Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 110/ШШ2017/0042

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын *** дүгээр багийн оршин суугч А.Е ын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Цагааннуур чөлөөт бүсийн захирагчид холбогдох;

Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Еын өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ХААИС-ийг цахилгаан хангамж мэргэжлээр төгссөн. Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсийн дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр тус бүсийн тухайн үеийн захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар 6 сарын туршилтын хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдож, улмаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэвч Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Захирамжийг хүчингүйд тооцох тухай Б/40 тоот захирамж гарган 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн намайг томилсон чөлөөт бүсийн өмнөх захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар Б/07 тоот захирамжийг хүчингүй болгосон. Намайг авч ажиллуулсан орон тоо нь тухайн үед яаралтай, зайлшгүй гарч байгаа шинэ орон тоо байсан учраас мөн дээр нь нөөцөөс нөхөх иргэн гарч ирээгүй байсан тул төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлах цаг хугацааны хувьд боломжгүй байна, цаашид зарлана, тэр үед нөхөн шалгалт өгч болно гэж үзээд мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байдлыг маань харгалзан зохих шаардлага хангасан гэж дүгнээд, надаас өөр миний түвшинд шаардлага хангасан, ажиллах боломжтой өрсөлдөгч олдоогүй байх тул ийнхүү авч ажиллуулсан. Би ажилд томилогдсоны дараа миний ажиллаж байсан орон тоонд дахин 2016 оны 5 дугаар сарын үед нөөцөөс нөхөх зарыг 14 хоногийн хугацааны турш тавьсан боловч нөөцөөс нөхөх иргэн гараагүй юм. Дараа нь төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлахаар төлөвлөж байсан боловч УИХ-ын сонгуулийн үеэр таарах тул зарлах боломжгүй гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл албан ёсоор төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлаагүй, надтай өрсөлдөх хэмжээний шаардлага хангасан өрсөлдөгч гарч ирээгүй байгаа болно. Надтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг жилийн эцсээр буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүгнэсэн. Дүгнэлтээр нийт 100 оноо авах байснаас 81 оноо авч В буюу Сайн гэж үнэлэгдэж, гэрээний биелэлт хангалттай, цаашид төрийн албан хаагчийн шалгаруулалтад орох, цалингийн урамшуулал олгох санал өгсөн. Иймд миний бие надтай өрсөлдөх хэмжээний шаардлага хангасан өрсөлдөгч гарч ирэх хүртэл 1 жилийн турш тус бүсэд мэргэжлээрээ, Төрийн албаны тухай хуульд заасан зохих шаардлага, болзол болон үр дүнгийн гэрээний биелэлтийг 81 хувийн үнэлгээгээр хангаж, хариуцсан ажилдаа идэвх, зүтгэл гарган чинь сэтгэлээсээ хандаж, зөрчил дутагдалгүй, хариуцлагатайгаар ажиллаж ирсэн туршлагынхаа дагуу дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Одоо болтол тус орон тоонд төрийн албаны мэргэшлийн шалгалт явагдаагүй нь 100 хувь ажил олгогчоос шалтгаалсан асуудал юм. Мэдээжийн хэрэг төрийн албыг төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тэнцээгүй иргэнээр хашуулахгүй байх хуулийн үндэслэлтэй ч одоо болтол миний оронд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, надаас илүү болзол, шаардлага хангасан иргэн олдоогүй байгааг дахин хэлмээр байна. Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарны 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамж нь хууль бус, миний эрх ашгийг хөндсөн захирамж болсон. Учир нь:

1. Чөлөөт бүсийн захирагчийн захирамж нь захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу, түүнд нийцэж гарсан байхыг шаардана. Хамгийн эхний шаардлага бол хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасан шаардлага юм. Тус захиргааны актыг гаргах үед надад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт гаргаж, миний оролцоог огт хангаагүй юм.

2. Захиргааны ерөнхий хуулиар тавигдаж байгаа бас нэгэн гол шаардлага бол Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацаа зэргийг заах явдал юм. Гэвч энэ талаар огт оруулаагүй. Иймд бичгээр гарч буй захиргааны актад тавигдах агуулгын болоод хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Захирагчийн актад түүнийг гаргах бодит нөхцөл байдал байсан уу гэдэг нь тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл намайг ажлаас халах хэмжээний бодит нөхцөл байдал үүсээгүй. Тухайлбал намайг халахгүй бол төрд тийм хэмжээний төрлийн хохирол учрах байсан, эсхүл тийм төрлийн сахилгын болоод ноцтой зөрчил гаргасан, мөн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч надаас илүү төрийн албаны болзол, шаардлага хангасан өрсөлдөгч гарч ирсэн, цаашлаад үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн дүгнэлт хангалтгүй байсан гэх мэт зайлшгүй халахгүй бол болохгүй бодит нөхцөл байдлууд байгаагүй юм.

3.Захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэл болгосон. Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг хангасан гэж өөрийгөө дүгнэдэг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 16.2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг ч хангаж цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаасан байгаа. Харин миний хувьд төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй хэдий ч анх намайг нэн яаралтай, зайлшгүй гарч байгаа орон тоо гэж авч ажиллуулсан, надаас өөр миний түвшинд шаардлага хангасан, ажиллах боломжтой өрсөлдөгч олдоогүй байх тул ийнхүү анх 6 сарын туршилтын хугацаагаар авч ажиллуулсан, цаашид үргэлжлүүлэн үр дүнгийн гэрээ байгуулан жинхэлсэн гэж үзэж байна. 17.1 дэх хэсэгт зааснаар уг орон тоог одоо болтол нөхөж чадаагүй юм.

Иймд Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Айн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамж нь миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт байх тул түүнийг бүхэлд нь хүчингүй болгуулах, өмнөх ажилдаа эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг минь хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа субъект нь Монгол улсын иргэн, ял шийтгэлгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийг цахилгаан хангамжийн мэргэжлээр төгссөн, мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа хүн болно. Энэхүү захирамж дараах үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгчийг анх ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалт, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/1918 тоот албан бичгийг үндэслэсэн болохоос Төрийн албаны тухай хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг баримтлаагүй. Гэтэл ажлаас чөлөөлөх захирамжид Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримталсан байгаа. Нэхэмжлэгч ажилд томилогдоод 8 сар болсон байсан ба тухайн албан тушаалыг эрхлэх болзол,журмыг зохих хэмжээгээр хангаж байгаа. Ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Үр дүнгийн гэрээний биелэлтэд сайн гэсэн үнэлгээ тавьсан бөгөөд тухайн албан тушаалыг эрхлэх болзол, журмыг хангасан, 8 сар ажилласан туршлагатай учраас түүнд Төрийн албаны тухай хуулийн 10.1 дэх заалт хамаарахгүй. Ажилтныг ажлаас чөлөөлөх захирамжид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасныг баримталсан ба нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаасан болох нь тогтоогдсон байгаа. Мөн маргаан бүхий захирамжид Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримталсан байдаг. Хуулийн 17.1-д заасан үйл ажиллагаа тухайн байгууллагад явагдаагүй. Ийм учраас 17.1 дэх заалт ажилтанд хамааралгүй, ажил олгогчид хариуцуулсан заалт болно. Маргаан бүхий орон тоо болох дэд бүтэц, цахилгаан сүлжээ хариуцсан мэргэжилтэн-ээр ажиллаж байсан А.Е төрийн албыг хууль бусаар хашиж байсан гэдэг нь баримт бичгийн шалгалтаар илэрсэн гэж байгаа. Төрийн албыг хууль бусаар хашиж байсан гэдэг нь албан ёсоор тогтоогдоогүй, цэргийн алба хаасан эсэхийг ажилтнаас албан ёсоор асуух ёстой. Энэ тохиолдолд ажилтан шаардсан баримт бичгийг гаргаж өгөөгүй бол эрх бүхий албан тушаалтанд хандаж, тухайн үед лавлагаа авах боломжтой байсан юм. Дараа нь сонгон шалгаруулалт явуулахаар захиалга өгсөн боловч өнөөдрийн байдлаар нөөцөөс нэр дэвшүүлсэн асуудал гараагүй, эдгээр үйл ажиллагаанууд ажил олгогчийн үүрэг учраас үүнд ажилтны буруу байхгүй гэж үзэж байна. Тийм учраас Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамж илт хууль бус эрхийн акт болсон. Анх томилохдоо 6 сарын туршилтын хугацаагаар томилсон боловч энэ хугацаанд ажлаас чөлөөлөгдөөгүй, дээрээс нь үр дүнгийн гэрээний хугацаа нь дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн байна. Энэ хүнийг анх ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилд томилсон учраас сонгон шалгаруулалттай холбоотой асуудал нэхэмжлэгчид хамаарахгүй гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд төрийн албыг хууль бусаар хашиж байсан гэж дүгнэлт хийж байгаа нь өөрөө учир дутагдалтай байна. Иймднэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Е нь Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу маргаан бүхий орон тоонд томилогдоогүй учир хуульд заасан баталгаагаар хангагдахгүй юм. Хуульд заасан журмын дагуу томилогдсон нөхцөлд тухайн хүн Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах учиртай.Эс тэгвээс Төрийн албаны тухай хуулийн төрийн алба мэргэшсэн,тогтвортой байх зарчим алдагдах болно. Хууль зөрчиж томилогдсон этгээдийг ажлаас халах, хууль бус тушаалыг хүчингүй болгож залруулах боломж байгаа бөгөөд хуулиар хориглоогүй юм. Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу хуульд заасан журмын дагуу томилогдоогүй этгээдийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн агуулга нь төрийн албаны мэргэшсэн байх зарчимд халдахаар чиглэсэн байна.Өөрөөр хэлбэл шүүхээс хууль бус ашиг сонирхлыг хамгаалуулахаар шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч А.Еыг анх төрийн албан тушаалд томилон ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3,17.4 дэх хэсэгт тус тус заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах болзол, журмыг баримтлаагүй болох нь гомдол гаргагчийн өөрийнх нь гомдолдоо бичсэн тайлбараар нотлогдож байна. Анхнаасаа хууль бусаар ажиллаж байсан А.Еын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 тоот захирамжаар зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

А.Е гомдолдоо Захиргааны ерөнхий хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй хэмээн бичсэн байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулиар зөвхөн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд сонсгох, мэдэгдэх, оролцох боломжийг нь хангах талаар тодорхой заасан байна. Гэтэл төрийн жинхэнэ албанд хууль бусаар ажиллаж байсан А.Еад Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах боломжоор хангаагүй явдлыг хууль зөрчсөн хэмээн үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 тоот ажлаас чөлөөлсөн тухай захирамжийг эс зөвшөөрч байгаа гэх боловч хуульд заасан журмаар гомдлоо гаргаагүй байна. Тухайлбал төрийн жинхэнэ албан хаагч ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн талаарх гомдлоо Төрийн албаны төв болон салбар зөвлөлд 30 хоногийн дотор гаргах эрхтэй ба гомдлыг хянан шийдвэрлэж ямар нэгэн хариу өгөөгүй, эсхүл гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулахаар байна. Гэтэл А.Е нь хуульд заасан хугацаандаа урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр шууд шүүхэд хандсан байна. Мөн хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргаагүй байгааг анхаарна уу.

Мөн гомдолдоо үр дүнгийн гэрээгээ үнэлүүлсэн тухайгаа бичжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж заасан. Үүнээс үзвэл үр дүнгийн гэрээ байгуулан үнэлүүлэх асуудал нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай болохоос хууль бусаар ажиллаж байсан хүнд хамааралгүй.

А.Е ажиллаж байх хугацаанд түүний цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаасан талаарх мэдээлэл, үнэмлэхийн хуулбар хувийн хэрэгт нь байхгүй байсан тул захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-ийг баримталсан байна. Төрийн албан хаагч ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримтаа өөрөө бүрдүүлж өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч тухайн үед энэхүү баримтыг ажил олгогчид байгаа төрийн албан хаагчийн хувийн хэрэгт гаргаж өгөөгүй байна. Цэргийн албыг хаасан гэх боловч төрийн албан хаагчид тавигдах бусад шаардлагыг хангаж байгаа талаарх нотлох баримтаа өөрөө бүрдүүлж өгөх ёстой байсан боловч нэхэмжлэгч тухайн үед энэхүү баримтыг нь ажил олгогчид байгаа төрийн албан хаагчийн хувийн хэрэгт гаргаж өгөөгүй байна. Цэргийн албыг хаасан гэх боловч төрийн албан хаагчид тавигдах бусад шаардлагыг хангаагүй А.Еыг буцаан ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн гомдолдоо бичсэн хүсэлтийн хувьд төрийн албанд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үүгэсэн байна. Гэвч төрийн жинхэнэ албанд томилох асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ хэмээн заасан байна. Иймээс нэхэмжлэгчийн шаардаж буй төрийн жинхэнэ албанд томилох асуудлыг төрийн албаны төв байгууллага нэр дэвшүүлсний дараагаар нь Цагааннуур чөлөөт бүсийн захирагч томилох эрхтэй болохоос шүүхийн эрх мэдлийн асуудал биш байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ хэмээн тайлбарлажээ. Одоогийн байдлаар тус орон тоонд байгууллагын төсөв хүрэлцэхгүйн улмаас хэн нэгэн этгээдийг ажиллуулахгүй байгаа ба төрийн албаны төв байгууллагад сул орон тооны талаар захиалга ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Еыг томилсон захирамжийг хүчингүй болгосон 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн захирамж хуульд нийцэж байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг үндэслэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж үзэж байна. Төрийн албаны тухай хууль болон бусад журмын дагуу томилогдоогүй давуу эрхээр ажиллаж байгаа хүнийг хууль бусаар ажиллаж байгаа гэж дүгнэдэг. Өмнөх захирагч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийг ажилд томилсон байгаа. Уг захирамжийг захирагч өөрөө хүчингүй болгох эрхтэй. Төрийн жинхэнэ албанд Төрийн албаны тухай хуулийг баримтлахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж томилогдсон учраас Төрийн албаны тухай хуульд заасан журмыг тухайн захирамжид баримталсан нь хууль бус гэж буруутгаж байгаа. Гэхдээ иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад журамд заасны дагуу томилоогүй захирамжийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж байгаа.Цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хаасан гэх асуудлын хувьд тухайн маргаан бүхий актыг гаргах үед төрийн албан хаагчийн хувийн хэрэг дотор үүнийг нотлох баримт байгаагүй. Үнэхээр цэргийн алба хаасан үнэмлэхтэй бол өөрөө мэдэгдэх, авч ирж хувийн хэрэгт хавсаргах асуудал нь ажилтны үүрэг юм. Маргаан бүхий албан тушаал нь төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд хамаардаг албан тушаал юм. А.Е анх ажилд томилогдоход хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан ба дараа нь 2016 оны 8 дугаар сард үр дүнгийн гэрээ байгуулснаар мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр сунгагдсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа. Гэвч 6 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь мэдэгдэл өгснөөр дуусгавар болсон байдаг. Үр дүнгийн гэрээний хугацаа нь дуусах үед захирамж гаргасан болно. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан захирамжийг 4 хоногийн өмнө гаргасан гэж буруутгаж байна. Захирамжид 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж А.Еыг ажлаас чөлөөлсүгэй гэж дурджээ. Тийм учраас 4 хоногийн өмнө гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгч талын тайлбар хуульд нийцэхгүй байна. Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар Ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгосон асуудал нь А.Еыг анх ажилд томилохдоо хууль бус томилгоо хийж давуу эрх олгосон байгаа. Ажилтныг Төрийн албаны тухай хуульд заасан журмаар томилж, адил тэгш боломжоор хангах ёстой. А.Еаас өөр маргаан бүхий орон тоонд өрсөлдөх, ажиллах маш олон иргэд байсан ба эдгээр иргэдийн төрийн албан тушаал эрхлэх эрхийг дээрх томилгоо хаасан гэж ойлгож болохоор байна. Нэхэмжлэгч надтай өрсөлдөх өөр хүн байхгүй байсан гэж тайлбарладаг боловч өөрөө төрийн албаны сонгон шалгаруулалтад орж зохих журмын дагуу томилогдоогүй, хуульд заасан журмаар томилогдох учиртай. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн 2010 оны Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг тайлбарлах тухай тогтоолд хуульд заасан болзол, журмын дагуу томилогдоогүй иргэний ажиллаж байгаа орон тоог сул орон тоо гэж үзэхээр заасан байдаг. Иймээс хариуцагчийн бусдын эрх ашгийг хязгаарлаж байгаа, хууль бус захирамжийг хүчингүй болгосон захирамж нь Төрийн албаны тухай хуульд бүрэн нийцжээ. Дараагийн асуудал бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан байгаа. А.Е нь өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл нэг сарын дотор Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах ёстой байсан боловч тухайн байгууллагад гомдол гаргаагүй, Монгол улсын Шадар сайдад гомдол гаргасан байгаа. Шадар сайдын зүгээс 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тухайн маргаан нь төрийн албатай холбоотой учраас хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн сайдад гомдол гаргахдаа хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж ойлгож болно. А.Е нь салбар зөвлөлд хандаагүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа албан тушаалтны төрийн албатай холбоотой маргааныг бид хянахгүй гэсэн хариуг өгсөн байна. Тийм учраас түүний нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хэрэгсэхгүй болох ёстой.Захиргааны ерөнхий хуулийг төрийн албанд зохих болзол, журмын дагуу томилогдсон албан тушаалтны эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэглэдэг болохоос биш төрийн албанд хууль бусаар томилогдон ажиллаж байсан иргэнд энэ хууль үйлчлэхгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэм шүүгчээс хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Еын Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр Захирамжийг хүчингүйд тооцох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч А.Еыг дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтнээр 6 сарын туршилтын хугацаагаар томилж, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-6 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар[2] Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн төрийн албыг хууль бусаар хашиж байсан гэсэн үндэслэлээр дээрх 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүйд тооцжээ.

Хариуцагч талаас уг маргаан бүхий актын үндэслэлийг нэхэмжлэгч А.Еыг анх томилон ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3,17.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг баримтлаагүй, А.Е нь цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, хуульд заасан болзол,журмын дагуу томилогдоогүй тул хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон гэж тайлбарласан байна.

Нэг. Нэхэмжлэгч А.Е нь цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзлыг хангаагүй гэх асуудлын хувьд:

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т зааснаар хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон байдаг.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолд зааснаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын, ТЗ-6 зэрэглэлд хамаарах ба Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байна.

Нэхэмжлэгч А.Е нь дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсоны дараа цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цэргийн үүрэгтний үнэмлэх авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар[3] тогтоогдсон.

Хэдийгээр нэхэмжлэгч А.Е нь дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдох үедээ төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол буюу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй байсан боловч түүнийг уг албан тушаалд томилсон захирамжийг хүчингүй болгохоос өмнө нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т заасан болзлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Хоёр. Нэхэмжлэгч А.Е нь төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.3, 17.4-т заасан журмын дагуу томилогдоогүй, төрийн албаны шалгалт өгөөгүй гэх асуудлын хувьд:

Нэхэмжлэгч А.Е нь Цагааннуур чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөлгүйгээр томилогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон ба нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах журмыг зохицуулсан бөгөөд 17.1, 17.3,17.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд эхлээд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр, харин энэ заалтын дагуу тухайн орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гаргахаар, энэ журмаар нөхөх боломжгүй бол төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг холбогдох төрийн албаны байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэхээр тус тус зохицуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч А.Е нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, төрийн албаны салбар зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлээгүй байхад тухайн төрийн жинхэнэ албан тушаалд шууд томилогдож, дээрх төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журмыг зөрчсөн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгч А.Е нь хуульд заасан болзол, журмыг хангаагүй буюу төрийн албаны шалгалт өгөөгүй атлаа төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байгаа нь тэгш эрхийн зарчимтай нийцээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий шаардлагыг хангаж байгаа, ...анх 6 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан, цаашид үргэлжлүүлэн үр дүнгийн гэрээ байгуулан жинхэлсэн, ...үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд сайн гэж үнэлэгдсэн тул үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн үндэслэлтэй гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгайшаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж заасан ба дээр дурдсанаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авах, тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа иргэнийг сонгон нэр дэвшүүлэх нь төрийн албаны төв болон салбар зөвлөлийн эрх хэмжээний асуудал бөгөөд энэхүү үйл ажиллагаа явагдаагүй тохиолдолд нэхэмжлэгч А.Е нь тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлгүй болно.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно гэж заасан нь төрийн албанд хуульд заасан болзол, журмын дагуу ороогүй иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулах тухай ойлголт биш, харин төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулах агуулгатайзохицуулалт юм.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, мөн хуулийн 19.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 1.1-д Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийндаргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээбайгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална гэж тус тус зааснаас үзэхэд үр дүнгийн гэрээг төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулахаар тусгасан, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангасны үндсэн дээр уг хуульд заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаж төрийн албанд ороогүй тул төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрх, баталгааг эдлэх эрхгүй, төрийн жинхэнэ албан хаагч байх урьдчилсан нөхцлийг хангаагүй байх тул үр дүнгийн гэрээ байгуулсан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд сайн гэж үнэлэгдсэн гэх нөхцөл байдал нь төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах хууль ёсны үндэслэл болж чадахгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч А.Е нь төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага, болзлыг хангасны үндсэн дээр уг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй тул хариуцагчаас энэхүү хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийг зассан шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4,17 дугаар зүйлийн 17.2,17.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Еын Цагааннуур чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/40 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, цахилгаан шугам сүлжээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ            С.ЕРКЕШ   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 87-р хуудас

[2] Хэргийн 6-р хуудас

[3] Хэргийн 29-р хуудас

[4] Хэргийн 66,68-80,86-р хуудас