Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 400

 

Б.Болортуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Г.Золзаяа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын эсэргүүцлээр, Б.Болортуяад холбогдох эрүүгийн 201626012295 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Батжаргалын Болортуяа, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг,эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 63А байр, 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ИЮ91031001/,

Б.Болортуяа нь хохирогч С.Саянямботой “Энхболор Ганболд” гэх фэйсбүүк хаягаар харьцаж “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашиныг 1.500.000 төгрөгөөр хямд зарна” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр Хаан банкны 5720399565 дугаарын дансаар нийт 730.000 төгрөгийг шилжүүлэн авсан

Давтан үйлдлээр хохирогч Ж.Баярмаагийн нөхөр Г.Пүрэвнямтай “Энхболор” гэх нэртэй фэйсбүүк хаягаар харьцаж, “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашиныг 1.500.000 төгрөгөөр хямд зарна” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэн хохирогч Ж.Баярмаагаас 2016 оны 9 дүгээр сарын 8-наас 12-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр Хаан банкны 5720399565 дугаарын дансаар нийт 1.494.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч О.Ууганбаярт 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашин чөлөөлж, буцаан зарж, ашигаа хувааж авъя” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэн түүний эзэмшлийн 49-93 УНЗ улсын дугаартай, “Nissan X trail” загварын автомашиныг “Бат-Ази Капитал” ХХК-д 500.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 500.000 төгрөгийг авсан,

Хохирогч М.Намхайнямбатай 2016 оны 2 дугаар сараас эхлэн “Энхболор Ганболд” гэх фэйсбүүк хаягаар танилцан харьцаж, итгэл эвдэн, хуурч мэхлэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 45 удаагийн үйлдлээр 8.986.000 төгрөгийг “Хаан банкны 5076318350, 51144245380 дугаарын дансуудаар шилжүүлэн авсан,

2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болорсувдтай фэйсбүүк хаягаар танилцан улмаар “каргоны мөнгө дундаасаа төлөөд оронд нь “Iphone-6” загварын гар утас өгнө гэж хэлж, итгэл эвдэн, хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5020433569 дугаарын дансаар 130.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны 5014251385 дугаарын дансаар 100.000 төгрөгийг буюу Э.Болорсувдаас нийт 230.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 11.940.00 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, мөн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Болортуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Болортуяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Б.Болортуяаг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Болортуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Болортуяагийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Болортуяад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Болортуяагийн урьдчилан цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Болортуяагаас 11.440.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Намхайнямбад 8.986.000 төгрөг, хохирогч С.Саянямбод 730.000 төгрөг, хохирогч Ж.Баярмаад 1.494.000 төгрөг, хохирогч Э.Болорсувдад 230.000 төгрөг тус тус олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ууганбаяр хүүний төлбөр 180.000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 ширхэг зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Болортуяагийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Б.Болортуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Б.Болортуяад холбогдох хэргийг хэлэлцээд 143 дугаартай шийтгэх тогтоол гарсныг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцахад, шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн заалтыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Болортуяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Болортуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Болортуяагийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Болортуяа нь 70 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Болортуяад 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол, Б.Болортуяагаас бичгээр гаргасан баталгаа, Б.Болортуяад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн тогтоол, оргодол барьж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч Д.Даариймаагийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх шүүгдэгч Б.Болортуяаг “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” гэмт хэргийг үйлдээгүй байхад үйлдсэн мэтээр шийтгэх тогтоолд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Болортуяад “мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэж ял сонсгосон байхад ял сонсгоогүй шинжүүдээр дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох болон ТОГТООХ нь: хэсгийн 1 дүгээр заалтад “...прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд...” гэснийг “...мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд...” гэж өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү...” гэжээ.

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Б.Болортуяа нь хохирогч С.Саянямботой “Энхболор Ганболд” гэх фэйсбүүк хаягаар харьцаж “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашиныг 1.500.000 төгрөгөөр хямд зарна” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр Хаан банкны 5720399565 дугаарын дансаар нийт 730.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Давтан үйлдлээр хохирогч Ж.Баярмаагийн нөхөр Г.Пүрэвнямтай “Энхболор” гэх нэртэй фэйсбүүк хаягаар харьцаж, “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашиныг 1.500.000 төгрөгөөр хямд зарна” гэж итгэл эвдэн, хуурч мэхлэн хохирогч Ж.Баярмаагаас 2016 оны 9 дүгээр сарын 8-наас 12-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр Хаан банкны 5720399565 дугаарын дансаар нийт 1.494.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Хохирогч О.Ууганбаярт 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Дархан-Уул аймагт байх ломбарданд хураагдсан байгаа “Toyota Prius-20” загварын автомашин чөлөөлж, буцаан зарж, ашигаа хувааж авъя гэж” итгэл эвдэн, хуурч мэхлэн түүний эзэмшлийн 49-93 УНЗ улсын дугаартай, “Nissan X trail” загварын автомашиныг “Бат-Ази Капитал” ХХК-д 500.000 төгрөгийн барьцаанд тавиулж, 500.000 төгрөгийг авсан,

Хохирогч М.Намхайнямбатай 2016 оны 2 дугаар сараас эхлэн “Энхболор Ганболд” гэх фэйсбүүк хаягаар танилцан харьцаж, итгэл эвдэн, хуурч мэхлэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хооронд нийт 45 удаагийн үйлдлээр 8.986.000 төгрөгийг “Хаан банкны 5076318350, 51144245380 дугаарын дансуудаар шилжүүлэн авч,

2016 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Болорсувдтай фэйсбүүк хаягаар танилцан улмаар “каргоны мөнгө дундаасаа төлөөд оронд нь “Iphone-6” загварын гар утас өгнө гэж хэлж, итгэл эвдэн, хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банкны 5020433569 дугаарын дансаар 130.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкны 5014251385 дугаарын дансаар 100.000 төгрөгийг Э.Болорсувдаас нийт 230.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч, бусдад нийт 11.940.00 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Саянямбын: “... 2016 оны 9 дүгээр сарын 3-ны орой найз Мөнхбаатар утсаар залгаад “... “Toyota Pruis” загварын автомашин зарна гэж байна, сонирхох уу...”гэхээр нь “... гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд хариу хэлье...” гээд утсаа салгасан. Удалгүй Болороо гэх охин залгаад “... Мөнхбаатарын найз мөн үү, машин авна гэсэн, 3 автомашин байна... ” гэсэн. Би “Toyota Prius-20” машиныг сонирхоё гэхэд 1.000.000 төгрөгөөр зарна, 13-73 УБЕ улсын дугаартай, боронзон өнгөтэй, авахаар бол өнөө орой 00 цагаас өмнө 250.000 төгрөг өгвөл машиныг чинь Дарханаас ачаад гаргана, тэгээд машинаа аваарай гэсэн. Би эгч рүүгээ яриад мобайл банкаар 250.000 төгрөг шилжүүлсэн. Хүргэлтийн 50.000, ачилтын 50.000 төгрөг гэхээр нь 5720399565 дугаар данс руу шилжүүлсэн. Тэгээд удалгүй каргогоор ачина 100.000 төгрөг гэхээр нь шилжүүлсэн. Гэтэл өглөө залгаад карго 200.000 төгрөг болсон шүү гэхээр нь би Цамбагаравын “ХААН” банкнаас экспресс үйлчилгээгээр шилжүүлсэн. Дахиад мөнгө хэрэгтэй гээд 100.000, 75.000, 20.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.Нийт 730.000 төгрөгийн хохирол учирсан.Хямдхан машин зарах гэж байна гэхээр нь итгэчихсэн юм. Энэ хүнд залилуулсандаа гомдолтой байна. Хохирол барагдуулж өгөхийг хүсэж байна...” /1хх-39-40, 41-42, 43/,

гэрч О.Баасанхүүгийн: “... 2016 оны 8 дугаар сарын дундуур байх хажуу гэрт амьдардаг Болороо гэж охин гэрт орж ирээд чамд “ХААН” банкны виза карт байна уу, хөдөөнөөс ах мөнгө хийх гэж байгаа юм, карт хэрэгтэй болчихлоо, картаа түр хэрэглүүлээч гэхээр нь би өөрийнхөө 5720399565 дугаартай картаа өгсөн... Маргааш, нөгөөдөр өгнө гэсээр байгаад 10 сарын дундуур картыг хугалчихсан буцааж өгсөн. Би Болороог сайн танихгүй.Би түүнд фэйсбүүк хаяг нээж өгч байгаагүй, би өөрөө ч фэйсбүүк хаяг нээж чадахгүй. Зураг ч тавьж өгч байгаагүй...” /1хх-46-47/,

гэрч Г.Мөнхбаатарын: “... 2016 оны 8 дугаар сарын дундуур фэйсбүүкээр “Bolor Bolor” гэсэн хаягаас танилцах уу гэж мессэж бичихээр нь танилцсан. Нэг хэсэг бид хоёр харилцсан. Гэтэл 9 сарын эхээр Болороо над уруу бичээд “Манай эгч Дарханд автоломбард ажиллуулдаг юм, “Toyota Prius-20” машин хямдхан зарах гэж байгаа юм” гэхээр нь би хэдэд зарах гэж байгаа юм гэхэд 1.000.000 төгрөг орчим гэсэн. Тэгэхээр нь би найзтайгаа яриадахъя гээд найз Саянямбо машин хайж байсныг мэдэж байсан болохоор утасдаад асуусан. Ээж, аавтайгаа яриад хэлье гэсэн. Хэсэг байж байтал Энхболор залгаад “чи найзынхаа дугаарыг өгчих, би өөрөө яръя” гэхээр нь Саянямбын дугаарыг өгсөн. Маргааш нь Саянямбо утсаар яриад мөнгө шилжүүлчихсэн байсан...” /1хх-48-49/,

гэрч О.Батмөнхийн: “... 2016 оны 9 дүгээр сарын эхээр байх яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Саянямбо над руу залгаад “хямдхан приус машин авах гээд 60.000 төгрөг дутчихлаа гэхээр 60.000 төгрөг Дэлгэрцэцэгээр шилжүүлүүлсэн...” /1хх-45/,

гэрч С.Цэрэндуламын: “... 2016 оны 9 дүгээр сарын эхээр Саянямбо утсаар яриад “хямдхан “Prius” загварын автомашин авах гэсэн юм” 5720399565 дугаарын данс руу мөнгө шилжүүлчихээч гэхээр нь өөрийнхөө 95951445 утаснаас тухайн данс руу нь 250.000 төгрөг мобиал банкны үйлчилгээгээр шилжүүлсэн... дахин мөнгө хэрэгтэй гэхээр нь 50.000 төгрөг шилжүүлсэн...” /1хх-52/,

гэрч Б.Одонтуяагийн: “... 2016 оны 9 дүгээр сарын эхээр Саянямбо  над руу утсаар яриад “би “Prius-20”загварынавтомашин Дархан билүү, Эрдэнэтээс 1.500.000 төгрөгөөр хямдхан авахаар боллоо. Танд 50.000 төгрөг байвал өгөөч гэхээр нь мобайл банкны үйлчилгээгээр шилжүүлсэн...” /1хх-55/,

хохирогч Ж.Баярмаагийн: “...Тэр эмэгтэй өөрийгөө Энхболор гэж манай нөхөрт хэлээд “2013 онд монголд орж ирсэн, цэнхэр өнгөтэй “Toyota Prius-20” машин Дарханд ломбарданд байна, 1,500,000 төгрөг өгөөд л ав, эхний ээлжинд 500,000 төгрөг дараа нь цувуулаад өгчих” гэж хэлсэн байсан. Ломбардны захирлын данс гээд 5720399565 дугаар данс өгч мөнгөө хий гэж хэлсний дагуу 9 удаа нийт 1.494.000 төгрөг шилжүүлсэн. Сүүлийн мөнгө шилжүүлсэн өдрөөс Энхболор гэдэг эмэгтэй утсаа унтраагаад алга болсон...” /1хх-166-167, 168-169/,

гэрч Г.Пүрэвнямын: “... Би Энхболор гэж хүнийг танихгүй. Харин Болороо гэж охиныг танина. 2015 оны 9 дүгээр сард фэйсбүүкт нэвтрээд байж байхад “Bolor Bolor” гэсэн нэртэй охин над руу танилцах хүсэлт ирүүлсний дагуу танилцсан. 2016 оны 9 дүгээр сарын 7-нд 86030063 дугаараас залгаад фэйсбүүкт танилцсан Болороо байна, манай эгч Дарханд ломбард ажиллуулдаг юм, 2009 оны цэнхэр өнгийн “Toyota Prius”загварын автомашин 1.500.000 төгрөгөнд хямд зарах гэж байна, тавьсан хүн нь гадаадявчихсан, хураагдах гээд байна чи авчих гэхээр нь итгэсэн. Эрдэнэтэд 9 дүгээр сарын 8-ы өдөр очсон. Тэгээд автомашин чинь зарагдах гээд байна мөнгө хурдан явуул, захирал Баасанхүүгийн данс гээд “ХААН” банкны 5720399565 дугаарын данс явуулсан.Уг данс руу хадам эх Бямбасүрэн мөнгө шилжүүлсэн...” /1хх-170-171/,

хохирогч М.Намхайнямбын: “...Өөрийгөө Энхболор, оюутан, одоогоор чөлөө авсан гэж хэлж байсан.Энхболор Ганболд гэх нүүр номоор анх 2016 оны 2-3 дугаар сарын үед танилцсан. 4 дүгээр сараас “үерхье” гэхээр нь “тэгье” гээд сүүлдээ надтай утсаар ярьж, мессеж бичээд сууна, ханилна гэдэг байсан. 2016 оны 4 дүгээр сараас эхлэн мөнгө гуйж эхэлсэн.Мөнгө авахдаа Америкт байдаг ах доллар шилжүүлж байгаа, банкаар шилжиж ирж байгаа учраас шимтгэл төлөх шаардлагатай, түүнийг өгөх мөнгө байхгүй, мөнгө зээлээч, би буцааж тэд болгож өгнө гэж хэлж авдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд би 45 удаагийн шилжүүлгээр 8.988.000 төгрөг шилжүүлсэн байна. М.Дэлгэрцэцэг гэдэг хүний Хаан банкны 5076318350 дугаар данс уруу 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 36 удаа, Б.Болортуяагийн Хаан банкны 5114245380 дугаар данс уруу 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 9 удаа мөнгө шилжүүлсэн... Болортуяа надтай анх танилцахдаа "Энхболор Ганболд" гэсэн нэрээр халхавчилж танилцсан. Дараа нь Bolor Bolor гээд нэрээ сольчихсон байсан. Уг хаяг дээр хөөрхөн охины зургууд тавьчихсан байсан. Дээл өмсөөд авахуулсан дунд эргэм насны ах, эгч хоёрыг "манай аав, ээж хоёр" гэж хүртэл хэлэхээр нь үнэхээр итгэсэн. Надтай харилцаж эхэлсэн цагаасаа эхлэн үнэмшилтэй яриад, утсаар хүртэл уйлж ч хүртэл ярьж байсан. Тэр ч бүү хэл надтай сууна, гэрлэнэ, чи надтай гэрлэнэ биз дээ, би чиний эхнэр болж чадна гэх мэтээр хэлж ярьдаг байсан. Би тэгэхээр нь үнэхээр итгэчихсэн юм. Болортуяа гэх хүнд 8.986.000 төгрөгөө залилуулсандаа гомдолтой байна. Мөнгөө буцааж авмаар байна ..." /2хх-40-41, 42-44/,

гэрч М.Дэлгэрцэцэгийн: "...Болороо гэх охин 2016 оны 4 дүгээр сарын дундуур намайг ээжийн дэлгүүрт сууж байтал орж ирээд "танд Хаан банкны данс байдаг уу, хөдөөнөөс ах мөнгө явуулж байгаа юм, би картаа залгиулчихсан болохоор картгүй байна. Та надад картаа хэрэглүүлээч" гэхээр нь би өөрийнхөө 5076318350 дугаартай Хаан банкны виза картаа өгсөн. Тэгээд нэг их удаагүй байх буцааж өгсөн. Тэрнээс хойш миний картыг Болороо удаа дараа гуйж авдаг байсан. Заримдаа нэг авчихаараа буцааж өгөхгүй 2-3 хоногийн дараа буцааж өгдөг байсан. Удаад байхаар нь би түүнээс нэхэж байгаад авдаг байсан ..." /2хх-45-46/,

хохирогч О.Ууганбаярын: "...Найзын найз Болороо 2016 оны 9 дүгээр
сарын 22-ны 22 цагийн үед утсаар ярихдаа "Дарханд найз ломбард ажиллуулдаг,
тэнд хураагдсан “Toyota Prius 20” машин байна, 1.500.000 төгрөгөөр чөлөөлж аваад 5.000.000 төгрөгөөр зараад ашгаа хуваая" гэхээр нь ямар учиртайг асуухад эзэн нь
Солонгост байгаа, машинаа авч чадахгүй, тэндээ 5-6 жил болно гэж хэлсэн.
Маргааш уулзаж байж болъё гэсэн. Маргааш нь уулзаж ярилцаж байгаад би
өөрийн 49-93 УНЗ дугаартай “Nissan X trail” загварын автомашинаа 400.000 төгрөгөөр тавихаар болсон. Тэгээд "Бат-Ази Капитал" ББСБ-д 500.000 төгрөгөөр машинаа тавьсан. Болортуяатай найз Төртогтохоор дамжуулан 2016 оны 9 дүгээр сард танилцсан. 500.000 төгрөгийг Болортуяагаас авсан, харин машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Одоо ломбардын хүү 180.000 төгрөг нэхэмжилж байна ..." /1хх-230-232/,

хохирогч Э.Болорсувдын: "... 2016 оны 10 дугаар сарын үед фэйсбүүкээр
Г.Энхболор гэсэн хаягтай эмэгтэйтэй танилцсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний
өдөр Энхболор гадаадад байдаг эгчээс карго ирсэн, авах гэсэн чинь мөнгө дутаад
байна, хугацаа нь тулсан болохоор дундаасаа 300.000 төгрөг гаргаад ачааг авъя.
Оронд нь “I phone” гар утас өгөхөөр тохирсон. Энхболорын өгсөн Хаан банкны 5020433569, 5014251385 тоот дансуудад нийт 230.000 төгрөг шилжүүлсэн. Уг
мөнгөө нэхэмжилж байна ..." /2хх-184-185/,

гэрч Д.Чанцалдуламын: "... 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үсчинд ажиллаж байхад урьд нь манайхаар 2-3 удаа үйлчлүүлж байсан эмэгтэй орж ирээд үсээ угаалгаж, индүүдүүлж байхдаа "...картаа гэмтээсэн, найзаасаа мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Карт байвал мөнгө шилжүүлээд авъя..." гэхээр нь ээжийн 5020433569 дугаар дансны карт байсан тул зөвшөөрсөн. 100.000 төгрөг шилжүүлсэн байсныг нь тэр эмэгтэйд авч өгсөн. Үүнээс хойш уг эмэгтэй дахиж орж ирээгүй ..." /2хх-189/,

гэрч Д.Түгжийн: "... Манай ээжийн найзын хүүхэд Болортуяа ах зодоод байна гэх шалтгаанаар манайд 2016 оны 11 сард ирж хэд хоносон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байхад Болортуяа яриад дансныхаа дугаарыг өгөөч, хүнээс 100.000 төгрөг авах ёстой, таны данс уруу шилжүүлье, гэртээ ирэхдээ аваад ирээч гэсэн. Би юм бодолгүй өөрийн 5014251385 дугаарын дансыг өгөөд орой мөнгийг нь авчирч өгсөн ..." /2хх-198/,

сэжигтэн Б.Болортуяагийн “... 2016 оны 5 дугаар сард фэйсбүүкээр Мөнхбаатар гэх залуутай танилцсан. Тэгээд миний дугаарыг авсан. Хааяа утсаар ярьдаг байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын сүүлээр би Мөнхбаатарт хандаж манай эгч Дарханд автоломбард ажиллуулдаг бөгөөд хот руу шилжих гэж байгаа бас 2 машин үлдчихсэн байгаа “Toyota Prius-20” загварын автомашиныг 1.000.000 төгрөгөнд зарна гэсэн чинь Мөнхбаатар “би нэг найзтайгаа яриадхъя” гэж хэлээд 30 минутын дараа буцаагаад над руу залгаад “манай Саяка гэх найз авахаар боллоо” гэж хэлээд надад 88121844 гэсэн дугаар өгсөн. Тэгээд би уг дугаар луу залгаад би “Мөнхбаатарын найз нь байна, Дарханд автоломбарданд “Toyota Prius-20” загварын машин байгаа, тэрийг хямдхан зарж байгаа юм. Уг ломбард хаах гэж байгаа” гэтэл “би аав, ээжтэйгээ ярьчихаад эргээд залгая” гэсэн. Тэгээд 1 цагийн дараа залгаад “би авахаар боллоо, эгчээсээ мөнгө гуйсан одоо 200.000 төгрөг чам руу шилжүүлнэ” гэсэн. Тэгээд 30 минутын дараа дахиад 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би Саяка руу утсаар яриад 500.000 төгрөг шилжүүлчих юм бол машиныг чинь гаргая сая төгрөгөнд биш 700.000 төгрөгөөр авчих гэсэн. Тэгээд каргоны машинаар машиныг чинь хүргэж өгье, одоо дахин 200.000 төгрөг хэрэгтэй байна гэтэл 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би дахиж утсаар яриад нэр шилжүүлэхэд 75.000 төгрөг хэрэгтэй гэж хэлээд бас дансандаа шилжүүлж авсан. ...Би 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зүс таних Ууганбаяр гэх залуутай утсаар яриад Дарханы автоломбардад манай найз ажилладаг юм, тэгээд “Toyota Prius-20” загварын автомашин байна гэнэ чи найздаа 400.000 төгрөг гаргаж өгөөд би 1.100.000 төгрөгийг гаргаад уг машиныг авчихъя, тэгээд Дарханаас оруулж ирээд 5.000.000 төгрөгөөр зараад ашигаа хувааж авъя гэтэл Ууганбаяр өглөө яваад очъё гэсэн. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагт Ахмадын хорооллын авто зогсоол дээр уулзаад “чи надад 400.000 төгрөг өгчих, би машин авч зараад ашигаа хуваая” гэтэл би тэгвэл машинаа ломбарданд тавьчихъя гэсэн. Тэгээд би Ууганбаярын хамт Баянбүрдэд байх автоломбардад очиж 500.000 төгрөгөөр автомашиныг нь тавиулаад 420.000 төгрөг авсан, 80.000 төгрөгийг нь Ууганбаярт өгсөн. Би авсан 420.000 төгрөгөөр ломбардад тавьсан байсан гар утсаа авсан. Мөн Ээж Алтанхуягийн алтан бөгжийг 135.000 төгрөгөнд тавьсан байсан бөгөөд тэрийг ломбарднаас буцааж авсан. Би эхнээсээ Ууганбаярыг залилах санаатай худал хэлж мөнгө авсан. ...Мөн 2016 оны 9 дүгээр сарын эхээр би өөрийн танил Пүрэвням руу 88570529 дугаарын утсаар яриад Дарханд манай эгчийн автоломбардад “Toyota Prius-20” загварын автомашин байна, урьдчилгаа 500.000 төгрөг өгчихвөл авч болно гэсэн. Тэгээд би чамтай эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгтэл тэр орой Пүрэвням залгаад авахаар боллоо манай эгч мөнгө шилжүүлэх гэж байна, өглөө 13 цагаас өмнө хийе гэсэн. Тэгээд маргааш өглөө нь Пүрэвням утсаар яриад 500.000 төгрөгийг дансанд шилжүүлэх гэж байна, 2 хуваагаад хийе гэхээр нь тэг тэг гэж хэлээд Баасанхүүгийн “Хаан банк”-ны 5720399569 тоот дансанд эхлээд 200.000 төгрөг хийгээд 13 цагийн үед 300.000 төгрөг хийсэн. Тэгээд тэр орой нь Пүрэвням дахин холбогдоод “машин тэрэг нь яасан бэ” гэхээр нь каргоны машинаар гарах гэж байгаа дахиад 200.000 төгрөг хэрэгтэй гэтэл маргааш олж өгнө гэж хэлээд маргааш нь 200.000 төгрөг шилжүүлсэн. Мөн тэр оройноо 300.000 төгрөг ломбарднаас нэхээд байна гэж хэлээд маргааш нь дахиад 300.000 төгрөг авсан. Тэгээд ломбарднаас дахиад 400.000 төгрөг нэхээд байна гэж хэлсэн чинь дахиад 400.000 төгрөг явуулсан. Маргааш нь 90.000 төгрөг хэрэгтэй байна машиныг нэр дээр чинь шилжүүлэх гээд байна гэж хэлээд 90.000 төгрөг авсан. Ингээд Пүрэвнямаас нийт 1.490.000 төгрөг авсан ба уг мөнгөөр архи уугаад шоудаад дуусгасан...” /1хх-78-81/, “... Намайг Завхан аймагт дунд сургуульд сурч байхад манай нөгөө ангид Намхайнямба гэж хүүхэд сурдаг байсан. Бид хоёр найзууд байсан ба 2009 онд сургуулиа төгссөнөөс хойш холбоо тасарсан. 2016 оны 2 дугаар сард “Энхболор Ганболд” фэйсбүүк хаягаар фэйсбүүкт орж байгаад Намхайнямбын хаягийг санаандгүй мэдсэн. Намхайнямбатай анх харьцахдаа “10 жилийн сургуульд сурч байсан Болороо гэж охин байна” гэж хэлсэн. Намхайнямба ч гэсэн намайг Болороо гэж ойлгосон. Тэрнээс хойш бид 2 фэйсбүүк болон утсаар харьцдаг байсан. Надад мөнгөний хэрэг гараад 2016 оны 4 дүгээр сард Намхайнямба руу залгаад зөөврийн компьютер авах гэсэн чинь мөнгө дутаад байна, 80.000 төгрөг өгөөч гэж хэлээд уг мөнгийг Дэлгэрцэцэг гэж хүний дансыг ашиглаж авсан. Намхайнямбаас мөнгө шилжүүлж авахынхаа өмнө Дэлгэрцэцэг эгчийн “Хаан” банкны картыг “хөдөөнөөс манай ах мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, картаа түр хэрэглүүлээч” гэж гуйж аваад мөнгөө авчихаад буцааж өгсөн. Би Намхайнямбаас 80.000 төгрөг авсныхаа дараа түүнээс ийм мөнгө, тийм мөнгө гэж аваад байж болох юм байна гэж бодсон. Тэрнээс хойш би Намхайнямбаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд увуулж, цувуулаад худлаа хэлээд барагцаагаар 6.000.000 төгрөг авсан гэж бодож байна...” /2хх-57-60/, “... Би Баянхошуунд байдаг найз Түгжийнд амьдарч байхдаа танил Баяраагийн найз охин Болорсувдтай 2016 оны 11 дүгээр сард 86000310 дугаарын утсаар холбогдон “Iphone 6” загварын гар утас 500.000 төгрөгөөр авах уу гэхэд ярилцаж байгаад болно гэсэн. Тэгэхээр нь урьдчилаад 150.000 төгрөг өгчих гэсэн чинь маргааш нь холбогдоод 150.000 төгрөг шилжүүлье гэхээр нь 21 дүгээр хороололд байдаг 24 цагийн шөнийн дэлгүүрт утас зардаг танихгүй ахаас өөрийнх нь дансаар хүнээс мөнгө аваад өөрөөс нь гар утас худалдаж авъя гэж гуйхад зөвшөөрсөн. Тэгээд Болорсувд руу уг хүний Хаан банкны дансыг өгч 130.000 төгрөг аваад 20.000 төгрөгөөр нь гар утас худалдаж аваад явсан. Бусад мөнгийг нь хувьдаа зарцуулаад дууссан. Үүнээс хойш 14 хоногийн дараа хохирогчтой холбогдоод гэрт нь амьдарч байсан Түгжийн Хаан банкны дансыг өгч 100.000 төгрөгийг Түгжээр дамжуулан авсан бөгөөд уг мөнгийг хувьдаа зарцуулаад дууссан. Дараа нь дахин хохирогчтой холбогдож 30.000 төгрөг хэрэгтэй, утасны үлдсэн мөнгөө өг гэсэн чинь 230.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон биз дээ гэхээр нь “би юу гэж Iphone 6 загварын гар утас 230.000 төгрөгөөр зарах юм , 500.000 төгрөгөөр зарна гэсэн чинь аавтайгаа зөвлөлдөөд хариу хэлье гэсэн тэгээд удаагүй аав зөвшөөрөхгүй байна. өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн мессеж бичсэн. Би хохирогчоос нийт 230.000 төгрөгийг бусдын Хаан банкны дансаар шилжүүлж авсан. Цагдаад баригдахаас өмнө хохирогч надтай Содон хорооллын орчим уулзаж авах ёстой мөнгөний оронд 50.000 төгрөгөөр бодож монетан ээмэг авсан...” /2хх-200-201/ гэх мэдүүлгүүд,

гэрч Г.Мөнхбаатараас эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд                                                                                                                                                                                                                                               /1хх-9-26/, С.Саянямбын Б.Болортуяатай “автомашин худалдах” талаар харьцсан түүний гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-27-29/, С.Саянямбын Б.Болортуяад “ХААН” банкны 5720399565 дугаар данс руу мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-36, 127-128/, Ж.Баярмаагаас“ХААН” банкны 5041223637 дугаар  данснаас Б.Болортуяагийн О.Баасанхүүгийн “ХААН” банкны дансанд мөнгө шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт /1хх-179, 180/, М.Дэлгэрцэцэгийн Хаан банкны 5076318350 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-111-114/, Б.Болортуяагийн Хаан банкны 5114245380 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-115/, Д.Баасансүхийн Хаан банкны 5020433569 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-187/, Д.Түгжийн Хаан банкны 5014251385 дугаар дансны гүйлгээний хуулга /2хх-191/, Б.Болортуяад 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гадагш явахгүй тухай баталгаа авсан тогтоол /1хх-70/, Б.Болортуяагийн бичгээр гаргасан баталгаа /1хх-71/, мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд /1хх-142-145/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол /1хх-157/, оргодол барьж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-211/, түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /1хх-212/, Эрэн сурвалжлалт зарлах буюу оргодол эрэн сурвалжлах талаарх лавлагаа /2хх-2-5/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн ноцтой зөрчилгүй гэж үзлээ.

 Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх ба энэ нотлох баримтуудыг үндэслэн хэргийн байдлыг дүгнэхэд ялтан Б.Болортуяа нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, прокурорын хяналт, шүүх цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261,1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна. 

Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулсан байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

            Дээд шатны прокурор Д.Отгонбаяраас “... шүүгдэгч Б.Болортуяад “мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн” гэж ял сонсгосон байхад ял сонсгоогүй шинжүүдээр дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан нь буруу байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох нь: хэсгийн 1 дүгээр заалтад “...прокурорын хяналт, шүүх, цагдан хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд...” гэснийг “...мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд...” гэж өөрчлөлт оруулж зөвтгөж өгнө үү...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцэл бичжээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Болортуяа нь гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 70 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэстэй гэж  дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” гэмт хэрэг байна.

   Харин мөрдөн байцаалтаас зайлсхийх нь тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа  үйлдэл байна. Гэтэл тухайн гэмт хэргийг үйлдсэн үйлдлээр нь гэм буруутайд тооцуулахаар эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.3 дахь хэсэгт “... энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх...”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэгт “... шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн...” гэж тус тус зааснаар шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох байтал гэмт хэрэг үйлдсэн үйлдлээр нь гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн энэ заалт ойлгомжгүй бичигдсэн байна. 

            Өөрөөр хэлбэл Б.Болортуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” гэмт хэрэг үйлдсэн байтал анхан шатны шүүх түүнийг мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн үйлдлээр нь гэм буруутайд тооцсон нь буруу гэж үзээд энэ талаар өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдэж, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэм буруутайд тооцсугай...”  гэснийг “... прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлал гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН