Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1818

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХ-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 20 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ миний бие өөрийн танилын төрсөн эгч болох ХХХ-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүнд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд бид ярилцаад мөнгөнийхөө хүүнд ХХХХ-ын байранд суухаар харилцан тохиролцсон юм. Ингээд би түүнд 13 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн болно. Хэсэг хугацааны дараа ХХХХ эгч надад хандан эгчдээ дахин тус болооч, эгчид нь мөнгө хэрэг болоод байна, хүүтэй мөнгө зээлээч хэмээн гуйгаад байхаар нь би түүнтэй ярилцаад түүнд хүүтэй мөнгө зээлдүүлэхээр болсон.

2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ХХХ-т 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болно. Энэ мөнгөнөөс ХХХХ эгч 4 800 000 төгрөгийг надад өгсөн болно. 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мөнгөө нэхэмжлэхэд ХХХХ нь одоо удахгүй мөнгийг чинь өгнө гэсээр удаад байхаар нь арга буюу 2 гэрээгээ шинэчлэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хийж, нотариатаар орж баталгаажуулсан. Хугацаагаа нэг сараар сунгаж хийсэн боловч ХХХХ нь хугацаанаасаа өмнө мөнгөө өгнө гэж байсан боловч одоо болохоор мөнгийг нь өгөх боломжгүй мэтээр ярих болсон тул шүүхэд хандаж байна. ХХХХаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зээлдүүлсэн 13 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний мөнгөний үлдэгдэл 7 075 000 төгрөг, нийт 20 075 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

10 000 000 төгрөг нь 3 сарын хүүтэйгээ 11 500 000 төгрөг болсноос 4 800 000 төгрөгийг хасаж тооцсон. 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1 сар, 8 хоногийн хугацаатай 7 075 000 төгрөг дээр гэрээ хийгдсэн. 375 000 төгрөг нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээний хүү юм. Нийт 6 315 000 төгрөгийг 10 000 000 төгрөгөөс өгсөн байгаа. ХХХХаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 13 000 000 төгрөг, тохиролцсон ёсоор 6 сараар байранд нь суусан учраас хүүгээ нэхэмжлээгүй, 13 000 000 төгрөгөө бүтэн нэхэмжилж байна. Сүүлийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үлдэгдэл 5 560 000 төгрөг гээд нийт 18 560 000 төгрөгийг одоо нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ багасаж байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 1 515 000 төгрөгийг өгсөн учир өнөөдрийн байдлаар 18 560 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХХХгөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 13 000 000 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд авсан мөнгөө дараах байдлаар цувуулан төлсөн байна. Би ХХХд байрны түрээсийн төлбөрт сарын 540 000 төгрөгийг 7 сар өгч, нийт 3 780 000 төгрөг өгсөн байна. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөгийг бэлнээр данс руу нь шилжүүлсэн. 2016 оны 05 дугаар сард 480 000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. 2 000 000 төгрөгийг манай дүү ХХХХХ өгсөн. 800 000 төгрөг бэлнээр өгсөн байна. Ингээд байрны түрээсийн мөнгөтэй нийлээд нийт 10,060,000 төгрөг өгсөн байна. Одоо үлдэгдэл төлбөр болох 12 940 000 төгрөгөө төлөх болно, гэхдээ би лангуугаа н.Наранчимэг гэх хүнд хураалгасан. Энэ асуудал нь шүүхээр явж байгаа тул санхүүгийн ямар нэгэн эх үүсвэр байхгүй байна.

13 000 000 төгрөгийн зээлийн хугацаа нь 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй гэж тохиролцоод хүүнд нь ХХХХ-ын түрээсэлж байсан байранд ХХХ-ийн ээжийг нь байлгаад, сар болгоных нь байрны түрээсийг төлөхөөр тохиролцсон байдаг. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлж авсан мөнгө нь 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж зээлж авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ХХХХ нь өөрөө бичиг үсгийн чадваргүй, боловсролгүй хүн байгаа. Бичиг, үсэг мэддэггүй. Зээлийн гэрээнд ХХХХ өөрөө гарын үсэг зураагүй, дүү ХХХХХ гарын үсэг зурсан. Тийм учраас энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ гэж үзээд, өгсөн мөнгөө ХХХгөөс авсан мөнгөнөөс дараах байдлаар хасаж тооцож байгаа. 10 000 000 төгрөг авсан гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзээд, хүү төлөх ёсгүй гэж үзэж байна. Өмнөх 13 000 000 төгрөгийн зээлээс ХХХХ нь ХХХ-ийн амьдарч байсан байрны түрээс 3 780 000 төгрөгийг төлсөн байдаг. Дансаар 3 000 000 төгрөг, 480 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сард дансаар, 2 000 000 төгрөгийг дүү ХХХХХтэй тохиролцсоны үндсэн дээр ХХХХХ нь ХХХд шилжүүлсэн. 800 000 төгрөгийг ХХХд бэлнээр өгсөнд байдаг. Сүүлд нь 1 515 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өгсөн. Ингээд нийт 20 750 000 төгрөгөөс 8 535 000 төгрөгийг хасахаар 11 540 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Байрны түрээст өгсөн 3 780 000 төгрөгийг үндсэн 13 000 000 төгрөгөөс хасуулж, энэ мөнгөнөөс гадна 6 315 000 төгрөгийг ХХХд өгсөн тул 11 540 000 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан, хариуцагч ХХХХаас 18 185 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 890 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд нийцэх 248 875 төгрөгийг хариуцагч ХХХХаас гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ХХХХ нь бичиг үсгийн чадваргүй тул зээлийн гэрээ байгуулаагүй, түүний өмнөөс дүү болох ХХХХХ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Иймд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх боломжгүй учир зээлийн хүү бодогдох боломжгүй юм. Иймд ХХХХ-ын өмнө өгсөн мөнгөнүүд нь үндсэн зээлээс хасагдаж тооцогдох ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 26, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнөөс төлөгдөөгүй үлдсэн 20 075 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 1 515 000 төгрөгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаснаас хариуцагч 11 540 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, гарын үсэг зураагүй учраас уг гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү тооцохгүй гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан 2 удаагийн бичгээр хийсэн зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн тухай баримтаар  нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-т 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр 13 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, уг хугацааны хүүд нь хариуцагч ХХХХыг орон сууцандаа суулгах тохиролцоотой, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 4,6,18,21/

            Хариуцагч талаас зээлийн гэрээнүүдэд ХХХХ өөрөө гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус, хүү шаардах эрхгүй гэх татгалзлаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасны дагуу нотлоогүйгээс гадна 2 удаагийн шилжүүлгээр нийт 23 000 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг үгүйсгээгүй.   

            Иймд хоёр удаагийн бичгийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, талуудад зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “...гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ...” гэж, 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасанд нийцжээ.

            2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн хүүгийн оронд байрандаа суулгахаар талууд тохиролцсоны дагуу зээлдэгч ХХХХ зээлдүүлэгчийг байрандаа суулгасан байх бөгөөд 7 сарын түрээсийн төлбөрт төлбөл зохих 3 780 000 төгрөгийг зээлээс хасагдана гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, өөр байдлаар төлбөр төлснөө нотлоогүй тул нэхэмжлэгч үндсэн зээл 13 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

            Мөн талууд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр  тохиролцсоны дагуу хариуцагч нь үндсэн зээл 10 000 000 төгрөг, 3 сарын хүү 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг төлөх ёстойгоос 6 315 000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон, зээлийн төлбөрийн үлдэгдэл 5 185 000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

            Зохигчдын хооронд бичгээр байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны болон мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ дээрх байдлаар хүчин төгөлдөр байхад талууд 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг дахин байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн нь үр дагавар үүсгээгүй, мөнгө шилжүүлээгүй байх тул  нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 18 185 000 /13 000 000+5 185 000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн  нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан хүү төлөх үүрэггүй, төлбөрийг үндсэн зээлээс хасах ёстой гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05243 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ