| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00057/И |
| Дугаар | 203/МА2025/00047 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 203/МА2025/00047
Б.*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2025/00270 дугаартай шийдвэртэй,
Б.*******гийн нэхэмжлэлтэй
Тавантолгой ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 144,546,735 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* /цахим/ нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ы нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.******* нь Өмнөговь аймгийн Тавантолгой ХК-д 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Захиргаа, удирдлагын газрын гэрээ, эрх зүйн албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж хөдөлмөрийн гэрээг байгуулсан.
Мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус компанийн нууцын ажилтны ажил албан үүргийг хавсран гүйцэтгэхээр тушаал гарч үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлээр цалинжихаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ үр бүтээлтэй, зөрчил дутагдалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс ээлжийн амралтаа албан ёсоор авсан. Гэтэл 2024.03.19-ний өдөр Б/79 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дуусгавар болгох тухай буюу Б.*******г 2024.03.11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаан энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж хуулийн хугацаанд албан ёсоор урьдчилан мэдэгдэлгүй, бүтцийн өөрчлөлт хийж, мөн ажлын байрны дарамт шахалт үзүүлж, хүчээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаан цуцалж хууль ёсны эрх ашгийг нь хохироосон.
Ажил олгогчийн энэхүү хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй гэсэн учраас Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.
Өмнөговь аймгийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооноос талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгож 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаартай Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл гарсан.
Иймд Б.*******г урьд эрхэлж байсан Тавантолгой ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын гэрээ, эрх зүйн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 96.364.490 төгрөг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Тавантолгой ХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 96,364,490 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нэмэгдүүлж байна.
Үүнд:
- 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сүүлийн 5 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 48,182,245 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024 оны 03-р сарын 19-ний өдрийн Б/79 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар тус компанийн гэрээ, эрх зүйн албаны даргын албан тушаалаас Б.*******г чөлөөлж шийдвэрлэсэн.
Б.******* нь дээрх тушаалыг 2024 оны 03-р сарын 19-ний өдөр гардан авсан бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг эс хүлээн зөвшөөрч Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байх бөгөөд энэ талаар тус гурван талт хорооноос манай компанид 2024 оны 12 дугаар сарын сүүлээр мэдэгдсэн байдаг.
Энэ хүртэлх цаг хугацаанд манай компанийн гаргасан дээрх тушаалтай холбогдуулан Б.******* нь ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй хэмээн ойлгож байсан боловч 2025 оны 01-р сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанд оролцсон. Б.******* нь маргаан бүхий тушаалыг гардан авсан өдрөөс хойш Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.1-т заасны дагуу тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргах, энэхүү гомдлыг хүлээн авсан гурван талт хороо нь мөн хуулийн 154-р зүйлийн 154.7-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан байдаг.
Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 03-р сарын 11-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчийн шийдвэрийг Б.******* нь хүлээн авсан атлаа холбогдох байгууллагад хуульд заасан 30 хоногийн дотор гомдол гаргаагүй, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 01-р сарын 16-ны өдөр маргааныг шийдвэрлэж байгаагаас харахад тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 157-р зүйлийн 157.1-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацааг сэргээлгэх асуудлаар хүсэлт гаргасан, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хэрэгт байхгүйг дурдах нь зүйтэй болов уу.
Иймд хуульд заасан хугацааг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2- д зааснаар нэхэмжлэгч Б.*******г "Тавантолгой" ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын Гэрээ, эрх зүйн албаны даргаар эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1- д зааснаар хариуцагч "Тавантолгой" ХК-аас нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 144,546,735 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож,
Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч "Тавантолгой" ХК-д нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "Тавантолгой" ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 881,034.6 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий давж заалдах гомдлын агуулга: ...Анхан шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч М.******* би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий гүйцэтгэх захирлын тушаалыг гардан авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн үзэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж оролцсон.
Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 04-р сарын 22-ны өдрийн 1-308 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар шийдвэрлүүлж хариугаа авсны дараа шүүхэд хандсан нь үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн байгаа нь учир дутагдалтай. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч оролцохдоо нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай санал дүгнэлт гаргаж байсан.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхийн гүйцэтгэх захирлын тушаалыг гардаж аваад хуульд заасны дагуу Цогтцэций сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус суманд гурван талт хороо байгуулагдаагүй тул дараагийн шатны байгууллагад хандана уу хэмээн түүний гаргасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэж боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.1- т заасны дагуу маргаан бүхий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй байсан. "Тавантолгой" ХК-д тухайн цаг хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, мөн Цогтцэций суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан бөгөөд энэ тухай нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Цогтцэций сумын Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт гомдол гаргасан боловч хороо байгуулагдаагүй, дараагийн шатны байгууллагад ханд хэмээн хариу өгсөн гэж тайлбарладаг боловч хэзээ, хэрхэн яаж гомдол гаргасан, ямар хариу өгсөн зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байдаг.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 158-р зүйлийн 158.1 дэх хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг ШҮҮХ шууд хянан шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байдаг бөгөөд 158-р зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус зохицуулсан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу сум, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ, хэрхэн хандсан нь тодорхойгүй, тус хорооноос дараагийн шатанд ханд гэж зөвлөсөн гэх боловч дараагийн шатны байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүхийн байгууллага болж байхад маргаан бүхий тушаалыг гардан авсан өдрөөс хойш нийт 321 хоногийн дараа шүүхэд хандсан байгаа нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154-р зүйлийн 154.2.1-т заасны дагуу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад гомдол гаргах, гомдлыг хүлээн авсан байгууллага нь мөн хуулийн 154.3-т заасны дагуу 10 өдрийн дотор гомдлыг шийдвэрлэнэ, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагын шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан буюу хамгийн ихдээ нийт 50 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байсан.
Харин дээрх хуульд заасан хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах байгууллагад хандах боломжгүй, тухайн байгууллага байгуулагдаагүй байсан буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 155-р зүйлийн 158.2, 158.2.2-т заасны дагуу шууд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08-р сарын 19-ний өдрийн 144/ШШ2025/00270 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж. байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу уг маргааныг шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1-308 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогддог болно.
2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум-дундын шүүхээс Хариуцагч талд шүүхийн шийдвэрийг бичгээр 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байдаг. Үүнээс хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход 2025 оны 09 дүгээр сарын 25-нд гомдол гаргах хугацаа нь дуусаж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 77.6-д заасан журмыг баримталж болно" гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү хуулийн хугацаагаа хэтрүүлэн гомдол гаргасан байхад анхан шатны шүүх гомдлыг хүлээж авсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар шүүгчийн туслахад болон мэдээлэл лавалагаанд хэлж сануулсан болно.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №144/ШШ2025/00270 дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралттай байсан. Хариуцагч компани нь нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гаргаж үндэслэх хэсэгтээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр Б.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, тасалбар болгоод хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд процессын ажиллагаа зөрчсөн, сумын 3 талт хороогоор хэлэлцүүлэх ёстой байсан гэдэг агуулгыг илэрхийлээд байна. Б.*******гийнгийн хувьд суманд хандсан. Дараагийн шатны байгууллага гэж аймгийн 3 талт хороонд хандаж, аймгийн 3 талт хороо авч хэлэлцээд, нэлээн удаж шийдсэн. Гэхдээ удаж шийдэж байгаа нь Б.*******гээс шалтгаалсан нөхцөл байдал огт үүсээгүй. Ингээд аймгийн 3 талт хороо нь 2025 онд хуралдаж шийдсэн. Шийдэхэд Таван толгой ХК-аас төлөөлөгчөөр хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан томилоод 2 хүн оролцсон байдаг. Энэ талаар ярилцахдаа хугацаа алдсан процессын талаар огт ярьдаггүй. Зөвхөн шүүх дээрээ очиж асуудлыг шийдвэрлүүлдэг гэдэг байдлаар тайлбарлаж явсан байдаг. Ингээд талууд хоорондын зохицолд хүрч чадаагүй учраас шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлсэн. Ингээд шүүхэд хандахад Б.*******гийн ажлаас нь халсан тушаалд хэд хэдэн нөхцөл байдлууд байдаг. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-ийн үндэслэхдээ эрүүл мэндийнх юм уу, орон тоо цомхотгох юм уу гэдэг нь тодорхойгүй. Өөрсдөө тайлбарлахдаа орон тоо цомхотгосон, цөөрүүлсэн гэдэг байдлаар тайлбарладаг. Ингээд хэргээс харахад орон тоог цөөрүүлэх талаар ямар нэгэн тушаал шийдвэр, эсвэл ТУЗ-ийн тогтоол ч гэдэг зүйл байдаггүй. Харин 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэсэн байдаг. Энэ тогтоолын гол үндэслэх хэсэгт юу тусгагдсан байдаг вэ гэхээр цалингийн урамшуулал олгох тухай тогтоол байдаг. Уг тогтоол дээр нь ямар нэгэн бүтэц, орон тоо болон хэн нэгэн ажилтныг чөлөөлөх талаар ТУЗ-ийн тогтоолыг огт дурдагдаагүй. Гэтэл урамшуулал олгох тухай тогтоолыг үндэслээд хүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн асуудал болж байна. Хэрвээ өөрсдийнх нь ярьж байгаа орон тоог цөөрүүлж, ажилтанг халж байгаа бол 30 хоногийн өмнө, олноор нь цөөрүүлж байгаа бол 45-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл энэ нөхцөлийг мэдэгдэхгүйгээр тушаал гаргасан. Иймээс энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Дараагийн нөхцөл байдал нь 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг хүлээж авсан шууданд хийсэн гэдэг. Шууданд хийсэн буюу хүргүүлснээр хугацааг тоолох ёстой. Тэгэхээр 10 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөө хүлээж авснаараа хугацааг тоолсон бол 10 дугаар сарын 01-ний өдөр хугацаа нь дуусаж байгаа. Гэтэл 10 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргаж байгаа нь өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 116 дугаар зүйлийг зөрчсөн. Тиймээс гомдол гаргах хугацаагаа алдсан байна. Мөн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх хуульд заасан хугацааг зөрчиж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэж анхан шатны шүүх болон хариу тайлбараасаа эхлэн энэ байр суурьтай явж байгаа. Тэгээд гомдол дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах зохицуулалт, түүнд хамаарах хугацаа, зүйл заалтуудыг дэлгэрэнгүй бичсэн учраас товч байдлаар гомдлынхоо агуулгыг танилцуулъя гэж бодлоо. Олон хүмүүс хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудлаар Таван толгой ХК-тай холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Тухайн цаг хугацаанд компанид хөдөлмөрийн эрхийн маргаан маргаан таслах комисс байгуулагдаагүй байсан учраас компанидаа ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй гэсэн үг. Хуульд заасны дагуу сум, дүүргийн Хөдөлмөрийн ерөнхий маргаан зохицуулах 3 талт хороонд буюу Цогтцэций сумын Хөдөлмөр, нийгмийн халамжийн газарт хандаж гомдол гаргасан боловч Цогтцэций сумын Засаг даргаас тус хороонд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах 3 талт хороо байгуулагдаагүй дараагийн шатанд нь ханд гэсэн байдлаар хариу өгсөн гэж тайлбарлаж байгаа. Тэгээд үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчийн зүгээс дараагийн шатны байгууллага болох Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах комисст гомдлоо гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байдаггүй. Гэхдээ хуульд юу гэж заасан бэ гэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисстой байгууллага, аж ахуйн нэгжид тухайн комисст нь гомдлоо гаргана гэж байгаа. Энэ комисс нь гомдлыг хүлээн авч шийдвэрлээд хариуг нь эс хүлээн зөвшөөрөх юм бол сум дүүргийнхээ хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандахаар хуульчилсан. Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны дараагийн шатны байгууллага нь шүүх болохоос Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороо гэсэн статустай байгууллагыг хуульд тусгаагүй. Нэхэмжлэгчийн хувьд тухайн цаг хугацаанд Цогтцэций сумын 3 талт хороонд хандсан боловч тухайн суманд хороо байгуулагдаагүй учраас хөдөлмөрийн эрхийн маргаанаа өөрсдөө шийдвэрлэх журмаар гомдол гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шууд шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Цогтцэций суманд хороо байгуулагдаагүйг мэдсэнээс хойш 320 гаруй хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг шүүх хүлээн авч, зөвтгөж тайлбарлаад нэхэмжлэлийг шийдвэрлэж байгааг хуульд нийцэхгүй гэж миний хувьд үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь бүхэлд нь хянан үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Тавантолгой ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 144,546,735 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Тавантолгой ХК-ийн Захиргаа, удирдлагын газрын гэрээ, эрх зүйн албаны даргын албан тушаалд ажиллаж байсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын Б/231 дугаар тушаал, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус нотлогдон тогтоогдож байна.
Хариуцагч Тавантолгой ХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/79 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1, Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, нэхэмжлэгч Б.*******г тус компанийн Захиргаа, удирдлагын газрын гэрээ, эрх зүйн албаны дарга албан тушаалаас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2- д Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1-308 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 42 тоот албан бичиг, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,
Нэхэмжлэгч Б.******* хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар шийдвэрлүүлж хариугаа авсны дараа шүүхэд хандсан нь үндэслэлтэй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох газарт хандсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2- т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор. хандах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.
Ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байх ба аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр хэрэгт авагдаагүй, үүнийг нотлоогүй байна гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2025/00270 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ий гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881,035 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА