Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/02009

 

 

 

 

 

 

 

 

    2025          11            17                                         210/МА2025/02009                                       

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/06469 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-д 2019 оны 06 дугаар сараас 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл дампын оператораар ажилласан. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ хүрээнд *******-ийн зарласан ажлын байрны сонгон шалгаруулалтад орохын тулд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 4 цагийн чөлөө авахаар хүсэлт гаргасан. Сонгон шалгаруулалтдаа ороод ирэхэд ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан.

1.2. Ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг огт хүлээн зөвшөөрөхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар хөдөлмөрлөх эрхээ түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хамгаалуулах, ажил олгогчтой эвлэрэх боломжгүй тул цаг хугацаа алдахгүйн тулд урьдчилан шийдвэрлүүлэх журмыг сонгохгүйгээр шууд шүүхэд хандсан.

1.3. Иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б 103 дугаартай тушаалыг хүчингүй болгож *******-ийн Уулын операторын ажилд /дамп-2/ эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болон ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Б/103 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

2.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уурхайн хэлтсийн бусад ажилтнуудын хамт гаргасан чөлөө авах тухай хүсэлтэд холбогдох удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад өөрийн хуваарьт ажилдаа гаралгүй ажлаа тасалсан нь;

Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.7.2. Ажилтан нь чөлөө авах хүсэлтээ өөрийн удирдах албан тушаалтанд 5-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ба тухайн удирдлага нь 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийсэн байна;

Мөн журмын 10 дугаар зүйлийн 10.2.8. Хүнд өвчин тусах, гэнэтийн аюул осолд орох зэрэг хүндэтгэн үзэх онцгой тохиолдлоос бусад үед чөлөө авах бол зохих журмын дагуу удирдах ажилтандаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, бусад тохиолдолд дур мэдэн өөртөө зөвшөөрөл олгохгүй байх зэрэг заалтуудыг зөрчсөн.

2.3. Ажилтан ийнхүү ажлаа орхиж явсны улмаас ажил олгогч нь түүний оронд ажиллуулах ажилтныг олох боломжгүйд хүрсэн бөгөөд түүний уг үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.3.1, 11.3.5, Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1, 12.3.3.5, Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, Дотоод журмын 11.3.5 болон Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.5. Ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл, ажил, мэргэжлийн алдаа нь компанийг бусад этгээдийн өмнө хариуцлага хүлээх үр дагаварт хүргэсэн хэмээн заасан ноцтой зөрчлүүдэд тооцогдоно.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2. Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, улмаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг *******-ийн уулын хэлтсийн уулын оператор /дамп/-ын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 79,528,384 төгрөгийг гаргуулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******ийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч *******-д даалгахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ******* нь үүрэгт ажлаа гүйцэтгэх үедээ, техник тоног төхөөрөмжөө хаяж 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажлаа тасалж, өөр байгууллагын ажлын ярилцлагад орохоор явсан нь тогтоогдсон, шүүх хуралд дээр өөрийн хариуцсан техникээ хүлээлгэж өгөөгүй, дур мэдэн ажил хаяж явсан үйл баримтаа хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч нь Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлийн 16.7.2-т заасны дагуу чөлөө авах хүсэлтээ 5-аас доогүй хоногийн өмнө мэдэгдэх ба удирдлага 3 хоногийн өмнө цохолт хийнэ гэсэн заалтыг зөрчсөн, чөлөөний өргөдөлд удирдах албан тушаалтан чөлөө олгох цохолт хийгээгүй, чөлөө олгохоос татгалзсан байхад үүрэгт ажлаа дур мэдэн хаяж явсан. Нэхэмжлэгч зохих журмын дагуу чөлөө аваагүй гэнэтийн тохиолдол үүссэн ажилтан гарах боломжгүй тохиолдолд тухайн ажилтны оронд гарах ажилтан байдаггүй. Сул зогсолт үүсэж тухайн өдрийн уулын ажлын бүтээлийн алдагдал үүсэж, компанид хохирол учирсан.

Хариуцагч компанийн хувьд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 12-р зүйлийн 12.3.3.1 дэх хэсэгт “Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан...” гэсэн ноцтой зөрчлийг үндэслэн хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал гаргасан.

Гэтэл шүүхээс тушаалд дурдагдаагүй үндэслэл болон үйл баримтыг үндэслэж, нэхэмжлэгчийг нэг өдрийн ажил тасалсан үйл баримтыг үндэслэл болгож нэхэмжлэгч 3 хоног ажил тасалсан ноцтой зөрчлийг гаргаагүй байна гэж шийдвэрт дурдаж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байгааг эс зөвшөөрч байна.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

4.2.1. Шүүх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тушаалын үндэслэл болон зөрчил гаргасан үйл баримтыг буруу дүгнэсэн талаар;

Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг нэг өдрийн ажил тасласан гэж хөдөлмөрийн харилцааг цуцлаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн 5-р хуудсанд нэхэмжлэгч 2024 оны 02 сарын 03-ны өдөр ажлаа орхин явсан нь ноцтой зөрчилд тооцогдохгүй, ...3 хоног ажил тасалсан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэсэн. Компанийн хувьд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1 дэх хэсэгт “Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан” гэсэн ноцтой зөрчлийг үндэслэн, талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1 дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Гэтэл шүүхээс тушаалд дурдагдаагүй үндэслэл болон үйл баримтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2.2. Хууль хэрэглээний нэгдмэл байх зарчим зөрчигдсөн талаар;

Маргааны үйл баримт нь адил тохиолдолд эрх зүйн үр дагавар нь бүх хүнд адилхан байх зарчимтай. Хууль хэрэглээний гол зарчим болох нотолгоонд тулгуурласан байх зарчмыг хэргийн оролцогч талуудад ижил тэгш хэрэгжүүлэхгүй бол тэгш эрхийн зарчим алдагдаж эхэлнэ.

Тиймээс зохигчид ижил нөхцөлд эрх зүйн ижил боломжоор хангагдах эрхтэй. Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот зөвлөмж "Ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж тодорхойлсон. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэж заасан байдаг.

Хариуцагч нь хөдөлмөрийн харилцаа цуцлах тушаалд үндэслэл болгон заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1 дэх заалтад "Ноцтой зөрчил" хэмээн тодорхойлж, нэг бүрчлэн нэрлэн заасан бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын ноцтой зөрчил нэг бүрчлэн нэрлэн заасан 11-р зүйлийн 11.3.1 дэх заалтад мөн “Компанийн дотоод дүрэм, журам, кемп болон уурхайн бүсэд мөрдөгдөж буй дүрэм, журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид эд хөрөнгийн хохирол учруулсан” хэмээн нэрлэн зааж, ажилтанд танилцуулж, ажилтан дагаж мөрдөхөө илэрхийлэн гарын үсэг зурсан байдаг билээ.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1 дэх заалтад тухайлан заасан ноцтой зөрчлийг 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэгчийн өөрийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн ажлын өдөр гүйцэтгэдэг уулын бүтээлийн дундаж бүтээл, хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний сар бүрийн батлагдсан төлөвлөгөө, ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлагдсан хувь болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

Тухайн өдрийн ажил тасалснаас шалтгаалан компанид уулын бүтээл уулын ажлын гүйцэтгэлийн их хэмжээний алдагдалд орсон нь нэхэмжлэгч болон бусад хамт ажил тасалсан гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан нэг өдөр гүйцэтгэдэг уулын бүтээлийн хэмжээгээр давхар нотлогдож байгаа нь хариуцагч байгууллагад нэг өдрийн 1,092 м.куб уулын бүтээлийн үнэлгээтэй тэнцэх их хэмжээний хохирлыг нэхэмжлэгч нь учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал нь хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж байна.

4.2.3. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр нотлох баримтыг үндэслээгүй.

Шүүхийн шийдвэрийн 6-р хуудсанд ажилтны ажил тасалсны улмаас 14,090,671 төгрөгийн хохирол учирсан гэх боловч хариуцагч үүнийг хангалттай нотлоогүй, хэрэгт энэ талаар хөндлөнгийн санхүүгийн хяналт шалгалт, тайлан зэрэг холбогдох нотлох баримт байхгүй тул эд хөрөнгийн хохирол, алдагдал учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг илт үгүйсгэсэн дүгнэлт гаргасан.  

Хариуцагч байгууллага нь уул уурхайн гүйцэтгэгч компани бөгөөд *******-тай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЭТТ-2021/705 тоот дугаар бүхий 36 сар хэрэгжих хугацаатай, ******* ордын Цанхын зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 14/14 хоногийн уртын ээлжийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм. Энэхүү гэрээний хүрээнд хариуцагч нь захиалагч болох *******-д сар бүр гүйцэтгэх ажлын тоо хэмжээг тохиролцож, сар бүрийн төлөвлөгөөг бүрэн гүйцэтгэсний үндсэн дээр тухайн сарын гэрээний төлбөрийг авч үйл ажиллагаагаа тогтмол явуулж ирсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримт, үйл баримтаас харахад нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 07:00 цагаас ажиллах ээлжийн хуваариа зөрчиж ажил хаяж явсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын дагуу хүлээн авсан тоног төхөөрөмжийг хариуцах эзэнгүй хаяж явсан, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн уулын бүтээл гүйцэтгээгүй үйлдэл нь хариуцагч байгууллагад *******-ийн зүгээс гэрээгээр даалгасан сар тутмын уулын бүтээлийн төлөвлөгөө алдагдах, уулын ажлын бүтээлийн хэмжээ нэг өдрийн 1,092 м.куб уулын цулын хэмжээгээр бууруулж, *******-д *******-ийн хамтран сар бүр дүгнэдэг 2024 оны 02 дугаар сарын уулын бүтээлийн гүйцэтгэлийн баталгаажуулалтаар нотлогдож, нэхэмжлэгч компанид хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******ийн ажил хаяж явсан үйлдэл нь санаатай үйлдэл тул *******ийн компанид учруулсан гэм хорын хэмжээг тогтоохдоо 2023 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх нийт 14 сарын уулын бүтээлийн бүтээмжийг харьцуулан нэг сарын дундаж уулын бүтээлийн бүтээмж, нэг өдрийн уулын бүтээлийн бүтээмжийг гаргасан. Ингэхдээ Нэхэмжлэгч *******ийн учруулсан гэм хорын хэмжээ нь ажил тасалсан нэг өдрийн уулын бүтээлийн дундаж хэмжээтэй тэнцүү буюу 1,092 м.куб уулын бүтээлийн үнэлгээг компанийн санхүүгийн албанаас тогтоон гаргасан үнийн дүнгээр тооцож, 14,090,671.64 төгрөгийн хохирлыг хариуцагч байгууллагын санхүүгийн албанаас хянан тооцоолж гаргасан.

Санхүүгийн албанаас гадна, хариуцагч байгууллага нь “******* ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хүрээнд сар бүр *******-тай уулын бүтээлийн тооцоог актаар нийлж, анх гэрээ байгуулахад баталсан уулын бүтээлийн төлөвлөгөө болон тухайн сард гүйцэтгэсэн уулын бүтээлийн гүйцэтгэлийг талууд актаар баталгаажуулж, компани тус бүрийн тамга дарагдсанаар хариуцагч байгууллага нь гүйцэтгэсэн уулын бүтээлийн ажлын төлбөрөө шилжүүлэн авдаг билээ.

"******* *******" ХК-ийн санхүүгийн албаны зүгээс нь 2024 оны 02 дугаар сард хариуцагчаас нийлүүлсэн уулын бүтээлийн хэмжээг актаар баталгаажуулан дүгнэсэн нь, талуудын байгуулсан гэрээнд заасан 2024 оны 02 дугаар сард нийлүүлэх уулын бүтээлийн төлөвлөгөөнөөс бага хэмжээтэй, мөн тухайн ажил тасалсан 02 дугаар сарын уулын бүтээлийн гүйцэтгэл нь өмнөх саруудын актаар баталгаажуулсан уулын бүтээлийн гүйцэтгэлээс эрс бага байгааг бичмэл нотлох баримтууд нотолж байгаа.

Хариуцагч байгууллага нь “******* ордын Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”, "******* *******" ХК-ийн сар бүр гүйцэтгэсэн уулын бүтээлийн хэмжээг баталгаажуулсан санхүүгийн акт, хариуцагч байгууллагын санхүүгийн албанаас нэхэмжлэгчийн ажил тасалсан нэг өдрийн уулын бүтээлийн алдагдлыг дүгнэсэн баримт, *******-ийн зүгээс 2024 оны 02-р сард уулын бүтээлийн нийлүүлсэн хэмжээ багассан байгааг нотолсон уулын бүтээлийн тооцоо нийлсэн сарын акт зэрэг нэхэмжлэгчийн ажил тасалсан үйлдэл нь хариуцагч компанид орлого, эд хөрөнгийн бодит хохирол учруулсныг нотлох баримтуудыг хуульд заасан шаардлагад нийцүүлж гарган өгч, хавтаст хэрэгт хавсаргасан байсаар атал шүүхээс хариуцагч нь үүнийг хангалттай нотлоогүй буюу хэрэгт энэ талаар хөндлөнгийн санхүүгийн хяналт шалгалт, тайлан зэрэг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дэх бүлэгт заасан ач холбогдол бүхий бичмэл нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүхээс холбогдох баримт байхгүй гэж дүгнэсэн нь 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дээд Шүүхийн Зөвлөмжид дурдсан хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүхийн шийдвэр гаргахдаа үндэслээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дэх бүлгийг зөрчсөн хууль хэрэглээний ноцтой алдаа гарсан гэж үзэж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/06469 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд намайг ажил тасалж, уулын бүтээлийн алдагдалд оруулсан нь ноцтой зөрчил гэж дурдсан.

2024 оны 01 дүгээр сарын гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн актыг *******-аар гаргуулж авсан байна. Тухайн актыг түншлэлийн хэмжээнд хамаарна гэж би ойлгож байгаа. *******-аас шинээр ажлын байр зарласантай холбогдуулан уул уурхайн олон компаниуд ажлын байрны зар, саналыг ирүүлсэн байсан учраас би тухайн компанийн ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохоор явсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь надаас гадна нэр бүхий 12 ажилтан ажлаа хаяж явсны улмаас уулын ажлын төлөвлөгөө тасарсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Түншлэлийн хэмжээнд ******* болон *******-д ажилд орох ажлын санал ирсэн. ******* ажилчдадаа 3 хоногийн албан ёсны чөлөө өгсөн. Миний жолоодож байсан 1031 дугаартай 240 тонны дампыг ажилд гараагүй, сул зогсолт хийсэн хариуцагч компанид хохирол учирсан гэж тайлбарласан, тийм бололцоо байгаагүй. Тухайн үед дундын ээлжийг зохион байгуулж, сул зогсолттой болон техник нь засвартай байгаа операторуудыг ажиллуулж байсан. Дундын ээлж нь хоолны цаг болон өглөө, оройны ээлж солих үеүдэд ажилладаг ээлжийг хуваарилан гаргаж байсан. Техник засвартаа үед би өөрөө дундын ээлжид ажилладаг байсан. Үүнийг нотлохын тулд шүүхэд дуудсан 2 гэрчийн 1 нь тухайн үед дундын ээлжид ажилласан талаар гэрчийн мэдүүлэгтээ дурдсан. Миний жолоодож байсан дамп зогсолтын байдалтай буюу тухайн өдөр ажиллаагүй гэх нотлох баримт болохгүй гэж би ойлгож байгаа гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ирүүлсэн тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн талаар;

Хариуцагчийн гаргасан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох тушаалын үндэслэл болон зөрчил гаргасан үйл баримтыг буруу дүгнэсэн талаарх гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бус, харин хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдолд хамаарна. Нөгөө талаар хариуцагчийн гомдлын 1, 2, 3 дахь хэсэгт заасан гомдлын агуулга нь нэг байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1 дэх хэсэгт заасан компанид эд хөрөнгийн хохирол учруулсан гэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй. Монгол Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолд, ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг хэлнэ. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцохоор тогтоож уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1, 12.3.5 дах хэсэгт заасан гэрээний зохицуулалт нь хөдөлмөрийн гэрээнд үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан зөрчил бус, ерөнхийлж заасан зохицуулалт байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалттай нийцнэ.

Ажил олгогч нь ажил тасалснаас үүдэн эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтэрсэн хохирлыг шүүхээр шийдвэрлүүлэх, мөн эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал  хариуцлага хүлээлгэхээр тушаал шийдвэр гаргах замаар эд хөрөнгийн хохирлыг тодорхойлохоор хуульчилсан. Хавтаст хэрэгт эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлага ногдуулсан нэг ч шийдвэр, нотлох баримт байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил ч бай, эд хөрөнгийн хариуцлага ч байж хөдөлмөрийн гэрээ цуцлахаас өмнө хуульд заасан журмын дагуу шалгаж, тогтоосон байхыг шаардахаас бус шүүхэд хожим ирүүлсэн баримтыг урьдчилж шалгаж тогтоосон баримт гэж үзэхгүй.

Ажил олгогч нь хожим буюу ажлаас халагдсанаас хойш 1 жил, 4 сарын дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжтой нийцэхгүй, сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамтад шийдвэрлэх нэхэмжлэл биш болох нь тогтоогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг зөвхөн зохигч талууд гаргана гэсэнтэй нийцсэн болно.

Дээрх байдлаар хохирлыг тогтоосон нотлох баримт байхгүй, эд хөрөнгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасантай нийцнэ.

6.2. Хариуцагч нь хууль хэрэглээний нэгдмэл байх зарчим зөрчигдсөн гэх гомдлын талаар;

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэдэг бол хариуцагчийн ямар журмыг, хэрхэн, хэзээ, яаж зөрчсөн талаар зөрчлийн үйлдэл бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаардана. Гэтэл Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.3.3.1, 12.3.3.5 дах хэсэгт заасан хэм хэмжээ нь үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаардсан хуулийн шаардлагыг хангахгүй, ерөнхий зохицуулалт байх бөгөөд хариуцагч компанийн бүхий л дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд дээрх хэлцэл нь хамаарахгүй бөгөөд хуулиар нарийвчлан зохицуулсан, хуульд агуулгын шаардлагыг хангаагүй. Нөгөө талаар эд хөрөнгийн хохирол учирсан гэдгийг Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагаар тогтоох бөгөөд хэрхэн тогтоох талаар хуульчлан журамласан байх тул дээрх байдлаар эд хөрөнгийн хохирол учирсан гэж ажил олгогчийн тушаал шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129, 131 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй, хохирлыг тогтоох талаар тусгайлсан журам буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийг баримтлаагүй болно. Иймд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

6.3. Шүүхийн шийдвэрийг гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр нотлох баримтыг үндэслээгүй гэх гомдлын талаар;

*******, хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ, сар бүрийн уул бүтээлийн гүйцэтгэлийг дүгнэсэн баримт нь нэхэмжлэгч *******ийг эд хөрөнгийн хохирол учруулсан гэх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт биш. Учир нь дээрх баримт нь хоёр компанийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээний дүгнэлт байх бөгөөд ******* нь ******* ажил тасалсны улмаас гаргасан гэх гомдлын хүрээнд дүгнэсэн баримт биш юм. Уулын бүтээлийн гүйцэтгэл өмнөх сарынхаас буурсан гэх тайлбар нь *******ийн 4 цаг ажил тасалсан гэх үйлдэлтэй шалтгаант холбоотой, үр дагавар болон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, үр дагаврын нийцэл гэж шууд хүлээн авах боломжгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болохыг дурдах нь зүйтэй юм.

Гэтэл хариуцагч нь 2 сарын гүйцэтгэлээр буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсны дараах баримтаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл баримтаа нотлох нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд сахилгын шийтгэл ногдуулахдаа гэм бурууг урьдчилж тогтоох, хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй юм. Аливаа үйл баримтын дараа нь болж буй үйл баримт нь өмнөх үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны чөлөө авах хүсэлтэд холбогдох удирдлагаас зөвшөөрөл олгоогүй байхад хуваарьт ажилдаа гаралгүй ажлаа тасалсан, ийнхүү ажлаа орхиж явсны улмаас байгууллагад хохирол учруулсан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй гэх үндэслэлээр маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 06 дугаар сараас *******-д уулын оператороор ажиллаж байгаад *******-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 05-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1, 12.3.3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.1, 11.3.5-д заасныг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй компанид ярилцлага өгөх шалтгаанаар чөлөө хүсэхдээ Хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацаанд урьдчилан мэдэгдэж чөлөө аваагүй бөгөөд тухайн чөлөөг удирдлагаас зөвшөөрөөгүй байхад дур мэдэн хуваарьт ажилдаа гаралгүй тасалж, ажлын бэлэн байдалд хүндрэл учруулан уурхайн төлөвлөгөөт бүтээлийн ажил алдагдах, компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

 

4. Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Анхан шатны шүүх ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалыг ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэж зөв дүгнэж, нэхэмжлэгч *******ийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь “*******-*******” ХХК-аас зарласан ажлын байранд 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шалгалт өгөх зорилгоор чөлөө авах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр уурхайн удирдлагад гаргасан боловч чөлөө олгоогүй байхад ажлын байраа орхин явсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.

 

7. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч ******* нь *******-ийн уулын хэлтэст, уулын оператор /дамп-2/-оор ажиллаж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн үүргийг гүйцэтгэж, хөдөлмөрийн дотоод журамд захирагдах үүрэгтэй байна.

 

8. Хариуцагч давж заалдах гомдолдоо, маргаан бүхий тушаалыг ажил тасалсан үндэслэлээр гаргаагүй, ажилтан чөлөөг зохих журмын дагуу аваагүй ажлын байр, техникээ орхиж явсны улмаас ажлын бэлэн байдалд хүндрэл учруулан уурхайн төлөвлөгөөт бүтээлийн ажил алдагдаж, компанид 14,090,671 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлаж байгаа боловч тушаалын агуулга, үгийн шууд утгаас үзвэл ажил тасалсан гэх агуулгатай байх тул шүүх ажил тасалсан үйл баримт, компанид хохирол учруулсан эсэх, эдгээр нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой шалтгаан болсон эсэхэд дүгнэлт өгнө.

Тодруулбал, хэргийн үйл баримтаар 1 өдрийн ажил тасалсан нэхэмжлэгчийн үйлдэл Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.8-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэж чөлөө авахгүйгээр 3 өдөр ажил тасалсан /энэ тохиолдолд тасалсан хоног нь дараалсан 3 өдөр байхыг шаардахгүй/, чөлөөний хугацаа хэтрүүлсэн, албан тушаал хадгалагдах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор ажилдаа ирээгүй; гэдэгт хамаарахгүй юм.

 

9. Мөн Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.1-т Хөдөлмөрийн дотоод журам, кемпийн дотоод журам болон бусад ажил олгогчийн үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм, журам болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах байдлаар ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, 12.3.3.5-д Ажилтны өөрийн санаатай болон хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалан ажил олгогчид хохирол учруулсан, үйл ажиллагааг тасалдуулах, доголдуулах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэл үүссэн гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Хариуцагч *******-иас нотлох баримтаар гаргасан ЭТТ-2021/705 дугаартай “******* ордын цанхийн зүүн уурхайгаас хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт, өөрчлөлтийн гэрээ, 2024 оны 02 дугаар сард гүйцэтгэх уулын ажлын төлөвлөгөөний үзүүлэлт, гэрээ дүгнэлт баталгаажуулалт, уулын ажлын бүтээлийн алдагдал зэрэг баримтаар *******ийг компанид 14,090,671 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй, ажилтныг ажил тасалсан, өвчтэй чөлөөтэй үед сул зогсолтын асуудлыг ажил олгогч хөдөлмөрийн зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх нь тухайн хуулийн этгээдийн эрх, үүрэгт хамаарна.

Хөдөлмөрийн гэрээний дээрх зохицуулалт нь ажилтны хувьд хөдөлмөрлөх үйл явцтай холбоотойгоор өөрийн аливаа үйлдэл, эс үйлдлээр ажил олгогчид эд хөрөнгийн хохирол бодитой учруулсан байх үед хамаарах ба энэ тохиолдолд хохирлыг бодитой үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй, түүнчлэн хэргийн баримтаар ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд биш байна.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нь сахилгын шийтгэлийн төрөлд хамаарах ба мөн хуулийн 123.3-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийсэн боловч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан арга хэмжээг зөв хэрэгжүүлж чадаагүй байна.

 

11. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргахдаа ажилтны дундаж цалин хөлсийг зөв тооцсон боловч ажилгүй байсан хугацааг буруу тооцоолсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 79,528,384 төгрөг гэснийг өөрчилж, 411 хоногт 78,572,514 төгрөг болгон багасгаж шийдвэрлэв.

 

12. Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон маргаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй шууд шүүхэд хандсаныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг зөрчөөгүй гэж үзсэн нь буруу биш тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэр журмыг хангаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/06469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “...79,528,384 төгрөгийг гаргуулсугай” гэснийг “...78,572,514 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 555,592 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

 

                 ШҮҮГЧИД                                 Б.УУГАНБАЯР

 

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ