Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 203/МА2025/00045

 

 

С.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2025/00247 дугаартай шийдвэртэй,

С.*******ы нэхэмжлэлтэй

******* ХК-д холбогдох ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, С.*******ыг ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 177,410,940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаяр /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/ нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс ******* ХК-ны Захиргаа удирдлагын газрын захирлаар томилогдон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй гүйцэтгэсэн.

Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр намайг бүтцийн өөрчлөлт хийсэн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/56 дугаартай намайг ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалт "Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно" гэснийг үндэслэл болгожээ. Гэтэл миний хувьд хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар ажил олгогчтой тохиролцоогүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, надад урьдчилан мэдэгдээгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Энэ талаар компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор компанид удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулах чиглэл өгсөн боловч, тухайн шийдвэрийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын бүтцийн өөрчлөлт хийх тухай тушаал гараагүй, намайг чөлөөлөх эсэх талаар хэн нэгэн надад албан ёсоор мэдэгдээгүй. Харин 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.******* намайг өрөөндөө дуудаж уулзаад "Таныг өнөөдөр чөлөөлнө, Төрмандахад ажлаа хүлээлгэж өг" гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр ажлаа хүлээлцэж, тушаалаа хүлээж авсан. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ******* ХК-ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/56 тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 117,410,940 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б-56 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар тус компанийн Захиргаа, удирдлагын газрын захирлын албан тушаалаас С.*******ыг чөлөөлж шийдвэрлэсэн.

С.******* нь дээрх тушаалыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг эс хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх бөгөөд энэ талаар тус гурван талт хорооноос манай компанид 2024 оны 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн байдаг.

Энэ хүртэлх цаг хугацаанд манай компанийн гаргасан дээрх тушаалд холбогдуулсан С.******* нь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй хэмээн ойлгож байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд оролцсон юм.

С.******* нь маргаан бүхий тушаалыг гардан авснаас хойш Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154-д зүйлийн 154.2.1-т заасны дагуу тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах, энэхүү гомдлыг хүлээн авсан гурван талт хороо нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан байдаг.

Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан атлаа хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргааны шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

С.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээлгэх асуудлаар хүсэлт гаргасан, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэг байхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хуульд заасан хугацааг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул С.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Сод овгийн Содномын *******ы ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 177,410,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 745,005 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаярын давж заалдах гомдлын агуулга: ...Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын шүүх нь миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 168 дугаар зүйлийн 165.1- т заасан ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ..., 168.1.3-т заасан ... хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн;" буюу хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар үндэслэл бүхий дүгнээгүй, хэт нэг талыг барьж ажил олгогч талд илт үндэслэл муутай, хууль бус дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч С.******* нь ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирлаар 2023 оны 07 дугаар сарын 07-нд томилогдон ажиллаж байгаад 2024 оны 03 дугаар сарын 11-нд хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн.

С.******* нь дээрх үүрэгт ажлаа ямар нэгэн зөрчил, дутагдалгүй гүйцэтгэж байхад нь ******* ХК-ын шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гүнждагва 2024-03-11-нд хууль бус тушаал гаргаж үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг болон шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа заах ёстой байтал энэ тухай шийдвэртээ огт заагаагүй. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 7,8,9 дэх талуудад ҮНДЭСЛЭХ хэсгийг тусгасан бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв. гэж эхэлжээ.

Гэвч үндэслэл хэсэгт бичигдсэн 3 нүүр үндэслэл дотор нотлох баримтын бодит үндэслэл болон хууль зүйн үндэслэлийн талаар харамсалтай нь заагаагүй. Ихэнх хэсгийг нь хэргийн шийдэлтэй огт хамааралгүй хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай хамааралтай зүйлсийг л бичсэн байгаа юм. Шүүхийн шийдвэртээ хамааралтай байж магадгүй гэсэн ганц хэсэг нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэл байгаа юм. Тодруулбал, Хэрэгт компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаарх холбогдох шийдвэр авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч С.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч "******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаар хариуцагч *******" ХК-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, улмаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, түүнд тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдож байна. гэсэн нотлох баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байгаа юм.

Учир нь нэхэмжлэгч С.*******аас шүүгч Бүтэц, орон тоо хийх гэж байгаа тухайгаа танд хэлж байсан уу?" гэж асуухад С.******* Амаар хэлсэн" гэсэн хариултыг л шийдвэрийнхээ гол үндэслэл болгон дүгнэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтаар ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах гэж байгаа бол тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй байдаг юм. Гэтэл цаг хугацааных нь хувьд 30 хоногоос өмнө ажилтанд мэдэгдэнэ гэж хууль дээр тодорхой заагаад өгчихсөн байхад анхан шатны шүүх бүтэц, орон тоо хийж байгааг хэзээ мэдсэн хугацааг тодруулалгүй, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг үл тоож хууль бус дүгнэлтийг хүчээр ажил олгогч талд хийсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан баримт дотор нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан нэхэмжлэл, тайлбар дотор 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гүнждагва нь С.*******ыг өрөөндөө дуудаж уулзаад Таныг өнөөдөр ажлаас чинь чөлөөлнө, Төрмандахад ажлаа хүлээлгэж өг гэж хэлэхэд нь нэхэмжлэгч анх мэдсэн байдаг. С.*******ыг ажлаас чөлөөлсөн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаартай тушаал нь өөрөө хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн, хууль бус тушаал гарсан. Тушаалын үндэслэлүүдийг дурдвал:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг: - Энэ нь Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно. гэж заажээ. Гэтэл ажил олгогчтой С.******* ажлаас чөлөөлөх тухай болон хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар огт тохиролцоогүй, энэ тухай санал ч гаргаж байгаагүй байдаг.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг: - Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж болно гэсэн заалт. Ингэхдээ тус хуулийн 80.4-т зааснаар энэ тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэж энэ тухайгаа шаардлагатай бол нотлох үүрэгтэй байдаг. Ажил олгогч буюу ******* ХК нь хуулийн ийм тодорхой заалтыг зөрчсөн.

3. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол: - Энэхүү тогтоол нь компанийн бүтэц, орон тоотой огт хамааралгүй мөн түүнчлэн С.*******ыг ажлаас чөлөөлөхтэй ямар ч холбоогүй шийдвэр байгаа юм. Тодруулбал энэ тогтоол нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18 дахь заалтыг үндэслэн компанийн нийт ажиллагсдад олгогдох үр дүнгийн урамшууллаас урьдчилгаа олгохыг зөвшөөрсөн тухай л тогтоол байгаа юм.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2025/00247 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гол тайлбар нь анхан шатны шүүх шийдвэрээ хуульд заасан шаардлагын дагуу гаргаагүй. Шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон бүтэц орон тоо Таван толгой ХК-ний бүтэц орон тоо хийсэн, түүний үндсэн дээр С.*******ыг ажлаас чөлөөлсөн гэдэг дүгнэлтийг хийсэн. Тэгэхдээ хуулийн дагуу хийгджээ гэж дүгнэсэн. Бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Нотлох баримтаар ч хавтаст хэрэгт авагдаагүй зүйл байдаг. Шийдвэрийн гол үндэслэл нь С.******* өөрөө бүтэц орон тоо хийх гэж байгаагаа н.Гүнждагва захирал амаар надад өгсөн гэдэг мэдүүлгийг үндэслээд ийм дүгнэлт хийдэг. Гэтэл бодит байдал дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэлсэн байдаг. Түүнээс 5 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн хууль бус тушаал нь гарсан байдаг. Энэ дээр шүүх үнэн зөв дүгнэлтийг хийж чадаагүй. Энэ тушаал нь өөрөө хууль бус тушаал байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг зөрчсөнийг гомдолдоо тодорхой бичсэн. Хамгийн гол нь удирдах зөвлөлийг анхан шатны шүүх дүгнээд бүтэц орон тоо хийсэн байна. Удирдах зөвлөлийн 02 тоот тогтоол гарсан гэж дүгнэсэн. Удирдах зөвлөлийн 02 тогтоолыг гомдолдоо хуулбарлаад оруулчихсан. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тогтоол нь Таван толгой ХК-ийн бүтэц орон тоотой ямар ч холбоогүй. Миний үйлчлүүлэгч С.*******ыг ажлаас чөлөөлөх, гүйцэтгэж байсан ажил, албан тушаалыг өөрчилсөн, хассан, нэмсэнтэй огт хамааралгүй ийм тогтоолыг үндэслээд гаргачихсан учраас хууль бус тушаал гарсан. Хууль бус тушаалын улмаас С.*******ы хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж тодорхой хэмжээний хохирол учирсан. Тэгэхээр зөрчигдсөн эрхийг нь сэргээж, учирсан хохирлыг нь барагдуулж өгнө үү. Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүтцийн өөрчлөлт хий гэсэн тогтоолыг ажиллаж байх хугацаандаа олж үзээгүй. Ер нь бол ТУЗ-аас бүтцийн өөрчлөлт хий гэж чиглэл өгсөн тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаал гарч бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой. Намайг халагдах үед тэр тушаалыг олж үзээгүй. Яг ямар бүтцийн өөрчлөлт хийх гэж байгааг би ойлгоогүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр н.Гүнждагва захирлаас намайг ямар үндэслэлээр халж байгаа юм бэ гэж асуухад бүтцийн өөрчлөлтөөр халж байгаа. Таны албан тушаал байхгүй болж байгаа гэсэн. Тэрийг би сонсоноороо хэлсэн. Тэрийг анхан шатны шүүх хурал дээр урьдчилан мэдсэн байна гэж хүлээж авдаг. Би бол халагдах үедээ энэ талаар мэдсэн гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Хэд хэдэн үндэслэлүүдийг дурдаж байна. Өмнө нь танилцуулаагүй, мэдэгдээгүй байсан гэх мэтчилэн. Тэгэхээр энэ шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн тайлбар, мэдүүлэг, хэрэгт цугласан баримтууд зэргээс урьдчилж мэдэгдсэн асуудал байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн 02 дугаартай тушаалыг үндэслэл болгосон нь өөрөө хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч энэ тушаалын хүрээнд ажиллаж байгаа болон ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудад үр дүнгийн урамшууллын асуудал яригдаж байсан учраас энэ тушаалыг үндэслэхээс өөр арга зам байгаагүй. Энэ бол цалин хөлсийг тооцож бодохтой холбоотой асуудал байсан учраас үндэслэл хэсэг болгосон. Түүнээс биш, огтоос хамааралгүй ТУЗ-ийн тушаал шийдвэрийг үндэслэл болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж хэлэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянан үзлээ. 

Нэхэмжлэгч С.******* нь ******* ХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 177,410,940 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар тус компанийн Захиргаа, удирдлагын газрын захирал С.*******ыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулна.

******* ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/56 дугаартай намайг ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалт "Талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулж болно" гэснийг үндэслэл болгожээ. Гэтэл миний хувьд хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар ажил олгогчтой тохиролцоогүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, надад урьдчилан мэдэгдээгүй, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. гэж,

Хариуцагч татгалзлалын үндэслэлээ ...С.******* нь маргаан бүхий тушаалыг гардан авснаас хойш Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154-д зүйлийн 154.2.1-т заасны дагуу тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах, энэхүү гомдлыг хүлээн авсан гурван талт хороо нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан байдаг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан атлаа хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргааны шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж тус тус тайлбарладаг.

Зохигчдын маргааны зүйл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг ажилтан санаачилсан эсэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч нь ...Миний хувьд 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаас халагдсан. Ингээд 04 дүгээр сарын 09-ний өдөр маргаан таслах комисст гомдол гаргасан. Маргаан таслах комиссын ирц бүрэлдэхүүн хүрэхгүй байна гэсэн шалтгаанаар асуудлыг хэлэлцэхгүй яваад байсан. Тэгээд оны өмнө 12 дугаар сард нэг хурал зарлах гэсэн боловч Таван толгой ХК-аас хойшлуулсан. Ингээд оны дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын эхээр хурал хийгдсэн. ...Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хурал хуралдсанаас хойш ажлын 10 хоног билүү, 14 хоногийн дотор шүүхэд хандах ёстой байсан. Тэр хугацаандаа хандсан байгаа...гэх тайлбарыг гаргасан ба энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэлд Гомдол гаргагчаас гаргасан гомдол, түүний шаардлага хэсэгт: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж байна гэж тэмдэглэл болон Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 37 тоот албан бичигт Иргэн Содномын *******ы Өмнөговь аймгийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо-нд гаргасан өргөдлийг хүлээн авч ажлын хэсгийн ирц, гомдлын оролцогч талын хүсэлт зэргийг харгалзан хурлыг хойшлуулан тус хороо нь 2025 оны 01 сарын 16-ны өдөр хуралдсан. Хурлын тэмдэглэлд гомдлын оролцогч тал болох ******* ХК-ийг төлөөлөн оролцсон хууль эрх зүйн ахлах ажилтан П.Нямхүүгийн албан ажил давхардсанаас шалтгаалан 2025 оны 01 сарын 29-нд гарын үсэг зурж баталгаажуулсан учир хурлын тэмдэглэлийг гомдол гаргагч талд 2025 оны 01 сарын 29-нд хүлээлгэн өгсөн болно. гэжээ. /хавтаст хэргийн 18 дахь тал/ албан бичгээр тогтоогдож байна гэж дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор...гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл ажилтан нь ажил олгогчтой харилцан тохиролцож бус хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай тушаалыг эс зөвшөөрч, уг маргаанаа шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8- д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан байна. гэх дүгнэлт үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг цуцлахыг талууд харилцан тохирсон эсэх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдааны явцад ...Бүтцийн өөрчлөлтөөс компаниас 3 сарын тэтгэмж олгосон, компанийн зүгээс бүтцэд өөрчлөлт орох талаар амаар хэлсэн. гэж асуусан асуултад хариулсан байна. Хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 дугаар тушаалаар С.*******ыг тус компанийн Захиргаа, удирдлагын газрын захирлын албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. Хэрэгт компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон талаарх холбогдох шийдвэр авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч С.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нарын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн Б/56 дугаар тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтаар хариуцагч ******* ХК-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт орж, улмаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, түүнд тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч С.*******ыг ******* ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын захирлын албан тушаалаас чөлөөлсөн тушаал нь үндэслэл бүхий гарсан байна гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Б/56 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан Содномын *******ыг тус компанийн захиргаа, удирдлагын газрын захирлын албан тушаалаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй....гэжээ.

Дээрх тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах- тай холбоотой зүйл хэсгийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой тушаал гарсан болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр С.*******ыг ажлаас чөлөөлсөн байх боловч энэ талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий: ...Засгийн газраас чиглэл өгсөн байдаг. Төрийн байгууллага болон төрийн өмчит байгууллагууд орон тооны цомхотгол, төсвийн хэмнэлт хийх чиг үүрэг ирж байсан. Тухайн үедээ тэрний хүрээнд хийгдэж байгаа ажил байсан. Энэ ажлын байрны давхардал ч байдаг юм уу. Тэдгээр зүйлүүдийг танаж, хасах чиглэлийг өгсөн байдаг. Энэ талаар тэр тэр орон тоог ингэж цөөрүүл, энэ энэ давхцаад байна. Ингэж ингэж цомхотгол хий гэсэн эрхийн акт байхгүй гэх тайлбараар давхар тогтоогдож байна.

 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж хуульчилсан ба ажил олгогч энэ талаар нотлоогүй, холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, ажилтны хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбаярын С.*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хангаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.******* өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагын дагуу С.*******ы 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг олгохыг хариуцагч Таван толгой ХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,005 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 745,005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2025/00247 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/56 тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 177,410,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг С.*******ыг урьд эрхэлж байсан ******* ХК-ийн Захиргаа, санхүүгийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

С.*******ы 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг ******* ХК-иас гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай. гэж,

 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,005 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 745,005 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 745,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Т.ДЭЛГЭРМАА