| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/06577/И |
| Дугаар | 210/МА2025/01905 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/01905
*******ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02742 дугаар шийдвэртэй
*******ын нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
425,758,721 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Тус газар нь иргэн *******ыг Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотын “*******” сургуульд "Олон улсын бизнес, Худалдаа, Харилцаа" мэргэжлээр, 2.6 жил суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр, Пеннсилван мужийн их сургуульд ******* мэргэжлээр 2.4 жил суралцуулахаар сургалтын 2 талт гэрээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөртэй нь, тус гэрээнүүдийн батлан даагчийн гэрээг *******тэй тус тус байгуулсан.
1.2. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж холбогдох бүх зардлыг буюу гэрээний үүргийн хугацаанд нийт 125,925 ам.долларыг шилжүүлэн суралцуулсан байна.
Гэвч ******* нь 2018 оны 12 дугаар сард сургуулиа төгссөнөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаагүй тул суралцсан хугацааны нийт зардал 425,758,721 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нийт 125,928 ам.доллар буюу 425,758,721 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан баримтын дүн энэ дүнтэй нийцэхгүй, ямар баримтаар ийм дүнгийн мөнгө нэхэмжилсэн байгаа нь тодорхойгүй, энэхүү нэхэмжлэлийн дүнд хавсаргасан баримт нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу, гадаад хэл дээр байгаа нь нэг талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын бүрдэл дутуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангагдаагүй байдал нь хариуцагчийн зүгээс хариу тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасныг баримтлан 364,177,857 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******, ******* нараас 1,978,839 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь *******ын зардлаар Америкийн Нэгдсэн Улсын Пенсильваны их сургуульд гэрээнд заасан мэргэжлээрээ суралцаж төгссөн. ******* нь 2018 оны 12 дугаар сард *******т суралцаж төгссөн тухайгаа албан ёсоор мэдэгдэж, ажилд томилогдохоо хүлээж байсан. ******* нь төлбөрийн үүргээ биелүүлж, төгсөгчийг эзэмшсэн мэргэжлээр нь ажилд томилох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний 3.9-д заасныг
үндэслэн шаардах эрх үүсээгүй.
Гэтэл анхан шатны шүүх *******ыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхдээ “ажилд томилогдох санаачилга гаргах, хүсэлт гаргах, ярилцлагад орох ёстой байсан” гэж үзсэн. Гэвч гэрээний агуулгаар ийм санаачилга гаргах тухай ямар нэг үүрэг тодорхой заагаагүй бөгөөд ажилд томилох үүрэг нь нэхэмжлэгч байгууллагын зүгээс биелүүлэх ёстой. Суралцагчийн зүгээс үүргээ биелүүлэх нөхцөл бүрдээгүй байхад түүнийг “ажилд ороогүй” гэх үндэслэлээр үүрэг зөрчсөнд тооцож, сургалтын зардлыг буцаан төлөхийг шаардах нь хууль зүйн үндэслэлгүй.
4.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх дүгнэлт хийгээгүй.
4.3. ******* нь уг үүрэгт хариуцлага хүлээх үндэслэлгүй. Америкийн Нэгдсэн Улсын иргэн болсон бөгөөд тухайн үед гадаадад оршин сууж байсан тул Монгол Улсын шүүхийн харьяалалд хамаарахгүй. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг этгээдийг хариуцагчаар татан оролцуулж, хилийн чанад дахь иргэнтэй холбогдсон хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн харьяаллыг зөрчсөн.
4.4. Гэрээний үүрэг 2014 онд үүссэн гэж үзвэл тухайн үеийн 1 ам.долларын ханш ойролцоогоор 2,600 төгрөг байсан. Гэтэл 2024 онд нэхэмжлэл гаргах үеийн ханш 3,500 төгрөгөөр тооцсон нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
4.5. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг хасуулах хариуцагч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь 2018 онд сургуулиа төгсөөд 5 жилийн хугацаанд ажиллах байсан гэвэл 2023 онд гэрээний хугацаа дууссан гэж үзнэ. Иймд хөөн хэлэлцэх хугацаа 2026 он хүртэл үргэлжлэх бөгөөд ******* 2024 онд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй.
5.2. Мөн ******* нь 2018 онд сургууль төгссөний дараа Монгол Улсад ирээгүй бөгөөд одоог хүртэл АНУ-д оршин суудаг. Гэтэл хариуцагчийн зүгээс ******* ажилд орох хүсэлтээ *******т илгээсэн мэтээр маргаж байгаа боловч, уг хүсэлтийг байгууллагад нэг ч удаа албан ёсоор ирүүлж байгаагүй нь нотлогдсон.
Монгол Улсад ирээгүй, гадаад улсад оршин сууж буй иргэнийг ажилд томилох боломжгүй бөгөөд түүнийг хүчээр ажилд томилох нь хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчих асуудал болно.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******аас гаргасан орчуулгын зарим баримт нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байсан тул шүүх уг баримтуудыг нотлох баримтаас хассан. Үүний үр дүнд шүүх анх нэхэмжилсэн 125,000 ам.долларын дүнгээс шаардлага хангаагүй хэсгийг хасаж, 107,000 ам.долларыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.
5.4. Гэрээ байгуулах үед хариуцагч талын оршин сууж байсан хаяг нь Хан-Уул дүүрэгт байрлах хаяг бөгөөд уг хаяг нь одоог хүртэл өөрчлөгдөөгүй. Уг хаягаар илгээсэн нэхэмжлэлийг хариуцагч тал албан ёсоор хүлээн авч, маргаан өнөөдрийг хүртэл тухайн хаягаар үргэлжилж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 425,758,721 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь:
3.1. Хариуцагч талаас татгазлын үндэслэлээ “сургуулиа төгсөөд нэхэмжлэгч байгууллагад ажилд орох хүсэлт, холбогдох баримтыг явуулж байсан” гэж тайлбарлаж, ******* и-мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11502 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.
Шүүхээс үзлэгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн байх боловч ямар баримтанд үзлэг хийсэн болон үзлэгээр ямар нөхцөл байдал илэрснийг тодорхой тусгаж, бэхжүүлээгүйгээс үзлэг хийсэн тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болжээ.
3.2. Түүнчлэн хэрэгт хариуцагч *******ыг *******т 2024 оны 03 дугаар сарын 15, 20, 27-ны өдрүүдэд ирж ажлын ярилцлагад орох талаар мэдэгдсэн талаарх *******ын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 58, 59 дугаар мэдэгдэх хуудсууд нотлох баримтаар авагдсан байна. Уг мэдэгдэх хуудсуудыг нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нарт хэрхэн хүргүүлсэн талаар шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй нь буруу болсон байна.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/02742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,978,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.АЗБАЯР