Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 156

 

Б.Д, Б.С нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтуяа, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар магадлалтай, Б.Д, Б.С нарт холбогдох 2323000170058 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Б-ийн Д /РД:/,

2.Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, *** аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл 6, ээж, аав, 3 дүүгийн хамт *** аймгийн *** сумын *** баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн С /РД:/,

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч М.С-ыг хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн, Завхан аймгийн Цагдаагийн газар дотор буюу цагдаагийн алба хаагч Ж.Г-ын өрөөнд Б.С-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Ж.Г-ын өмссөн албаны гадуур хүрмийн мөрдөс нэрийг хуулж хаях, гараараа нүүр хэсэгт 2 удаа цохих зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар Б.Д-гийн толгой тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С овогт Б-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр, Б.С-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр Б.С-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Гэм буруугийн тухайд: Миний үйлчлүүлэгч Б.С нь хохирогч Б.Д-г алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний үйлдлээс болсон гэдэг эргэлзээтэй буюу өөр үйлдлээс болж үүссэн байх үндэслэлтэй.

Учир нь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД-нд хохирогч Б.Д нь Б.С-ыг ирэхээс өмнө М.С-той ноцолдож муудалцсан бөгөөд түүнтэй цохилцож мөн /М.С-ын мэдүүлгээр/ газарт тархиараа савж унасан байдаг.

Мөн гэрч М.С, Ж.Г, шүүгдэгч Б.С нарын мэдүүлгээр Б.Д нь Цагдаагийн газрын нэг давхрын коридорын чулуун шалыг мөргөөд байсан талаар мэдүүлдэг,

Шинжээч эмч П.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ Б.Д-гийн биед учирсан гэмтэл болох тархи доргилт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... түүнд хийгдсэн томографын шинжилгээнд духны хоёр талын хана дагасан салстууд зузаарсан гэсэн байсан. Энэ хоёр талдаа жигд үүссэн учир шал мөргөх үед үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг зэргээр аль үйл явдлаас болж тархи доргилт гэмтэл үүссэн болох нь эргэлзээтэй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн Б.Д /1 дүгээр хавтаст хэргийн 37-39 хуудас/ мэдүүлэгт: ... харин С ирээд намайг боож баруун гараараа миний баруун хацар хэсэгт нэг удаа цохиход би хойшоо савж унаад хэсэг зуур юу болж байгааг мэдээгүй ... гэж мэдүүлдэг.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон. CD бичлэгээр няцаагддаг. Учир нь уг бичлэгийн 23:57 минутаас 00:01 минутын хоорондох бичлэгт С гаднаас орж ирээд сууж байгаа хохирогч Б.Д-гийн хажууд зогсож байхад хохирогч өөрөө босож ирээд Б.С-ыг хөл рүү өшиглөх, толгой руу нь цохих үйлдэл хийгээд өөрөө газарт унасан байдаг. Үүний дараа С- 2 удаа хацар луу нь алгадсан байдаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.С-ын үйлдэл, Б.С-ын үйлдэл, хохирогч Б.Д-гийн хойшоо савж унасан үйлдэл мөн хохирогч Б.Д- өөрөө Завхан аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын коридорын шал мөргөсөн үйлдэл зэргийн алинаас үүссэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байдаг.

Дээрх байдлаар эргэлзээ байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан буюу Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.2-т “... гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолтой, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/27 дугаартай магадлалтай Б.Д, Б.С нарт холбогдох хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Б.С-ын гэм буруутай эсэхэд үүссэн дээр дурдсан үндэслэл бүхий эргэлзээг хамруулан үзэж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг залруулж чадсангүй.

Шүүх хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

2.1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж санаатайгаар эсэргүүцсэн байхыг шаарддаг онцлогтой.

Гэрч Ж.Г-ын өгсөн “... зохих журмын дагуу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага биелүүлээд согтолтоо шалгуулах ёстой. Түүний дараагаар бид таныг гэрт чинь хүргээд өгье гэхэд ...” гэсэн мэдүүлгээр цагдаагийн алба хаагчийн зүгээс иргэн Б.Д-д цагдаагийн албаны тухай хуульд заасан согтуурал шалгуулах шаардлагыг хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд тавьсан байдаг бөгөөд цагдаагийн алба хаагч Ж.Г-ын Б.Д-д тавьсан гэх энэ шаардлагаас өмнө цагдаагийн алба хаагч М.С-, Б.С- нар иргэн Б.Д-д хандаж хууль ёсны ямар шаардлагыг цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тавьсан вэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Харин цагдаагийн албан хаагчид иргэнд зохих журмын дагуу шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэлгүй биеийн хүч хэрэглэсэн үйл процесс байдаг нь М.С, Б.С нарын мэдүүлгээр, камерын бичлэгээр тогтоогддог.

Цагдаагийн албаны тухай хуулийн 32-р зүйлд заасан “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг дараах аргаар шалгана. 32.1-т “харилцан ярилцах аргаар сэтгэцийн байдал, хэл ярианы өөрчлөлт, нүдний хүүхэн харааны хэвийн байдлыг магадлах”, 32.1.2-т “өөрийнх нь зөвшөөрснөөр шулуун шугамын дагуу алхуулж, тэнцвэрээ олж байгаа эсэхийг магадлах”, 32.1.3-т “зориулалтын тусгай хэрэгслээр шалгах”, 32.2-т “Энэ хуулийн 32.1-д заасны дагуу шалгуулахаас татгалзсан тохиолдолд шаардлагатай гэж үзвэл тухайн хүнээс шинжилгээнд зориулж дээж авч болно” гэж зааснаас үзэхэд иргэн Б.Д цагдаагийн алба хаагчийн драйгер багажаар согтуурал шалгуулах шаардлагыг дэмжихгүй, хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж драйгер багаж үлээхгүй гэх түүний татгалзлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... миний хувцас эд зүйлд ямар нэг гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг, М.С-ын хөл рүү өшиглөсөн гэх асуудал гэрч Ц.М-ын болон Б.Д-гийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа байдал, гэрч, хохирогч нарын хэд хэдэн удаагийн илт зөрүүтэй мэдүүлэгт дүн шинжилгээ хийлгүйгээр “шүүгдэгч Б.Д нь цагдаагийн албан хаагч М.С, Ж.Г нарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ согтуурал шалгах багажаар шалгуулах талаар тавьсан шаардлагыг шууд санаатай үйлдлээр эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж, М.С-ын хөл рүү өшиглөсөн, Ж.Г-ын толгой руу цохисон, албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж хүч хэрэглэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна” гэж дүгнэснээр Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулалгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэх дүгнэлт хийхдээ ямар үндэслэлээр ийнхүү дүгнэх болсноо тайлбарлаагүй.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй:

1.”Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийж тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа зогсох үед уг тээврийн хэрэгслээс бууж явсан. Цагдаагийн алба хаагч М.С түүний араас очиж зохих журмын дагуу шалгуулахыг шаардахад тэрээр гэр рүүгээ явна шалгуулахгүй гэж эсэргүүцэн М.С-той ноцолдсон байна. Ийнхүү ноцолдож байх үедээ цагдаа зохицуулагч М.С-ын хөл рүү өшиглөсөн нь энэ талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч М.С-ын мэдүүлгээр тогтоогдсон” гэж шүүх дүгнэсэн бөгөөд М.С-ын мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт хамааралтай гэж дүгнэхдээ М.С-ын мэдүүлгийг үгүйсгэж байгаа, тухайн үйл баримтад онцгой ач холбогдол бүхий доор дурдсан бусад нотлох баримтыг үгүйсгээгүй.

Б.Д гэрч, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ М.С-ыг цохиж зодоогүй талаар мэдүүлдэг.

Мөн гэрч Ц.М 2023 оны 03 сарын 11-ний өдөр “... намайг хажууд нь байх үед цагдаа М.С, иргэн Б.Д нар барьцалдаж зууралдсан байсан. Бие биеэ цохиж байхыг бол хараагүй” гэж мэдүүлэг өгсөн, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралд “Б.Д нь М.С, Б.С нарыг зодсон, цохисон уу гэж асуухад барилцсан л байсан. Цохисныг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. /хавтаст хэргийн 61-64, шүүх хуралдааны тэмдэглэл/

Завхан аймгийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “Дэлгэцийн баруун дээд буланд 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 23:54:08 гэсэн цаг өдөр минуттай бөгөөд энэ цаг хугацаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаатай тохирч байв. ... 23:56:23 цагт гэрч Б.Д нь эрүүлжүүлэх байрны урдуур ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш чиглэлтэй алхаж явав. 23:56:32 цагт гэрч М.С нь түүний араас гүйж яваад эрүүлжүүлэх байрны зүүн талын харанхуй хэсэгт Б.Д-тэй зууралдаж байгаа бололтой бичлэг дуусав. Дараагийн бичлэг: 00:01:34 цагт цагдаа зохицуулагч М.С, гэрч Б.Д-тэй зууралдаж байгаагаар бичлэг эхлэх бөгөөд 00:02:39 цагт цагдаа зохицуулагч Б.С нь албан тээврийн хэрэгсэлтэй ирэв...” гэх хэсэг /хавтаст хэргийн 9-12 дахь тал/

Мөн цагдаагийн дэд ахлагч М.С-ын өөрийн өгсөн “... Д машинаас буугаад зүүн тийш зугтаад гүйгээд явахаар нь араас нь дуудаад гүйж очоод түүнийг эрүүлжүүлэх байрны зүүн хойд булан дээр очиж барьж авсан. Тэгтэл чи яах гээд байгаа юм бэ, би согтолтоо шалгуулахгүй, чи наад машинаа аваад яв гэхээр нь би түүний зүүн талын мөрнөөс нь барьж авах гэхэд гараа хойш нь огцом татаад гараа савахдаа хойшоо газарт унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-53 дахь тал/

2.“Тухайн үед Б.Д-гийн согтуурлыг шалгах зорилгоор Б.Д цагдаагийн албан хаагч Ж.Г, М.С, Б.С нар Завхан аймгийн Цагдаагийн газрын 103 тоот өрөө буюу хохирогч Ж.Г-ын өрөөнд орсон ба өрөөнд Б.Д, Б.С-ын зүүн нүд рүү цохисон мөн Ж.Г-ын албаны хувцасны мөрдөс, нэрийг хуулж түүнийг цохисон нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Б.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дэх тал/, Ж.Г-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/, М.С-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/, гэрч Ж.С-ы /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ дахь мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” гэж шүүх дүгнэсэн.

Хохирогч Б.С, гэрч Ж.Г, гэрч М.С нар нь нэг байгууллагын нэг тасагт, чиг үүрэг, зорилго нэгтэй хамтран ажилладаг. Тэд бүрэн камержсан байгууллагынхаа камергүй нэг өрөөнд болсон үйл явдлыг мэдүүлэхдээ болсон үйл явдлын талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн байдаг.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь Б.Д-гийн хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... би С С нарын биед огт халдаагүй. Миний зүгээс тэр хоёрыг цохиж зодсон асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг, “... яллагдагчаар татах тогтоолд дурдсан Ж.Г-ын мөрдөс хуулсан, С-д огт гар хүрээгүй байхад өшиглөсөн гэж ярьсан, бүдүүлэг үг огт хэлээгүй байхад хэлсэн гэж, С гар хүрсэн гэж дандаа худлаа хэлсэн байгаа учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн /1 хавтаст хэргийн 147-148 дахь тал/ түүний тогтвортой мэдүүлгүүдээр үгүйсгэдэг бөгөөд гэрч Т.А-ийн 2022 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Б.С-ын нүдийг Б.Д цохисон гэдэгт эргэлзэж байгаагаа хэд хэдэн үндэслэлээр хэлж тайлбарласан агуулга бүхий мэдүүлгээр мөн няцаагдаж байгааг 2 шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Б.Д 2022 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө цагдаагийн газарт хэрхэн яаж орж ирснээ өөрөө санадаггүй, ухаан алдаж унасан байсан, намайг нэг сэргэхэд хоёр цагдаа чирээд цагдаагийн коридорт явж байсан. Нэг сэрэхэд би Ж.Г-ын өрөөнд байсан. Би сэрээд Ж.Г-аас надад ус өгөөч, би сахрын өвчтэй, миний сахар ихэдсэн байна гэж хэлсэн. Би 00 өрөө орж ус уугаад буцаж орж ирэхэд цагдаа нар түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд би эмнэлэг явсан гэж мэдүүлдэг. Түүний энэ мэдүүлэг М.С-ын гэрчээр өгсөн “... түүнийг 103 тоот өрөө рүү оруулаад согтолтыг нь шалгах гэхэд орохгүй явахгүй гээд цагдаагийн газрын коридорт хэвтээд байхаар нь дэд ахлагч Б.С, ахлах дэслэгч Ж.Г нар түүнийг 2 талаас нь өргөөд чирээд 103 тоот өрөө рүү явж байхад толгойгоо доошлуулаад духаараа шал мөргөөд байсан ...” /хавтаст хэргийн 52 дахь тал/ гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт Б.С-ын өгсөн “... тэгээд би үйлдлийг нь зогсоох зорилгоор өөрийгөө хамгаалж түлхэж унгачхаад сэргээх гээд нэг алгадсан ...” гэх мэдүүлэг, Ж.Г-ын гэрчээр өгсөн “... Үл таних согтуу хүн татаж унасны дараа би өөрийнхөө гар утсаар 19 минутын бичлэг хийсэн байгаа түүнийг шаардлагатай бол хавсаргаж өгнө” /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ гэх мэдүүлэг, гэрч С-ны “... намайг ээлжтэй байх хугацаанд 21-22-нд шилжих шөнө Цагдаагийн газраас хүн татаж унаад байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу 10 минутад багтаж очиход иргэн Д гэх 50 орчим насны эрэгтэй хүн байсан...” /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн талаар:

Хэрэгт цугларсан баримтаар Завхан аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Г, цагдаагийн дэд ахлагч Б.С, М.С нар нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа цагдаагийн байгууллагын тусгай обьект дотор иргэн Д-д зодуулсан талаар мэдүүлгүүд өгдөг. Эдгээр гэрч нарын хэргийн үйл процессын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд илт зөрүүтэй байдаг.

Харин Б.Д Завхан аймгийн цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Б.С, М.С нарт бүлэглэн зодуулсан, дээрх цагдаагийн алба хаагч нар биед нь халдаж зодсон, гадуур хувцсыг нь урсан, цагдаагийн албан хаагчид бие биеэ дэмжин нэгдэж худал хэлж байна гэж мэдүүлж, цагдаагийн газрын хэрэг гарсан гэх өдрийн жижүүрийн рапорт, жижүүрийн офицер, жижүүрийн цагдаа болон хариуцлагатай эргүүлийн илтгэх хуудас, алба хаагч Ж.Г, Б.С, М.С нарын 2022 оны 12 сарын 21-ээс 22-ны өдрийн үүрэг гүйцэтгэсэн талаарх илтгэх хуудас зэрэг гэмт хэргийн ул мөр, гэмт хэрэг гарсан талаарх мэдээлэл агуулсан байж болох баримт бичгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6, 24.5 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагаас гаргуулан авах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.

Б.Д хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй. 2022 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө цагдаа нарт зодуулсны улмаас ухаан алдаж, хоолой боолтод орсны улмаас амьсгал саатаж, зүрхний хэм алдаж ам маш их хатаж, би ярьж чадахгүй, эмээ ууя гэж, ус уумаар байна гэж цагдаа нарт хэлсэн гэж Б.Д ярьдаг. Яаралтай түргэн тусламжийн эмч Б.Д-гийн пульс өндөрссөн байна гэж хэлсэн гэж гэрч, хохирогч нар мөн мэдүүлдэг. Тухайн үед Б.Д-гийн биеийн байдал хэвийн байсан уу, яаралтай тусламж үзүүлсэн эмчийн үзлэгийн баримт бичигт түүний биеийн байдлыг хэрхэн үнэлж тусгасан, түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн үү. Хэрэв үзүүлсэн бол ямар эм тариаг ямар зорилгоор хийсэн зэрэг нь Б.Д цагдаа Б.С, Ж.Г нарын биед халдаж, Б.С-ын нүдний ухархайн яс хугарах гэмтэл учруулах хэмжээний хүч, тэнцвэр түүнд байсан эсэхийг шинжлэх ухааны үндэстэй тогтооход ач холбогдолтой. Гэтэл дээрх байдлаар шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүйн дээр Б.Д-гийн Б.С-ыг цохиж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох зорилгоор Б.С-ын биед учирсан гэмтэл шинэ эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоож өгөхийг хүссэн Б.Д, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй татгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасан яллагдагчийн нотлох баримт шалгуулах эрхийг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3, 2.4-т заасан өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрхийг хууль бусаар хязгаарласан.  

Иймд хоёр шатны шүүхийн “энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй байна” гэж дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Б.Д-г буруутгаж байгаа энэ үйл процесс нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг Завхан аймгийн цагдаагийн газрын харуул хамгаалалт бүхий бүрэн камержсан тусгай бүс, түүний дотор эрүүлжүүлэх байрны гадаа болон тус цагдаагийн газрын ажлын байранд болж өнгөрсөн байдаг бөгөөд хэрэгт цугларсан болон яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд нь нэг байгууллагын нэг тасагт, нэг чиг үүрэг зорилготой хамтран ажилладаг алба хаагч нарын өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг, бүрэн эсэх нь эргэлзээтэй камерын бичлэг, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.4 “гэмтлийн зэргийг тогтоохдоо тухайн гэмтлийн төрөл, хэлбэр, хэмжээ, байрлал, онцлог зэргийг шинжилгээний бичиг баримтад тусгана”, “Шүүх шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан “Шинжээч хүлээн авсан шинжилгээний обьектыг гэрэл зургаар, бусад арга хэрэгслээр бэхжүүлж авна” мөн хуулийн 5.1.5-д заасан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчимд нийцээгүй, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт зэрэг байгааг шүүхүүд анхаарч үзсэнгүй.

Давж заалдах шатны шүүх “түүнчлэн шүүх шүүгдэгч Б.Д, Б.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ” гэж дүгнэсэн хэргийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь анхан шатны шүүх Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх эсэгт зааснаар ял оногдуулахдаа 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, энэ төрлийн гэмт хэрэгт ял оноож байгаа шүүхийн практикаас хүндрүүлсэн байгааг зөвтгөөгүй байна.

Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 2023/ДШМ/27 магадлалыг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Гомдлоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж гаргасан. Хохирогч Б.Д 1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан мэдүүлэгтээ “... намайг заамдаж аваад дугтраад миний баруун шанаа тус газар нэг удаа цохиход ухаан балартаад хэсэг юу болсон талаар мэдээгүй” гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтаар тооцогдсон сиди бичлэгийн 23 цаг 57 минутаас 00 цаг 01 минутын хоорондох бичлэгт Б.С нь албаны машинаар ирээд Б.Д-гийн хажууд зогсож байхад Б.Д босож ирээд Б.С-ын хөл рүү өшиглөж, нүүр лүү нь цохиж аваад өөрөө газарт унасан байдаг.

Харин Б.Д-г унасны дараа Б.С нүүрэн хэсэгт хоёр удаа алгадсан бичлэг байдаг. Тэгэхээр Б.Д-гийн “... Б.С намайг ухаан баларттал цохиж унагаасан” гэх мэдүүлэг энэ бичлэгээр няцаагддаг. Б.С, М.С, Ж.Г нарын мэдүүлгээр хохирогч Б.Д нь цагдаагийн газрын коридорын чулуун шалыг өөрөө мөргөөд байсан нь тогтоогддог. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч П.Б энэ гурван үйлдлийн аль алинаас нь тархи доргилт үүсэх боломжтойг мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан томографын шинжилгээгээр духны хоёр талын хана дагасан салстууд зузаарсан гэснээс үзэхэд дух хэсгийн гэмтэл шал мөргөлтөөс үүссэн байх боломжтойг харуулдаг. Үүнээс үзэхэд Б.С-ын гэм буруутай үйлдэл эсхүл хохирогчийн өөрийн савж унасан, шал мөргөсөн үйлдлийн аль нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь эргэлзээтэй. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай тогтоолын тайлбарлах нь хэсгийн 1.2-т “гэм буруутай эсэхэд гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ” гэж тайлбарласнаас өөрөөр тайлбарласан гэж үзэж байна. Б.С-ын гэм буруутай үйлдэл эсхүл хохирогчийн өөрийн савж унасан, шал мөргөсөн үйлдлийн аль нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй буюу эргэлзээтэй.

Гэтэл согтуу жолоочийн хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг шалгаагүй үйлдлээс болж цагдаагийн байгууллагад ажиллах чин хүсэлтэй нэгэн залууд хохиролтой байна. Хэрэв Б.Д хууль ёсны шаардлагыг биелүүлсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч Б.Д-гийн тухайд Б.С-ын гомдлоор хэрэг үүссэн учир гомдолтой гэх асуудлыг л ярьдаг” гэв.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах үүргээ хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг залруулж чадсангүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж санаатайгаар эсэргүүцсэн байхыг шаарддаг онцлогтой. Цагдаагийн алба хаагч Ж.Г-ын Б.Д-д тавьсан гэх энэ шаардлагаас өмнө цагдаагийн алба хаагч М.С, Б.С нар иргэн Б.Д-д хандаж хууль ёсны ямар шаардлагыг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тавьсан вэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй.

Энэ бүх процесс бүрэн камержсан цагдаагийн байгууллагын дотор болсон буюу нэг жижиг өрөөнд гурван цагдаагийн албан хаагчид нэг иргэн зодуулаад байгаа үйл явц болсон. Гэтэл шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалаад байгаа цагдаагийн байгууллагын тухайн өдрийн жижүүрийн рапорт, илтгэх хуудаснуудыг хэрэгт хавсаргах хүсэлт гаргасан боловч хангаагүй байдаг. Мөн тухайн өдөр эмнэлгийн түргэн тусламж дуудаж Б.Д-г үзүүлсэн байдаг. Хохирогч Ж.Г Б.Д-г татаж унаад байсан талаар мэдүүлдэг бөгөөд бичлэгийг өгч болно гэсээр байтал энэхүү нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Түүнчлэн Б.Д-д эмнэлгийн тусламж үзүүлэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Эрүүл мэндийн хувьд цагдаагийн хувьд цагдаагийн албан хаагчийг цохиж гэмтэл учруулах хэмжээний хүчтэй байсан эсэхийг шүүхээс шалгаж тогтоогоогүй. Хяналтын журмаар гаргасан гомдлоо бүхэлд нь дэмжиж байна” гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Б.Д нь цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжлон биед нь халдах зэргээр хууль сахиулагчийн хүч хэрэглэн эсэргүүцэж, хүний бие мах бодид санаатай хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Сумьяабазарыг хохирогч Б.Д-гийн бие махбодод хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлсэн болохыг хоёр шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн бодит байдлыг сэргээн тогтоосон байна. Хяналтын шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө нөхсөн, ач холбогдол бүхий нотлох баримтууд байна. Өөрөөр хэлбэл, хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг давхар нотолж байна. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, оролцогч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Д, Б.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.С-ын үйлдэл, Б.С-ын үйлдэл, хохирогч Б.Д-гийн хойшоо савж унасан үйлдэл мөн хохирогч Б.Д өөрөө Завхан аймгийн Цагдаагийн газрын 1 давхрын коридорын шал мөргөсөн үйлдэл зэргийн алинаас үүссэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдоогүй байдаг. Дээрх байдлаар эргэлзээ байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглээгүй” гэжээ.

2.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүхийн шийдвэрт нөлөөлж болох үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тохиолдолд шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд хэрэв уг эргэлзээ няцаан үгүйсгэгдэхгүй бол түүнийг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэх учиртай.

 “In dubio pro reo” зарчмыг хэрэглэх үндэслэл нь гагцхүү хэрэгт цугларч, шинжлэгдсэн бүхий л нотлох баримтыг шалгаж, үнэлсний эцэст үгүйсгэн няцаах боломжгүй бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн байхыг ойлгохоос гадна тэр нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн буруутай эсэхэд шууд хамааралтай байх ёстой.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт эрүүгийн хэрэгт цугларсан баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарлыг тал бүрээс нь шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг нэг бүрчлэн шалгаж, дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн иж бүрэн дүгнэлт хийх боломжгүйд хүрэх буюу үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл цагдаагийн алба хаагч Б.С нь иргэн Б.Д-г түлхэж унагаан 2 удаа алгадсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч Б.Д-гийн “... Намайг дугтарч байснаа газарт унагаахаар нь би газраас босож ирээд чи яагаад байгаа юм бэ гэхэд гараараа миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохихоор нь би хойшоо газарт савж унасан /1 дүгээр хавтас хэргийн 33-35 дахь тал/, М.С-ын “... Б.С түүнийг барьж байснаа хойшоо түлхэж унагаагаад нэг удаа хацар руу нь алгадахаар нь би түүнийг боль боль гээд салгасан” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Б.С-ын “... Би түүнийг түлхэж газарт унагаагаад нэг удаа зүүн хацар руу нь алгадсан” /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь тал/, гэрч Ц.Мөнхбаярын “... Б.С- нь иргэн Б.Д-г гараараа 2 удаа цохиж байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогтын гаргасан “... эргэлзээ байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх боломжтой хуулийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг хэрэглээгүй” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.2.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1990 онд баталсан “Хууль сахиулах байгууллагын ажилчид галт зэвсэг болон хүч хэрэглэхэд баримтлах суурь зарчмууд” гэсэн баримт бичигт зааснаар хууль сахиулах байгууллагын алба хаагчид галт зэвсэг болон бусад хүч хэрэглэх аргуудыг хэрэглэхдээ “the proportionality principle” буюу пропорциональ зарчим болон principle of necessity буюу тухайн ажиллагаа нь хууль ёсны зорилгодоо нийцсэн байх зарчмыг баримтална.

“Principle of necessity” буюу зохистой байдлын зарчмын агуулга нь хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх, зөвхөн хууль ёсны зорилгын төлөө хүч хэрэглэх аргыг ашиглах, хамгийн бага хэмжээнд хүч хэрэглэх аргыг сонгох гэсэн гурван хэсгээс бүрддэг.

Хууль ёсны зорилгын төлөө галт зэвсэг болон бусад хүч хэрэглэх аргуудыг ашиглах нь тухайн нөхцөл байдал болоод гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон эсэхийг тогтооход пропорциональ байдлын зарчим (зайлшгүй шаардлагатай нөхцөлд хэрэгжүүлж буй, хүний эрхэд хүч хэрэглэн халдах аливаа ажиллагаанд хязгаарлалт тогтоох зорилготой хэрэглэнэ, өөрөөр хэлбэл тус зарчмын агуулга нь аливаа хэлбэрээр төрөөс хүний эрхэд халдахдаа хэтрүүлж болохгүй гэсэн утгыг илэрхийлдэг)-ын хэмжүүр болно.  

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд иргэн Б.Д зохих журмын дагуу согтуурлаа шалгуулахаас татгалзаж, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул дэд ахлагч М.С нэмэлт хүч дууджээ.

Уг дуудлагын дагуу нэмэлтээр ирсэн дэд ахлагч Б.С иргэн Б.Д-д хууль ёсны шаардлага тавихад тэрээр дахин эсэргүүцэж харилцан ноцолдох явцдаа Б.С-ын хөлийг өшиглөж, нүүр лүү нь гараараа цохисны улмаас Б. нь Б.Д-г түлхэж унагаан алгадсан болох нь

хохирогч М.С-ын “... Согтуу жолооч газраас босож ирээд түүнийг нэг өшиглөөд нүүрэн тус газар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь дэд ахлагч Б.С түүнийг барьж байснаа хойшоо түлхэж унагаагаад нэг удаа хацар руу нь алгадахаар нь би түүнийг боль боль гээд салгасан” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

хохирогч Б.С-ын “... Үл таних согтуу хүн босож ирээд баруун хөлөөрөө миний зүүн талын хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь та яаж байгаа юм бэ гэхэд чамайг яасан ч яадаг юм бэ гэж хэлээд зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг түлхэж газарт унагаагаад нэг удаа зүүн хацар руу нь алгадсан” /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

гэрч Ц.М-ын “... Үл таних согтуу хүн босож ирээд дэд ахлагч Б.С-ын хөл рүү нь нэг удаа өшиглөөд нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа цохихоор нь Б.С түүнтэй зууралдаж байснаа газарт унагаагаад нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиод нэг удаа мөр рүү нь өшиглөсөн” /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

хохирогч Б.Д-гийн “... намайг дугтарч байснаа газарт унагаахаар нь би газраас босож ирээд чи яагаад байгаа юм бэ гэхэд гараараа миний баруун талын шанаа тус газарт нэг удаа цохихоор нь би хойшоо газарт савж унасан”     /1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дахь тал/ зэрэг мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр тус тус нотлогдож байна.

Тодруулбал, дэд ахлагч Б.С нь дуудлагаар ирсэн даруйдаа иргэн Б.Д-д шууд хүч хэрэглэхээс аль болох зайлсхийж, эхлээд согтуурлаа шалгуулах талаар зүй ёсны шаардлага тавьж, дараа нь түүнийг түр саатуулах зорилгоор цагдаагийн газрын байранд авч орох гэж ноцолдсоныг хүч хэрэглэсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Цагдаагийн алба хаагч албадлагын арга хэмжээг шууд хэрэглэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд урьдчилан сануулж, хууль ёсны шаардлагыг биелүүлэх хангалттай хугацааг олгоно” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Харин Б.Д-гийн зүгээс хууль сахиулагч Б.С-ын эсрэг түрүүлж довтлон, эрүүл мэндэд нь хохирол учруулахуйц идэвхтэй үйлдэл хийж эсэргүүцэл үзүүлсэн байх тул Цагдаагийн албаны тухай хуульд заасан биеийн хүч хэрэглэх шаардлага үүсжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд заасан баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах үйлдэл нь нэгэнт үүссэн нөхцөл байдал, үйл явдлын өрнөлийн улмаас зайлшгүй тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн хүнийг баривчлах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох, нийгэмд тустай зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийхийг ойлгодог.

Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах явцад уг хүнд учруулсан хохирол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлсэн ажиллагааны үр дагавар бөгөөд тухайн үеийн нөхцөл байдалтай нийцсэн байх шаардлага тавигдана.

Хууль сахиулагч Б.С нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Б.Д-гийн биед халдахдаа тухайн нөхцөл байдалд тохируулан хамгийн бага хэмжээнд хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй буюу зохистой байдлын зарчимд нийцсэн тул хууль ёсны үйл ажиллагаа гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.С-ыг Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар Б.Д-гийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

3.Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

3.1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Цагдаагийн алба хаагч М.С, Б.С нар иргэн Б.Д-д хандаж хууль ёсны ямар шаардлагыг цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тавьсан бэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Харин цагдаагийн алба хаагчид иргэнд зохих журмын дагуу шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэлгүй биеийн хүч хэрэглэсэн үйл процесс байдаг” гэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн 25.5.8-д цагдаагийн алба хаагч зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх эрхтэй гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн биелүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан.

Дэд ахлагч М.С нь иргэн Б.Д-гийн согтуурлыг шалгах зорилгоор автомашиныг нь жолоодон тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадна хүргэж ирээд зохих журмын дагуу шалгуулахыг шаардахад тэрээр шалгуулахгүй гэж эсэргүүцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч М.С-ын “...миний тавьсан согтуурал шалгах багажаар шалгуулах шаардлагыг эсэргүүцэж явах гээд байсан. Мөн түүний машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу хийх гэхэд машинаас бууж зугтаасан. Тэгээд явахгүй байх талаар сануулж хэлэхэд чи наад машинаа авахгүй юу гээд явах гээд байхаар нь би түүнийг явуулахгүй гэж зууралдсан” /1 дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/,

хохирогч Б.С-ын “... Би үл таних согтуу хүнийг та яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм бэ? Та согтолтоо шалгуулсныхаа дараа явж болно гэж хэлэхэд манай дүү прокурор та нар яах юм бэ гээд агсраад орилоод байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 25 дахь тал/,

гэрч Ц.М-ын “... нөгөө согтуу хүн зугтааж явах гэж байгаа бололтой М.С-ыг янз бүрээр доромжлоод ноцолдоод байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

хохирогч Ж.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Танай цагдаа нар намайг журмын хашаанд хийнэ гээд байна гээд нэлээд ууртай бухимдалтай ирж байсан. Тэгэхээр нь болдоггүй юм аа ах, шалгуулдаг журмаар нь шалгуулаад явчих, тэгээд би таныг буцаагаад гэрт чинь хүргээд өгье гэхэд би шалгуулдаг хүн биш, та нар намайг Завханд шалгаж чадахгүй, би прокурор дүүдээ хэлнэ гээд нэлээд уур бухимдалтай ирсэн” /3 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Б.Д-г зогсоож согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дохио илэрсэн, улмаар зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй буюу цагдаагийн газарт аваачин согтуурал шалгах багажаар согтуурлын зэргийг тогтоосны дараа цаашид авах арга хэмжээг тодорхойлох шаардлага үүссэн тул дэд ахлагч М.С-ыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хууль ёсны шаардлага тавьсан гэж үзнэ.

Зохих журмын дагуу согтуурлаа шалгуулах талаар тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн ноцолдсон этгээдэд цагдаагийн алба хаагч хүч хэрэглэсэн тул шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгчийн гаргасан “... цагдаагийн алба хаагчид иргэнд зохих журмын дагуу шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэлгүй биеийн хүч хэрэглэсэн үйл процесс байдаг” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

3.2.Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа гомдолдоо “... Иргэн Б.Д цагдаагийн алба хаагчийн драйгер багажаар согтуурал шалгуулах шаардлагыг дэмжихгүй, хүлээн авахгүй байх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж драйгер багаж үлээхгүй гэх түүний татгалзлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэж дурджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар цагдаагийн алба хаагч нь согтуурсан байдалтай жолоочийн бичиг, баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хураан авах, хуульд заасан үндэслэл байгаа бол эрүүлжүүлэх, түр саатуулах, эсхүл баривчлах арга хэмжээг авах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн    26.1-д зааснаар гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулах эрхтэй.

Мөн жолооч согтуурал шалгах багажаар шалгуулахаас татгалзсан тохиолдолд Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д заасны дагуу түүний цус, шээснээс дээж авч Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилгээ хийлгэх тогтоолын хамт хүргүүлэх үүрэгтэй тул дэд ахлагч М.С, Б.С нар Б.Д-г түр саатуулах зорилгоор явуулахгүй гэж ноцолджээ.

Гэтэл Б.Д согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийж тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны гадаа зогсох үед уг тээврийн хэрэгслээс бууж явсан, дэд ахлагч М.С түүний араас очиж зохих журмын дагуу  шалгуулахыг шаардахад “гэр лүүгээ явна, шалгуулахгүй” гэж эсэргүүцэн ноцолдсон, дуудлагын дагуу нэмэлтээр ирсэн дэд ахлагч Б.С, ахлах дэслэгч Ж.Г нарын эсрэг хүч хэрэглэн цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хүч хэрэглэн эсэргүүцэх гэдэг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох боох гэх мэт хууль сахиулагч руу чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Б.Д-гийн үйлдэлд хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг зориуд, санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцсэн нөхцөл байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... драйгер багаж үлээхгүй гэх түүний татгалзлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй юм.

3.3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Б.Д-гийн Б.С-ыг цохиж түүний эрүүл мэндэд гэмтэл учруулаагүй гэдгээ нотлох зорилгоор Б.С-ын биед учирсан гэмтэл шинэ эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоож өгөхийг хүссэн Б.Д, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй татгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т заасан яллагдагчийн нотлох баримт шалгуулах эрхийг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.3, 2.4-т заасан өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх эрхийг хууль бусаар хязгаарласан” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.С-т учирсан гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл мөн болох нь

хохирогч Б.С-ын “... Та үлээгээд яв гээд түүнийг хашаад зогсож байхад ахлах дэслэгч Ж.Г-ын хажуу талаар гарч ирээд баруун гараараа миний зүүн талын нүд рүү 2 удаа цохисон” /1 дүгээр хавтас хэргийн 24-26 дахь тал/,  

хохирогч М.С-ын “... Би явлаа гээд гарах гээд зүтгэж байснаа би энэ цагдааг ална гэж хэлээд дэд ахлагч Б.С-ын нүүрэн тус газарт 2 удаа үргэлжлүүлээд цохисон” /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

гэрч Ж.С-ны “... Б.С-ын биед үзлэг хийсэн. Намайг үзэхэд С-ын нэг нүд нь улайж хавдсан байсан. Аль нүд нь хавдсан талаар санахгүй байна. Нүдний мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн. С нь миний нүдийг энэ хүн ийм болгосон гэж Б.Д гэж миний үзсэн хүн рүү зааж хэлж байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал/,

гэрч Т.А-ийн “... Манай нөхрийн цохисон гэх цагдаа С-ын утсыг авч ярьсан бөгөөд өдөр манай дэлгүүр дээр ээжийн хамт ирж уулзсан. Тэгж уулзахад цагдаа С-ын нэг нүд нь доод зовхи нь улайж бага зэрэг хавдсан байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 75 дахь тал/,

шинжээч П.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... миний өөрийн хэсэг газрын үзлэгээр зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гаднаас хүч үйлчилсэн байсан. Дээрээс нь томографын шинжилгээгээр энэ нь шинэ хугарал байсан. Мөн томографын шинжилгээн дээр цөмөрсөн хугаралтай гээд зүүн нүдний зөөлөн эдэд хаван ихтэй, дотор талын татагч булчин хавантай гэсэн нь шинэ гэмтэл болохыг илтгэж байсан” /3 дугаар хавтаст хэргийн 196 дахь тал/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... Б.С-ын биед учирсан гэмтэл шинэ эсхүл хуучин гэмтэл болохыг тогтоож өгөхийг хүссэн Б.Д, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлгүй татгалзсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

4. Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагдаагийн газрын гадаа ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч М.С-ыг хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн, Завхан аймгийн Цагдаагийн газар дотор буюу цагдаагийн алба хаагч Ж.Г-ын өрөөнд Б.С-ын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд зовхинд хаван, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан Ж.Г-ын өмссөн албаны гадуур хүрмийн мөрдөс нэрийг хуулж хаях, гараараа нүүр хэсэгт 2 удаа цохих зэргээр хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцжээ. 

Мөн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

5.Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.С-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан нэмэлт, өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар магадлалаас шүүгдэгч Б.С-т холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгасан өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                             Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ