Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 143

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч Х.Ө,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002850183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 2000 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймагт Политехникийн коллежийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар баг, Бор бургаст гэх газар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х-б овогт Бн Б, регистрийн дугаар БА...................

 

Шүүгдэгч Б.Бийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б овогтой Б нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэвсэх” нэртэй газарт иргэн Б.Гийг өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Шүүгдэгч Бн Б нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэвсэх” нэртэй газарт иргэн Б.Гийг өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

                 - Шүүх эмнэлгийн шинжээч эмч К.Хын 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаартай “... Иргэн Б.Гийн биед тархины доргилт, даралт, зүүн ба баруун нүд хавдар, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралт, хамрын яс хугарсан, хамрын нуруунд хавдар, хамрын нурууны мурийлт зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Иргэн Б.Гийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно” гэх /хх-ийн 38/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

           

            Хохирогч Б.Гийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Б учруулсан болох нь:

            - Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэвсэх” гэдэг зусланд байдаг нагац ах П.Бийн гэрт сууж байтал гаднаас Б.Б, Б.Б-Э хоёр орж ирээд “Чи миний ээжийг доромжилж хэрэлдсэн гэсэн билүү” гээд Б.Б намайг эхэлж зодсон. Тэгээд миний нүүрэн тус газар гараараа зодсон. Миний хамар нүд рүү гараа атгаж байгаад 2-3 удаа зодсон. Тэгээд надтай зууралдаад байж байтал Б.Б-Э бид хоёрыг салгах үед миний хамраас цус гарахаар нь би П.Бийн гэрээс гараад гүйж гэрт очсон. Манай ээж, аавыг дагуулаад Б.Б, Б.Б-Э хоёрыг ямар учраас зодсоныг асуух гээд гэрт нь очих гэтэл ойртуулахгүй хэрэлдэж байгаад гэрт буцаж ирсэн. Миний бие халуураад байхаар нь багийн эмч Б.Мыг манай ах Б.Т дагуулж ирж үзүүлэхэд маргааш сумын төвд очиж эмчид үзүүл гээд бичиг хийж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

- Гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Б.Г манайд 20 цагийн үед орж ирсний дараа Б.Б, Б.Б-Э хоёр орж ирээд Б.Г рүү Б.Б дайрч “Чи миний ээжтэй сумын 60 жилээр хэрэлдэж хэл амаар доромжилсон уу” гэж асуухад Б.Г юм дуугарахгүй байхаар нь Б.Б шууд гараараа нүүр хацар луу нь 2-3 удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж байх үед Б.Б-Э Б.Гийг салгахад хамраас нь цус гарсан. Тэгээд гэрээс шууд гүйгээд гарсан. Араас нь Б.Б-Э, Б.Б нар ч гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай дүү Б.Б бид хоёр П.Бийн гэрт нь очиход тэдний гэрт Б.Г байсан.  Манай дүү Б.Гээс “Чи манай ээжтэй 60 жилийн ойгоор бас хэрэлдсэн гэсэн байхаа” гэж асуухад дуугарахгүй байхаар нь манай дүү Б.Гийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд манай дүүтэй зууралдахаар нь би салгасан. Тэгээд Б.Гийн хамраас цус гараад П.Бийн гэрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ах бид хоёр П.Бийн гэрт яагаад биднийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэдгийг асуух гэж гэрт нь очиход Б.Г хамт байсан. Би Б.Гээс “Чи Алтай сумын 60 жилийн ойгоор манай ээжтэй хэрэлдэж хэрүүл маргаан хийсэн юм биш үү” гэж асуухад үгүйсгээд байхаар нь уур хүрээд нүүр лүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Б.Бийн эмчилгээнд гарсан зардлыг төлж өгөх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Ирэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан тул хохирогч Б.Гийн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Б.Боос гаргуулах нь зүйтэй байна.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд нийт 3206000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан. Уг хохирол бол Алтай сумаас Баян-Өлгий аймагт ирсэн унааны зардал, эм тариа авах, эмнэлэгт үзүүлэх зэрэгт гарсан зардал байгаа. Өнөөдрийн байдлаар манай дүү Б.Б Улаанбаатар хот руу хамраа эмчлүүлж хагалгаанд орохоор эмчилгээнд явсан. Үүний баримтыг сая шүүх хуралд гаргаж өгсөн. Одоогийн байдлаар гарсан зардал ийм байна. Цаашид хэдэн төгрөгөөр хамрын хагалгаанд орж ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Иймд өнөөдрийн байдлаар учирсан нийт хохирлыг гаргуулж өгнө үү. Цаашид гарах хохирлыг дараа нь иргэний журмаар нэхэмжлэх болно” гэв.

            Шүүхээс хохирлын талаарх нотлох баримтыг шинжлэн судлахад хавтаст хэрэгт хохирогч Б.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нарын Баян-Өлгий аймгийн Алтай сумаас Баян-Өлгий аймагт ирж буцсан унааны зардлын талаарх 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн баримт, /гэрч Е.Ж, Г.Б, Б.З нарын мэдүүлэг, хх-ийн 34-36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч Б.Гийн Улаанбаатар хот руу эмчилгээнд эгч Б.У-тай хамт явсан нийтийн тээврийн зорчих 172000 /нэг зуун далан хоёр мянга/ төгрөгийн тасалбар зэрэг хохирлын талаарх баримт байна. Харин эмнэлэгт үзүүлсэн, эм тариа авсан болон бусад зардлын талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх уг хохирлыг гаргуулах боломжгүй байна. Иймд шүүхээс хэрэгт нотлох баримтаар тогтоогдож буй нийт 272.000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Боос гаргуулж хохирогч Б.Гд олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч Б.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна. 

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 55 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо. 

Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын талаарх 4 хуудас баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох иргэний үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хар бүргэд овогт Буяндалайн Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 272.000 /хоёр зуун далан хоёр мянган/ төгрөг гаргуулан хохирогч Б.Гд олгож, хохирогч Б.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц нар нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн болон бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын талаарх 4 хуудас баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргасугай.
  8. Шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэрэгт шүүгдэгч Б.Бийн иргэний үнэмлэх ирүүлснийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОРЖБАЛ