| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0673/Э |
| Дугаар | 690 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 690
2019 9 07 2019/ШЦТ/690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Нямсүрэн /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтангэрэл овогт Цэцэгмаагийн Энхбаатарт холбогдох эрүүгийн 1911017050815 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өрмийн мастер, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 32 дугаар гудамжны 4716 тоотод оршин суух,
урьд: Октябрийн районы ардын шүүхийн 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнссэн.
Баянгол дүүргийн шүүхийн 1994 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 257 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 537 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Алтангэрэл овогт Ц. Э., /РД:..........
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Яргайтын 32 дугаар гудамжны 4716 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Уранцэцэгтэй маргалдан улмаар нүүрний духны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Ц.Уранцэцэг, Ц.Цогзолмаа бид 3 Чингэлтэй дүүргийн 7 буудлын эцэст 3 шил 0,750 гр “Хараа” нэртэй архи хувааж уучихаад манай эхнэр Ц.Уранцэцэг гадаа гудамжинд уугаад яахав дээ манай гэрт очиж ууцгаая гээд бид нар бөөнөөрөө манай гэр рүү очсон. Замаараа дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай орос пиво 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч манай гэрт очиж бөөнөөрөө ууцгаасан. Ингээд Чингисийг Цогзолмаатай гэрт үлдээгээд гаднаас нь цоожлоод хар Сүхээ манай эхнэр Ц.Уранцэцэг хоёр хашаанаас гарч яваад удалгүй гаднаас манай эхнэр Ц.Уранцэцэг орж ирэхдээ зүүн талын нүдний дээд талаас цус гарчихсан байдалтай орж ирсэн. Тухайн үед би хашааны зүүн талын буланд пиво архи хоёр талдаа орчихсон үлдээсэн байхаар нь уух гээд үлдчихсэн байсан юм. Тэгээд би эхнэрээсээ асуухад хүнд зодуулаад ирлээ гэж хэлэхээр нь би эхнэр Ц.Уранцэцэгт одоо хүү Эрдэнэцогтод орж хэлээ, намайг зодсон гээд бодчих байхаа гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Тэгээд Эрдэнэцогт нь цагдаад дуудлага өгсөн. Би гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” /хх-ийн 45-46х/,
Хохирогч Ц.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хамтран амьдрагч Ц.Э, Ц.Цогзолмаа бид гурав Чингэлтэй дүүргийн 7 буудлаар явж байгаад замдаа хар Сүхээ, Чингис нартаа таараад 7 буудлын эцэст бид нар 3 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад манай гэрлүү Ц.Э, Цогзолмаа, хар Сүхээ, Чингис бид тав манай гэрлүү явсан. Манай гэрт ирээд 1 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архи, 2,5 литрийн савалгаатай орос пиво хувааж ууцгаасан. Тухайн үед Чингисийг Цогзолмаатай гэрт үлдээгээд гаднаас нь цоожлоод хар Сүхээ, Ц.Э хоёр хашаанаас гараад хоол авна гээд явсан. Би тухайн үед хашаан дотроо хэвтэж байтал гаднаас Ц.Э хар Сүхээг түрүүлээд явчихлаа гэж хэлээд Ц.Э тоос сорогч авахаар нь би Ц.Эт хандан “мөнгөтэй байж яах гэж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Ц.Э миний толгойруу цохих шиг л болсон. Тэгээд би доошоо суугаад зүүн талын нүдрүү халуу дүйгээд ирэхээр нь гайхаад гараараа барьтал цус гарч байсан. Тэгээд гаднаас хаалга онгойлгон гэрлүүгээ орж, хүүгийнхээ гэрлүү ороод ийм асуудал болсон гэж хэлсэн...” гэх /хх-ийн 14-15х/,
Гэрч Ц.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 онд зүүн талын гуянд хутгалсан, 2018 онд толгойны ард дагзруу хутгалсан...’ гэх /хх-ийн 18-19х/,
Гэрч Д.Чингис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энхбаатар бол ер нь байнгын хутгатай явдаг хүн байгаа юм. Тухайн үед өөрт нь мөн хутга байсан. Хутга нь жижиг эвхдэг тонгорог хутга байх шиг байсан. Яг юунаас болж муудалцсан талаар нь би сайн мэдэхгүй. Намайг гэрт цоожлоод гараад гадна хашаанд чанга чанга яриад байхаар нь би гайхаад цонхоор харахад л дээр хэлсэн үйл явдал болсон...” гэх /хх-ийн 20-21 х/,
Гэрч Ц.Цогзолмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ундаа эгч гаднаас манай нөхөр миний нүдрүү хутгалчихлаа гээд ороод ирсэн. Би гэхдээ яг хараагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 23-24х/,
Гэрч Б.Эрдэнэцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ер нь бол архины мөнгө төгрөгнөөс л болдог юм. Урд нь 2 удаа муудалцаад Энхбаатар нь манай ээжийг хутгалж шалгуулж байсан. 2017 онд гуянд хутгалаад шалгуулж байсан. 2018 онд толгойд нь хутгалаад шалгуулсан. Энэ хэргүүд яаж дууссан талаар нь мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 25-26х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 7339 дугаартай шинжээчийн
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Эыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр иштэй эвхдэг, нийт урт нь 17см, бариулын урт нь 10 см, ажлын хэсгийн урт нь 7 см хутга нэг ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алтангэрэл овогт Ц Э эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн төмөр иштэй эвхдэг, нийт урт нь 17см, бариулын урт нь 10 см, ажлын хэсгийн урт нь 7 см хутга нэг ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД