Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02108

 

 

 

 

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13778 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

1,324,050 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,324,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй, зардал нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн хуралд оруулаагүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг зааснаар сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргийг хүлээдэг.

Энэ зохицуулалтын хүрээнд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******, 1 тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэг хүлээх эсэхэд хариуцагч маргаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зөвхөн төлөх хэмжээ дээр маргасан тул түүнд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

 

3.1. ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг давхарт буюу өргөтгөлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хамаарч Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталсан жишиг үнийг баримтлан тооцохоор шийдвэрлэсэн.

Үүнийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой шаардах эрхийг өмчлөгч хэрэгжүүлдэг тул зардлын хэмжээг нэмэгдүүлсэн хуралд хариуцагчийг оролцуулаагүй гэх гомдлыг хангахгүй.

Цаашид хариуцагч нь өмчлөгчөөр дамжуулан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар шаардлага тавих, гомдол гаргах эрх нээлттэй.

 

3.2. Нэмэгдсэн зардлаар тооцоход хариуцагч нь эзэмшиж буй өргөтгөлийн хэсгийн 50 м.кв талбайд 150,000 төгрөг /50*3,000/, орон сууцны 30.1 м.кв талбайд 45,150 төгрөг /30.1*1,500/, нийт 1 сард 195,150 төгрөгийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд төлөх үүрэг хүлээжээ.

Энэ тооцооллын дагуу бодоход нэхэмжилсэн хугацаанд төлөх зардлын хэмжээ 1,366,050 төгрөг болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд 1,324,050 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцэж байна.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй хуулийн зохицуулалт баримталсан байгааг залруулж, зохих өөрчлөлт оруулна.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13778 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 13.3 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ