| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00055/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б, Б холбогдох 1940001230075 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн сантехникч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б ,Б.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б хашаанаас иргэн Х.Г эзэмшлийн ногоон өнгийн мопедийг хулгайлж бусдад нийт 900.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
-Хохирогч Х.Г 2019 оны 08 сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр эхнэр 2 хүүхдээ аваад Хэнтий аймгийн явахдаа хашаан дотор гэрийнхээ баруун талд өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай “Ланд-80” маркийн авто машиныг, улсын дугааргүй шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг гэрийнхээ зүүн талд нь улсын дугааргүй ногоон мопедийг гэрийнхээ зүүн талд мотоциклийн дэргэд тавиад явсан байсан юм. Тэгсэн биднийг 2019 оны 07 сарын 14-ний өдөр гэртээ ирэхэд манай хашааны хаалгыг уясан уяа нь байхгүй хаалга нь онгорхой байсан. Тэгэхээр нь би ямар нэгэн зүйл бодолгүй хашаан дотор ороход гэрийн зүүн талд мотоциклийн дэргэд тавьсан ногоон өнгийн мопед нь байхгүй байсан. Тэгэхээр нь би хулгайд алдсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Тэгсэн уг мопедийг маань манай баз хүргэн болох Б,Б нь надад болон эхнэрт маань мэдэгдэхгүйгээр авч яваад Бор-Өндөр сумын харьяат Г гэдэг залууд 10.000 төгрөгөөр зарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
-Гэрч Х.Г 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр 2 хүүхдийн хамт тус сумын 4 дүгээр багт оршин суудаг юм. Б гэдэг ах нэлээд архинд дуртай энд тэнд гудамжинд унтаад явдаг хүн байсан. Нэг өдөр манайд орж ирээд хоносон. Тэрнээс хойш таньдаг болж манай гэрээр орж гардаг болсон. 2019 оны 07 сарын 14-ний өглөө 07 цагийн үед Б ах манай гэрт орж ирээд тамхи татаад сууж байгаад ах нь шартаад яг үхэх гээд байна ахад нь нэг цахилгаан дугуй байна, ахын дүү тамхи, архины мөнгөөр авчихаач ах нь маргааш буцаагаад өгье гээд байхаар нь 10.000 төгрөг өгөөд цахилгаан дугуйг нь авсан. Уг цахилгаан дугуй нь ногоон өнгийн ардаа ачаатай дугуй байсан. Б ах надаас мөнгө аваад тус сумын 3 дугаар багт байрлах Дэнжийн дэлгүүр рүү яваад хаалттай байна гэж буцаж ирээд наад дугуйгаа төвд тавиад хэрэггүй, хөдөө аваачаад тавьчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийн эзэмшлийн 32-10 ХЭА улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклиор Б ахыг сундлаад дундуураа цахилгаан дугуйгаа хийгээд Бор-Өндөр сумаас баруун тийш 5 км зайд байрлах аав Ч гэрт очоод амбаарт нь хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/
- Гэрч Б.Б 2019 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оноос хойш Бор-Өндөр сумын харьяат М гэх хүүхний малыг хардаг байсан юм. 2019 оны 07 сарын 14-ний өглөө 07 цагийн үед босоод өчигдөр нь архи уучихсан шартаад байсан болохоор нь тус сумын 4 дүгээр баг Геологийн байранд байрлах Г гэрт очсон тэдний гэрт хүн байгаагүй гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь гэрийнх нь гадаа байсан хүүхдийнх нь цахилгаан унадаг дугуйг үүрээд Г гэрт очиж Г гуйж байгаад 10.000 төгрөгөөр худалдсан. Г цахилгаан дугуйг нь өгчихөөд төвд байлгаад хэрэггүй Г загнах байх чи хөдөө гэртээ аваачаад тавьчих гэж хэлээд Г мотоцикльтой Бор-Өндөр сумаас баруун тийш 5 км зайд байрлах Г аав Ч аваачиж амбаарт нь хийсэн. Г авсан 10.000 төгрөгөөрөө 0.75 литрийн савлагаатай “Монгол стандарт” архи 1 шилийг алтан навчис гэх нэртэй тамхи худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуудас/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 07-р сарын 14-ний өдөр Г эзэмшлийн ногоон өнгийн мопедийг хулгайлсан нь үнэн. Би энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөлж өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч Х.Г, гэрч Х.Г, шүүгдэгч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Б.Б нь Хэнтий аймгийн хохирогч А.Г эзэмшлийн ногоон өнгийн мопедийг 2019 оны 07 сарын 14-ний өглөө 07 цагийн орчим хулгайлсан буюу хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид 900.000 төгрөгийн
хохирол учруулсан байна. Хохирогч Х.Г учруулсан 900.000 төгрөгийн үнэтэй мопедийг шүүгдэгч Б.Б нь буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчийн санал болгосон шүүгдэгч Б.Б 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2
дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батзоригид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ