| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигийн Батсуурь |
| Хэргийн индекс | 128/2025/0287/З |
| Дугаар | 001/ХТ2026/0066 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2026/0066
“Б***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
нийслэлийн Ерөнхий архитекторт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0130 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2026/0232 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2026/0216 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б***, өмгөөлөгч Э.Баярбаатар (№3517), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.“Б***” ХХК-аас нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан “... нийслэлийн Ерөнхий архитектораас олгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу боловсруулагдаж хийгдсэн барилгын загвар зургийг батлахаас татгалзах тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр гаргасан шийдвэр буюу энэхүү барилгын загвар зургийг батлахгүй байгаа нийслэлийн Ерөнхий архитекторын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг барилгын загвар зургийг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б***” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б***” ХХК-ийн загвар зураг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу загвар зургийг батлах эсэхийг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий архитекторт даалгаж шийдвэрлэжээ.
3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/0130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
4.Нэхэмжлэгч төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2026/0216 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б*** магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдлыг гаргажээ. Үүнд:
5.1.Компани нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаар шийдвэрээр дахин нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэг, нотлох баримттайгаа бүрэн танилцалгүйгээр “... гуравдагч этгээдээр иргэн Б.Ж***-ыг оролцуулах шаардлагатай эсэхэд дүгнэлт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр шийдвэрийн дахин хүчингүй болгохдоо эсрэгээрээ давж заалдах шатны шүүх өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргалаа.
5.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/544 дүгээр захирамжаар манай компанид анх 2014 оны А/947 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн зориулалтыг “орон сууц, үйлчилгээ” болгож өөрчилсөн 2020 оны А/815 дугаар захирамжийг “... ойн сан бүхий газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар *** м.кв газрыг эзэмшүүлсэн нь Ойн тухай хууль зөрчсөн, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон бөгөөд харин нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 187 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр Засаг даргын дээрх 2022 оны А/544 дүгээр захирамжийг хүчингүй болгож, уг газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгөхийг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасны дагуу нийслэлийн Ерөнхий архитектороос 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан, мөн энэ талаар анхан шатны шүүхийн 2026 оны 130 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.1, 3.2, 3.3-т тодорхой тусгасан.
5.3.Шүүхийн шийдвэрээр батлуулсан дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар болон одоогийн маргаж буй загвар зураг нь хоорондоо шууд хамааралтай, өөрөөр хэлбэл газрын байршлын хувьд нэг, иймд батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зургийг бас баталж өгөхгүй байсан учраас бид дахин шүүхэд хандаж маргахаас өөр гарцгүй болж, нэхэмжлэл гаргасан. Шүүхээс өмнөх болоод одоогийн загвар зураг батлуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шалтгаант холбоотой гэж үзэн, нийслэлийн Засаг даргын даргын захирамжийг хүчингүй болгуулах, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах шаардлага бүхий нийт 3 хавтас захиргааны хэргийг нотлох баримтаар авсан.
5.4.Харин тэдгээрийн 1-р хавтаст хэргийн 156-160 дугаар талд давж заалдах шатны шүүхийн дүгнээд буй гуравдагч этгээдээр иргэн Б.Ж***-ыг оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2022 оны 1827 дугаар захирамж, 180-182 дугаар талд Б.Ж***-ын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр тогтоол тус тус авагдсан байдаг.
5.5.Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 232 дугаар магадлалаар дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Ж***-ыг татан оролцуулах шаардлагатай эсэхэд дүгнэлт хийлгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, хэрэв зайлшгүй ингэж дүгнэх шаардлага үүссэн гэх тохиолдолд дээрх захирамж, тогтоолоор шийдвэрлэсэн асуудлаас эрх зүйн хувьд ямар ялгаатай болохыг магадлалын хянавал хэсгийн 5-8-д огт дүгнэлт өгсөнгүй.
5.6.Эцэст нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх бүрэн боломжтой, мөн өмнө Б.Ж***-ыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж дүгнэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хүчинтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар давж заалдах шатны шүүхийн 2022 оны 254 дүгээр тогтоол гуравдагч этгээд татах эсэх асуудлаарх эцсийн шийдвэр байхад үүнийг харгалзан үзээгүй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 232 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар (агуулгаар нь тусгав) гомдлыг гаргажээ. Үүнд:
6.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдаад байгаа Б.Ж***-аас гаргасан гомдол болон түүний хавсралтад тусгагдсан бичгийн баримт материалуудын хүрээний үйл баримтыг урьд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2023/0187 дугаар шийдвэрээр үнэлж дүгнэсэн бөгөөд энэхүү шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хянагдаж эцэслэгдэн хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
6.2.Тодруулбал дээрх хэргийг шийдвэрлэхэд энэ хэрэг хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдагдаад байгаа гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулбал зохилтой байсан гэгдэх иргэн Б.Ж***-аас гаргасан гомдол болон түүний хавсралтад дурдсан баримт бичгийн материалуудад тусгагдсан үйл баримт бичгийн материалуудад тусгагдсан үйл баримт хэдийн хэлэлцэгдсэн байдаг буюу Б.Ж***-аас гаргасан гомдлын хүрээний асуудлууд нь нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаартай шийдвэрээр үндэслэл болсон нотлох баримтуудаар хэдийн үгүйсгэгдэж няцаагдсан байдаг.
6.3.Тиймээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэгэнт тухайн гомдлын хүрээний асуудлуудад урьд шүүх дүгнэлт хийсэн буюу хэлэлцэж хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсан тул энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлага нийцсэний дээр мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэн байдаг.
6.4.Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар магадлалд “... Хот байгуулалт, хотын стандартын газрын дэргэдэх Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх саналыг 8 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэрлэсэн атал нийслэлийн ерөнхий архитектор нь ямар шалтгааны улмаас одоог хүргэл биелүүлэхгүй байгааг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүх нэмж тодруулсан боловч хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэх талаарх үндэслэлийг тодруулах ажиллагааг хийгээгүй.
6.5.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар захиргааны хэрэг үүсгэсэн шүүгч “шаардлагатай бол гуравдагч этгээдийг оролцуулах захирамж гаргах” гэж зааснаас үзэхэд шүүх Б.Ж***-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал оролцуулах ёстой буюу хуулиар үүрэг хүлээгээгүй байх буюу оролцуулах эсэхийг шүүх бие дааж шийдэх эрхийг хуулиар олгосон байх ба шүүх нэгэнт урьд Б.Ж***-аас гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болон хариуцагч гомдлын дагуу шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд холбогдох шалгалтын ажиллагаа явуулсан баримт бичгийн материалыг хариуцагчаас шаардаад гаргаж өгөөгүй”, үндэслэл бүхий тайлбар гаргаагүй” зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь мөн л хууль ёсны хийгээд үндэслэл бүхий болсон гэж үзэх үндэслэлтэй юм.
6.6.Өөрөөр хэлбэл, захиргаа буюу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн хэмжээнд хангах үндэслэлтэй буюу Б.Ж***-ын гаргасан гомдлыг болон холбогдох баримтуудыг урьд шүүх нэгэнт хянан хэлэлцээд шийдвэрлэсэн буюу үндэслэлгүй гэдгийг мэдсээр байж загвар зургийг батлахаас татгалзаж байгаа нь өөрөө хууль бус.
6.7.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2026/0232 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
9.Нийслэлийн Ерөнхий архитектораас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг нэхэмжлэгчид олгож баталсантай холбоотойгоор нэхэмжлэгч даалгаврын дагуу барилгын загвар зургийг боловсруулж Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 35 дугаар хурлаар хэлэлцүүлсэн. Хурлаар загвар зургийг хэлэлцэж 100 хувийн дэмжсэн саналтайгаар зөвшөөрч шийдвэрлэсэн. Харин хариуцагч нийслэлийн Ерөнхий архитектораас иргэн Б.Ж***-ын гаргасан гомдлын дагуу Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:”, 7.1.2-т “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол” гэж заасныг үндэслэн загвар зургийг батлахаас татгалзсан байна.
10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, давж заалдах шатны шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлүүд нь маргааны үйл баримтад шууд нөлөөлөх, хэргийг нэг мөр, бүрэн гүйцэд шийдвэрлэхэд зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдалд хамаарахгүй байна.
11.Нэг. Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүхээс хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан, мөн энэхүү маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай эсэхэд дүгнэлт хийгээгүй ... Б.Ж***-аас гаргасан өргөдөл, холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт зэрэг нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахтай холбоотой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарласан, энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.
12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
13.Дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн үр дагавраар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай. Иргэнээс захиргааны байгууллагад өргөдөл, гомдол гаргасан нь дангаараа тухайн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл болохгүй.
14.Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэж үзсэн иргэн нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гуравдагч этгээдэд хамаарахааргүй байна. Энэхүү маргааны зүйл нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын загвар зургийг батлахаас татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэхтэй холбоотой бөгөөд уг маргааныг шийдвэрлэснээр уг хороонд амьдардаг гэх Б.Ж***-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүсэхгүй байна.
15.Хоёр. Давж заалдах шатны шүүх “… Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар магадлалд “... нэхэмжлэгч хуулийн этгээдийн загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх саналыг 8 гишүүн дэмжиж 100 хувийн саналаар зөвшөөрч шийдвэрлэсэн атал нийслэлийн Ерөнхий архитектор нь ямар шалтгааны улмаас одоог хүртэл биелүүлэхгүй байгааг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна ...” гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
16.Уг үндэслэлийг анхан шатны шүүх нэмж тодруулсан боловч Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т “Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй” гэх зохицуулалтуудад хамаарах нөхцөл байдал бий болсон гэсэн агуулгатай тайлбар ирүүлснээс өөр өөр зургийг хянах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
17.Нэгэнт өмнөх магадлалд дурдсан ажиллагааг хийсэн боловч дахин нотлох баримт ирүүлээгүй тул давж заалдах шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүй хуульд нийцсэн эсэх, барилгын загвар зургийг батлахаас татгалзах эрх зүйн үндэслэл бүрдсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн маргааныг шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт нотлох баримт бүрдүүлэх зайлшгүй шаардлага тогтоогдоогүй асуудлыг “тодруулах шаардлагатай” гэх үндэслэлээр дахин анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй.
18.Иймд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2026/0232 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ