Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2026/0069

 

Ч.Х-ын нэхэмжлэлтэй,

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн

бичгийн дарга, Ёс зүйн дэд хороонд

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Батбаатар

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                        М.Батсуурь

                                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:         П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0874 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2026/0217 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Ч.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.П, хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.О, Б.М, Ёс зүйн дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.А нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХТ2026/0233 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр тушаалын Ч.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгах, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч.Х-д ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Б/*** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ч.Х-д сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/*** дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/*** дугаар “Ч.Х-д ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын албан тушаалын ангилал, зэрэглэлээр тооцон гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, 2025 оны хагас жилийн урамшууллыг нөхөн төлүүлэх,

2.Хэргийн нөхцөл байдал: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн маргаан бүхий Б/*** дүгээр тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан нэхэмжлэгч Ч.Х-ыг Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референт (Эрхэлсэн түшмэл, АА-5)-ийн албан тушаалд томилж, тухайн өдрөө Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/*** дүгээр тушаалаар Ёс зүйн дэд хороо 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн “өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах” ёс зүйн хариуцлага ногдуулж, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийг хэрэгжүүлээгүй” үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулж, улмаар 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар төрийн албанаас халжээ.

3.Нэхэмжлэгчээс “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, ямар нэгэн орон тоо хасагдаагүй, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй, эрх зүйн байдлыг дордуулсан, албан тушаал бууруулсан талаар надад мэдэгдээгүй. Ёс зүйн зөрчил гаргаагүй, нийт 5 гомдол, мэдээлэл нь ёс зүйн зөрчилд хамаарах эсэх нь холбогдох нотлох баримт, хэм хэмжээгээр хэрхэн няцаагдаж, нотлогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, зөрчлийг бүрэн дүүрэн, тал бүрээс нь бодитойгоор шалган тогтоогоогүй. Ёс зүйн дэд хороо нь нэхэмжлэгч ямар тодорхой үйлдэл, эс үйлдэхүй, хэзээ гаргасан, ямар хэм хэмжээг зөрчиж байгааг нотолж чадаагүй” гэж,

4.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаас “... Өөрчлөгдсөн бүтэц зохион байгуулалттай холбоотойгоор Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан боловч Төрийн албаны тухай хууль, журам болон Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Ч.Х-ыг тус газрын Ахлах референт Эрхэлсэн түшмэл-ийн албан тушаалын ангилал дотор нь томилсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн дэд хорооны 2025 оны 05 дугаар дүгнэлтэд үндэслэж, төрийн албанаас халах ёс зүйн хариуцлага ногдуулсан, хууль тогтоомж зөрчөөгүй” гэж,

5.Хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос “... Нийт 6 төрлийн дүгнэлт гаргасан. Эдгээрээр ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Гомдол гаргагчийн болон эхний ирсэн материалуудад гишүүн дүгнэлтээ хийж, гомдол гаргагч нартай тус бүрд нь уулзаж анх гаргасан гомдол дээр дүгнэлт хийж, нэмэлт тайлбаруудыг бүгдийг нь авч зохих ажиллагааг хийсэн байгаа. Үүнд үндэслэн Ч.Х даргад гомдлын хариуг танилцуулж, өөрөөс нь нэмэлт тайлбар авч ёс зүйн дүгнэлтийг гаргасан” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын ангилал эрхэлсэн түшмэлээс тэргүүн түшмэл болж өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх тул ... албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд тусгай шалгалт өгөх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь тусгай шалгалт өгсний үндсэн дээр Газрын даргын албан тушаалд томилогдох нь хуульд нийцнэ.

6.2.Учир нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх зохицуулалт нь төрийн захиргааны албан тушаалын ангилал өөрчлөгдсөн буюу өссөн тохиолдолд хэрэглэгдэхгүй, харин байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч албан тушаалын ангилал хэвээр үлдсэн тохиолдолд хэрэглэгдэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

6.3.Нэхэмжлэгч нь ажлын байрны дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажилд оролцуулдаггүй гэх зөрчил гаргасан болох нь дээрх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт болон … хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ч.Х-д ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/*** дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6.4.Нэхэмжлэгч нь шүүхийн 2024 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний нэгтгэлд хяналт тавиагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх зөрчил гаргасан болох нь ... Монгол Улсын шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээний төслийг танилцуулсан танилцуулга дээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтан гараар засвар хийсэн нөхцөл байдал гэх мэт нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/*** дугаар тушаал үндэслэлтэй байна.

7.Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд маргаж буй үндэслэлээс өөр дүгнэлт хийж, АА-4 ангиллаас АА-3 ангилалд шилжих боломжгүй тухай дүгнэсэн байна. Ингэснээр эрхэлсэн түшмэлийн ангиллаас тэргүүн түшмэл ангилал руу шилжин ажиллах тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт зайлшгүй өгөх ёстой гэсэн үндэслэлээр Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын хэлтсийн даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр томилсон нь “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцэхгүй бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон” гэсэн нэхэмжлэгчээс гаргаж буй гол үндэслэлийн тухайд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

7.2.Дэвшүүлэн томилох боломжгүй тул тушаал бууруулж томилсон нь зөв гэсэн дараалал, агуулгаар дүгнэлт хийжээ. Зүй нь эхлээд Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын хэлтсийн даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр тушаал бууруулан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцсэн эсэх талаар дүгнэх байжээ. Эсхүл албан тушаал, цалин хөлсөө бууруулахгүйгээр өөр ажил албан тушаалд томилохыг даалгах боломжтой эсэх талаар нь дүгнэх байжээ. Ийнхүү дүгнэсэн тохиолдолд өмнө эрхэлж байсан АА-4 ангиллаар төрийн өөр байгууллагад ажилд орох гэхээр дахин шалгалт өгөх болж эрх зүйн байдал дордсон гэх үндэслэлд дүгнэлт хийх боломжтой болно. Дараа нь АА-4 ангилал зэрэглэлээс АА-3 руу дэвшин томилох боломжтой эсэх талаар дүгнэвэл логик дараалалтай болох байжээ.

7.3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн тогтоож, ийнхүү баталсан дээрх тогтоол, тушаалын үндэслэлд Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль (2024.06.05)-иар байгууллагын чиг үүрэгт өөрчлөлт орсон гэснээс үзвэл 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн аль өөрчлөлттэй холбоотой тухайн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтэс нь Газар болгон өөрчилсөн хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой Газрын даргын чиг үүрэг нь Албаны даргын чиг үүргээс өөрчлөгдсөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна.

7.4.Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтэс гэх нэгжийг Газар болгож өөрчлөх шалтгаан, тухайн Газрын даргын албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан эсэх, энэ нь Албаны даргын чиг үүргээс өөр эсэхийг Албаны чиг үүрэг, Албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг шинээр өөрчлөн баталсан Газрын чиг үүрэг, Газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг цуглуулж, харьцуулан дүгнэх шаардлагатай. Гэтэл хэрэгт зөвхөн шинээр батлагдсан Газрын даргын албан тушаалын тодорхойлолт авагдсан, бусад баримтууд авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

7.5.Ярилцлага хийх хэлбэрээр тайлбар авсан гэх боловч ярилцлагын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн этгээдийн гарын үсэг байхгүй, мөн тайлбар өгсөн гэх Ц.Б, Н.А, П.А нарын гарын үсэг зурагдаагүй байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо нь бие даасан, хараат бус зарчмаар ажиллана” гэж заасан бөгөөд Шүүхийн захиргааны хүний нөөцийн даргын хувьд бүрдүүлсэн цуглуулсан баримтаа Ёс зүйн дэд хорооны даргын хувьд хуралдаанд авч орж хэлэлцүүлэн, дүгнэлт гаргаж буйд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

7.6.Анхан шатны шүүх зөрчлийн шинж байдал болон давтан үйлдсэн гэх үйл баримтад тодорхой дүгнэлт хийгээгүй байна. Аливаа төрийн байгууллага, шүүхэд ч мөн адил албан бичиг төлөвлөх, ном эмхэтгэл хэвлэх, шүүхийн шийдвэр боловсруулах зэрэгт бүрэлдэхүүний шүүгч санал гаргах, найруулгын болон бусад завсар, өөрчлөлт орох, нэмэгдэх хасагдах зэрэг асуудал байдаг. Албан бичиг төлөвлөхөд ч удирдлагын зүгээс агуулгыг нэмэх, хасах болон найруулга талаас нь бүхэлд нь өөрчилж болдог. Анхан шатны шүүхээс зөрчлийн шинж байдал талаас нь ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

7.7.Монгол Улсын шүүхийн тайлан 2024 гэсэн оноосон нэр бүхий тайлан эмхэтгэлийг гаргахаар албан ёсны шийдвэр гарсан эсэх, бүрэлдэхүүнийг баталсан эсэх, түүнд нь Ч.Х байгаа эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай. Хэрвээ зөрчил мөн юм гэж дүгнэж байгаа бол тухайн зөрчилд Ч.Х-аас өөр этгээдэд хариуцлага ногдуулсан эсэхийг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч талаас тэгш байдлын талаар маргаж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдлыг шалган тогтоох нь ач холбогдолтой.

7.8.Хэрэгт Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 04/23 дугаар Шаардлага болон түүнд хариу хүргүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/1604 дүгээр албан бичиг авагджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг авахаас гадна ... ажлын албаны хамт олноос ирүүлсэн хүсэлт (албан бичигт дурдсанаар) гэх баримтыг эх хувиар нь гаргуулан авах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Нэхэмжлэгчид удаа дараа ёс зүй болон сахилгын шийтгэл хүлээлгэсэн, сонсох ажиллагаа явуулж байсан боловч шийтгэл оногдуулаагүй шалгах ажиллагааны хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт Хэргийн материалын 2-р хавтасны 99 дүгээр хуудаст нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр, Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт Хэргийн материалын 1-р хавтасны 171 дүгээр хуудаст нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр тус тус авагдсан байгаа тул хуулийн 62.1.3-т заасан үндэслэл бий болсон эсэхэд дүгнэлт өгөх боломжтой байна.

8.2.Хэрэгт маргаан бүхий актуудын үндэслэл болсон бүхий л баримтууд нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг нотлох баримтаар авах шаардлагатай гэж, мөн нотлох баримтуудын зөрчлийг дурдах замаар, уг зөрчлүүддээ дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

8.3.Хэрэгт маргаан бүхий актуудын үндэслэл болсон бүхий л баримтууд нотлох баримтаар авагдсан байхад давж заалдах шатны шүүхээс нотолгооны ач холбогдолгүй баримтуудыг нотлох баримтаар авах шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж зааснаар давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн дүгнэх чиг үүрэгтэй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад маргааны үйл баримтад ач холбогдолгүй үндэслэл зааж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

11.Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн “… Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөн, статистик хариуцсан ахлах референтээр, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр тушаал бууруулан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцсэн эсэх талаар дүгнэх байжээ, ... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн аль өөрчлөлттэй холбоотой тухайн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтэс нь Газар болгон өөрчилсөн хэрэгцээ шаардлага, түүнтэй холбоотой Газрын даргын чиг үүрэг нь Албаны даргын чиг үүргээс өөрчлөгдсөн эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй, дахин цуглуулах, тодруулах нотлох баримт байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжтой үйл баримт байна.

12.Мөн давж заалдах шатны шүүхийн “... байгууллагын чиг үүрэг хэрхэн өөрчлөгдсөн, түүнээс хамаарч Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн хэлтэс гэх нэгжийг газар болгож өөрчлөх шалтгаан, тухайн газрын даргын албан тушаалын чиг үүрэгт тусгагдсан эсэх, энэ нь албаны даргын чиг үүргээс өөр эсэхийг албаны чиг үүрэг, албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг шинээр өөрчлөн баталсан газрын чиг үүрэг, газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг цуглуулж, харьцуулан дүгнэх шаардлагатай” гэх дүгнэлтийн тухайд, хэрэгт шинэ болон хуучин албан тушаалын тодорхойлолтууд авагдсан, хэлтсийг газар болгон өөрчилсөн шалтгааныг хариуцагч тайлбарласан тул уг нотлох баримтад тулгуурлан холбогдох хуулийг хэрэглэн, эрх зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

13.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан, хариуцагч Ёс зүйн дэд хорооноос “... хувийн хэргийг бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн” гэж тайлбарласан тул давж заалдах шатны шүүхийн “... ярилцлага хийх хэлбэрээр тайлбар авсан гэх боловч ярилцлагын тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн этгээдийн гарын үсэг байхгүй, мөн тайлбар өгсөн гэх Ц.Б, Н.А, П.А нарын гарын үсэг зурагдаагүй байна, ... шүүхийн захиргааны хүний нөөцийн даргын хувьд бүрдүүлсэн цуглуулсан баримтаа Ёс зүйн дэд хорооны даргын хувьд хуралдаанд авч орж хэлэлцүүлэн, дүгнэлт гаргаж буйд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй” гэх үндэслэл нь маргааны гол үйл баримтад шууд нөлөөлөх зөрчил бишээс гадна шаардлагатай гэж үзвэл давж заалдах шатны шүүх өөрөө дүгнэх боломжтой.

14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд “... тайлан эмхэтгэлийг гаргахаар албан ёсны шийдвэр гарсан эсэх, бүрэлдэхүүнийг баталсан эсэх, түүнд нь Ч.Х байгаа эсэх талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг авахаас гадна ... ажлын албаны хамт олноос ирүүлсэн хүсэлт (албан бичигт дурдсанаар) гэх баримтыг эх хувиар нь гаргуулан авах” тухай үндэслэлийн хувьд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шийдвэрийн үндэслэл болгож өгөөгүй тул анхан шатны шүүхийг буруутгах, хэргийг анхан шатны шүүхэд буцаах, хэргийн шийдэлд нөлөөлөх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

15.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2026/0217 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                               М.БАТСУУРЬ

                                               Ц.ЦОГТ

                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ