| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/00755/И |
| Дугаар | 210/МА2025/01888 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01888
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/05522 дугаар шийдвэртэй
“*******” ХК-ийн нэхэмжлэлтэй
“*******” ХХК, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 244,117,870.19 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч “*******” ХХК, ******* нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “*******” ХК-тай зээлийн эрх нээх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, баталгааны гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 22, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зээлийн эрх нээх нэмэлт гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 21,60 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай байгуулсан.
1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *******гийн өмчлөлийн, дугаартай Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******, хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн, дугаартай аймаг, сум, ******* баг, хороолол, , тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дугаартай аймаг, сум, ******* баг, ******* хороолол хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 603 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалсан.
1.3.Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгаа талаар албан бичгээр мэдэгдэж, зээлийн төлбөрийг төлөх бодит боломжийг олгосон боловч зээлдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.
1.4.Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүйгээс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 41,177,893.93 төгрөг, зээлийн үндсэн хүү 177,722,291.67 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 25,152,684.59 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 65,000 төгрөг, нийт 244,117,870.19 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч бөгөөд хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.******* миний бие “*******” ХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500,000,000 төгрөгийг зээлсэн. Уг зээлийг автомашины худалдаа хийхээр авсан боловч 2020 онд “Ковид-19” цар тахал гарснаас хил, гааль хаасан.
2.2.Өнөөдрийн байдлаар үндсэн зээл, хүүнд 1,350,000,000 төгрөгийн төлөлт хийгээд байна. Үүн дээр 141,178,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү алдангитай нийлээд нийт 1,500,000 төгрөг болж төлөгдөхөөр байна.
2.3.Банк үндсэн дүнгээс хасахгүй зээлийн хүүг ч зарим тохиолдолд хасахгүй хамгийн түрүүнд нэмэгдүүлсэн хүү буюу алданги хасаад байгаа болохоор зээлийг өндөр төлсөн ч үлдэгдэл ихтэй гараад байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК, *******, ******* нараас 244,117,870,19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх барьцааны гэрээний дагуу барьцаалсан хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,878,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК, *******, ******* нараас 1,378,214 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах, мөнгөн хөрөнгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч талаас гаргасан бөгөөд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй.
4.2.Барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
4.3.Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхийнхээ хүрээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатын шүүх нэхэмжлэгчийн эдлээгүй өөр нэгэн шаардах эрхийг дурдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Өнөөдрийн байдлаар “*******” ХК-д 179,117,870 төгрөгийн өглөгтэй байгаа. Миний зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломж байхгүй. Надад 179,000,000 төгрөгтэй дүйцэх үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Анх удаа “*******” ХК-аас зээл авч, 500,000,000 төгрөгийн хоёр ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, Lexus 570 маркийн автомашин барьцаанд тавьсан. Миний зүгээс зээлийг төлөх хүсэлтэй байгаагаа ахлах ажилтан н.Чинзоригт хэлж байсан. Барьцаа хөрөнгөтэй холбоотой шийдлийг буруу гэж бодож байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч “*******” ХХК, *******, ******* нарт холбогдуулан үндсэн зээл 41,177,893.93 төгрөг, зээлийн хүү 177,722,291.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,152,684.59 төгрөг, нийт 244,117,870.19 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.1.“*******” ХК болон ******* нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗЭНГ/RСС190117008-1 дугаартай зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нь 500,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, тохирсон хугацаанд зээл, зээлийн хүү төлөх нөхцөлийг тохирчээ.
3.1.1.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗЭНГ/RCC201228045-1 дугаартай зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 30 сар /2 жил 6 сар/ байхаар, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ЗЭННГ/RCC220323004-1-1 дугаартай зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 42 сар /3 жил 6 сар/ байхаар тус тус сунгасан өөрчлөлтийг оруулжээ. Талууд энэ талаар маргаагүй.
3.2.Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
4.Талууд зээлийн гэрээний 8.3-т зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг төлөгдөөгүй зээлд ногдох хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцох талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
5.Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчсөн, “*******” ХК нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болон 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай” албан тоотоор зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацааг зээлдэгчид өгсөн байх боловч зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.
6.Анхан шатны шүүх зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс зээлийн гэрээний тал биш этгээдэд төлбөрийн үүрэг ногдуулсан шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан, өөрчлөлт оруулна.
Тодруулбал, нэхэмжлэгч “*******” ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “*******” ХХК, ******* нараас шаардсан байхад анхан шатны шүүх барьцаа хөрөнгийн өмчлөгч болох *******өөс зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч тал баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэл шаардаагүй байхад баталгаа гаргагч болох “*******” ХХК-д зээлийн гэрээний үүрэг ногдуулсан нь буруу байна.
6.1.Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч ******* ХХК-иас зээлдэгч *******д шилжүүлсэн, тэрээр зээлийн гэрээний хавсралт болох эргэн төлөлтийн хуваарийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
Зээлдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 675,822,106.07 төгрөг, зээлийн хүүд 344,864,085.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28,454,036.99 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлсөн, мөн түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 100,000,000 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөд тооцож хассан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6.2.Иймд хариуцагч *******гээс үндсэн зээл 41,177,893.93 төгрөг, зээлийн хүү 177,722,291.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,152,684.59 төгрөг, хохиролд 65,000 төгрөг, нийт 244,052,870.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосон өөрчлөлт оруулна. Энэ шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
7.Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэл буюу фидуцийн гэрээний талаар дүгнэлт хийж, улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасантай нийцэхгүй байна.
7.1.“*******” ХК болон *******, ******* нар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №ЗБ/RCC190117008-1-1, №ЗБ/RCC190117008-1- үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулж, уг гэрээгээр *******гийн өмчлөлийн, дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******, хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн, дугаартай, аймгийн сум, ******* баг, хороолол , тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн эзэмшлийн, дугаартай, аймаг, сум, Цагаанчулуут баг, Эко хороолол хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 603 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
7.2.Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатын шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/05522 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гээс 244,117,870.19 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа “Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн, дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, *******, хаягт байршилтай 165 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн өмчлөлийн, дугаартай, аймаг, сум, ******* баг, хороолол, , тоот хаягт байршилтай 166 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн эзэмшлийн, дугаартай, аймаг, сум, Цагаанчулуут баг, Эко хороолол хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 603 м.кв талбайтай газрыг тус тус худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэсэн 2 дахь заалт нэмж,
тогтоох хэсгийг 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,878,609 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 1,378,214 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д буцаан олгосугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Б.АЗБАЯР