Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 203/МА2025/00048

 

 

 

2025 оны 11 сарын 19 өдөр Дугаар 203/МА2025/00048 Даланзадгад сум

 

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 313/ШШ2025/00428 дугаар шийдвэртэй

Х.*******гийн нэхэмжлэлтэй

*******д холбогдох

*******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 тоот Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарыг үндэслэл:

Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан Х.******* миний бие тус байгууллагадаа 2003 оноос хойш тасралтгүй 21 жил ажилласан бөгөөд ийнхүү эх баригч, бага эмч, хүний нөөцийн албаны дарга гэх мэт ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа буюу Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллах хугацаандаа нэг ч хөдөлмөрийн сахилга, хариуцлага алдаж зөрчил гаргаж байсан удаагүй билээ. Гэтэл 2024 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын тасгийн эрхлэгч Б.******* нь захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэхээр болсон бөгөөд ийнхүү томилогдсоноосоо хойш намайг ажлаа өг, би хүн хүлээлгэчихсэн байгаа, би чамтай хамтарч ажиллаж чадахгүй, би багаа бүрдүүлнэ гэж дарамталж 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр чөлөө хүссэн өргөдөл гаргахад ажлаа өгчихөөд яв, чөлөө өгөхгүй гэсэн тул арга буюу би хүсэлтээ өгч хүний нөөцийн албаны даргаас хүний нөөцийн албаны менежерээр шилжин ажиллах болсон.

Гэвч Б.******* нь өөрийнхөө гээд байгаа хүнээ хүний нөөцийн албаны даргаар томилоод намайг дарамтаас нь болж албан тушаал буурч хүний нөөцийн албаны менежер болсон байхад мөн л надаас өө хайж, дарамтлах нь улам ихэссэн бөгөөд сүүлд намайг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний бие ийнхүү надад сахилгын шийтгэл ногдуулсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тушаалд дурдсан зөрчлийг гаргаагүй болно. Тодруулбал миний бие хүний нөөцийн албанд цохсон Тусгай мэргэжлийн эмэгтэйчүүдийн судалгаа ирүүлэх тухай албан бичигтэй 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцсан бөгөөд тухайн судалгааг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж телеграммаар албаны дарга Г.******* болон Эрүүл мэндийн газрын Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.******* нарт явуулсан болно. Мөн намайг удирдах албан тушаалтантайгаа зүй бус харьцаж, үг хэлээр доромжилсон гэсэн байх боловч би тийм үйлдэл гаргаагүй тул намайг ажлаас чөлөөлөх шалтаг хайж ийнхүү үндэслэлгүйгээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байна гэж үзэж байна. Магадгүй би үнэхээр ёс зүйн зөрчил гаргасан бол манай байгууллагад байдаг Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоор шалгуулж болох байсан ч ёс зүйн салбар хороонд хандалгүй шууд надад арга хэмжээ авсан нь Б/52 дугаартай тушаалыг үндэслэлгүй болохыг улам батлан харуулж байна.

Иймээс би надад сахилгын шийтгэл ногдуулсан Х.Шаравын нэрэмжит *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/52 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын үндэслэл:

Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагуудыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар Х.*******д албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, хууль ёсны шийдвэр юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариу тайлбарт: 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Б/52 дугаар тушаал гардуулсан бүртгэлийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай албан бичгийн хуулбар, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/73 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.*******гийн хариу тайлбарын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг хавсаргав гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.*******г хүний нөөцийн менежер албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******д хүний нөөцийн менежер ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг бодож олгохыг хариуцагч *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн

41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-р хуудаст Х.*******г Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ ...гэрч Г.*******ий шүүхэд өгсөн тухайн судалгааг судалгааны хугацаа дууссан буюу ажлын цаг дууссан дууссаны дараа явуулсан байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж,

Мөн анхан шатны шүүх үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тодруулахад шаардлагыг эсэргүүцэж, үүрэг даалгаврыг биелүүлэхийг татгалзсан, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцаж, хэл үгээр доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан байх ба удирдах албан тушаалтан буюу Хүний нөөцийн албаны дарга Г.******* нь энэ талаар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд гомдол гаргаагүй гэж мэдүүлсэн ба ... хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна." Гэж тус тус дүгнэжээ.

Гэтэл гэрч Г.******* нь ...Х.******* эгч андуурч манай албанаас гаргадаг судалгаа биш. Өмнө нь ийм судалгаа ирж байгаагүй гээд тухайн судалгааг гаргаж өгөхгүй, хийхгүй гэдгээ илэрхийлсэн. ... Тэгээд би Х.******* эгчид хэлэхэд хийхгүй гэсэн. Тэгэхээр би төрийн албаны ажил тасралтгүй явагдах ёстой хийхгүй байж болохгүй гэхэд би чамаар заалгахгүй, хуц чи гэж хэлээд судалгааныхаа цаасыг өөрийнхөө ширээг давуулаад миний хөлийн хажуу руу газарт шидсэн гэх мэдүүлгээс үзэхэд Х.******* нь Удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг эсэргүүцсэн, татгалзсан мөн ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтантай зүй бусаар харьцан зохисгүй үйлдэл гаргасан гэж үйл баримтын талаар мэдүүлсэн байдаг.

Мөн хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл оногдуулах процессын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт тодорхой заасан.

Уг заалтын дагуу ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө энэ талаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, тайлбар авч, хурлаар хэлэлцэж, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Гэтэл ёс зүйн салбар хороонд энэ асуудлаар шалгаж тогтоогоогүй, 2025 оны 01 сарын 09-ний өдөр уг судалгааг гаргаж хүргүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ажил олгогчийн зүгээс удирдах албан тушаалтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан харьяалах албан тушаалтны шаардлагыг эсэргүүцсэн, татгалзсан гэх сахилгын зөрчил гаргасан гэж маргаж байхад шүүх зөвхөн биелүүлээгүй гэх татгалзалд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасныг нотлон тогтоосны үндсэн дээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие нь эрүүл мэндийн салбарт 34 жил тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн харилцаа, хандлага болон ёс зүйн зөрчил үйлдэлж байсан тохиолдол нэг ч удаа байхгүй. Манай байгууллага дээр 9 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо гэж Эрүүл мэндийн яам, эмнэлгийн мэргэжилтний хяналтын хорооны баталгаажуулсан салбар хороо ажилладаг. Байгууллагын хувьд ёс зүйн зөрчил болон харилцаа хандлагын зөрчил гаргасан тохиолдолд энэ байгууллагын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороогоороо заавал авч хэлэлцдэг. Уг хороо нь ёс зүй, харилцаа хандлагын зөрчил гаргасан, үгүйг тогтоож дүгнэлт гаргаад, дүгнэлтийг тухайн байгууллагын удирдлагад хүргүүлж, байгууллагын удирдлага сахилгын арга хэмжээ тооцох, үгүйг шийдвэрлэдэг журамтай. Миний хувьд ёс зүйн зөрчил болон ёс зүйгүй үг үйлдэл гаргаагүй. Уг судалгааг 01 дүгээр сарын 10-ны дотор гаргаж өг гэсэн албан бичиг байсан. Би уг судалгааг 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу нэг өдрийн өмнө гаргаж өгсөн байдаг. Үүнийг гэрч н.******* болон байгууллагын телеграммаар албаны дарга н.******* болон Эрүүл мэндийн газар руу явуулсан тухай хуулбарыг гаргаж өгсөн. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбогдуулан гэрчээр н.*******ийг асуудаг боловч н.******* нь нэхэмжлэгч Х.*******г тус зөрчлийг гаргасан гэх үйл баримтыг нотолж тогтоодоггүй. Өөрөөр хэлбэл тусгай мэргэжилтнүүдийн судалгааг 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гаргаж ирүүлэх талаар албан бичиг ирсэн. Х.*******гийн зүгээс тус судалгааг 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж н.******* болон Эрүүл мэндийн газар руу явуулсан. Үүнийг н.******* гэрчилдэг. Тэгэхээр үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан гэх үндэслэл нь н.*******ий мэдүүлэг болон судалгааг гаргаж явуулсан үйлдэл зэргээр няцаагдаж, үгүйсгэгдэнэ гэж үзэж байна.

Хоёрт нь удирдлагатай зүй бус харьцаж, үг хэлээр доромжилсон, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх агуулгаар тушаалаа гаргадаг. Гэтэл нэхэмжлэгчийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэдэгтэй холбогдуулан шалгаж, тогтоосон, дүгнэлт гаргасан үйл баримт байдаггүй. Зөвхөн гомдол гаргагч гэх юм уу? н.*******ий тайлбар дээр үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан байдаг. Үүнийг хариуцагч тал шалгаж тогтоосон гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь мөн үгүйсгэгддэг. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид гардуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хурлаар авч хэлэлцэхээсээ өмнө тухайн этгээдийг зөрчил гаргасан гэдэг дүгнэлтийг хариуцагч тал гаргасан. Харин ямар хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг чинь шийдвэрлэх гээд байна шүү гэсэн агуулга бүхий мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн байдаг. Удирдлагын багийн хурал дээр гомдол гаргагч гэх юм уу, албан ёсоор н.*******ий зүгээс хүний нөөц, ёс зүй, чанарын алба ч гэдэг юм уу даргадаа бичгээр гомдол гаргасан зүйл огт байдаггүй. Огт бичгээр гомдол гаргасан зүйл байхгүй гэдгийг н..******* мөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхойлсон байдаг. Гомдлын нэг тал болох энэ үйл баримтыг мэдээд байгаа н.******* нь удирдлагын багийн хуралдаа өөрөө ороод шийдвэр гаргах процесст нь оролцсон байдаг. Тэгэхээр энэ удирдлагын багийн хурлыг ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор ч гэдэг юм уу, эсвэл зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилготой ч гэдэг юм уу, ийм хурал болсон эсэх нь эргэлзээтэй.

Энэ бүх нөхцөл байдлуудаас үзэхэд дээрх тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогддог. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуультай холбогдох заалтыг тайлбарласан тайлбарууд болон зөвлөмжүүд байдаг. Энэ зөвлөмжүүд дээр юу гэдэг вэ гэхээр тухайн ажилтанд сахилгын шийтгэл ноогдуулахаар бол зөрчил гаргасан эсэхийг зайлшгүй шалгаж тогтоох шаардлагатай гэсэн байдаг. Тэгэхээр зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоосон зүйл байна уу? Ажил олгогчийн зүгээс үүнтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн бэ гэхээр Х.*******г дээрх зөрчлүүдийг гаргасан эсэхийг шалгаж тогтоосон зүйл огт байдаггүй. Хариуцагч талаас энэ хурлын тэмдэглэлээр бид нар шалгаж тогтоосон, өөрөөс нь тайлбар авсан гэдэг агуулгыг тайлбарладаг боловч хурлын тэмдэглэлд зөрчлийг шалгаж тогтоогоод байгаа процесс огт байхгүй. Тэгэхээр анхнаасаа зөрчлийг нь шалгаж тогтоолгүйгээр тухайн этгээдэд үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон үйл баримт хэргийн хүрээнд тогтоогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ манай хөдөлмөрийн дотоод журмыг дүгнэн хэрэглээгүй. Хэрэглэх ёсгүй 19.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дүгнэлт гаргаад байгаад гомдолтой байна. Ажил гүйцэтгэх хөдөлмөрийн гэрээ гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцаа буюу хөдөлмөрийн иргэний эрх зүй дэх гэрээ байдаг. Тэгэхээр иргэний эрх зүй дэх гэрээтэй холбоотой харилцааг гэрээний талууд буюу энэ тохиолдолд ажил олгогч, ажилтан нар хоорондоо гэрээгээ дүгнэнэ. Хэн нэгэн этгээдээс, эсвэл ёс зүйн салбар хорооноос заавал дүгнэлт авч байж би гэрээгээ дүгнэх гэсэн иргэний эрх зүйн харилцаанд зарчим байхгүй. Тэгэхээр гэрээгээ дүгнэсэн. Гэрээнд заасан үүрэг даалгавар болон гэрээгээр ямар үүрэг хүлээж байгаа вэ гэхээр хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлнэ гэсэн үүргийг ажилтан хүлээж байгаа. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмын 17.3.2-оос 17.3.3 дугаар бүлэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг гаргасан. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тухайн өдөр н.******* гэдэг хүнтэй болсон үйл процесс нь нийтдээ 3 сахилгын зөрчил гаргах бүх нөхцөлийг хангаж байгаа гэж үзэж байна. Үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзаж, шаардлагыг эсэргүүцсэн, удирдах албан тушаалтантайгаа зүй бусаар харьцсан нь 17.3.2-оос 17.3.5-д заасан сахилгын зөрчил болжээ гэж дүгнэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн дүгнэлт бүрэн бус, нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. н.******* гэрчийн мэдүүлэг дээр энэ үйл баримт болсон. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ингэж татгалзаж, эсэргүүцээд байсан гэдэг. Нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй. Ийм байтал хэт нэг талыг барьж, нотлох баримтын дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд тохироогүй дүгнэлт гарсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Х.*******гийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч *******д холбогдуулан *******ийн захирлын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/52 тоот Х.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 9,945,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, тогтоожээ.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, ажилтнаас хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Хэрвээ ажилтан сахилгын зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, татгалзсан, эсэргүүцсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол үүнийг шалгасны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ ажил олгогчид байна.

 

Гэвч хэргийн баримтаар Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4.4, 19 дүгээр зүйлийн 19.3-д тус тус зааснаар ажилтан Х.*******тай холбогдох хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаарх гомдол, саналыг хэн, хэзээ, хэнд гаргаж, түүний ажлын хариуцлага болон ёс зүйтэй холбогдох гомдлыг хэрхэн яаж шалгаж тогтоосон нь тодорхойгүй. Түүнчлэн маргаан бүхий тушаалд хүний нөөцийн менежер Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн судалгааг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан, уг судалгааг 2025 оны 01 сарын 10-ны дотор гаргаж цахим хаягаар хүргүүлэх хугацаатай байх ба 2025 оны 01 сарын 09-ний өдөр уг судалгааг гаргаж хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон гэрч Б.*******ий шүүхэд өгсөн тухайн судалгааг судалгааны хугацаа дууссан буюу ажлын цаг дууссаны дараа явуулсан байсан гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.  

Иймд ажил олгогч нь хуульд заасан ямар үндэслэлээр ажилтныг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан талаарх үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

 Ажилд эгүүлэн тогтоосны үр дагаврыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорыг бодож олгохыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцсэн.

Нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасныг нотлон тогтоосны үндсэн дээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулга бүхий хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 313/ШШ2025/00428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА

 

Л.УГТАХБАЯР