| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0145/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 145
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Орчуулагч, хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003070200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1974 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, О овогт Б-ийн Ж, регистерийн дугаар БЛ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах “Тариалангийн талбай”-д хадлангийн маргааны улмаас Д.Кыг гартаа барьсан хадуураар зүүн талын шилбэний ар хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Б.Ж нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багт байрлах “Тариалангийн талбай”-д хадлангийн маргааны улмаас Д.Кыг гартаа барьсан хадуураар зүүн талын шилбэний ар хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
- Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 373 дугаартай: “...Иргэн Д.Кын биед зүүн шилбэний ар доод хэсгээр хөндлөн хэлбэрийн зүсэгдсэн /оёдол тавьсан/ шархтай, зүүн шилбэний хөдөлгөөн дунд зэргийн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Иргэн Д.Кын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Д.Кын биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөх чадварт түр нөлөөлөх болно” гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/ шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Кын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хохирогч Д.Кын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Б.Ж учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Кын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө 08 цагийн үед аав Ж, ээж О нарын хамт Цэнгэл сумын 8 дугаар баг усалгааны систем нэртэй газарт байрлах хадлангийн талбайд очиж зоон татаж хадлан хадаж байхад Б.Ж гэх хүн ирээд “Та нар хадлангийн талбайн зооныг ингэж татах ёсгүй, би өөрөө татна” гэж манай аав Жд хэлэхэд Ж “Чи юу болно гэж өөрөө татах ёстой юм бэ, бид өөрсдийнхөө газрыг өөрсдөө зоон татаж хадаж байна. Өөр хүний газар луу бид нар ороогүй” гэж хэлэхэд Б.Ж өөрийнхөө хадлангийн талбай руу буцаж очоод хадуур авч ирээд манай хадлангийн талбай руу ороод хадаж эхэлсэн. Би Б.Ж руу очиж “Та яагаад манай хадлангийн талбайгаас хадаж байгаа юм бэ, өөрийнхөө талбайгаас хадаарай” гэхэд тухайн хүн “Би хэний талбайгаас хадна өөрөө мэднэ” гэж хэлээд надад хадуурдана шүү гэж хэлсэн. Би чаддаг юм бол хадуурдаарай гэхэд Б.Ж гартаа барьсан хадуураар миний хөл рүү цохих үед би Б.Жийг заамдаж барьж авахад манай аав Ж, ээж О нар ирж бид хоёрыг салгаж авсан. Тэгээд би алхах гэтэл миний хөл өвдсөн бөгөөд хөл рүү харахад маш их хэмжээний цус гарч байсан ба би Б.Жэд миний хөлийг хадуураар зүссэн байна гэхэд хохь чинь гэж хэлсэн. Миний хөлнөөс цус их гарсан учир хөлөө боож аваад сумын эмнэлэг рүү очиж Ө эмчид үзүүлж цэвэрлүүлж боолгож аваад аймаг руу явсан. Миний бие гэмтлийн улмаас 1 сая төгрөг орчим мөнгө зарцуулсан. Надад учирсан 1 сая төгрөгийг Б.Ж төлж өгч уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,
2. Гэрч Б.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө эхнэр болох О, төрсөн дүү болох Ж.Кын хамт Цэнгэл сумын хажууд байдаг хадлангийн том хашаанд өөрийн хадланд өвс хадах гэж очсон. Хадлангаа хадаад байж байхад 13 цаг өнгөрч байхад манай хадлантай хил залгаа өвс хаддаг Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Б.Ж гэдэг залуу ирсэн юм. Ж.К бид хоёр хадуураа ирлэхээр майхан руу явсан бөгөөд 14 цаг 30 минутын үед Б.Ж надад ирж та манай газар руу жаахан орсон байна гэж хэлсэн. Тэгээд би манай газрын зааг энэ чулуун дээр байна гэж үзүүлсэн чинь Б.Ж нэг харчихаад яваад өгсөн. Тэгээд би майхандаа ирээд эхнэр, дүү хоёрт Б.Ж манай газар луу ирсэн байна гэж хэлсэн. Тэр үед Ж.К тэгвэл би яваад уулзаад ирье гэж дүү Ж.К Б.Ж руу явсан. Тухайн үед эхнэр бид хоёр цай уугаад сууж байсан. Тэрээр Б.Ж манай дүүг захаас нь боож барьсан байсан юм. Тэгээд эхнэр бид хоёр очиж салгаж авсан ба салгаж авсны дараа Ж.К доголж байсан. Тэгээд өмдийг нь шууж үзэхэд зүүн талын хөлийн шилбэний ар хэсгээс цус гарч байсан. Эхнэр бид хоёр хоёр талаас нь түшиж майхан руу авч ирээд алчуураар боож өгсөн юм. Тэгээд сумын эмнэлэгт очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
3. Гэрч Т.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өглөө Цэнгэл сумын хажууд байрлах хадлангийн талбайн хашаанд байдаг өөрсдийн хадланд очоод манай нөхөр болох Ж, дүү болох Ж.К нар өвс хадаж байсан. Ж.К Ж бид хоёрын хүү бөгөөд эмээгийн нэр дээр буулгаж өгсөн юм. Тэгээд хадлангийн талбайд байхад 14 цаг 30 минутын үед хоол, унд бэлдээд бүгдээрээ хоол унд идэх гэж сууцгаасан юм. Тэр үед миний нөхөр Ж түрүүлж ирээд хадуураа ирлэж байсан ба Жаас Б.Ж яах гэж чам дээр очсон бэ гэж асуусан. Учир нь Ж ирэхээс өмнө Жы хажууд Б.Ж ирээд юм ярьж байгаад явсан. Тэрээр Ж хэлэхдээ “Б.Ж та нар миний газар луу орчихсон байна. Би хил заагаа өөрөө татна” гэж байна гэсэн. Тэгээд Ж.К би Б.Жтэй уулзаад ирье гэж явсан бөгөөд урдаас нь Б.Ж өвс хадах гэж хадуураа барьж ирж байсан. Тэгээд тэр хоёр зууралдаж байхаар нь түрүүлээд Ж гүйж очсон ба араас нь би ч гүйж очсон. Тэрээр Б.Ж Ж.Кын захаас нь заамдаж барьж зогсож байсан. Тэгээд бид нар очиж салгаж авсан бөгөөд Ж.К Б.Ж руу та миний хөлийг хадуураар цохичихлоо шүү дээ гэж хэлэх үед Б.Ж чи юу яриад байгаа юм бэ, өөрөө хөлөө гэмтээчихээд гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид нар Ж.Кын өмдийг дээшээ сөхөж үзэхэд зүүн талын хөлийн шилбэний ар хэсгээс цус их гарсан байсан юм. Тэгээд дагуулаад майхан руу ирсэн. Б.Ж Ж.Кыг хадуураар цохиж авах шиг болохоор нь би “тэнд юу болоод байна” гэж хэлээд Ж түрүүлж гүйж очсон бөгөөд араас нь би очсон ” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
4. Гэрч К.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд албан өрөөндөө сууж байхад Цэнгэл сумын 9 дүгээр багийн иргэн Д.Кыг нэг эмэгтэй хүн дагуулж ирээд үзүүлсэн санагдаж байна. Тухайн үед Д.К өөрөө явж ирсэн бөгөөд Б.Ж гэх хүн хадлангийн маргаанаас болоод миний хөлийн ар талыг хадуураар цохиж авлаа гэж хэлсэн. Тэрээр би үзэх үед зүүн талын хөлийн шилбэний ар хэсэгт 2-3 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай байсан тул үзлэг хийж боолт хийж өгөөд 1 ширхэг оёдол тавьж өгье гэхэд Д.К би аймаг руу очиж үзүүлэхгүй бол болохгүй гэхээр нь аймаг руу явах гэж байсан аймгаас ирсэн машинд суулгаж өгөөд явуулсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Би өвчин намдаах тариа хийж өгөөд амбулаториор эмчлүүлэгчийн картын эхний нүүрэнд үзлэгийн тэмдэглэлийг бичиж өгсөн. Д.Кын хөлийн арьс л гэмтсэн бөгөөд шөрмөс гэмтсэн байна гэж огт хэлээгүй. Д.К надаас шөрмөс гэмтсэн байна уу гэж асуухаар нь тийм зүйл анзаарагдахгүй байна. Арьс л зүсэгдсэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Цэнгэл сумын 6 дугаар баг Уст тохой гэх газарт оршин суудаг бөгөөд тус сумын 8 дугаар багт байдаг “Тариалангийн талбай” дотор 1 га газраас хадлан авдаг юм. Уг хадлангийн талбайг иргэдэд хувааж эзэмшүүлэх үед авч байсан ба 20-иод жил уг хадлангаас өвс хадаж байгаа юм. Миний баруун талын талбай манай сумын иргэн Б.Ж гэх хүний талбай юм. Тэрээр 2019 оны 08 дугаар сарын дундуур хадлангийн талбайд хүмүүс хадлан хадаад эхэлсэн тул би ч гэсэн очиж хадлангаа эхэлсэн. 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчимд байх хадлан хадаж байгаад харсан чинь Б.Ж миний талбай руу ороод өвс хадсан байхаар нь би очиж Жд та миний талбай руу орчихсон байна гэхэд Ж юм дуугарахгүй үлдсэн. Тэрээр би майхан руу очиж сэрээгээ авч ирээд хоёр хүний талбайн заагт зоож тавьж Жд очиж та миний хадлангийн талбай руу битгий ороорой гэж хэлээд явсан. Тухайн үед Ж, эхнэр нь болох О болон Ж.К нар цай уугаад майхны хажууд сууж байсан. Тэгээд буцаж очиж хадлангийн талбайн зааг орчмыг хадуураараа хэд хадчихаад эндээс цаашаа хадаарай гэхэд Д.К над руу гүйж ирээд наад газраа битгий хад гэж маргаан гаргаж гүйж ирээд миний хадуурыг барьж авсан. Тэрээр би хадуурыг тавь гэхэд булаацалдаад байсан. Тэрээр тэгвэл би чамайг хадуураар цохино шүү гэхэд цохиж байхгүй юу гэхээр нь айлгах гэж хадуураар цохих үед хөл рүү нь хүрчихсэн. Тэгээд би хадуураа хаячихсан бөгөөд хадуурыг Д.К аваад цаашаа шидчихсэн ба намайг ирж заамдаж авсан. Тэрээр би бас заамдаж аваад бид хоёр ноцолдсон бөгөөд миний хөл рүү 1-2 удаа өшиглөсөн бөгөөд Д.Кын хүрэм нь урагдчихсан байсан. Тэр үед Ж, О нар гүйж ирээд бид хоёрыг салгаж аваад явсан. Би Д.Кын хөл рүү хадуураар цохиж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Д.Каас уучлалт гуйж хоорондоо эвлэрч надаас нэхэмжилсэн 1 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Надад ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хэргийг минь түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Жийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Жийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Кын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Кын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохиролд 1000.000 төгрөг төлж барагдуулсан ба хохирогч Д.К “цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Ямар нэгэн гомдол санал, маргаан байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Б.Жийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Жэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ж урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 65 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй байна.
Шүүгдэгч Б.Жэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ