Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0752/з |
Дугаар | 221/МА2020/0295 |
Огноо | 2020-04-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0295
Д.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.М-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрээр: Консулын харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт холбогдох “Консулын харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын гэрээний эрх зүйн баримт бичгүүдийг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах” шаардлага бүхий Д.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан бичгийг бусад нотлох баримттай харьцуулж тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг шүүх зөрчсөн. БНХАУ-ын Гадаад хэргийн Яамнаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан ирүүлсэн 2 албан бичиг нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бөгөөд тухайн асуудлаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, ерөнхий консул Д.Мөнх- Эрдэнэ нар уулзаж /протоколтой/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас тавьсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд оролцоо байхгүй гэж илт үгүйсгэсэн байхад зөвхөн тухайн баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлд заасан “гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож үл болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 106 дугаар зүйлд заасныг зөрчсөн илт хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргажээ. Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн 5.12-т “...Ерөнхий консулд энэ дүрмийн 3.4.22.1-3.4.22.3-т заасныг зөрчсөн тохиолдолд дипломат албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, дипломат албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагатай тохиолдолд яам түүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж, сахилгын шийтгэл ногдуулах саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ” гэж заасан. Мөн журамд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргасан эсэхийг тогтоосон байх шаардлагатай ба тогтоогдсон тохиолдолд Дипломат албаны тухай хуулийн 11.4.1-т заасан зохицуулалтыг хэрэглэж тогтоол гаргах учиртай байсан. Засгийн газрын 262 тоот тогтоол нь сахилгын зөрчил үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байхад Димпломат албаны тухай хуулийн 11.4.1-т заасныг үндэслэж байгаа нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь заалтыг шүүх илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг хуульд тайлбарласан байх ба уг тайлбарт энэ хэсэгт оруулсан өөрчлөлт нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллаж байгаа дипломат ажилтанд хамааралгүй байдаг. Тодруулбал миний бие Засгийн газрын 2016 оны 01 сарын 11-ны өдрийн 46 тогтоолоор анх томилогдсон, томилогдох үед дипломат ажилтны дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах хугацаа 3 жил байх хуулийн зохицуулалттай байсан. Өөрөөр хэлбэл би 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон учир миний ажиллах хугацаа 3 жил буюу 2019 оны 01 сарын 11-ны өдөр дуусгавар болж дараагийн Ерөнхий консул томилогдох, эсхүл үүрэг гүйцэтгэгч томилмогц Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д зааснаар бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр татагдах учиртай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Д.М нь “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн Дипломат албаны тухай хуулийн 11.1.4 дэх заалтыг 16.7 болгон өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өөрчилсөн акт гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолд Дипломат албаны тухай хуулийн 11.1.4, 16.2-т заасныг баримтлан “Хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүргээ зөрчсөн” гэх үндэслэлээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.М-ийг эгүүлэн татжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яам нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан илгээсэн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ноот бичигт “...2018 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын контрабандтай тэмцэх байгууллага нь автомашин хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргийг илрүүлсэн бөгөөд уг хэрэгт Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.М-ийн нэр дээр бүртгэлтэй 4 автомашиныг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн бодитой мөнгө гарган худалдан авч урт хугацаанд ашиглаж байсан ба ерөнхий консул Д.М нь үүнээс тодорхой хэмжээний ашиг хүртсэн байна. ...Ерөнхий консулын хувьд даргын хариуцах ёстой үүргээ биелүүлээгүй байгаа төдийгүй автомашин хууль бусаар нэвтрүүлж дамлан худалдсан асуудалд шууд холбогдож Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна...” гэж мэдэгдсэн бол, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ноот бичгээр “...хуулийн дагуу хэргийг шалгах нотлох баримт цуглуулах шаардлагатай тул Монголын талаас Ерөнхий консулын эдэлж буй консулын халдашгүй байдал болон дархан эрхийг чөлөөлж өгөхийг хүсч байна” гэсэн агуулга бүхий хүсэлт тавьсан байна.
Аливаа нэг улсын Засгийн газраас нөгөө улсын Засгийн газарт хандаж буй албан ёсны дипломат баримт бичгийг ноот бичиг гэж ойлгох бөгөөд хүлээн авагч улс нь БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдэгдсэн тохиолдолд томилогч улс түүнийг шалган тогтоох эрхгүй, үнэн зөвд тооцно.
Консулын харилцааны тухай Венийн конвенцын 55 дугаар зүйлийн 1-д “Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, журмыг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй”, Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 41 дүгээр зүйлийн 1-д “Эрх ямба, дархан эрх эдлэгч бүх хүн хүлээн авагч улсын хууль, дүрмийг өөрсдийн эрх ямба, дархан эрхэд хохиролгүйгээр хүндэтгэх үүрэгтэй. Тэд мөн тэр улсын дотоод хэрэгт оролцохгүй байх үүрэгтэй” гэж заасан бол Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “суугаа, хавсран суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх” гэж дипломат ажилтаны үүргийг хуульчилжээ.
Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхэлдэг дипломат албан тушаалтан нь хүлээн авагч улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх үүргээ зөрчиж Монгол Улсын болон Монгол Улсын Дипломат албаны нэр хүндэд харш үйлдэл гаргасан төдийгүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот бичгээр консулын халдашгүй байдал болон дархан эрхийг чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ Консулын харилцааны тухай Венийн конвенцэд зааснаар Ерөнхий консул Д.М-ийн эрх ямба, дархан эрхээс татгалзалгүй харин “суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчсөн” гэх үндэслэлээр эгүүлэн татсан хариуцагч Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргасан Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Консулын харилцааны тухай Венийн конвенцын холбогдох заалтуудыг болон Дипломат албаны тухай хуулийг зөв тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэл болно.
Иймд нэхэмжлэгчээс гаргасан “БНХАУ-ын Гадаад хэргийн Яамнаас ирүүлсэн 2 албан бичиг нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бөгөөд тухайн асуудлаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, ерөнхий консул Д.М нар уулзаж /протоколтой/ БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас тавьсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудалд оролцоо байхгүй гэж илт үгүйсгэсэн байхад зөвхөн тухайн баримтыг эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн” гэх гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, маргаан бүхий тогтоолыг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэсэн эрхийн акт гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн заалтуудыг зөрчсөн” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Харин маргаан бүхий тогтоолд үндэсний хууль тогтоомжид заасан зохицуулалт болох Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 “...гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж заасныг хэрэглэсэн байгаа тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй тул хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Консулын харилцааны тухай Венийн конвенцын 10 дугаар зүйлийн 1 “ гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН