| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0144/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 147
2019 оны 09 сарын 30 өдөр Дугаар 2019/ШЦТ/147 Өлгий сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч М.Ф,
Иргэний нэхэмжлэгч С.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913002530179 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын *** дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-ийн Ж, регистрийн дугаар БЛ****
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сум дайраг” гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.3728 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 82.368 төгрөгийн хохирол учруулсан ба уг модыг өөрийн өмчлөлийн **** БӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Б.Ж нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сум дайраг” гэх нэртэй Улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 1.3728 м/куб мод бэлтгэж, байгаль экологид 82.368 төгрөгийн хохирол учруулсан ба уг модыг өөрийн өмчлөлийн **** БӨА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь:
1. Шүүгдэгч Б.Жы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манайх Цэнгэл сумын “Сум дайраг” гэх газарт зусаж байгаа бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өөрийн **** БӨА улсын дугаартай Уаз-31512 маркийн тээврийн хэрэгслээр очиж мод бэлтгэн тээврийн хэрэгсэлд ачиж аваад Улаанхус сумын нутаг дэвсгэр буюу ‘Хар чулуу” гэх газарт явж байхад Сагсай сумын хэсгийн төлөөлөгч Дт баригдсан. Хуучин тайрсан модны ёзоор хэсгээс ойролцоогоор 1.5 куб метр мод бэлтгэсэн. Уг мод нь хар мод байсан. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байгаагүй, аваагүй. Түлээнд хэрэглэхээр бэлтгэж бусдад борлуулах санаатай байсан. Дружба гэх цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн. ...Миний мод бэлтгэхдээ ашигласан хөрөө энэ мөн байна. Уг хөрөөний ир нь тасраад унасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү. Ойн санд учруулсан хохирол болох 82,368 төгрөгийг хуульд зааснаар гурав дахин нэмэгдүүлж нийт 247,104 төгрөгийг төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
2. Иргэний нэхэмжлэгч С.Ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Цэнгэл сумын нутаг дэвсгэр болох “Сум дайраг” гэх газар нь Монгол Улсын Их хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтын сүлжээнд хамруулж, одоогоор Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамрагдана. Баян-Өлгий аймгийн Сум дундын ой ангийн мэргэжилтний шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэнд дурдсанаар нийт 82.368 /наян хоёр мянган гурван зуун жаран найман/ төгрөгийн бодит хохирол учирсан байна. Шинжээчийн дүгнэлттэй маргалдах зүйл байхгүй. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр нөхөн төлөхөөр хуульчлагдсан байдаг . Нийт 247.140 /хоёр зуун дөчин долоон мянган нэг зуун дөрвөн/ төгрөг нэхэмжилж байна. ...Уг нэхэмжилж буй төгрөгийг манай байгууллагын дансанд оруулахыг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас болон болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
3. Гэрч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Ж нь мод бэлтгэх талаар эрхийн бичиг буюу зөвшөөрөл аваагүй. Ер нь хожуул, түлээний мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичгийг 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш олгодог. Түүнээс өмнө ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
4. Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Ж нь миний санаж байгаагаар 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Цэнгэл сумын “Сум дайраг" гэх Алтай таван богдын улсын тусгай хамгаалалттай газраас урд өмнө бэлтгэгдсэн модны хожуул буюу ёзоор хэсгээс түлээний модын зориулалтаар мод бэлтгэж өөрийн автомашинд ачиж явж байгаад цагдаа нарт баригдсан байсан. Ямар нэгэн мод бэлтгэх талаар эрхийн бичиг зөвшөөрөл аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 07 дугаар сарын 19- ний өдрийн 62 дугаартай “Хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон” шинжээчийн дүгнэлт.” /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн
07-14 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч Б.Жы хууль бусаар мод бэлтгэсэн гэх “Дружба" маркийн хөрөөнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зөвшөөрөлгүйгээр бэлтгэгдсэн гэх модонд үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 15-16, 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Жы мод бэлтгэсэн гэх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сум дайраг" гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг болох нь Монгол Улсын Их Хурлын 1996 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/-оор нотлогдож байна.
Иймд прокуророос шүүгдэгч Б.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ж нь Улсын тусгай хамгаалалттай Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газрын Цэнгэл сумын 5 дугаар баг “Сум дайраг”-н ойгоос хууль бусаар бэлтгэсэн 1.3728 метр куб /сийрэг шоо метр/ шинэс мод бэлтгэж байгаль экологид 82.368 /наян хоёр мянган гурван зуун жаран найман/ төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Б.Ж ойн санд учруулсан бодит хохирол 82.368 /наян хоёр мянган гурван зуун жаран найман/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 247.104 /хоёр зуун дөчин долоон мянган нэг зуун дөрвөн/ төгрөг байна.
Шүүгдэгч Б.Ж нь уг хохирол болох 247,104 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун дөрвөн/ төгрөг бүхий нөхөн төлбөрийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банкан дахь **** дугаартай дансанд байршуулсан болох нь Голомт банкны 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг орлогын мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Б.Жы Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банкан дахь **** дугаартай дансанд ойн санд учруулсан хохиролд төлсөн 247,104 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун дөрвөн/ төгрөгийг уг данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Жыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүгдэгч Б.Ж урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 69 дүгээр хуудас/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.Жыг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. ...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Жы хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 1,3728 метр куб хуурай шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Ж хууль бусаар бэлтгэсэн модоо түргэн шуурхай хүргэх зорилготой **** БӨА улсын дугаартай, хуучин цагаан саарал өнгийн “УАЗ-31512” маркийн тээврийн хэрэгслийг тээвэрлэхдээ ашигласан байна. Иймд уг тээврийн хэрэгслийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзнэ. Шүүгдэгч Б.Жы хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн 2000 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн, NN0201991 хөдөлгүүрийн дугаартай, **** арлын дугаартай, **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Уг тээврийн хэрэгслийн үнэлгээг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын үнэ тогтоох комиссын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “2019 оны 08 дугаар сарын байдлаар 2000 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл нь 500,000-600,000 төгрөгийн үнэ ханштай байна” гэж үнэлгээ тогтоожээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хөх өнгийн CAPLTION маркийн MOD-YD-85, 9HV, 105m18 51*40 мм, 75 см урттай, хуучин, шатахуунаар ажилладаг, хөрөөний ир нь байхгүй, бариул хэсэг нь сул хөрөөг мөн улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 2 хуудас материалыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Жд мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Б.Жыг тэнссэн 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Жы Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банк дахь **** дугаартай дансанд ойн санд учруулсан хохиролд төлсөн 247,104 /хоёр зуун дөчин долоон мянга нэг зуун дөрвөн/ төгрөгийг уг данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Б.Жы хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 1,3728 метр куб хуурай шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хөх өнгийн CAPLTION маркийн MOD-YD-85, 9HV, 105m18 51*40 мм, 75 см урттай, хуучин, шатахуунаар ажилладаг, хөрөөний ир нь байхгүй, бариул хэсэг нь сул хөрөө, шүүгдэгч Б.Жы эзэмшлийн хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн **** БӨА улсын дугаартай, 500.000-600.000 төгрөгийн үнэтэй, 2000 онд Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн, NN0201991 хөдөлгүүрийн дугаартай, **** арлын дугаартай, хуучин цагаан саарал өнгийн “УАЗ-31512” маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хурааж улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 2 хуудас материалыг хэрэгт хавсаргасугай.
9. Шүүгдэгч Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ