Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01845

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05548 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 377,094,400 төгрөг, алдангид 188,547,200 төгрөг, нийт 565,641,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-д эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******* ХХК-тай байгуулсан 22/18 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, үлдэгдэл, алданги шаардах, төлбөрийг хүлээн авах, гаргуулах болон шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хүлээн авах гээд бүх эрхийг шилжүүлж авсныг үндэслээд хариуцагчаас төлбөрийг үүргийн шаардаж байгаа.

1.2. Бетон зуурмагын үлдэгдэл 377,094,400 төгрөг болох талаар талууд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хамгийн сүүлд тооцоо нийлсэн. Гэтэл хариуцагч тал тооцоо нийлснээс хойш төлбөрөө хийгээгүй 3 жил болж байна.

1.3. Гэрээний 4.3-т алдангийн талаар тохиролцсон бөгөөд харицагч талаас алдангид 188,547,200 төгрөг, нийт 564,641,600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2021-2022 оны 4 сар хүртэл үргэлжилсэн. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр нийт бетон зуурмагийн үнэ 1,835,931,000 төгрөг өгөх ёстойгоос 1,716,835,350 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг дансаар 864,143,750 төгрөгийг, 7 орон сууцыг 622,691,000 төгрөгөөр, Ланд круйзер 300 маркийн автомашиныг 240,000,000 төгрөгөөр тооцож тус тус өгсөн.

Иймд тооцоо дууссан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 565,641,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,144,109 /1,700,041+1,444,068/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ...нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй... гэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх, шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Учир нь хэрэгт үзлэг хийж нотлох баримтаар авагдсан зохигчийн тооцоо нийлсэн актаар 377,094,400 төгрөгийн бетон зуурмагийг хариуцагч авсан гэдгээ зөвшөөрсөн байдаг.

Мөн мэтгэлцээний явцад бетон зуурмаг аваагүй гэж хариуцагч маргаагүй атал шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас үнэлж талуудын тооцоо нийлсэн актыг бараа бүтээгдэхүүн бартераар бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 18 удаагийн үйлдлээр бетон зуурмаг нийлүүлсэн байна гэж дүгнэсэн.

Энэ бараа бүтээгдэхүүний үнийг бүгдийг төлсөн. ******* ХХК-ийн харилцах дансанд 1,392,927,060 төгрөг, ******* ХХК-ийн дансанд 864,143,400 төгрөг, бэлэн бартерт 760,691,600 төгрөгийг тус тус төлсөн.

Дээрх тооцоололд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тооцоо нийлсэн акт хамаарах болохыг шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 377,094,400 төгрөгийг санхүү аргаар дахин давхар нэхэмжилснийг бид өөрийн дотоод тооцооллоор шалгахад нэхэмжлэгч тал өгөх төлбөр тооцоо гараагүй.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 377,094,400 төгрөг, алдангид 188,547,200 төгрөг, нийт 565,641,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь захиалгын дагуу бетон зуурмагийг техникийн нөхцөл, стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн, тээвэрлэн барилгын талбайд нийлүүлэх, ******* ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөхөөр тус тус тохиролцсон.

3.2. ******* ХХК болон ******* ХХК-ууд хооронд 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан 22/18 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах буюу үндсэн төлбөрийн үлдэгдэл болон алданги шаардах, төлбөрийг хүлээн авах, төлбөрийг гаргуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хүлээн авах зэрэг бүх эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн.

3.2.1. Гэрээний 2-т эрх шилжүүлэгч нь ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн актаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 377,094,400 төгрөг болохыг баталгаажуулсан, уг тооцоо нийлсэн акт нь энэ гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.

 

4. Стандарт Холдинг ХХК болон ******* ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын тооцоо нийлсэн актыг үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

5.1. Хэргийн 122 дугаар талд авагдсан хариуцагчийн ******* цахим шуудангаас ******* ХХК-ийн ******* цахим шуудан руу илгээсэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн актад хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх компаниудын хооронд үүссэн тооцоог хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлтийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд ******* ХХК нь ******* ХХК-д 377,094,400 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав. гэж тусгасан байх ба тус тооцоо нийлсэн хүснэгтэд ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 18 удаагийн үйлдлээр 605,725,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч ******* ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 222,145,000 төгрөгийг төлж, 377,094,400 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ.

Хариуцагч ******* ХХК-аас төлбөр тооцоо дууссан гэсэн тайлбараа нотлохоор гаргаж өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны банкны зарлагын баримтуудыг дээрх тооцоо нийлсэн акттай харьцуулан үзэхэд талуудын тооцоо нийлсэн хугацаанаас хойшхи хугацаанд хариуцагч нь 387,094,400 төгрөгийг төлөөгүй байна.

Харин хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны зарлагын баримтууд нь талуудын тооцоо нийлсэн актаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй.

5.2. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүрэгт 377,094,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй зарчмыг баримтлан уг мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулав.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т Захиалагч тал бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэхүйц алдангийг нийлүүлэгчид төлнө гэж тусгажээ.

Алданги нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлагын тохиролцоо бөгөөд уг тохиролцоо нь хуульд нийцсэн байх учиртай.

 

Гэвч гэрээний 2.1.1-т төлбөр төлөх нөхцөлийг 40 хувийг бэлнээр, 60 хувийн төлбөрийг бартерын нөхцөлөөр бүрэн төлж барагдуулна гэснээс дүгнэвэл талууд гэрээндээ бетон зуурмагийг нийлүүлэх хугацаа, үнэ төлөх хугацаа зэргийг тохиролцоогүй байх тул хариуцагчийг гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, улмаар хариуцагчид алданги ногдуулах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талыг давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/05548 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 377,094,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 188,547,200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад 56.2 гэж нэмж, ...3,144,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...3,144,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 2,043,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,986,158 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Б.АЗБАЯР