| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00142/И |
| Дугаар | 210/МА2025/01846 |
| Огноо | 2025-10-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01846
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04258 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр харилцаа хамтын ажиллагааны менежерийн ажилд орсон бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/23 дугаар тушаалаар албан тушаалын нэршлийг өөрчилж, “компанийн түншлэл хариуцсан менежер" болгон өөрчилсөн.
1.2.Миний бие нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг сахилгын зөрчил болон ажлын дутагдал гаргаагүй болно. Гэтэл тус компанийн дэд захирал ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргаж, намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан.
1.3.Тус тушаалд намайг “*******” төслийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан баримт болон гэрээг холбогдох этгээдээр хянуулж, батлуулахгүйгээр байгуулахад хүргэж эрхээ хэтрүүлсэн, мөн компанийн нууц мэдээллийг задруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй.
1.4.Тушаалд дурдагдаж буй “*******” төсөл нь *******, “*******” ХХК болон //-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу Монгол орны ойн доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл бөгөөд энэ төслийн хүрээнд намайг ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан баримт болон гэрээг холбогдох этгээдээр хянуулж, батлуулахгүйгээр байгуулахад хүргэж эрхээ хэтрүүлсэн гэсэн нь үндэслэлгүй ба надад эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй.
1.5.Мөн компанийн нууц мэдээллийг задруулж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие компанийн ямар нэгэн нууц мэдээллийг бусдад задруулсан үйлдэл огт хийгээгүй байхад энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсанд гомдолтой байна.
1.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэж заасныг зөрчиж, ямар зөрчлүүд яаж гаргасан талаар надад тайлбарлаагүй, ажлаас халах шийтгэл ногдуулж байгаа талаар надад урьдчилан мэдэгдээгүй, миний компьютер /нөүтбүүк/ болон ажлын бусад хэрэглэлүүдийг хураан авч, миний ажлын байранд нэвтрэх эрхийг хааж, намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болгосон ба ажлаас халах тушаалыг надад өгсөн.
Иймд тус компанийн дэд захирал *******ы гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 325/24 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* нь 2018 онд “*******” ХХК-д харилцаа хамтын ажиллагааны менежер гэх албан тушаалд ажилд огт ажиллаж байгаагүй.
2.2.*******г "Эрүүл ой" төслийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан баримт материал болон гэрээг холбогдох этгээдээр хянуулж, батлуулалгүйгээр байгуулахад хүргэж эрхээ хэтрүүлсэн, мөн компанийн нууц мэдээллийг задруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг тус тус гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
2.3.“*******” ХХК нь Монгол орны ойн доройтлыг бууруулах чиглэлд "*******" чадавхыг бэхжүүлэх төслийн гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Б*******, (цаашид "" гэх), “*******" ХХК болон (-)-тэй хамтран хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулан гэрээний санхүүжилтийг “*******” ХХК гарган төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд гэрээний төслийн гүйцэтгэлийг хянах, “хориглосон үйл ажиллагаа”-наас сэргийлэх зорилгоор төсөлд шаардлагатай аливаа бараа, үйлчилгээ, ханган нийлүүлэгчийг сонгох шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгч (цаашид " гэх) нь компанитай зөвшилцөж гаргах талаар тохиролцсон.
Тухайн төслийн нийт санхүүжилтийн 90 хувь нь агаараас бэлдмэл цацах онгоцны түрээс бөгөөд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх буюу "Агаараас бэлдмэл цацах" онгоцны түрээсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон, түүнтэй гэрээ байгуулах нөхцөлд -ээс "*******" ХХК-д төслийг ирүүлснээр компанийн хуульч хянаж, хууль хэрэгжилтийн хэлтсээс эрсдэлийн үнэлгээ тус тус хийгдсэнээр гэрээ байгуулагдах нөхцөл бүрддэг болно. Ийм үе шатаар гэрээний төслийн төсвийн хүрээнд төслийн эхний ээлжийн буюу 2023 оны онгоц түрээслэх гэрээ хийгдэн ирсэн болно.
2.4.Гэтэл 2024 оны "Агаараас бэлдмэл цацах" онгоцны түрээсийн гэрээг -ээс "хуулийн хэлтсээрээ хянуулах" талаар “*******” ХХК-д ******* рүү цахим шуудангаар ирүүлж мэдэгдсээр байтал хуульчаар хянуулж, хянагдсан гэрээг батлуулалгүйгээр онгоцны гэрээ байгуулсан. Тэр дундаа 2023 оны болон 2024 оны онгоцны түрээсийн гэрээний төслүүд ялгаатай байсаар байхад хуульчаар хянуулах арга хэмжээг нэхэмжлэгч огт аваагүй.
2.5.Түүнээс гадна нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан компанийн нууц мэдээлэл, цахим шуудангуудыг өөрийн хувийн цахим шуудангийн хаяг руу удаа дараа илгээж дамжуулсан үйлдэл нь баримтаар тогтоогдсон бөгөөд дамжуулсан мэдээлэл дунд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан онгоцны түрээсийн гэрээний төсөл мөн байгаа болно.
2.6.“*******” ХХК нь зөрчлийг шалгах хугацаанд нэхэмжлэгчийг ажлаас цалинтайгаар (үндсэн цалин) түр чөлөөлөх болсныг албан ёсоор мэдэгдсэн. Ингэхдээ хянан шалгах ажиллагаатай холбогдуулан шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчийг дуудаж уг ажиллагаанд оролцуулах нөхцөл байдал үүсэж болзошгүй тул холбогдох боломжтой байхыг хүссэн бөгөөд ийнхүү хянан шалгагчаас нэхэмжлэгчтэй холбогдон ирүүлж ярилцлагыг "Team"-ээр хийсэн.
Мөн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гардуулахаас өмнө нэхэмжлэгчийг дуудан ирүүлж мэдэгдэж, санал байвал бичгээр өгч болно гэдгийг тайлбарлаж өгсөн боловч тэрээр “намайг юу ч битгий бичиж өгөөрэй, юун дээр ч гарын үсэг бүү зур” гэсэн гээд тушаалыг аваад явсан.
Иймд *******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 325/24 тоот тушаалыг хүчингүй болгож, *******г ******* ХХК-ийн түншлэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл 122 хоногийн хугацаагаар тооцон өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нэг сард 17,017,714 төгрөгөөр тооцож, 94,370,959 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалыг суутган, холбогдох бичилт хийхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гаргуулж байгаа 94,370,959 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 629,805 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Ажил, албан тушаалаас чөлөөлөх асуудал төрийн алба дээр яригддаг. Хариуцагч тал нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн гэрээг сахилгын зөрчил гаргасны улмаас цуцалсан, түүнээс биш "нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй" болно.
Тодруулбал, "*******" ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "" компанийн “my Voice” гомдол гаргах системээс "Хээл хахууль"-ийн талаарх гомдол, мэдээллийн талаар мэдэгдсэн. Тухайн мэдээлэл нь "ийн менежер ******* нь 2023 онд ханган нийлүүлэгч захирал/эзнээс 300,000,000 төгрөг (гурван зуун сая төгрөг)-ийг авсан" гэх гомдол байсан. Энэхүү баримт материалыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн.
Тухайн гомдол, мэдээллийг шалгах явцад ажилтан ******* мөн эрхээ хэтрүүлсэн болон нууц мэдээлэл задруулсан байж болзошгүй үргэлжилсэн зөрчлийн нөхцөл байдал илэрсэн тул давхар шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад “my Voice” гомдол гаргах системд гомдол гаргагч этгээд өөрт байгаа нотлох баримтаа өгөх боломжгүй гэсэн тул компани нэмэлт нотлох баримтгүйгээр зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж, тогтоох боломжгүй болсон.
Харин ажилтны эрхээ хэтрүүлсэн болон нууц мэдээлэл задруулсан зөрчил нь баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан.
4.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-д “...Хамтын ажиллагааны гэрээ, Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх ...гэрээнд Агаарын хөлөг түрээслэх гэрээг “*******” ХХК хянах эрхтэй байсан гэж үзэх үндэслэл, тусгайлан заасан зүйл заалт байхгүй, ...уг гэрээг “*******” ХХК-иар хянуулах талаар заагаагүй байна” гэжээ.
Хамтын ажиллагааны гэрээний 8.1.2 (хіі)-ын заалтын дагуу гэрээний талуудаас компанид “компанид ил тод болгон мэдээллээгүй, компанийн санхүүжилт олгох шийдвэр гаргахад нөлөөлсөн ямар нэг асуудал байхгүй” гэсэн баталгааг гаргасан. Гэрээний энэхүү баталгааны хэрэгжилтийг төслийн турш хангаж, биелүүлж ажиллахын тулд төсөл хэрэгжүүлэгчээс гэрээний талуудад, тэр тусмаа компани ажилтан болох нэхэмжлэгч *******д тухай бүр гэрээний төслийг цахимаар илгээж, хуульчаар хянуулах талаар сануулж байсан. Төсөл хэрэгжүүлэгчээс 2024 оны "Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх гэрээ" байгуулагдах явцад гэрээг хуулийн хэлтсээрээ хянуул", мөн *******-ийн хуулийн хэлтэс хянана" гэсэн цахим шууданг гэрээний төслийн хамтаар *******д ирүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой тусгагдсан бөгөөд эдгээр нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажсан.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь гэрээг хуульчаар огт хянуулаагүй, ямар ч санал аваагүй атал "гэрээг хянуулсан" гэж Төсөл хэрэгжүүлэгч болон "Ойн газар"-т худал бичсэн цахим шууданг илгээсэн нотлох баримт нь мөн хавтаст хэрэгт авагдсан.
4.3.2023 онд төсөл хэрэгжүүлэгчээс "Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх гэрээ”-г “*******” ХХК-ийн хуульчаар хянуулахаар цахим шуудан ирүүлж байсан болон хуульчаар гэрээ хянагдаж явсан болох нотлох баримтыг гаргаж өгсөн эдгээр нь мөн шүүхийн үзлэгээр баталгаажсан.
2023 оны болон 2024 оны "Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх гэрээ"-нүүд нь ялгаатай байгаа. 2023 оны гэрээ нь “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийг үндэслэн бөгөөд худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичиг, гэрээний загварыг ашигласан, 2024 онд дээр дурдсан гэрээний загвар, түүнд холбогдох баримт бичгийг баримтлаагүй. "Эрүүл ой" төслийн 2024 оны 1 дүгээр улирлын удирдах хорооны хурлын тэмдэглэлд “Онгоц түрээс... ХХК-тай хийх гурван талт гэрээг шинэчлэн, нэмэлт өөрчлөлтүүдийг тусган байгуулах" тухай заасан. Гэрээг өөрчилж, шинэчлэн байгуулах үйл ажиллагаа явагдах нөхцөлд "Хамтын ажиллагааны гэрээ"-ний дагуу санхүүжүүлэгч компанид мэдэгдэхгүй байх үүрэгтэй. Тиймээс шүүхийн шийдвэрийн "гэрээнд заагаагүй, тусгайлсан заалт байхгүй" гэсэн нь үндэслэлгүй болно.
4.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т “...нэхэмжлэгч ******* нь гэрээг гэх ахлах ажилтанд хянуулж, д явцын талаар мэдэгдэх ...байдлаар ажлаа гүйцэтгэж байсныг эрх мэдлээ хэтрүүлсэн, гэрээг хянуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан ажилтан нь нэхэмжлэгч *******гийн удирдлага дор ажилладаг ажилтан бөгөөд ажил, албан тушаалын хувьд компанийн хуульч биш, мэргэжлийн хувьд ч хууль биш, түүнчлэн д гэрээ хянах эрх олгогдоогүй, үүрэг хүлээгээгүй болох нь тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Харин гэх ажилтан нь тухайн гэрээг огт хариуцаж ажиллаж байгаагүй. Гэтэл шүүгч нэхэмжлэлд хамааралгүй, тодорхой баримтгүйгээр үйл явдлын талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
4.5.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т “...Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Батлах эрхийн зөвшөөрлийн матриц 6.1 (а), (b), Хамтран ажиллах гэрээний 3.1, 3.6 дахь заалтын хүрээнд нэхэмжлэгчийг гэрээ хянуулах байсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй" гэжээ.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний “Ажилтны хүлээх үүрэг 8 дугаар зүйлийн “б”-д заасны дагуу “Ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх” үүрэг хүлээсэн бөгөөд “Батлах эрхийн зөвшөөрлийн матриц"-ийн 6.1-ийн "Зөвшөөрөл заавал авах" зүйлийн (а)-д "Аливаа ажилтан үүрэг хүлээсэн хэлцэл хийхээс өмнө зохих зөвшөөрлийг авсан байх шаардлагатай" гэж заасны дагуу мөн үүрэг хүлээсэн. "Батлах эрхийн зөвшөөрлийн матриц"-ийн 3 дугаар зүйлд заасны дагуу тухайн бодлого нь “*******” ХХК-ийн нийт ажилтан бөгөөд гэрээт ажилтанд хамааралтай тул бодлогод заасан "Гэрээ тус бүрийг-гэрээний нийт хугацаанд гарах зардал болон хэлцэл, эсвэл ажлын багц тус бүрээр батлуулах ёстой” гэсэн заалттай холбоотойгоор “Хамтын ажиллагааны гэрээ”-ний Хавсралт 2-т заасан 2 жилийн хугацааны ажлын нарийвчлан гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан Хавсралт 4-т заасан Төслийн төсвийн задаргааг тухайн хугацаанд хувиарлан тусгасан. Компанийн бодлогын 8.1.(і)-ийн заасны дагуу бүх түрээсийн гэрээ нь заавал батлуулах шаардлагатай гэрээнд хамаардаг. Батлуулахын тулд холбогдох этгээдээр хянагдсан байх үүргийг мөн "Батлах эрхийн зөвшөөрлийн матриц"-аар тогтоосон.
4.6.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “... “” ХХК-ийн удирдлагаас ирүүлсэн мэдээллийг “... “Нууц" мэдээлэл шинжийг агуулсан гэж үзэхгүй, мөн өөрийн хувийн мэйлд илгээснийг задруулсан гэж дүгнэх боломжгүй гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд нийт 18 удаа компанийн ажлын цахим хаягаас өөрийн хувийн цахим хаяг руу ажлын нууц болон эмзэг мэдээллийг илгээсэн байдаг. Үүнээс Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаанд хамаарах зөрчилд холбогдох нотлох баримт болох цахим шуудангуудыг хариуцагч талаас хүсэлт гаргаж шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь компанийн ажлын цахим хаягаас өөрийн хувийн цахим шуудан хаяг pyy 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 47 минут илгээсэн "" ХХК-ийн мөнгөн урсгалын мэдээлэл" цахим шуудан, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 03 минутад илгээсэн "*******" ХХК-ийн гүйцэтгэлийн үр ашгийг тооцох үзүүлэлт” цахим шуудан, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цаг 19 минутад илгээсэн “Албан бичиг ирүүлэх тухай болон гэрээний драфт" цахим шууданг илгээж задруулсан.
Эдгээр цахим шуудан болон түүнд хавсаргасан мэдээлэл нь "*******" ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй төслүүдийн гүйцэтгэлийн явц, санхүүжилтийн дэлгэрэнгүй тооцоолол, мөнгөн дүн, зарцуулалтын задаргаа зэрэг нарийвчилсан мэдээлэл байсан, мөн " ХХК-ийн цахим шуудан байсан. Гэтэл шүүгч үзлэгээр гаргуулан авсан 3 цахим шуудангаас ганцхан "" ХХК-ийн цахим шууданг үнэлсэн бөгөөд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
“*******” ХХК-ийн *******гийн ажлын хаягаар, албаны шугамаар ирсэн тухайн цахим шуудан нь "...Уг цахим шууданд дурдсан мэдээлэл нь "" ХХК-ийн өмч бөгөөд... бусдад задруулах, ашиглах, түгээх дамжуулахыг хориглоно." гэсэн анхааруулгатай байсан, нотлох баримт шинжлэн судлах явцад хүртэл уншигдсан. Гэтэл шүүх тухайн нотлох баримтыг бодитоор үнэлж чадаагүйн зэрэгцээ бусад "нууц мэдээлэл"-д хамаарах төслийн санхүүжилтийн тооцоол, задаргаа, гэрээ зэрэг нотлох баримтыг огт үнэлээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дүгээр тушаалаар *******г хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ажлаас чөлөөлсөн гэх үг хэллэг хэрэглэсэн нь тухайн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй ба тухайн ажил олгогчийн тушаал нь үндэслэлгүй гарсан.
5.2.“*******” ХХК-ийн ажилтан myvoice ажиллагааны хүрээнд *******д гомдол мэдүүлсний үндсэн дээр ажил олгогчоос *******г түр хугацаанд ажлаас нь түдгэлзүүлж хянан шалгах ажиллагаа явуулсан бөгөөд хахууль авсан нөхцөл байдал тогтоогдоогүй учир *******г шалгахад эрх мэдлээ хэтрүүлсэн, нууц мэдээлэл задруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн. Уг үндэслэлээр тухайн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй.
Агаарын хөлөг түрээслэх гэрээний захиалагч нь Ойн газар, санхүүжүүлэгч нь Ногоон төгөл байгаль хамгаалах нийгэмлэг, гүйцэтгэгч “” ХХК юм. ******* нь тухайн гэрээний аль нэг тал биш учир тухайн гэрээг байгуулах үйл явцад оролцоогүй бөгөөд тухайн гэрээгээр ямар нэгэн эрх, үүрэг хүлээгээгүй.
Гэтэл хариуцагч нь бие даасан 3 субъектийн хооронд байгуулсан гэрээг хуулийн хэлтсээр хянуулаагүй, өөрийн эрх мэдлийг хэтрүүлж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны дүгнэлт хийсэн.
5.3.Монгол орны ойн доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд , , гэсэн 3 субъект хамтын ажиллагааны гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан. Хариуцагчаас тухайн гэрээний 3.6 дахь заалтыг *******г зөрчсөн гэж үзсэн. Төсөлд шаардлагатай ханган нийлүүлэгчийг сонгох, бараа, үйлчилгээ худалдан авахтай холбоотой аливаа шийдвэрийг Компани болон -тай зөвшилцөж гаргана гэж заасны дагуу тухайн төсөлтэй холбоотой бүх үйл ажиллагаа, ханган нийлүүлэгчийг сонгох, бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой шийдвэрийг гэрээний талуудын төлөөллөөс бүрдсэн төслийн удирдах хороо шийдвэрлэнэ. Тухайн асуудлыг ******* дангаар шийдвэрлэхгүй.
5.4.Хариуцагч гомдолдоо 2023 он болон 2024 онуудад байгуулагдсан гэрээнүүдийг ялгаатай, нөхцөлүүд нь өөр гэж дурдсан. Тус гэрээнүүдийн үнэ, хөдөлмөрийн нөхцөлүүд, захиалагч, гүйцэтгэгч талын эрх, үүрэг болон бусад нөхцөлүүд бүгд адилхан бөгөөд өөрчлөлт оруулсан зүйл байдаггүй. 2024 оны гэрээний хэрэгжилтийг талууд дүгнэсэн бөгөөд тухайн гэрээ нь *******гээс шалтгаалж ямар нэгэн маргаан болон хохирол учраагүй.
5.5.н.Түвшинжаргал нь ахлах зөвлөхийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд *******гийн хариуцсан хэлтсийн бичиг баримт, гэрээ хэлцлийг хянаж, зөвлөх үүрэгтэй ажиллаж байсан. Тухайн гэрээг хуулийн хэлтсээр хянуулаарай гэж зөвхөн ******* рүү явуулаагүй бөгөөд н.Түвшинжаргал, хэлтсийн ажилтан , ойн газрын дарга нар луу явуулсан. Иймд зөвхөн ******* рүү тухайн и-мэйлийг явуулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
“*******” ХХК-д хуулийн хэлтэс, орон тооны хуульч байдаггүй. Иймд тухайн гэрээнүүдийг хуулийн хэлтэст заавал хянуулна гэсэн журам байхгүй.
5.6.Батлах эрхийн матриц нь “*******” ХХК-ийн өөрийн дүрэм, журам нь биш юм. Тухайн батлах эрхийн матриц нь “*******” ХХК-ийн толгой компани болох “” ХХК-ийн дүрэм, журам юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн баримтыг Монгол хэл рүү хөрвүүлж нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үед ******* нь батлах эрхийн матрицтай анх удаа танилцсан. Тухайн батлах эрхийн матрицыг гэрээний үндсэн дээр хэрэглэх зориулалттай. Тухайн яригдаж байгаа гэрээний нэг тал нь “*******” ХХК биш учир батлах эрхийн матрицыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна.
5.7.Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргээ хэтрүүлэх, өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдлийн улмаас байгууллага болон бусад этгээдэд ямар нэгэн хохирол учруулсан байх, бусдын эрх ашигт халдсан байхыг шаарддаг. ******* нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод зааснаар эрх мэдлээ хэтрүүлсэн үйл баримт тодорхойгүй.
5.8.*******г 18 удаа ажлын нууц болон эмзэг мэдээллийг илгээсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тухайн *******гийн явуулсан гэх и-мэйлд үзлэг хийсэн бөгөөд “” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон 2000 гаруй ажилчдад албан бичиг явуулсан байдаг. Тухайн ажилчдад илгээсэн албан бичигт санхүүжилт хүнд байх талаар болон санхүүгийн хэмнэлт хийх хэрэгтэй агуулгаар и-мэйл явуулсан. Мөн өөрийн хувийн хаяг руу илгээсэн и-мэйл нь амралтын үеүдэд ажлын зарим зүйлийг уншиж, ажлаа хийх зорилгоор явуулсан үйл баримт байдаг. Өөрийн хувийн хаяг руу явуулсан баримт бичиг нь компанийн нууцад хамаарах баримт бичиг биш бөгөөд цааш гуравдагч этгээдэд задруулаагүй.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “*******” ХХК-ийн дэд захирлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" 325/24 тоот тушаалыг хүчингүй болгох гэсэн шаардлага нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл болж байх тул тусдаа шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл гэж давж заалдах шатны шүүх тодорхойлов.
3.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд харилцан тохиролцоогүй тул тус хорооны 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /шийдвэрийг гардан авч, мөн өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Харилцаа хамтын ажиллагааны менежерийн албан тушаалд томилогдож, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт” болон тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 221/23 тоот тушаалаар Компанийн түншлэл хариуцсан менежерээр ажилласан.
4.2.Хариуцагч “*******” ХХК-ийн дэд захирлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №325/24 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.2, *******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн (б, ж), 10 дугаар зүйлийн 10.2.1 дэх хэсгийн “ё” заалт, 11 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийг үндэслэн Компанийн хамтын ажиллагааны менежер ******* нь “Эрүүл ой” төслийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан баримт материал болон гэрээг холбогдох этгээдээр хянуулж, батлуулалгүйгээр байгуулахад хүргэж эрхээ хэтрүүлсэн, мөн компанийн нууц мэдээллийг задруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан.
5. Дээрх үйл баримтын талаар талууд маргаангүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5.1.Анхан шатны шүүх ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр тушаал үндэслэлгүй гэж зөв дүгнэж, нэхэмжлэгч *******г Компанийн хамтын ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Б*******,, “” НҮТББ, “*******” ХХК нь “Эрүүл ой төсөл”-ийн хүрээнд “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2022 оны 09 сарын 23-ны өдөр байгуулж, уг гэрээний дагуу “” НҮТББ нь төслийг хэрэгжүүлж, “*******” ХХК нь төслийн зардалд зориулж санхүүжилтийг олгох үүрэг гүйцэтгэхээр тохиролцжээ.
“Эрүүл ой” төслийн удирдах хороонд “*******” ХХК-ийг төлөөлж түншлэл хариуцсан захирал *******, түншлэл хариуцсан ахлах зөвлөх , түншлэл хариуцсан зөвлөх нар ажиллаж байсан болох нь “Эрүүл ой” төслийн 2024 оны 1 дүгээр улирлын удирдах хорооны хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдсон.
“Эрүүл ой төсөл”-ийн удирдах хорооны ажлын хүрээнд онгоц түрээсийн гэрээний төсөлтэй танилцах, гэрээнд саналаа өгөх, гэрээний хавсралтад орох дутуу мэдээллийг гүйцээж өгөх, “*******” ХХК-ийн хуулийн хэлтсээр гэрээг хянуулахаар *******д цахим шуудангаар явуулж байжээ.
Улмаар “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд агаарын хөлөг түрээслэх гэрээ”-г “Ногоон төгөл байгалийн баялаг хамгаалах нийгэмлэг” ТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “” ХХК 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан байна.
Хариуцагч нь *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хоёр ноцтой зөрчил гаргасан үндэслэл заан цуцалсан. Хариуцагч үүнийг дараах байдлаар тайлбарласан.
Нэгт. “******* “Эрүүл ой” төслийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүлээн авсан баримт материал болон гэрээг холбогдох этгээдээр хянуулж, батлуулалгүйгээр байгуулахад хүргэж эрхээ хэтрүүлсэн” гэдэгт 2024 оны "Агаараас бэлдмэл цацах" онгоцны түрээсийн гэрээг “” НҮТББ-аас хуулийн хэлтсээрээ хянуулах талаар “*******” ХХК-д ******* рүү цахим шуудангаар ирүүлж мэдэгдсээр байтал ийнхүү хуульчаар хянуулж, хянагдсан гэрээг батлуулалгүй. Энэ гэрээ нь 2023 оны “Онгоцны түрээсийн гэрээ”-ний төслөөс ялгаатай байсан” гэж,
Хоёрт. “Компанийн нууц мэдээллийг задруулсан” гэдэгт ******* албаны цахим шуудангаас өөрийн цахим шууданд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр илгээсэн “” ХХК-ийн мөнгөн урсгалын мэдээлэл”, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн “*******” ХХК-ийн гүйцэтгэлийн үр ашгийг тооцох үзүүлэлт”, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр илгээсэн “Албан бичиг ирүүлэх тухай болон “Агаараас бэлдмэл цацах" онгоцны түрээсийн гэрээний төсөл” гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.
Хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцсон байна. Үүнд:
Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд, Ажилтны хүлээх үүрэг: “б”-д “компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх”, “ж”-д “Компанийн нууц мэдээлэл буюу эсвэл компанийн хөрөнгө, бизнес, санхүү, хүний нөөц болон ажилтны талаарх мэдээлэл, баримт материал болон мөн үүгээр хязгаарлагдахгүй бусад олон нийтэд түгээгээгүй мэдээлэл, баримт материалыг алдагдах, задруулах, хууль бусаар ашиглагдахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой бүхий л арга хэмжээг авах”, гэрээний 10.2.1 дэх хэсгийн “д”-д Нууц мэдээлэл задруулах: “Энэхүү гэрээний 11-р зүйлийг зөрчих эсхүл компанийн нууц мэдээллийг задруулах, түүнийг өөрийн болон бусад этгээдийн ашиг сонирхол, ашиг тус, зорилгод ашигласан, ийнхүү ашиглах боломж бүрдүүлсэн”, “ё”-д Эрхээ хэтрүүлэх: “Ажилтан нь ажил олгогчийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт, дүрэм, зохицуулалт, тушаал, итгэмжлэл болон журамласан бусад баримт бичгээр ажилтанд олгосон эрхийн хүрээнд ажиллах үүрэгтэй бөгөөд ийнхүү олгогдсон эрхээ хэтрүүлсэн” гэж заажээ.
“*******” ХХК-ийн Батлах эрхийн зөвшөөрлийн матриц 6.1 (а) “Аливаа ажилтан үүрэг хүлээх хэлцэлд оролцох, хэлцэл хийхээс өмнө зохих зөвшөөрлийг зайлшгүй авсан байх шаардлагатай. Ажилтан зохих зөвшөөрлийг авалгүйгээр үүрэг, амлалт хүлээх, өгөх болон үйлдэл хийснээр дараагийн зөвшөөрөл авахыг хориглоно”. (b) “Ямар ч тохиолдолд ажилтан өөрт олгогдоогүй эрх мэдлээр шийдвэр гаргах, эсвэл эрх мэдлийнхээ хязгаараас хэтэрсэн үүрэг амлалт хүлээх, өгөхийг хориглоно” гэсэн журамтай байна.
Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар компанитай бизнесийн харилцаатай эсвэл компанийн нөлөөлөлд ордог эсвэл эсрэгээр компани нөлөөлд нь орж болох этгээд буюу компаниас гаднах оролцогч талуудтай харилцах ажил гүйцэтгэх үүрэгтэй байна.
Гэтэл “*******” ХХК-д хуулийн хэлтэс байхгүй гэх тайлбарыг хариуцагч гаргасан, мөн гэрээг хянах хуулийн мэргэжилтэнд уг гэрээг хянуулах ажил үүргийн ямар хувиар байдаг, түүнийг зөрсөнтэй холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.
Иймээс хариуцагч нь “Эрүүл ой” төслийн хүрээнд ажилтан ******* ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэрээний төслийг хуулийн хэлтсээр хянуулж, батлуулаагүй эрхээ хэтрүүлсэн гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар биелүүлээгүй гэж дүгнэнэ.
Түүнчлэн анхан шатны шүүх *******г байгууллагын нууц мэдээллийг задруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.
Учир нь, “*******” ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэрээ нууцалсан иргэнээс *******д холбогдуулан гомдол гаргасан тул компани магадлан шалгалт хийж тайлан гаргасан байна.
Магадлан шалгалтаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хооронд гаргасан зөрчилд ******* компанийн нууц болон эмзэг мэдээллийг 2 жилийн хугацаанд 18 удаагийн үйлдлээр өөрийн хувийн и-мэйл рүү илгээсэн гэж тогтоосон.
Мөн шүүх хариуцагчийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн цахим шууданд үзлэг хийж, цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр “” ХХК-ийн мөнгөн урсгалын мэдээлэл”, “*******” ХХК-ийн гүйцэтгэлийн үр ашгийг тооцох үзүүлэлт”, “Албан бичиг ирүүлэх тухай болон “Агаараас бэлдмэл цацах" онгоцны түрээсийн гэрээний төсөл” хувийн гэх хаягт илгээсэн нь тогтоогдсон.
Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэж, 2 дах хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно” гэж заасан.
Нэхэмжлэгч дээрх дурдсан баримтыг хувийн цахим шууданд илгээсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, байгууллагын нууцад хамааруулсан баримт байсан нь тогтоогдоогүй.
Мөн нууц мэдээлэл задруулсан гэх ойлголтод мэдээлэх, дамжуулах, үзүүлэх, хэвлэн нийтлэх болон бусад арга замаар нууцтай танилцах эрхгүй этгээдэд хүрсэн байхыг ойлгох юм.
Дээрхээс дүгнэвэл *******тэй байгуулсан хөдөлмөр гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.
6.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т тус тус заасныг баримтлан ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцон хариуцагч “*******” ХХК-аас 94,370,959 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6.1.Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хууль баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
7.Хариуцагч үзлэг хийх ажиллагааг шүүгч хийгээгүй, үзлэгээр бэхжүүлсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлж, үнэлээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг доор дурдсан үндэслэлээр хангахгүй.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн цахим шууданд үзэг хийж, үзлэгийн тэмдэглэлд шүүгч, тэмдэглэл хөтөлсөн шүүгчийн туслах, хөндлөнгийн гэрч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Иймээс шүүх үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзлээ.
8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04258 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 42 дугаар зүйлийн 42.3.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******г “*******” ХХК-ийн түншлэл хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 94,370,959 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгасугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 629,805 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.АЗБАЯР