Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2019/0135/З |
Дугаар | 221/МА2020/0319 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0319
“П” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э, хариуцагч Э.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч Д.А, Э.Ц нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “П” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нар холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийдвэрээр: “Татварын тухай хуулийн /2008 он/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14.1, 14.1.1, 14.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай “2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0285834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “П” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “П” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Д.А, Э.Ц нарын хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0295834 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх торгууль алдангийг зохих ёсоор тооцон өршөөн хэлтрүүлж” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: “... Татварын улсын байцаагчид нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байхад буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь илэрхий байна.
Татварын улсын байцаагчид өөрсдөө зөрчлийг 3 хоногийн дотор шалгах боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлэх үед ямар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй байсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Түүнчлэн анхан шатны шүүхээс зөрчил үйлдсэн нь ил тодорхой эсэхийг тогтоохдоо зөвхөн “П” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон худалдан авалтын падаан зэрэг тухайн үйл баримттай хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн дүгнэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн.
“П” ХХК-н худалдан авалтын бүртгэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд анхан шатны шүүх энэхүү шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх бол зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ирүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор шалгаж шийдвэрлэхээр байна.
Гэтэл татварын улсын байцаагчид нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 85 хоногийн турш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай эрх бүхий албан тушаалтны 1 тоот тогтоолоор тогтоогддог. Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг үйлдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй зөвхөн татварын хяналт шалгалтын ажил явагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас эрс зөрүүтэй байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1/957 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд татварын улсын байцаагчид зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн талаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бус харин 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэн прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн нь прокурорын нэгдсэн бүртгэлийн хугацаа, бүртгэлийн агуулга зэргээс зөрүүтэй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүхээс хайгуулын үйл ажиллагаа нь үйлдвэрлэл, үйлчилгээнд хамаарах эсэх талаар дүгнэлт өгөөгүй бөгөөд компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.1, 4.1.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.18, 15.10.19 дэх заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээг хасч тооцохгүй гэх үндэслэлээр огт нэхэмжлэл гаргаагүй бөгөөд энэ талаар хариуцагчийн зүгээс мөн тайлбар хийгээгүй. Өөрөөр хэлбэл талууд энэ талаар маргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасныг ноцтой зөрчсөн.
“П” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг газрын тосны хайгуулын үйл ажиллагаандаа буюу өөрийн явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан бараа, ажил үйлчилгээ худалдан авсан бөгөөд харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.2-т зааснаар хувийн болон ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийгээгүй болно. Түүнчлэн “П” ХХК нь хувийн болон ажиллагчдын хувийн хэрэгцээнд зориулан худалдан авалт хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Татварын улсын байцаагчдын өөрсдийнх нь үйлдсэн 250295834 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар аливаа нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчил, зөрүү илрүүлээгүй тул 0295834 тоот шийтгэлийн хуудсыг үйлдэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2017 оны 443 дугаар тогтоолоор эцэслэн хянан шийдвэрлэгдсэн захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг энэхүү хэргийн үйл баримтыг нотлох баримтаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6-д захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэсэн заасныг зөрчсөн.
Шүүгч А.Насандэлгэр, Б.Адъяасүрэн нар нь өмнө нь энэхүү захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар энэхүү хэргийг дахин хянан шийдвэрлэхэд оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.16-д заасан журмыг зөрчиж, шүүгч өөрөө татгалзан гарах үүргээ ноцтой зөрчсөн”.
Иймд анхан шатны шүүхийн 210 дугаар шийдвэр, 0295834 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Э.Ц, Д.А нар давж заалдах гомдолдоо: “...Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйл. Хууль хэрэглэх журам. 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан нь тухайн хугацаанаас өмнө захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр гарсан байхыг ойлгохоор байна.
Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Э.Ц нар “П” ХХК-ийн 2013-2016 оныг дуусталх хугацааны татвар төлөлтийн байдалд бүрэн шалгалт хийгээд илэрсэн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4-д /2008/ заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 0295834 дугаар шийтгэлийн хуудсаар 50,004,326.7 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Тодруулбал, татварын улсын байцаагчид нь “П” ХХК-ийг хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд зориулан худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хассан гэх зөрчилд торгууль оногдуулжээ[1].
“П” ХХК-иас энэхүү шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг”, “4.1.8-д “Үйлчилгээ" гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингэсэн бараа бусдад борлуулаагүй, ажил үйлчилгээг эрхлээгүй тул газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн албан татвар нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох үндэслэлд хамаарахгүй юм.
Мөн “П” ХХК-ийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаанд зориулан “Петровис” ХХК, “Петровис цамхаг” ХХК, “Бласт” ХХК, “Монруд” ХХК гэх мэт компаниас нийтдээ 333,362,178.20 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан гэх хариуцагчийн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар[2] тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн худалдан авсан бараа, үйлчилгээг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй бөгөөд компани өөрийн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохгүй тул маргаан бүхий захиргааны акт болох 0295834 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй болжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заасан.
“П” ХХК нь газрын тос хайх, хамгаалах, олборлох, тээвэрлэх, хадгалах, борлуулах үйл ажиллагаа явуулдаг[3], мөн санхүүгийн тайлангаа хүргүүлж байсан мэйл[4], нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудаас[5] үзвэл зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагч нар “П” ХХК-ийг зөрчил гаргасан эсэхийг шалгахад холбогдох санхүүгийн тайлан, анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал зэргээр тогтоох боломжтой байх тул зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэх үндэслэлээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдэл зөв байна.
Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 30 дугаар зүйлийн 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийхийг хориглоно гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “П” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 195 хоногийн хугацааг олгосон байна[6].
Эндээс үзвэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь томилолтод заасан хугацаанд татварын хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар “П” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулаад, шийдвэрийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн[7] нь дээрх хуулийн заалттай нийцэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасан.
Нотлох баримт цуглуулах, цуглуулсан нотлох баримтыг хэрхэн үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг шүүх зөв үнэлсэн, мөн нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэрэгт татан авсан нь энэхүү шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараахь үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 84.1.6-д “Анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж заасан.
Анх уг захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа шийдвэрлэсэн байна. Харин шүүгч А.Насандэлгэр, Б.Адъяасүрэн нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг түр шилжүүлэн авсан байх тул хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй бөгөөд дээрх хуулийн заалтад хамаарахааргүй байна.
Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл уг хугацаанаас өмнөх торгууль, алдангийг өршөөлд хамруулан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 78 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 78-96 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 101 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 80 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 82-96 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 63 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 115 хуудас