Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 203/МА2025/00049

 

У.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа , шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 313/ШШ2025/00451 дугаар шийдвэртэй,

У.*******гийн нэхэмжлэлтэй

Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт холбогдох

Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.******* би Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар-т 2020 оны 12 дугаар сарын 14- ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байна. Би хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж улс орон нутгийн чанартай ур чадварын тэмцээнүүдэд амжилт гаргаж ирсэн.

Би өөрийн үүрэгт ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэдэг. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргаар Б.******* гэх хүн томилогдсон. 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт "Тэмээний баяр" болсон бөгөөд энэ үйл ажиллагаанд манай хамт олон их ачаалал, үүрэгтэйгээр оролцсон. Тэр өдрөөс хойш Б.******* даргын зүгээс ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцаж загнаж зандрах нь их болсон.

Миний өөрийн Facebook хаягтаа бичсэн үг, сэтгэгдлүүдийг дарга Б.******* хэвлээд авчихсан. Байгууллагын болон өөрийнх нь нэр хүндэд халдаж байна Facebook дээр нийтлэх үгээ болгоомжтой бич гэж дарамтлах болсон.

Б.*******ийн миний хаяг дээрээс хуулбарлаж хэвлээд намайг дарамтлах болсон тэрхүү нийтлэл дээр нь манай байгууллага болон Б.*******ийн нэр, зураг орсон зүйлгүй. Ямар нэгэн хамааралгүй зүйл байсан. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй надад уурлаж ажлаас гаргахаар шахалт үзүүлж эхэлсэн.

Манай байгууллагын үйлчлэгчид цэвэрлэх ёстой хариуцсан талбайтай байдаг.

Би Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүр буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилчид болон хурлын танхим түүний ариун цэврийн өрөө, шатны хонгил зэргийг бүгдийг нь хариуцан цэвэрлэдэг байсан. 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлчилгээний ахлах Н.******* надад маргаашаас талбай солигдож байгаа Төрийн аудитын байрладаг хэсэг буюу удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг цэвэрлэх ёстой болж байна гэж хэлсэн.

2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөртөө би Иргэдийн хурлын буюу ордны 3 давхрын баруун жигүүр хэсэгт байрлах өөрийн хариуцдаг байсан талбайгаа цэвэрлээд өглөө нь хүний нөөцийн ажилтан Б.*******, Н.******* нарт шалгуулж хүлээлгэн өгсөн. 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Төрийн аудитын байрладаг хэсэг буюу удирдлагын ордны 3 давхрын зүүн жигүүрийг бүрэн цэвэрлэж эхэлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1 давхрын 108 дугаарын өрөөг цэвэрлэ гэж Б.******* хэлсэн.

Миний хариуцсан талбайг ойр ойрхон солиод байгаа, өөр хүний талбайг надаар цэвэрлүүлэх гэж байгаа, урьд нь хариуцаж байсан хүнээр нь цэвэрлүүлж хүлээлгэж өгөхгүй байгаа талаар нь хэлж тайлбар шаардсан.

Дарга Б.******* намайг тэр өрөөг цэвэрлэ гэж уурлаж загнаад байсан. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагт 108 тоот өрөөг цэвэрлэхээр очтол надад түлхүүр байхгүй, жижүүр дээр түлхүүр байхгүй байсан тул хүлээж байгаад 09 цагт тухайн өрөөнд ажилладаг Баярнасан гэх хүнийг ирэхэд нь хамт ороод 30 минутад цэвэрлээд гарсан.

2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цаг 20 минутын орчимд өрөөнд нь ороход дарга Б.******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай "У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаал танилцуулсан. Миний зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй ажил цалгардуулсан зүйл байхгүй.

Иймд Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын дарга Б.*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгоно уу гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.******* болон шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.******* нь Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газарт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүргээ хуваарийн дагуу хийж гүйцэтгээгүй тул байгууллагын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.

Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт өмнө нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн шаардлага болон Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын ёс зүйн дэд хорооноос ирсэн саналыг үндэслэн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчлэгч нарын цэвэрлэх талбайг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хавсралтын дагуу өөрчлөхөөр шийдвэрлэж Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/18 дугаар Талбайн хуваарь батлах тухай" тушаалын хавсралтаар талбайн хуваарь гарган үйлчлэгч нарт танилцуулсан.

Талбайн хуваарилалт хийхээс өмнө У.******* нь Нутгийн удирдлагын ордны 3 давхрын баруун жигүүрийн талбайг цэвэрлэдэг байсан. Талбайн хуваарь батлах тухай тушаалаар У.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эзгүй /өвчтэй/ байсан үйлчлэгч Э.*******ийн хуваарьтай талбайг /108 өрөөг/ цэвэрлэхээр байсан боловч 5 хоног цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй энэ хугацаанд үйлчилгээний ахлах С.*******, менежер Б.******* нар утсаар болон уулзаж шаардлага тавьсан боловч биелүүлээгүй.

Түүнчлэн 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлчилгээний ахлах Б.*******г байлцуулан яагаад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа, шинээр хуваарилсан талбайг яагаад цэвэрлэхгүй байгаа талаар тодруулахад О.******* цэвэрлэж өгөөгүй, би цэвэрлэж чадахгүй. Ер нь цэвэрлэж чадахгүй гэж хэлээд ярилцлагыг дуусгаагүй гараад явсан.

Байгууллагын удирдлагын зүгээс үйлчлэгч У.*******гийн цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг талбайг байн байн сольсон зүйл байхгүй, ажилд томилогдсоноос хойш ирсэн шаардлага, хүсэлтийн дагуу анх удаа нийт үйлчлэгч нарын цэвэрлэгээ, үйлчилгээ хийдэг талбайг нэгдсэн журмаар сольж хуваарилсан болно.

Миний зүгээс ажилтнуудтайгаа бүдүүлэг харьцаж дарамталж байсан зүйлгүй, миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа ажилчдад ажилдаа хариуцлагатай байх, ажлаа чанартай хийж гүйцэтгэх талаар зарчмын шаардлага тавихад зарим нэг ажилчид хүлээж авахгүй тавьсан шаардлагыг эсэргүүцэх үйлдэл гаргаж байсан.

Гэтэл У.******* нь нэхэмжлэлдээ 2025 оны 02 дугаар сараас байнгын бүх ажилчидтайгаа иймэрхүү байдлаар харьцаж эхэлсэн талаар худал бичсэн байна.

Гэтэл У.******* нь намайг өөрт нь шаардлага тавьсан дараа өөрийн цахим хуудсанд түүх /стори/ байдлаар сэтгэгдэл оруулсан байсныг олж уншаад түүнд үзүүлж миний тавьсан шаардлагатай холбогдуулж сэтгэгдэл үлдээсэн эсэхийг асууж тодруулахад юм хэлээгүй.

Бусдаар манай байгууллага, миний нэр хүндэд халдлаа гэсэн утгыг илэрхийлэх гэж хэлээгүй.

Удирдлагын шаардлагыг биелүүлэх дургүй, урьдын назгай байдлаар ажлаа хийх хүсэлдээ худал зүйл бичиж намайг гүтгэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч Өмнөговь аймгийн нийтэг үйлчилгээ үйлдвэрийн газар Улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох Өмнөговь аймгийн нийтэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай" У.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч У.*******д буцаан олгож шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах гомдолдоо: ... Шүүх маргааныг шийдвэрлэж 2025 оны 04 сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэх зөрчилтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ У.*******д дотоод журмыг танилцуулсан эсэх, тухайн дотоод журам эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг мөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн.

Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй зэрэг алдаа гаргасан.

Шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хууль ёсны байх шаардлага хангахгүй байх тул Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 451 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон хэргийг ахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу У.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн Нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газарт холбогдуулан Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээний үйлдвэрийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* эс зөвшөөрч Маргааныг шийдвэрлэхдээ У.*******д дотоод журмыг танилцуулсан эсэх, тухайн дотоод журам эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг мөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй зэрэг алдаа гаргасан. Шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, хууль ёсны байх шаардлага хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэжээ.

Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/5 тоот тушаалын хавсралтаар Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журам-ыг баталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж зааснаас үзэхэд ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргасан, уг үйлдэлдээ буруутай болох нь тогтоогдсон тохиолдолд сахилгын зөрчилд тооцно.

Ажил олгогч Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын дарга нь ажилтан У.*******д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.14, 9.1.15, 9.1.17-д заасныг тус тус зөрчсөн гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газарт менежер ажилтай Б.*******ыг шүүх гэрчээр асуусан ба гэрч Б.******* ...дарга надад үйлчлэгч нарыг хариуцуулсан. Би У.*******г дуудаж уулзаад 3 удаа өрөө талбайгаа яагаад цэвэрлэхгүй байгаа юм бэ гэсэн чинь У.******* би цэвэрлэсэн талбай хүлээж авмаар байна. Журмаараа явъя гэж хэлсэн гэж; мөн тус газрын үйлчилгээний ахлах ажилтай Т.*******г гэрчээр асуусан тэмдэглэлд Үйлчлэгч нарын талбайг сольсон талаараа дарга Б.*******, менежер Б.******* нар танилцуулсан. Ер нь улирал тутамд талбай сольдог. Тэрнээс хойш хуваарилсан талбайд очиж ажиллаагүй учир У.*******д аман сануулах арга хэмжээ авсан гэж тус тус мэдүүлжээ.

Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1-т тус газрын удирдлага, зохион байгуулалтыг заасан бөгөөд үүнд удирдлага гэж дарга, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хариуцсан менежер, хүний нөөц, дотоод ажил, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан ажилтан зэргийг ойлгоно гэж заасан тул У.*******д ажил үүрэг гүйцэтгэх талаар шаардлага тавьсан дарга Б.*******, менежер Б.******* нар нь тус байгууллагын удирдлагад хамаарч байна.

Иймд нэхэмжлэгч У.******* нь үйлчлэгч Э.*******ийн эзгүйд 1 давхрын 108 тоот өрөөний цэвэрлэгээ, үйлчилгээг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэх талаар удирдах ажилтан, албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гэрч Б.*******ын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т зааснаар ажил олгогч хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндсэн эрхтэй, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан ямар төрлийн шийтгэлийг сонгож хэрэглэх нь сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээдэд хадгалагдах бөгөөд нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэлийг гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Өмнөговь аймгийн нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаар У.*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч У.******* нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 313/ШШ2025/00451 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******ын шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч У.******* нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР

 Х.ГЭРЭЛМАА