| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00053/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хурлын “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч А.Тунгалагтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганганбарс
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ичинхоролоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-гийн А-д холбогдох эрүүгийн 1940000670037 дугаартай хэргийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын Иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А.
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж” хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч М.Х-гийг Ц-ны гэртээ унтаж байхад нь гэрийнхэн хаалганы хатавчны хэсгийг хуулж гараа оруулж цоожийг нь онгойлгон орж хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан,
Мөн Б.А нь хохирогч М.Х-гийг зодож биед нь тархи доргилт, зүүн чихний хэнгэрэн харьсны цооролт, зүүн бугалгын гадна дээд, хэсгийн цус хуралт, зүүн нүд, уруул шанаа хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч М.Х-гийн 2019 оны 04 сарын 29-ний өдөр хохирогчоор мөрдөн байцаалтад өгсөн: засаг даргын тамгын газарт мал эмнэлэг үржлийн тасагт 2018 оны 11 сараас хойш ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сараас 02-ны өдрөөс мал эмнэлгийн тасгийн дарга, мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байна. Анх томилогдсон цагаасаа хэрэг гарах өдөр хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. Би өөрийнхөө гэрт ганцаараа амьдардаг, би нэг охинтой бөгөөд охин маань төвд өвөө, эмээ дээрээ байдаг. 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажлаасаа тараад гэртээ харьсан. Гэртээ ирээд хоол цайгаа идэж уучхаад унтаж амрахаар хэвтсэн. Унтахаасаа өмнө өөрийн төрсөн эгчтэйгээ видео дуудлага хийчхээд унтсан. Би тухайн үед зурагтаа асаалттай гэрлээ унтраагаагүй унтчихсан байсан. Тэгтэл орой 2019 оны 04 сарын 08-ны 23 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг нэг хүн балбасан. Тэгэхэд нь сэрээд хэн бэ гэж асуухад хэн ч байсан чамд ямар хамаатай юм бэ?, хаалгаа тайл пизда минь гэж хэлэхээр нь би гэрийнхээ хаалгыг тавьж өгөөгүй. Тэгтэл тэр залуу манай гэрийн хаалганы хажуу талаар хатавчаар гараа оруулж ирээд хаалганы цоожийг онгойлгох гэхээр нь гарыг нь цохьсон, тэгэхэд нь нэмэр болоогүй бөгөөд манай гэрийн хаалганы замган түгжээг онгойлгосон. Мөн гэрийнхээ хаалгыг галын хайчаар чагталж түгжсэн байсныг хатавчаар гараа оруулж онгойлгож манай гэрт дайрч орж ирсэн. Манай гэрт орж ирсэн залууг өмнө нь харж байгаагүй, танихгүй залуу байсан. Тэр залуу манай гэрт орж ирээд гэрийн хойд талд байх орон дээр очоод суусан. Тэгэхээр нь би гэрийнхээ баруун талд байх орон дээр сууж байгаад тэр залуугаас “юун хүн бэ та, би таныг танихгүй шдээ, манай гэрээс гар” гэхэд тэр залуу “чи надтай унт, унтахгүй бол чамайг ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гэрлийг унтраалгаар нь унтраагаад над руу хүрээд ирсэн, тэгээд намайг баруун талын орон дээр түлхэж суулгаад босгохгүй байсан. Өөрөө миний өмнө, орны хажууд 2 хөлөө өвдөглөж суучхаад миний өмсөж байсан хувцсыг тайлах гэж оролдсон. Би тухайн үед унтах гэж байсан болохоор нимгэн хувцастай байсан. Би хөл нүцгэн, биеийн тамирын өмдтэй, хул өнгийн ногоон цамцтай, дотор талаараа пудволктой байсан. Тэр залуу миний хувцсыг тайлах гэж их үзсэн. Би өөдөөс нь эсэргүүцэж хувцсаа тайлуулаагүй. Хувцсаа тайлуулахгүй гээд өөдөөс нь тэмцэхээр намайг зодоод байсан, хөл гар, тохой гэх мэт цохиход таарсан газар руугаа цохиж байсан. Миний өмсөж байсан пудволкийн энгэрийн доод талаар урчихсан байсан. Миний хувцсыг тайлах гэж оролдож байхдаа миний хөхийг базаад байсан. Намайг зодож байхдаа энэ асуудлын талаар сумын удирдлагууд болон хэсгийн төлөөлөгчид хэлэх юм бол чамайг ална шүү гэж хэлж байсан. Алуулмааргүй байгаа бол надтай унт гэж хэлсэн. Намайг зодож байхдаа миний үснээс зулгааж гэр дотуур чирсэн. Тэгж байгаад тэр залуу бэлэг эрхтнээ гаргаад намайг бэлэг эрхтнээ хөх гэж хэлээд миний амыг бэлэг эрхтэн рүүгээ ойртуулаад хүчлэхээр нь би хөхөөгүй, амаа жимийгээд, гараараа амаа дараад байж байтал тэр залуу бэлэг эрхтнийг маань хөхөхгүй байна гээд хоолойг маань нэг гараараа багалзуурдсан. Тэгэхээр нь би уйлсан чинь нөгөө гараараа амыг маань дараад дуугүй бай гэж хэлсэн. Тэгээд миний хоолойг боож байхдаа чи миний бэлэг эрхтэнг хөхөхгүй юу гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би залуугаас “намайг битгий алаач би ганц охинтой хүн охиндоо амьд харагдмаар байна” гэж гуйхад миний үгийг тоохгүй, хоолой боогоод байсан. Тэгтэл тэр залуу намайг чирч гаргаж ална гээд намайг үсдээд гэрийн хаалга руу чирэхээр нь тэр залууг цаашаа гээд нэг удаа түлхсэн чинь арагшаагаа газар унасан. Тэгэхээр нь гэрээсээ зугтаж гарч гүйгээд хашаан дотор байх хажуу айл руугаа ороход Э эгч, 2 жоохон хүүхэдтэй хамт байсан. Тухайн үед миний хамраас цус гараад нүүрээр гоожсон байдалтай орсон, тэгээд цусаа угааж цэвэрлээд хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьж дуудлага өгсөн. Тэгэхэд удалгүй эмнэлгээс их эмч ирж намайг үзсэн. Намайг гэрээсээ гарч зугтсаны дараа манай гэрт үлдсэн залуу гарч ирээгүй дуудлагад ирсэн эмч манай гэр рүү ороход тэр залуу унтаж байсан гэж байсан. Тэгэхээр нь би эмчийг гуйж байгаад гар утас нь дээр нь зургийг нь авхуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуудас/
2. Гэрч Х.Д-ийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: Эрүүл мэндийн төвийн их эмчээр 2018 оны 06 сарын 25-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар ганц их эмчтэй буюу миний бие ажиллаж байна. Өчигдөр шөнө буюу 2019 оны 4 сарын 09-ний шөнийн 02 цаг 01 минутад дуудлагаар тус сумын 6 дугаар багт оршин суух Ц-гийн хашаанд байх монгол гэрт дуудлагад очиход гэрийн хаалга нь онгорхой, гэрэл асаалттай байхаар нь шагайгаад хартал гэр орны эд хогшил хөглөрсөн зарим эд зүйлс газар унасан байдалтай байсан ба гэрийн зүүн хойд хэсэгт нь толгойгоо зүүн тийш харуулж хэвтсэн ногоон дээлтэй, шар бүстэй, гадуураа хүрэн хантаазтай, хөх өмдтэй, түрийтэй хар гуталтай, халимаг үстэй сахалгүй ойролцоогоор 30 гаран настай залуу буюу А унтаж байсан. Түүний жинхэнэ нэрийг А гэдэг. Тэгээд уг гэрийн зүүн талд байгаа шар байшинтай Ц гэх айлд ортол ЗДТГ-ын мал үржлийн тасгийн ажилтан М.Х үүдний ширээний сандал дээр уйлсан байдалтай сууж байсан ба биеийг нь үзэхэд анхны үзлэгээр нүүрний хоёр шанаа, хацар хэсгээр хавантай, уурлаж бачимдсан байдалтай биеийн байдал дунд, арьс чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд бус артерийн даралт 120/80 мм муб, уушгины хоёр талд цулцангийн амьсгалтай, хэл өнгөртэй, хэвлийн зөөлөн байсан бөгөөд гэмтлийн талаар гэвэл чих өвдөнө, толгой өвдөнө, нүд хөхөрсөн зүүн нүд уруул шанаа нь хавдсан хамраас цус гарсан бөгөөд цусаа угаасан гэж байсан. Үзэж дууссаны дараа М.Х “намайг зодсон гэх хүн манай гэрт унтаж байгаа, зургийг нь дараад өгөөч” гэхээр нь ороод самсунг Жи-6 маркийн гар утсаар 5 кадр зураг дарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
3. Гэрч Б.Э-гийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаалтад өгсөн Э-гийн гэрт амрахаар ирсэн юм. Ц-ны 2-3 тоотод байрлах дүү Э-гийн гэрт түүний хүү Т, охин Э, нарын хамт 2019 оны 04 сарын 09-ний шилжих шөнө унтаж байхад хөрш айлын М.Х нь хамраас цус гоожсон, нүүр ам нь цус болсон, бие чичирсэн байдалтай уйлаад орж ирээд “намайг манай гэрт танихгүй хүн орж ирээд зодчихлоо” гэж хэлээд нэлээн удаан уйлаад байхаар нь миний дүү тайвшир гээд “нүүр гарыг нь угаалгаад” суулгахад М.Х цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд манай гэрт хоносон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/
4. Гэрч Б.А-гийн 2019 оны 04 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 04 сарын 07-ны өдөр 11 цагийн үед эхнэртэй адуундаа явлаа гээд Булгийн 5-5 тоотод байрлах гэрээсээ гараад адуундаа явалгүй. Тэр өдрийн орой сумын төв дээр муушиг тоглож хоноод маргааш нь буюу 4 сарын 08-ны орой 17 цаг хүртэл муушиг тоглож байгаад гарсан. Сумын төвийн зүүн урд байранд байдаг манай танил дүү Б-гийн У-ын гэрт У болон түүний найз гэх нэг танихгүй залуугийн хамт бид гурав 0.5 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи 2 шилийг 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво 2 савыг уугаад тасарсан. Тэгээд тэдний гэрээс яаж гарснаа санахгүй тэр айл болох Ц байрлах ЗДТГ-ын малын эмч М.Х-ийн гэрт 2019 оны 04 сарын 09-ний өглөө 6 цагийн үед гэрийнх нь зүүн талд нь зүүн тийшээ хараад унтаж байгаад сэрсэн. Сэрээд би хэзээ энд ирснээ огт санахгүй байсан бөгөөд тэдний гэрээс гараад гэр рүүгээ явж байхад эмнэлгийн галч А.А таараад Би өчигдөр М.Х гэртээ үл таних хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагад очиход чи гэрт нь унтаж байсан. Чи тэр хүнээс эртхэн уучлалт гуй гэхээр нь буцаад гэрт нь очиж М.Х-тай уулзахад чамайг би цагдаад өгнө, чи намайг зодож дайрсан гэж байхаар нь уучлалт гуйгаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/
5.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт:
6.Яллагдагч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: сумын хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Би яг юу болсныг мэдэхгүй байгаа. Тухайн үед би архи уусан байсан. Уусан архиндаа согтоод юуг ч санахгүй байна. 2019 оны 04 сарын 07-ны өдөр төвд байдаг гэрээсээ хөдөө адуундаа явлаа гэж эхнэртээ хэлээд мотоцикльтэй ганцаараа гарсан. Адуундаа явлаа гээд гэрээсээ гарсан хэдий ч хөдөө адуугаа харахаар явалгүй Галшар сумын төвд байдаг Б гэдэг айлд очиж муушиг тоглож хоносон. Тэгээд Б гийн гэрт хоноод 2019 оны 04 сарын 08-ны орой 17 цагийн үед тэдний гэрээс гарсан. Тэдний гэрээс гараад У гэрт очиход У нэг найзтайгаа хамт байсан. Би тэр найзыг нь танихгүй юм байна лээ, манай сумын хүн биш байсан. Ингээд У, У найз бид 3 нийлж байгаад тэднийд архи пиво ууцгаасан. Намайг тэдний гэрт ороход 0.5 литрийн “Ерөөл” гэх архи 2 шилийг, 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” гэх нэртэй пиво авчихсан байхаар нь хувааж ууцгаасан. Архи, пиво ууж байгаад согтсон байсан. Хэдэн цагт архи пиво ууж дууссаныг мэдэхгүй байгаа. Тэгээд уусан архи гараад сэргэхэд буюу 2019 оны 04 сарын 09-ний 06 цагийн үед сэрсэн чин нэг танихгүй айлд гэрийнх нь зүүн талд унтаж байсан. Би тэр айлд хэзээ ирснээ ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээд тэр айлаас гараад гэр рүүгээ явж байтал Галшар сумын эрүүл мэндийн төвийн галч Амаржаргалтай таарахад Галшар сумын Засаг даргын тамгын газрын мал хөгжлийн төслийн дарга Хэрлэнтунгалаг хүнд зодуулчихлаа гэсэн дуудлагаар эмчтэйгээ хамт ирэхэд чи гэрт нь унтаж байсан шүү тэр хүнээс уучлалт гуйгаарай гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн би юу болсныг санахгүй байсан. Тэгэхээр нь би Хэрлэнтунгалагтай гэрт нь очоод уулзаад уучлалт гуйхад намайг цагдаад өгнө, чи намайг зодсон, хүчээр бэлгийн харьцаанд орох гэж дайрсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тэдний гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг,
7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
8.Хохирогч М.Х-гийн “Миний бие цагдаагийн байгууллагад Б.А холбогдуулж гомдол гаргасан. Б.А нь хохирлыг бүрэн барагдуулсан тул ямар нэгэн гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 97/
9.Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч М.Х уучлалт гуйсан. Эмчилгээний зардал, замын зардал 940466 төгрөгийг хохирогч М.Х т төлж барагдуулсан. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч М.Х гэрч Х.Д Б.Э Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 162 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч М.Х ийг Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар баг Цамбацагааны гэртээ унтаж байхад нь гэрийнхэн хаалганы хатавчны хэсгийг хуулж гараа оруулж цоожийг нь онгойлгон орж, “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан”,
Мөн шүүгдэгч Б.А нь хохирогч М.Х ийг зодож биед нь тархи доргилт, зүүн чихний хэнгэрэн харьсны цооролт, зүүн бугалгын гадна дээд, хэсгийн цус хуралт, зүүн нүд, уруул шанаа хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.А г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Х ийн биед хөнгөн хохирол учирсан мөн эмчилгээний болон түүнтэй холбоотой 940466 төгрөгний хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч М.Х нь “Б.А гомдол, саналгүй” гэх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.А нь “эмчилгээний зардал, замын зардал 940466 төгрөгийг хохирогч М.Х т төлж барагдуулсан” гэх мэдүүлэг шүүх хуралдаанд өгсөн байх тул шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 53 хуудас/
Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6, 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бүдээгийн Амартүвшинг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А оногдуулсан 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А гийн цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүний эдлэх 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялд оруулан тооцсугай
6.Шүүгдэгч Б.А нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ