэдэгдсэн байхад дахин ажил олгогч гомдлыг хянан үзэх боломжгүй болно. Дашрамд дурдахад компанийн ахлах албан тушаалтан таныг компанид мөрдөж буй дүрэм, журам, Үнэлгээний журмыг ойлгож хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна” гэсэн хариуг хүргүүлсэн./хх-21 тал/,
Мөн “Н” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нэхэмжлэгч Н.Б-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...2024 оны 04 дүгээр улирлын үнэлгээ ямар үндэслэлээр 20 оноо болгож бууруулсныг танилцуулах, уг үнэлгээг хүчингүй болгож, дахин хянаж үнэлгээг шударгаар гаргах тухай...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар хянан хэлэлцсэн боловч талууд харилцан тохиролцоонд хүрээгүй. /хх-24-50 тал/,
Нэхэмжлэгч Н.Б дээрх үндэслэлээр 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн боловч талууд мөн адил тохиролцоонд хүрж чадаагүй тул маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон талаарх үйл баримт хэрэгт авагдсан байна. /хх-52-63 тал/.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Б нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хуульд заасан журмын дагуу дээрх хоёр байгууллагын аль алинд нь хуулийн хугацаанд хандсан ч маргааны талууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас амжилтгүй болж дуусгавар болсон нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүх шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн гэх зөрчилгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож үнэлсэн, эрх зүйн маргааны төрлийг “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулснаас бусад асуудлын талаар маргасан” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 7511.1, 751.1.3-д заасан журмын дагуу явуулсан нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл болж байна.
6.Хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн талаар:
6.1.Нэхэмжлэгч Н.Б нь хөдөлмөрийн эрхийн талаарх гомдлоо эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хариуцагч “Н” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан, маргалдагч талууд харилцан тохиролцоонд хүрээгүйн улмаас уг арга хэмжээ 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон, мөн энэ асуудлаар Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажлын 10 өдрийн дотор хандаж, хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн боловч амжилтгүй болсон байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх гомдлыг хуулийн хугацаанд гаргаж байсан эсэх талаар хэн хэн нь маргаагүй болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.5, 154.6/
6.2.Харин зохигчид Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гаргасан шийдвэрийг гардан авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.
6.3.Нэхэмжлэгч Н.Б нь Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаас гарсан 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийг гардан авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан, эсхүл хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтааны улмаас хэтрүүлсэн эсэхээ баримтаар нотолж чадаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлтэй холбоотой үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгч Н.Б-т хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох нотолгооны үүрэг хуваарилагдаж байна.
Гэхдээ нэхэмжлэгч Н.Б өөрөө олж авах боломжгүй байгаа баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлүүлэх эрхтэй.
6.4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн гаргасан гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойших хугацаанд нэхэмжлэгчээс нотлох баримт бүрдүүлүүлэх эсэхтэй холбоотой хүсэлт гаргасан зүйлгүй байх ба нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх хуралдааны шатанд “...Гурван талт хорооны шийдвэрийг хүлээж аваад гарын үсэг зурсан ингэхдээ он, сарыг тавьсан байгаа...хуулийн хугацааг хэтрүүлсэн зүйлгүй...” гэж мэтгэлцсэн байгаа ч хэрэгт энэ талаар нотолж өгсөн баримтгүй тул анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, шийдвэр нь хууль ёсны байх зарчмыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Нэхэмжлэгч Н.Б “...анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч талаас болон шүүгчээс хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх талаар ямар нэгэн байдлаар мэтгэлцээн өрнүүлээгүй, шийдвэрийг хэзээ гардаж авсан талаар хэргийн оролцогчийн хэн аль нь асуулт асуугаагүй, энэ тухай хариуцагч тал татгалзлалын үндэслэл болгоогүй. ...2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Зуунмод сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр тус өдрөө бичгээр гараагүй, дараагийн шат болох шүүхэд хандах боломжтой гэж амаар танилцуулж, шийдвэрийг бичгэн хэлбэрээр гарсны дараа утсаар мэдэгдэнэ гэсэн. ... 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрийг ажил олгогчтой хамт нэг дор гардан авч, 5 дугаар сарын 27-ны өдөр тэмдэгтийн хураамжаа төлж, нэхэмжлэлээ шууданд өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлын 10 өдрийн дотор буюу 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн анхан шатны шүүхэд Монгол шуудан хүлээлгэн өгч 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан тамга дарагдсан. Шүүхэд шийдвэрийг гардаж аваагүй байхдаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол нотлох баримтын бүрдүүлбэр дутуу буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу маргааны урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулаагүй байна гэж үзэх үндэслэл болох байсан. Иймд Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07-р сарын 22-ны өдрийн 317/ШШ2025/01018 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Б-ийн гомдолд дурдсан үндэслэл хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүх 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 317/ШШ2025/01018 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...талуудын хооронд цалин хөлс, олговор олгох буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гомдлыг хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гомдлыг хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
...Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх хүлээн авсан нь дардсаар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ажлын 10 хоногийг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул “нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй тул гомдлыг хангахаас татгалзав.
8.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-ийн шүүхэд гаргасан “2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулж, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх дүгнэлт хийж нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг 14 хоног гэж буруу бичсэнийг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
9. Нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,475 /Дөчин хоёр мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 317/ШШ2025/01018 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас “нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг
... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас “2024 оны 3 болон 4 дүгээр улиралд үнэлсэн ур чадварын үнэлгээг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлсний зөрүү 1,752,300 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...гэж,
3 дугаар заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай... гэснийг
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,475/ Дөчин хоёр мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА