Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1208

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Ц.Ганцэцэг, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Т овогт Ц С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00714 0341 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хавирч унаган хүч хэрэглэсэн, хавирч унаган хүч хэрэглэх явцдаа хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор А.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Ц мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 38-39, 90-91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хавирч унаган хүч хэрэглэсэн, хавирч унаган хүч хэрэглэх явцдаа хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.         

            Шүүхээс шүүгдэгч Ц.С 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А өгсөн: “... би мөн адил буугаад шаардлага тавиад би чамд зөрчилийн тэмдэглэл уншууллаа, машинд суугаад гарын үсгээ зур гэхэд намайг заамдаж аваад унагаасан. Унаад босоод ирэхэд толгойн ар хэсэг хөндүүр байсан. Удалгүй хэлтэс дээр ирээд хүмүүсээр 2 үзүүлэхэд хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн: “...Урд сууж байсан цагдаагийн ажилтан бууж ирээд тухайн залууг машинд суу гэхэд цагдаа гэхээрээ та нар ингэдэг юм уу, би даргыг чинь танина гээд чи яах юм гэж хэлээд цагдааг хавсарч унагасан, боогоод зогсч байхад ачлагын машины жолооч тухайн залууг салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээч эмч С.Н 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 10 дугаартай:

 1. А.А хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэх дүгнэлт /хх-н 28/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С яллагдагчаар өгсөн: “... Цагдаа машинаасаа буугаад намайг буу гэсэн. Тэгэхээр нь би уг цагдааг хавсараад газар унагаачихсан. Тэгтэл тэр цагдаа ах толгойн ар хэсгээ дараад босоод ирсэн. Би унагаахад толгойгоо цагдаа бариад босоод ирсэн. Тэр үед харахад толгойн ар хэсэгтээ улайж хагарсан байдалтай байсан. Би уг гэмтэлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ахаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 800.000 төгрөг өгсөн. Би маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл хэзээ ч гаргахгүй.” гэх мэдүүлэг /хх-н 39/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Ц.С хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч А.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 800.000 төгрөг авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ц.С ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.